Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 48

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Цэнд-Очир даргалж, тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар Э.Батзоригийн нэхэмжлэлтэй тус аймгийн Баян-Тэс сумын Засаг даргад холбогдох 2017 оны 3 дүгээр сарын 10-ны өдрийн Б/18 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлагууд бүхийзахиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.Батзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Долгорсүрэн, нарийн бичгийн даргаар Д.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Завхан аймгийн Баянтэс сумын Засаг даргын 2013 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 25 дугаар захирамжаар тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар түр томилогдон ажиллаж байгаад тухайн ондоо тус орон тоон дээр зарлагдсан Төрийн албаны шалгалтанд орж тэнцэн, тус сумын Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 93 дугаар захирамжаар Засаг даргын Тамгын газрын даргаар жинхэлж томилогдсон. Би тус албан тушаал дээр ажиллаж байх хугацаандаа ажлын байрны зорилго, зорилтоо хангалттай биелүүлж байсан бөгөөд ямар нэгэн сахилгын шийтгэл эдэлж байгаагүй. Тус сумын одоогийн Засаг дарга С.Доржцэмбэ нь 2016 оны 11 дүгээр сард томилогдсон. Ийнхүү Засаг дарга С.Доржцэмбэ нь ажлаа авангуутаа Засаг даргын Тамгын газрын бүх ажилтны хувийн хэргийг өөр дээрээ авсан. Ингээд 2016 оны жилийн эцсээр Засаг даргын Тамгын газрын ажилтнуудын үр дүнгийн гэрээг дүгнэх гэтэл Засаг дарга ажилтнуудын хувийн хэргийг надад өгөөгүй. Ингээд Засаг дарга 2017 он гарснаас хойш намайг дуудан, чи ажлаас өгчихөөч, тохиролцоё гэх болсон. Би үүнийг нь зөвшөөрөлгүй ажлаа хийж байтал 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр намайг гадуур ажилтай явж байтал дуудан, бүх ажилчдын хурал хийсэн. Энэ хурал дээр намайг ажлаас халсан захирамж болон миний оронд томилогдсон хүний захирамжийг хамтад нь уншиж танилцуулсан. Энэхүү захирамжийг би тухайн өдрөө шаардаж бичгээр хүлээн авсан. Гэтэл Баянтэс сумын Засаг даргын 2017оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/18 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 10.6, 13.1.8, 15.1.1, 25.1.1, 26.1, 26.1.3, 26.3, 40.1, Төсвийн тухай хуулийн 57.5 дахь заалтуудыг үндэслэн намайг ажлаас халсан байна. Мөн захирамжийн захирамжлах хэсэгт намайг удирдлагаас өгсөн үүрэг чиглэлийг удаа дараа биелүүлээгүй, хууль, журам ажилтнуудын үр дүнг дүгнээгүй, ажилдаа хангалтгүй үнэлгээ авч, ажлын хариуцлага алдсан тул халсан гэсэн байна. Би энэхүү захирамжийг үндэслэлгүй гэж үзэж байгаа бөгөөд төрийн жинхэнэ албан хаагч надад үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ноогдуулж, давхар ажлаас халсан байна. Мөн энэхүү захирамжид дурдсан зөрчлүүдийг би гаргаагүй бөгөөд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн ажилтнуудын үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн гэрээг дүгнэх гэтэл Засаг дарга бүх ажилтны хувийн хэргийг 11 дүгээр сард надаас авч, өөрийнхөө өрөөнд цоожилсон бөгөөд ажилтнуудын гэрээг авч дүгнэх гэхэд надад өгөхгүй байсан атлаа энэ үүргээ биелүүлээгүй гэж байгаа нь үндэслэлгүй юм. Мөн 2015, 2016 онуудад ажилтнуудтай гэрээ байгуулж дүгнээгүй гэсэн нь үндэслэлгүй. Учир нь 2015 онд бүх ажилтнуудтай гэрээ байгуулж, дүгнэсэн. 2016 онд ажилтнуудтай гэрээ байгуулсан бөгөөд жилийн эцэст гэрээг дүгнэх гэтэл Засаг дарга өөрөө намайг энэхүү үүргээ биелүүлэхэд саад учруулсан. Мөн надад дээрх захирамжаар сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас халахдаа миний гаргасан гэх зөрчлүүдийг шалгаж тогтоосон зүйл байхгүй бөгөөд надаас ямар нэгэн тайлбар мэдүүлэг огт аваагүй болно. Иймд Завхан аймгийн Баянтэс сумын Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/18 дугаар захирамжийг үндэслэлгүй гэж үзэж байгаа учраас уг захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг танай шүүхэд гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр сумын Засаг даргын захирамж гарсан. Ийнхүү захирамж гаргасан үндэслэл нь удирдлагаас өгсөн даалгаврыг удаа дараа биелүүлээгүй гэсэн байдаг. Энэ нь үндэслэлгүй юм. Миний бие 2013 оноос хойш Засаг даргын Тамгын газрын даргаар ажилласан. Ийнхүү ажиллаж байх хугацаандаа ажилтнуудтайгаа үр дүнгийн гэрээ болон хөдөлмөрийн гэрээ байгуулж, дүгнэж, зохих журмын дагуу цалин, урамшууллыг олгосон. Мөн зэрэг, дэв ахиулах шаардлагатай хүмүүсийн материалыг аймаг руу явуулж байсан. Иймд маргаан бүхий захирамжийг огт үндэслэлгүй гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тийм учраас ажилдаа эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин болон нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Өөр тайлбар байхгүй гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгч Э.Батзоригийг Баянтэс сумын Засаг дарга нь 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/18 дугаар захирамжаар ажлаас халсан байна. Ийнхүү ажлаас халсан захирамж гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 10.6, 13.1.8, 15.1.1, 25.1.1, 26.1, 26.1.3, 26.3, 40.1, Төсвийн тухай хуулийн 57.5 дахь заалтуудыг үндэслэн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, ажилтнуудын үр дүнгийн гэрээ болон хөдөлмөрийн гэрээг 2015, 2016 онуудад дүгнээгүй, ажилдаа хангалтгүй үнэлгээ авч, ажлын хариуцлага алдсан гэж үзсэн байна. Дээрх Б/18 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлгүй тушаал юм.

