Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 1442

 

 

 

 

 

  2019         09         16                                         2019/ШЦТ/1442

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Б.Эрдэнэбаатар,

Шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч Х.Баатарбилэг /ҮД:2156/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Эт холбогдох 1906 04515 1811 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Бигэр суманд 1986 оны 05 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Төрийн банкны Налайх дүүргийн салбарын харъяа Городок тооцооны төвийн захирал ажилтай, Ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчдын 3 дугаар гудамжны 367 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, С овогт Эгийн Э /РД:ДВ86051711/,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Э.Э нь 2019 оны 07 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хонхорын замд иргэн Ш.Пүрэвсүрэнтэй маргалдаж нүүрэн тус газар нь цохин зодож тархи доргилт, нэг шүдний булгарал, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, дотор салстад шарх, доод уруулын дотор салстад язрал, зүүн хацарт цус хуралт, зулгаралт, зүүн нүдний алимны салстад цус хуралт, хуйх, баруун хацар, баруун сарвууны 1 дүгээр хуруунд зөөлөн эдийн няцрал зэрэг эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Эын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ш.Пүрэвсүрэнгийн өгсөн: “Би машин дотроосоо буулгүй, машиндаа сууж байтал дуудлагаар цагдаа ирээд намайг цагдаагийн алаг машиндаа суулгасан. Тэгсэн Хариерийн жолоочийн хүргэн гэх залуу хүрч ирээд, намайг цагдаагийн машин дотор сууж байхад миний зүүн талын нүдэн тус газар гараараа 1 удаа шууд цохиод авсан. Тэгээд би тэр залууд хандаж чи одоо яаж байгаа юм гэж машинаас буугаад нөгөө залуутай маргалдсан. Тэгсэн нөгөө залуу миний нүүрэн тус газар гараараа хэд хэдэн удаа цохиод авсан. Яг хэдэн удаа цохисныг нь мэдэхгүй байна... Би гомдолтой байна. Би эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна.” гэх мэдүүлэг, /хх.8-9/,

“... нөгөө тээврийн хэрэгслийг жолоодож явсан Насанхүү гэгчийн хүргэн Э гэгч нь тухайн осол гарсан газар хүрч ирээд шууд намайг зодож миний биед тухайн гэмтлүүдийг учруулсан. Би Э гэгчид зодуулаад миний хоёр шүд унасан. Би шүдээ хийлгүүлэх мөнгө болох 4.500.000 төгрөг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх.11-12/,

Мөрдөн шалгах ажиллгаанд Э.Эын гэрчээр өгсөн: “... Тухайн үед тэр осол гаргасан жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Осол гаргасан машины жолооч бид хоёрын дунд хэрүүл маргаан үүсч нөгөө осол гаргасан жолоочийн нүүрэн тус газар нь би гараараа 1 удаа цохисон. Тэгснээ миний цээжин тус газар гараараа 2 удаа цохисон. Би машинаасаа буугаад нөгөө согтуу жолоочтой барьцалдаж аваад нөгөө машины жолоочийг машин руу тулган түлхэж зогсоогоод цээж, гуяруу нь гараараа цохисон. Бас нүүрэн тус газар нь гараараа цохисон. Хэдэн удаа цохисоноо бол санахгүй байна. Гэхдээ ямар ч л байсан тийм олон удаа бол цохиогүй... Надтай зодолдсоноос болж Пүрэвсүрэнгийн биед эдгээр гэмтлүүд үүссэн гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх.15-16/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Ж.Насанхүүгийн өгсөн: “... Намайг ирэхэд манай хүргэн Э нөгөө машины согтуу жолоочтой зодолдсон байсан... согтуу залуутай би маргалдаад зодсон гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.19-20/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Номинцэцэгийн 2019 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 9323 дугаартай:

“1. Ш.Пүрэвсүрэнгийн биед тархи доргилт, нэг шүдний булгарал, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, дотор салстад шарх, доод уруулын дотор салстад язрал, зүүн хацарт цус хуралт, зулгаралт, зүүн нүдний алимны салстад цус хуралт, хуйх, баруун хацар, баруун сарвууны 1 дүгээр хуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

З. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заарнаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид 1 шүдний булгарал /унах/ нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгийг 5% алдуулна.

