Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2026/00683

 

 

*******-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 192/ШШ2026/00550 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******д холбогдох,

 

67,927,000.49 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Б.Ууганбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* нь *******-ыг 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 2 жилийн хугацаанд үнэ төлбөргүйгээр байрандаа амьдруулж байсан. Үүнээс хойш 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр үнэгүй суулгах хугацаа нь дуусаж, энэ талаар *******д мэдэгдэж чөлөөлж өгөхийг удаа дараа шаардсан. Гэвч ******* нь үргэлжлүүлээд түрээслэх хүсэлт тавьж, аман гэрээ байгуулан сарын 500,000 төгрөг өгөөд түрээслэхээр тохирсон. Түрээсийн төлбөр дутуу, шаардлага тавих үед үргэлж худлаа хэлж өнөөдрийг хүрсэн байна. Иймд 2022 оноос 2025 оны 08 дугаар сар хүртэлх түрээсийн төлбөр, СӨХ-ны төлбөр, орон сууцны ашиглалтын төлбөр, сэтгэл санааны хохирол нийт 67,927,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч шүүхэд бичгээр хариу тайлбар гаргаагүй байна.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******д холбогдуулан гаргасан 60,927,000.49 гаргуулах тухай нэхэмжлэгч *******-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 12 дахь хэсэгт Хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, шүүхэд ямар нэг хүсэлт баримт гаргаагүй учир нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэв гэжээ. Хариуцагч *******д холбогдох хэргийн шүүх хуралдаан 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 13:30 цагт товлогдсон ба хариуцагч ******* тухайн өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байдаг.

4.2. Өөрөөр хэлбэл, хариуцагч нэхэмжлэлийн хувийг 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд хүрэлцэн ирж гардан авсан бөгөөд үүнээс хойш анхан шатны шүүхээс хурлын товыг мэдэгдэх хүртэл ямар нэгэн байдлаар хариу тайлбар болон хүсэлт огт гаргаагүй, түүнчлэн шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа шүүх хуралдаандаа ирж оролцоогүй юм. Тиймээс манайхаас шүүх хуралдааны өдөр хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хариу тайлбар, хүсэлт, нотлох баримт гаргаагүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах хүсэлтийг шүүхэд гаргасан.

4.3. Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж, мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж, мөн хуулийн 100 дугаар зүйлийг 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж тус тус тодорхой заасан.

4.4. Хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг гардаж авснаас хойш хурал болох хүртэл хугацаанд хариу тайлбар болон нотлох баримт, хүсэлт гаргаагүй, шүүх хуралдаанд биечлэн ирээгүй зэрэг үйлдлийг дүгнэвэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа гэж үзэх үндэслэлтэй байна. Тиймээс хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзээд манайхаас ямар нэгэн байдлаар өөрийн шаардлагаа дэмжих зорилгоор шүүх хуралдаан дээр нотлох баримт болон хүсэлт гаргаагүй, түүнчлэн гаргах шаардлагагүй гэж үзсэн. Гэвч анхан шатны шүүх дээрх хуулийн заалтуудыг үндэслэл болгохгүйгээр манайхаас шүүх хуралдаан дээр баримтууд шаардсан нь үндэслэлгүй. Тиймээс дээрх байдлаар хэргийг шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж болохоор байна.

4.5. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу бүрэн, бодитой, харьцуулан үнэлээгүй гэж үзэж байна. Тухайлбал, манайхаас шүүхэд гаргаж өгсөн банкны дансны хуулгаар орон сууц түрээсэлсний төлбөр хариуцагчаас тогтмол орж байсан нь тодорхой харагдаж байгаа болно. Өөрөөр хэлбэл, банкны дансны хуулга нь тухайн орон сууцыг бодитоор түрээсэлж байсан, түрээсийн орлого авч байсан нөхцөл байдлыг шууд нотолж байгаа баримт юм. Гэтэл шүүхээс тус баримтад үнэлэлт өгөлгүйгээр талуудын хооронд аман хэлцэл байгуулагдсан бол түүнийг гэрчлэх ямар нэг баримт байхгүй гэж үзсэн нь үндэслэлгүй.

4.6. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчид давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй, давж заалдах шүүх хуралдаанд оролцоогүй.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан орон сууц хөлсөлсний хөлс, СӨХ-ны төлбөр, орон сууцны ашиглалтын зардал, сэтгэл санааны хохирол болон орон сууцны засварын зардалд нийт 67,927,000.49 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан, хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтыг тогтоолгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсний улмаас гаргасан шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

4. Нэхэмжлэгч нь ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дүгээр хороолол, ******* байр, ******* тоот хаягт байрлах орон сууцыг хариуцагчид хөлслүүлсэн гэх үндэслэлээр хариуцагчаас орон сууц хөлсөлсний хөлс, СӨХ-ны төлбөр, орон сууцны ашиглалтын зардал, сэтгэл санааны хохирол болон орон сууцны засварын зардал нэхэмжилснийг анхан шатны шүүх хариуцагчид хөлслүүлсэн гэх орон сууц хэний өмчлөлийн хөрөнгө болох нь тодорхойгүй, энэ талаар баримтгүй, талуудын хооронд хэлцэл байгуулагдсаныг гэрчлэх баримтгүй, СӨХ-ны төлбөр, орон сууцны ашиглалтын зардал, сэтгэл санааны хохирол болон орон сууцны засварын зардалтай холбоотой баримт байхгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

4.1. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 38 дугаар зүйлд зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй, хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай баримтыг өөрөө олж авах боломжгүй бол шүүхэд хүсэлт гаргаж бүрдүүлэх хуулийн журамтай талаар шийдвэрт дурдаж, нэхэмжлэгчийн шаардах эрх, түүний үндэслэл буюу зохигч талуудын хооронд орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан эсэх, хэлцэл хүчин төгөлдөр эсэх, гэрээний үүргээ хариуцагч биелүүлээгүй гэм буруутай эсэх түүний буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан эсэх үйл баримт нотлогдохгүй байгаа гэсэн дүгнэлтийг хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн шаардах эрхтэй холбоотой үйл баримтыг тогтоолгүй хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

4.2. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн хариуцагчид хөлслүүлсэн гэх орон сууц нь нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууц мөн эсэхийг тогтоох нь нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлд хамаарах үйл баримт мөн бөгөөд тухайн үйл баримтыг тогтоосноор нэхэмжлэгч нь шаардах эрхтэй эсэх, шаардах эрхийн хүрээнд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлсэн эсэх талаар үнэлэлт дүгнэлт өгөх боломжтой болно.

4.3. Хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүгчийн асуултад хариулахдаа тухайн орон сууц нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууц бөгөөд өмчлөх эрхийн гэрчилгээг нь шүүхэд гаргаж өгөөгүй талаар хариулсан байх ба энэ тохиолдолд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд талуудыг чиглүүлэх, маргааны зүйлийг тодруулах чиг үүргийн хүрээнд орон сууцны өмчлөлтэй холбоотой үйл баримтыг шүүх тогтоох шаардлагатай талаар хэргийн оролцогчид тайлбарлан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу шинээр нотлох баримт шаардагдсан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах эсэх талаар тодруулах нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байжээ.

 

5. Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтыг тогтоолгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах, нөхөн гүйцээх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж буй тул давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримтад болон хууль хэрэглээний талаар дүгнэлт хийх боломжгүйг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 192/ШШ2026/00550 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 497,585 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ

 

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

Б.УУГАНБАЯР