Нэгдүгээрт сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь төрийн жинхэнэ албан хаагч юм. Төрийн жинхэнэ албан хаагчийг Төрийн албаны тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд зааснаас бусад үндэслэлээр ажлаас халахыг хориглодог. Гэтэл хариуцагч нь Э.Батзоригийг ажлаас халахдаа Төрийн албаны тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд зааснаас бусад үндэслэлээр ажлаас халсан байна.

Хоёрдугаарт удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, үр дүнгийн гэрээ байгуулаагүй, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдэг. Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа нөхцөл байдлыг тогтоох ёстой. Мөн Засгийн газрын 1997 оны 95 дугаар тогтоолоор төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахдаа захиргааны байгууллага нь тухайн зөрчлийг шалгаж тогтоож, хувийн хэрэг үүсгэж, өөрт нь танилцуулаад, тайлбар мэдүүлгийг авсан байх ёстой. Хэргийн материалаас харахад хариуцагч нь шийдвэр гаргахдаа дээрх хуулийн заалтуудыг мөрдсөн гэх нотлох баримт байхгүй байна.

Гуравдугаарт нэхэмжлэгч тайлбартаа 2015, 2016 онуудад үр дүнгийн гэрээ байгуулсан. Тэгээд 2015 оны үр дүнгийн гэрээг дүгнэсэн. Харин 2016 оны үр дүнгийн гэрээг дүгнэх гэсэн боловч сумын Засаг дарга нь бүх ажилтнуудын хувийн хэргийг авчихаад өгөхгүй байсан, тиймээс дүгнэж чадаагүй гэж тайлбарладаг. Энэ нь гэрч нарын мэдүүлэг болон шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байна. Иймд хариуцагчийн 2016 оны үр дүнгийн гэрээг дүгнэх боломж Э.Батзоригт байсан боловч дүгнээгүй гэдэг тайлбар нотлогдохгүй байна.

Дөрөвдүгээр Баянтэс сумын Засаг дарга нь 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн А/71 дүгээр захирамжаар Э.Батзоригт сахилгын шийтгэл ногдуулсан байгаа. Энэхүү захирамжийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй учраас дурдахгүй байна. Мөн нэхэмжлэгч нь дээрх захирамжийг үндэслэлгүй гэж байгааг дэмжиж байна. Яагаад гэвэл дээрх захирамжийг гаргахдаа шалгаж тогтоогоогүй байдаг.

Дүгнэж хэлэхэд Б/18 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26, 27, 29, 40 дүгээр зүйлүүдийг зөрчсөн байна. Иймд маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгч Э.Батзоригийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндсөн тул хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Э.Батзориг нь би тус албан тушаал дээр ажиллаж байх хугацаандаа ажлын байрны зорилго зорилтоо хангалттай биелүүлж байсан бөгөөд ямар нэгэн сахилгын шийтгэл эдэлж байгаагүй гэж нэхэмжлэлдээ бичжээ. Гэтэл Э.Батзориг нь 2012 оны сонгуулийн улс төрийн үр нөлөөгөөр ажилд орсон бөгөөд 4 жил Засаг даргын Тамгын газрын даргын ажил үүргийг гүйцэтгэсэн боловч олон түмэнд нэр хүнд муутай, удаа хойрго, хүнд сурталтай, захирах захирагдах ёс зүйг баримталдаггүй, өгсөн үүрэг даалгаварыг биелүүлдэггүй албан хаагч билээ. Тус сумын одоогийн Засаг дарга С.Доржсэмбэ нь 2016 оны 4 дүгээр сард томилогдсон. Ийнхүү Засаг дарга С.Доржсэмбэ нь ажлаа авангуутаа Засаг даргын Тамгын газрын бүх ажилтны хувийн хэргийг өөр дээрээ авсан. Ингээд 2016 оны жилийн эцсээр Засаг даргын Тамгын газрын ажилтнуудын үр дүнгийн гэрээг дүгнэх гэтэл Засаг дарга ажилтнуудын хувийн хэргийг надад өгөөгүй гэжээ. Миний бие ажил аваад байгууллагын ажилчдын хувийн хэрэгтэй танилцахад 2015, 2016 онд төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн гэрээг хийгээгүй цалин хөлс олгож ажилласан, хагас, бүтэн жилээр 2 жил дүгнээгүй ноцтой зөрчил илэрсэн. Энэ нь аймгийн хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын шалгалтаар илэрсэн. Ингээд Засаг дарга 2017 он гарсанаас хойш намайг дуудан, чи ажлаа өгчихөөч тохиролцоё гэх болсон гэжээ. Би Э.Батзоригт тохиролцоё гэдэг асуудал ярьж байгаагүй. Харин ажлын хариуцлага, шаардлага тавьж хариуцлагын тухай ярьж байсан. Тухайн үед гадуур ажилтай байх шаардлага нөхцөл байгаа ч тийм даалгавар өгөөгүй. Өөрөө өөртөө чөлөө олгож ажлын цагаар ажлын байрыг орхигдуулдаг зуршилтай нэгэн. Намайг ажилд томилогдсноос хойш байгууллагын ажилд идэвхи санаачлагагүй оролцож цаг нөхцөөдөг болсон. Гэтэл Баянтэс сумын Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/18 дугаар захирамжаар намайг удирдлагаас өгсөн үүрэг чиглэлийг удаа дараа биелүүлээгүй, хууль, журам ажилтнуудын үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн гэрээг 2015, 2016 онуудад байгуулж, үр дүнг дүгнээгүй, ажилдаа хангалтгүй үнэлгээ авч, ажлын хариуцлага алдсан тул халсан гэсэн байна гэжээ. Миний бие дээд шатны албан тушаалтны хувьд захирамж гарган ард иргэдээ сонсох ажлыг эрчимжүүлэх, хэрэгжилтийг хангуулах тухай захирамж гарган шуурхай утас ажиллуулан Засаг даргад 7 хоног тутам тайлагнах үүрэг даалгавар өгсөн боловч хэрэгжүүлж ажиллаагүй. (захирамжийг хавсаргав)

Мөн тамгын газрын ажлын төлөвлөгөөний биелэлт, үр дүнгийн гэрээний биелэлтийг аваад ир, танилцуул гэж үүрэг өгсөн боловч өдийг хүртэл өгөөгүй, биелүүлэхгүй байсан тул сануулах арга хэмжээ авч байсан. Би энэхүү захирамжийг үндэслэлгүй, гэрээг дүгнэх гэтэл Засаг дарга саад учруулсан гэжээ. 2015, 2016 онд төрийн албан хаагч нартай үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээг огт хийгээгүй мөртлөө ийм асуудал тавьж байгаад харамсаж байна. Иймд шүүх үнэн байдлыг зөв тогтоож Засаг даргын Тамгын газрын ажилчдын үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээг эх хувиар нь байгаа эсэхийг нягтлан бодит байдлаар хандан гэдэгт итгэж байна. Иймд нэхэмжлэгч Э.Батзоригийн нэхэмжлэл үндэслэлгүй, бодит үнэнд нийцэхгүй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Э. Батзориг нь Завхан аймгийн Баянтэс сумын Засаг даргын 2017 оны 3 дүгээр сарын 10-ны өдрийн Ажлаас халах тухай Б/18 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлага нэхэмжлэл гаргажээ.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан хууль зүйн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Хариуцагч нь маргаан бүхий Б/18 дугаар захирамждаа Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6, 13 дугаар зүйлийн 13.1.8, 15 дугаар зүйлийн 15.1.1, 25 дугаар зүйлийн 25.1.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1, Төсвийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.5 дахь хэсгийн заалтуудыг үндэслэж, удирдлагаас өгсөн үүрэг чиглэлийг удаа дараа биелүүлээгүй хууль, журам, ажилчдын үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн гэрээг 2015, 2016 онуудад байгуулж дүгнээгүй, ажилдаа хангалтгүй үнэлгээ авч ажлын хариуцлага алдсан гэх үйл баримтуудыг дурдаж нэхэмжлэгчийг ажлаас халсан байна.

Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6, 13 дугаар зүйлийн 13.1.8, 15 дугаар зүйлийн 15.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтууд нь төрийн албан хаагч, төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг, үйл ажиллагаанд хориглох зүйлийг тодорхойлж зохицуулсан заалтууд байна. Хариуцагч нь нэхэмжлэгчийг дээрх заалтуудын зохицуулалтын нөхцөлд заасан ямар үйлдэл гаргасан, түүнийг нь хэрхэн шалгаж тогтоосон нь тодорхойгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтаар төрийн жинхэнэ албан хаагчийг ... удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлээр төрийн албанаас халах зохицуулалттай байна. Хариуцагч нь нэхэмжлэгчийг удирдлагаас өгсөн үүрэг, чиглэлийг удаа дараа биелүүлээгүй гэж маргаан бүхий захирамжиндаа дурдсан байх хэдий ч хууль, ажлын байрны тодорхойлолтод заасан ямар чиг үүргийг удаа дараа биелүүлээгүй, түүнийг нь хэрхэн шалгаж тогтоосон нь тодорхойгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3 дахь заалтаар төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулах зохицуулалттай байна. Хариуцагч нь нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт иш татсан Төрийн албаны тухай хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасан ямар үйлдлийг гаргасан, түүнийг нь хэрхэн шалгаж тогтоон тус хуулийн 26.1.3 дахь заалтад зааснаар төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халсан гэдэг нь тодорхойгүй байна. Мөн хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас халахдаа Төсвийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.5 дахь хэсгийг үндэслэсэн байна. Энэхүү заалтад орон нутгийн төсөвт энэ хуульд зааснаас бусад тохиолдолд өр үүсгэх, баталгаа гаргахыг хориглоно гэжээ. Нэхэмжлэгч тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажилласан 2014, 2015, 2016 онуудын санхүүгийн үйл ажиллагааг аймгийн Аудитын газраас 2015, 2016, 2017 онуудад зөрчилгүй гэсэн санал дүгнэлт гаргасан байх тул хариуцагчийн дээрх үндэслэл үгүйсгэгдэж байна.

Хариуцагч нь маргаан бүхий Б/18 дугаар захирамжийг гаргахдаа үндэслэсэн дээрх хуулийн заалтууд, түүнд холбогдох үйл баримтын талаар тайлбар, баримт гаргаж ирүүлэхийг тус шүүхээс удаа дараа шаардсан боловч ирүүлээгүй байна. Нэгэнт шүүхээс шаардсан маргаан бүхий захирамжийн үндэслэл, түүнд холбогдох үйл баримтын талаар тайлбар, баримтыг шүүхэд ирүүлээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8 дахь хэсэгт заасан хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй гэдгийг дурдах нь зүйтээ байна.