5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна” гэх дүгнэлт /хх.25/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Эын яллагдагчаар өгсөн: “... Би хүлээн зөвшөөрч байна. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй байна. Надад урьд өгсөн мэдүүлэгтээ нэмж хэлэх зүйл байхгүй. Би өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.47-78/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Э.Э нь 2019 оны 07 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хонхорын замд иргэн Ш.Пүрэвсүрэнтэй маргалдан нүүрэн тус газар нь цохин зодож тархи доргилт, нэг шүдний булгарал, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, дотор салстад шарх, доод уруулын дотор салстад язрал, зүүн хацарт цус хуралт, зулгаралт, зүүн нүдний алимны салстад цус хуралт, хуйх, баруун хацар, баруун сарвууны 1 дүгээр хуруунд зөөлөн эдийн няцрал зэрэг эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ш.Пүрэвсүрэнгийн өгсөн: “... Тэгсэн Хариерийн жолоочийн хүргэн гэх залуу хүрч ирээд, намайг цагдаагийн машин дотор сууж байхад миний зүүн талын нүдэн тус газар гараараа 1 удаа шууд цохиод авсан... Тэгсэн нөгөө залуу миний нүүрэн тус газар гараараа хэд хэдэн удаа цохиод авсан...” гэх мэдүүлэг, /хх.8-9/,

“... нөгөө тээврийн хэрэгслийг жолоодож явсан Насанхүү гэгчийн хүргэн Э гэгч нь тухайн осол гарсан газар хүрч ирээд шууд намайг зодож миний биед тухайн гэмтлүүдийг учруулсан. Би Э гэгчид зодуулаад миний хоёр шүд унасан...” гэх мэдүүлэг /хх.11-12/,

Мөрдөн шалгах ажиллгаанд Э.Эын гэрчээр өгсөн: “... Осол гаргасан машины жолооч бид хоёрын дунд хэрүүл маргаан үүсч нөгөө осол гаргасан жолоочийн нүүрэн тус газар нь би гараараа 1 удаа цохисон. Тэгснээ миний цээжин тус газар гараараа 2 удаа цохисон. Би машинаасаа буугаад нөгөө согтуу жолоочтой барьцалдаж аваад нөгөө машины жолоочийг машин руу тулган түлхэж зогсоогоод цээж, гуя руу нь гараараа цохисон. Бас нүүрэн тус газар нь гараараа цохисон... Надтай зодолдсоноос болж Пүрэвсүрэнгийн биед эдгээр гэмтлүүд үүссэн гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх.15-16/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Ж.Насанхүүгийн өгсөн: “... Намайг ирэхэд манай хүргэн Э нөгөө машины согтуу жолоочтой зодолдсон байсан... согтуу залуутай би маргалдаад зодсон гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг, /хх.19-20/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Номинцэцэгийн 2019 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 9323 дугаартай:

“1 .Ш.Пүрэвсүрэнгийн биед тархи доргилт, нэг шүдний булгарал, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, дотор салстад шарх, доод уруулын дотор салстад язрал, зүүн хацарт цус хуралт, зулгаралт, зүүн нүдний алимны салстад цус хуралт, хуйх, баруун хацар, баруун сарвууны 1 дүгээр хуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заарнаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид 1 шүдний булгарал /унах/ нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгийг 5% алдуулна.

5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна” гэх дүгнэлт /хх.25/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Эын яллагдагчаар өгсөн: “... Би хүлээн зөвшөөрч байна... Би өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.47-78/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Эын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Эт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

Э.Эын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон тус гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Хохирогч Ш.Пүрэвсүрэнгийн 4.500.000 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтгүй учир хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Э.Эаас жич нэхэмжлэх эрхтэй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Э.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Э.Эын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Э.Эт торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулахыг түүний өмгөөлөгч хүсч байх боловч тус гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг арилаагүй байх тул уг хүсэлтийг хангах үндэслэлгүй юм.

Шүүгдэгч Э.Эт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Э.Эт оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулж байна.

          Шүүгдэгч Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. С овогт Эгийн Эыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Э.Эт оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Э.Эт сануулсугай.

          5. Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч Ш.Пүрэвсүрэн нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Э.Эаас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

          7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

                    ШҮҮГЧ                  С.ӨСӨХБАЯР