Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 2019/ШЦТ/840

 

  

2019      9           23                                     2019/ШЦТ/840                                   

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС       

Хэргийн индекс: 185/2019/0833/Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

Улсын яллагч: П.Эрдэнэбаатар

Нарийн бичгийн дарга: Т.Өлзийтүвшин,

Шүүгдэгч Б.Ц /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Ц-д холбогдох эрүүгийн 1909028570920 дугаартай хэргийг 2019 оны 9 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол улсын иргэн, 1979 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, хувиараа бизнес эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж 75 дугаар байр 7, тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй гэх Б.Ц /РД: /

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Ц нь 2019 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 11 цагийн үед  Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Даян ” тавилгын дэлгүүрт хохирогч С.Баатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж, хоолойг нь боож доод уруул дотор салстын язрал хүзүүнд зулгаралт бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Ц-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би өөрийн эцэг Бямбаатай 100 айлд байх тавилгын цехийг бусдад түрээслүүлж бизнес хийдэг ажилтай. Хохирогч гэх Баатар нь манай цехийн барилгыг түрээслэж тавилга хийн “Даян” тавилгын дэлгүүрийг ажиллуулдаг. Баатар нь түрээсийн мөнгөө өгөхгүй унждаг, элдэв тайлбар байнга тавьдаг. Баатар нь манай аавыг түрээсээ нэхэж очиход настай хүнийг их хэл амаар доромжилж дээрэлхсэн байсан. Тэгээд би энэ тухай нь очиж хэлээд маргаан болсон. Маргалдаж байхдаа би нүүр рүү нь түлхэх нь түлхсэн. Гэхдээ би урууланд нь хүрсэн зүйл байхгүй. Би уг нь хүлээн зөвшөөрмөөргүй байгаа юм. Гэхдээ нэгэнт шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан учраас хүлээн зөвшөөрч байна ...” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Баатарын өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019.7.08-ны №9251 дугаартай дүгнэлтүүд зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд шүүгдэгч Бямбаагийн Б.Ц нь 2019.07.28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 100 айл орчимд тавилга хийх цехийн зориулалтаар түрээслүүлдэг, хохирогч Сэртэвсүрэнгийн Баатарын түрээсээр үйл ажиллагаа явуулж байгаа Даян тавилгын дэлгүүрт түүнээс түрээсийн мөнгө нэхэж, түрээс өгөлгүй удсан, эцэгтэй нь зүй бус харьцсан гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар хохирогчийн нүүрэн тус газар нь гараараа цохиж, хоолойг нь боож доод уруул дотор салстын язрал, хүзүүнд зулгаралт бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: 

Хохирогч С.Баатарын : “...Би ...2019 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 11 цагийн үед миний түрээслэж байсан байрны эзэн Бямбаа гэгч орж ирсэн. Өмнөх өдөр нь хүнтэй хийсэн хэрүүлээ надад нялзааж намайг хэл амаар доромжилж манай ажилчдыг хөөж тууж дайрч давшилсан ...Бямбаа нь гарахдаа би чамайг хүүхдээрээ алуулна гээд гарсан. 1 цагийн дараа Бямбаа гэгчийн хүү Б.Ц гэгч ажлын байран дээр ажлаа хийж байхад орж ирээд Баатар чи муу яаж байна гээд үгийн зөрүүгүй над руу нулимаад нүүрэн тус газар руу цохиод доошоо тонгойсон чинь хавирга толгой руу хэд хэдэн удаа цохисон. Манай ажилчид бид хоерыг салгахад миний цамцны захаар хоолой боочихоод тавихгүй байсан... Миний уруул язарч, хүзүү боосон хэсэгт боосон хэсэгт улайсан...” гэх мэдүүлэг  /хх-ийн 28-29 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 28  ны өдрийн №9251 дугаартай: “...С.Баатарын биед доод уруул дотор салстын язрал, хүзүүнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 35 тал/  зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдож байна.

Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч болон хохирогч хэн алиных нь хувьд хүмүүс хоорондын харьцааны наад захын хэм хэмжээг зөрчиж, соёлгүй бүдүүлэг зан байдал гаргаж, өөрсдийн аминч эрх ашгийг урьтал болгож, бусдыг хүндлэх хүндлэл  дутсан байдал нь шууд нөлөөлсөн байна.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Цийн хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдалд бусадтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч Б.Ц-д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.

Хохирогч С.Баатар нь “...Б.Ц-д гомдол, санал хүсэлт байхгүй...” гэсэн хүсэлтийг хавтаст хэргийн 47 дугаар талд гаргасан байх тул шүүгдэгч Б.Цийг гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Ц-д холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдалд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, энэ хэргийн нийгмийн аюулын шинж, хохирогчид хохирол төлбөрийг сайн дураар төлсөн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд шийдвэрлэж, уг ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч Б.Ц нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоног байхгүй, түүний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Ц-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Б.Ц-д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу       15 000 /арван таван мянга/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш       14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Б.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.     

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.БОЛДБААТАР