Хариуцагч нь нэхэмжлэгч 2015, 2016 онуудад ажилчдын үр дүнгийн гэрээг байгуулж, үр дүн дүгнээгүй гэх үйл баримтыг маргаан бүхий захирамжид дурдсан байна. Нэхэмжлэгч нь 2015 оны ажилтнуудын үр дүнгийн гэрээг байгуулж дүгнэсэн, 2016 оны үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн гэрээг байгуулсан, дүгнэх гэтэл сумын Засаг дарга авч өрөөндөө цоожлоод гаргаж өгөөгүй учир дүгнэж чадаагүй гэж маргаж байна. Энэхүү нөхцөл байдлыг тодруулахаар тус Тамгын газрын албан хаагчдийн хувийн хэрэгт хийсэн үзлэгийн ажиллагаа, албан хаагчдаас авсан гэрчийн мэдүүлгээр 2015 онд тус Тамгын газрын албан хаагчидтай үр дүнгийн гэрээ байгуулагдаж, дүгнэгдэж байсан байна. Мөн Баянтэс сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны А/71 дүгээр Урамшуулалолгох тухай тушаалаар 2015 оны ажлын үр дүнгээр албан хаагчдад урамшуулал олгосон болох нь тогтоогдож байна. Харин 2016 оны үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан боловч дүгнэгдээгүй байна. Дүгнэгдээгүй шалтгааныг гэрчүүд тайлбарлахдаа ажилтнуудийн хувийн хэргийг Тамгын газрын даргаас Засаг дарга авч өрөөндөө цоожилсон тул дүгнэх боломжгүй гэж ярьж байсныг мэдүүлсэн байна. Түүнчлэн тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж буй гуравдагч этгээд М.Базарсад Засаг даргад тус Тамгын газрын ажилтнуудын хувийн хэрэг 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хадгалагдаж байгаад Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсээс шалгалт ирэхэд ажилтан албан хаагч тус бүрт хувийн хэргийг нь хүлээлгэж өгсөн гэж үзлэгийн ажиллагаанд тайлбарласан болно. Иймд хариуцагчийн нэхэмжлэгч нь албан хаагчдийн үр дүнгийн гэрээг 2015, 2016 онуудад байгуулж, дүгнээгүй гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажилдаа хангалтгүй үнэлгээ авч ажлын хариуцлага алдсан гэх үйлдлийг маргаан бүхий захирамжид дурдсан байна. Хариуцагч нь нэхэмжлэгч ажилдаа хангалтгүй үнэлгээ авсан гэх үндэслэлтэй холбоотой тайлбар, баримтыг тус шүүхээс удаа дараа шаардахад ирүүлээгүй ба нэхэмжлэгч шүүхэд гаргасан тайлбартаа хариуцагч миний ажлыг үнэлж дүгнэж байгаагүй гэж мэдүүлж байна.

Иймд нэхэмжлэгчийг ажлаас халах үндэслэл бүхий бодит нөхцөл байдлыг хариуцагч тогтоогоогүй, холбогдох нотлох баримтыг цуглуулаагүй, нэхэмжлэгчийг сонсох ажиллагаа хийгээгүй, тайлбар гаргах бололцоогоор хангалгүйгээр ажлаас халсан нь буруу байх тул Завхан аймгийн Баянтэс сумын Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/18 дугаар Ажлаас халах захирамжийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Хариуцагч нь нэхэмжлэгч Э.Батзоригийг үндэслэлгүйгээр ажлаас халсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгч Э.Батзоригт ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарах хүртэл буюу 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаагаар тооцож, ажилгүй байсан 100 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 4.066.900 төгрөгөөс Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасны дагуу зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөлт хийн нэхэмжлэгчид олгохыг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх заалтад заасныг баримтлан Завхан аймгийн Баянтэс сумын Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/18 дугаар захирамжийг хүчингүй болгож, Э.Батзоригийг Баянтэс сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Э.Батзоригийн ажилгүй байсан 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх 100 хоногийн цалин 4.066.900 төгрөгөөс зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөлт хийн нэхэмжлэгчид олгохыг хариуцагч Завхан аймгийн Баянтэс сумын Засаг даргын Тамгын газарт даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дүгээр зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Батзоригт олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР