| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2019/0878/Э |
| Дугаар | 886 |
| Огноо | 2019-10-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Эрдэнэтуяа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 886
2019 10 10 2019/ШЦТ/886
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа,
Улсын яллагч С.Эрдэнэтуяа,
Шүүгдэгч Ө.А (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Ад холбогдох эрүүгийн 1909022180880 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1978 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Говьсүмбэр аймагт төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Хятад хэлний багш, орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо рашааны 14 гудамж 28 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо Залуус хотхон 15 давхар 46 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Ө.А нь 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр 324 дүгээр цэцэрлэгийн хашаанд өөрийн 3 настай хүү А.Билгүүнбаярыг өмөөрч бага насны хүүхэд буюу 4 настай хохирогч Г.Баянбаатарын нүүрэн тус газарт маажиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.А мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Эрүүгийн 1909022780880 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Ө.А мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 17 цаг өнгөрч байхад Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 234 дүгээр цэцэрлэгээс өөрийн төрсөн хүүхэд Билгүүнбаярыг авчихаад уг цэцэрлэгийн хашаанд тоглоомын газарт нь жаахан хүүхдүүдийн хамтаар тоглуулаад би өөрөө сандал дээр хүүхдээ хараад сууж байсан. Тэгээд манай хүүхэд гулсуур дээр гулгаад байж байхад өөдөөс нь өөрийнх нь насны жаахан хүүхэд урдаас сөрөөд гарч толгойн тус газар руу хэдэн удаа гараараа цохиод байгаа юм шиг харагдсан тэгэхээр нь би болиулах гээд очтол манай хүүхдийн баруун хацар хэсгээс гараараа базаад авчихсан юм. Тэгсэн манай хүүхдийн хацар хэсэг нь улайсан байхаар нь нөгөө хүүхдийг “яаж байна аа” гэж хэлсэн чинь шүдээ зуугаад манай хүүхэд рүү муухай хараад манай хүүхдийг зодох гээд дайрахаар нь тэр жаахан хүүхдийг “чи яаж байгаа юм бэ” гэж хэлээд баруун гараараа нүүрэн тус газар нь нэг удаа цохиход хацар хэсэг нь таараад зүүн хацар нь улайсан цайрсан байдалтай болчихсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 4-7 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Гантуяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 5 дугаар сарын 30-ны 17 цаг 25 минутын үед миний ээж Гандолгор миний хүү Баянбаатарыг Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 264 дүгээр цэцэрлэгээс авчихаад тус цэцэрлэгийн хашаанд тоглуулаад үлдээсэн гэсэн. Ээж минь ойрхон дэлгүүр орчихоод гарч ирэх үед миний хүүхэд цэцэрлэгийн хашаанд уйлчихсан зогсож байсан гэсэн. Ээж минь гайхаад асуухад нэг эмэгтэй рүү заагаад энэ эгч намайг гараараа базаад маажсан гэсэн. Ээж манай ажил руу гүйгээд ирсэн. Тэгэхээр нь би гайхаад харахад хүүхдийн минь нүүр хумсанд урагдсан байдалтай байсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-17 дугаар хуудас/,
Гэрч М.Гандолгор мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 16 цагийн үед Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 324 дүгээр цэцэрлэгээс өөрийн төрсөн охин Гантуяагийн хүү Г.Баянбаатарыг авах гээд цэцэрлэг дээр нь очоод хүүгээ авчихаад цэцэрлэгийн хашаанд хүүгээ жоохон хүүхдүүдийн хамтаар тоглоомын хэсэгт нь тоглуулсан юм, ...хүнсний дэлгүүр ороод зайрмаг ундаа авчихаад буцаад цэцэрлэгийн хашаанд хүү дээрээ очтол уйлчихсан баруун, зүүн шанаа хэсэгтээ маажуулсан шархтай болчихсон байсан. Манай хүүхдийн нүүрийг хэн маажсан юм бэ гэж хэлээд асуутал тэнд байсан ээжүүд 38 орчим настай, хар өнгийн нүдний шилтэй, 158см орчим өндөртэй, цагаан өнгийн хувцастай эмэгтэй хүнийг заагаад наад эмэгтэй хүн танай хүүхдийн хажууд очсон тэгсэн танай хүү чинь уйлаад явчихсан гэж хэлэхээр нь уг эмэгтэй хүнээс асуутал “чи миний хүүхдийн нүүрийг яагаад маажсан юм бэ” гэж асуусан чинь би маажаагүй гэж хэлээд байсан. Тэгсэн нь манай хүү Г.Баянбаатар нь энэ эгч миний нүүрийг маажсан гээд заагаад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-24 дүгээр хуудас/,
Гэрч Р.Энхцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 324 дүгээр цэцэрлэгийн хашаанд өөрийн хүүхдээ тоглоом дээр тоглуулж байхад үл таних хоёр эмэгтэй хоорондоо маргалдаад, барилцалдаад зогсож байхаар нь миний хажууд өндөр настай эмээ сандал дээр сууж байхаар нь “энэ хоёр яагаад маргалдаад байгаа юм бэ” гээд асуутал уг эмээ хэлэхдээ “эрэгтэй бага настай хүүхэд гулсуур дээр гулгаж байхад өөртэй нь адил бага насны хүүхэд түлхээд унгаасан чинь түлхүүлсэн хүүхдийнхэн ээж нь ирээд түлхсэн бага насны хүүхдийг сандалтай суудаг газарт аваачин түлхсэн хүүхдийг чамайг ингэвэл ямар байна гээд хэлээд байж байтал хүүхэд нь уйлаад яваад гүйсэн гэсэн”, надад хэлсэн эмээ нүдээрээ хараагүй сонссон талаар ярьсан. Удалгүй хоёр хүүхдийн ээж хоорондоо маргалдаж зодолдоод эхэлсэн. Тэгэхээр нь би нөгөө маргалдаад байсан хоёр хүүхэн дээр очтол хүүхэд түлхсэн хүүхдийн нүүр нь цус болсон хумсны сорвитой болчихсон байхаар нь маажсан гэх хүүхэнд хандан чи хүүхдийн нүүр арай аймар болгочихсон байна ш дээ гэж хэлсэн чинь миний өөдөөс юм хэлэхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,
|
|
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №6717 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
Шүүгдэгч Ө.Агийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 35 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 37 дугаар хуудас/, хохирогчийн хүсэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ө.А нь 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр 324 дүгээр цэцэрлэгийн хашаанд өөрийн 3 настай хүү А.Билгүүнбаярыг өмөөрч бага насны хүүхэд буюу 3 нас 9 сартай хохирогч Г.Баянбаатарыг “хүүхэд яагаад түлхсэн” гэж уурлан нүүрэн тус газарт нь хүч хэрэглэн маажиж түүний эрүүл мэндэд “баруун, зүүн хацар, зүүн шанаанд олон тооны гүн зулгаралтууд” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Гантуяагийн мэдүүлэг, гэрч М.Гандолгорын мэдүүлэг, гэрч Р.Энхцэцэгийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №6717 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч нь 3 нас 9 сартай буюу бага насны хохирогч Г.Баянбаатарын биед хүч хэрэглэсэн үйлдлээ мэдүүлсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нараас хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг мэдүүлсэн болон насанд хүрээгүй хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Ө.Агийн үйлдэл нь “Бага насны хүүхдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Г.Баянбаатар нь бага насны хүүхэд болох нь түүний төрсний гэрчилгээний баталгаажуулсан баримт, хууль ёсны төлөөлөгч Г.Гантуяа, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүх шүүгдэгч Ө.Аг бага насны хүүхдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Гантуяагаас“...гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн хүсэлтээ шүүхэд гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Ө.Аг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Ө.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ө.А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бага насны хүүхэдтэй зүй зохистой харьцах зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Ө.Аг бага насны хүүхдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Аг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Ад оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Ө.А нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН