| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 137/2023/00091/И |
| Дугаар | 210/МА2026/00614 |
| Огноо | 2026-03-20 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 210/МА2026/00614
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч Б.Ууганбаяр, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 191/ШШ2026/01019 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, ******* нарт холбогдох,
Гэм хорын хохиролд 42,536,750 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******ы итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******ы өмгөөлөгч *******, хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
******* нь шил худалдан борлуулах үйл ажиллагаа явуулдаг бөгөөд БНХАУ-аас 3,569.8 м.кв хэмжээтэй шилийг худалдан авахаар захиалга өгч Монгол Улсын хилээр оруулж ирэх, Улаанбаатар хот хүртэл тээвэрлүүлэх үйл ажиллагааг хийлгэхээр ******* гэх иргэнтэй уулзаж, төлбөрөө тохиролцсоны үндсэн дээр ******* нь шил тээвэрлэлтийн үйл ажиллагааг бүрэн хариуцахаар тохиролцсон. Гэтэл *******ы зүгээс гэрээгээ ирүүлээгүй, мөн яаралтай манай ачааг тээвэрлэх шаардлагатай байна гэсэн тул тээврийн зардал, гаалийн татварт 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 4,400,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 2,600,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 16,044,100 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 2,400,000 төгрөг нийт 25,444,100 төгрөгийг *******ы Голомт банкны 4305019219 тоот дансанд шилжүүлж өгсөн.
Ийнхүү 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр манай захиалсан шил Монгол Улсын нутаг дэвсгэрт буюу ын боомт дээр ирсэн талаар мөн уг шил бүхий ачааг тээвэрлэх явцад 2 авдар шил нь хагарсан талаар манай компанид мэдэгдсэн. *******ы зүгээс уг хагарсан шилний хохирлыг манай компанид төлж барагдуулахаа илэрхийлсэн. Мөн өдөр *******ы зүгээс жолооч ******* гэх хүний тээврийн хэрэгсэлд уг шил бүхий ачааг өгч Улаанбаатар хот руу тээвэрлүүлсэн. 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр манай компанийн захиалсан ачаа Улаанбаатар хотод ирж ачаагаа нээж үзэхэд ачаанд нуралт үүсэж шилнүүд хагарсан, ачааг шууд буулгах боломжгүй болсон байсан тул тэр даруй *******д мэдэгдсэн. Бид тухайн ачааг буулгахын тулд нийт 14 хүн авч ажиллуулан 89 ширхэг буюу 374.3 м.кв хэмжээтэй бүтэн үлдсэн шилийг буулгасан, үлдэх 8 портер буюу 3,195.5 м.кв хэмжээтэй шил нь хагарсан байсан.
Тухайн үед ******* болон ******* нар дээрх нөхцөл байдлыг бүгдийг мэдэж хүлээн зөвшөөрсөн ба хохирлыг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж ******* нь тухайн тээврийн хэрэгслийн жолооч *******тай хамтран 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 17,000,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 7,000,000 төгрөг, БНХАУ-ын шилний үйлдвэр рүү 10,000 юань буюу 4,900,000 төгрөг, нийт 28,900,000 төгрөг төлсөн. Үүн дээр хагарсан шилнээс ашиглаж болох жижиг хэмжээтэй шилнүүдийг цонхны үйлдвэрт 8,000,000 төгрөгөөр зарсан ба ийнхүү нийт 40,018,000 төгрөгийн хохирлыг манай компанид төлсөн. Маргаан бүхий шилний зах зээлийн үнэлгээ м.кв тутам нь 24,500 төгрөг ба нийт 3,195.5 м.кв хагарсан шилний нийт үнэлгээ 78,289,750 төгрөг болно. Мөн энэхүү хохирлоос үүдсэн хагарсан шилийг ачих, буулгах, цэвэрлэх зардалд 4,265,000 төгрөг зарцуулж нийтдээ 82,554,750 төгрөгийн хохирол манай компанид учирсан.
Энэхүү хохирлоос ******* болон ******* нарын төлсөн 40,018,000 төгрөгийг хасаж тооцвол 42,536,750 төгрөгийн учирсан хохирлыг минь өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй, манай компанийг хохироож байна. Хариуцагч ******* нь манай компанийн ачааг БНХАУ-аас Улаанбаатар хот хүртэл тээвэрлэх бүхий л ажиллагааг зохион байгуулсан, хариуцагч ******* нь боомтоос Улаанбаатар хот хүртэл ачааг тээвэрлэсэн ба энэхүү тээвэрлэлтийн үйл ажиллагааг хийж байхдаа гэнэт огцом тоормосолсны улмаас ачаанд нуралт үүссэн талаар удаа, дараа илэрхийлдэг.
Иймд хариуцагч *******, ******* нар нь манай компанийн эд хөрөнгөд бодитоор учруулсан хохирол болох 42,536,750 төгрөгийг төлж барагдуулах үүрэг бүхий этгээдүүд тул бидний хохирлыг барагдуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч *******ы тайлбарын агуулга:
******* нь БНХАУ-ын Ганц худгийн боомтоос Монгол Улсын ын боомт хүртэл 20 тонны 1 чингэлэгтэй 13 подон шилийг тээвэрлүүлэхээр анх тохирсон. Тэгээд ******* гэх жолоочийг олж, түүний тээврийн хэрэгсэлд чингэлэгтэй шилийг ачиж Улаанбаатар хот руу тээвэрлүүлсэн. Түүнээс биш шилийг БНХАУ-ын хилээс Улаанбаатар хот руу тээвэрлэх талаар ярилцаж тохиролцсон гэрээ байгуулагдаагүй, аман байдлаар хэлэлцсэн зүйл байхгүй, зөвхөн хил хооронд тээвэрлэх аман хэлцэл хийсэн. Нэхэмжлэгч өөрөө л манай ачаа яаралтай хэрэгтэй байна гэхээр нь бид Хятад түнштэйгээ яриад контейнертой нь оруулж ирсэн. ******* нь гаалийн татвараа дутуу төлсөн учраас татвараа төлөөрэй гэхэд мөнгөгүй байна гэхээр нь бид өөрсдөө гаалийн татварт 3,000,000 төгрөгийг нэмж төлсөн.
Шилийг тээврийн хэрэгсэлд задгайгаар ачих гэтэл маш эрсдэлтэй буюу ачиж зөөх үедээ 2 подон буюу 1,33*220 хэмжээтэй 70 ширхэг нийт 563,64 м.кв шилийг хагалсан. Энэ нөхцөл байдал болон 2 подон шил хагарсан талаар *******-д мэдэгдээд Улаанбаатар хот руу тээвэрлэх боломжгүй юм байна, бид нар зардал аваагүй болохоор та нар өөрсдөө ирээд бараагаа ав гэж хэлсэн. Тэгэхэд ******* гэдэг хүн нь Улаанбаатар хотоос очоод ачиж явах мөнгө байхгүй гэхээр нь хот руу явах унаанд чингэлэгтэй нь шууд өргөж ачуулсан гэдгийг мэдэгдсэн. Тэгээд 11 подон шилийг чингэлэгтэй нь *******ын тээврийн хэрэгсэлд ачиж явуулсан. Тухайн үед *******т барааг хүлээлгэж өгсөн, тэрээр өөрөө бүх бэхэлгээг нь хийсний эцэст контейнерыг кранаар өргөж машин дээр тавьсан, мөн түүнд бараагаа шалгаад хүлээж ав гэж хэлсэн. Тухайн үед ******* нь 20 гаруй хоног ачаагүй зогсчихсон байсан учир танай шилийг ачаад явна гэж хэлсэн. Уг нь тэр хагарсан шилийг вакум цонхны үйлдвэрт 14,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцчихсон байсан боловч нэхэмжлэгч өөрөө манай контейнерыг барьцаалаад хохирлыг бүрэн төлсөн тохиолдолд буцааж өгнө гээд байсан мөртлөө 8,000,000 төгрөгөөр худалдсан гэж байна.
******* өөрөө замд мотоциклтой хүн, нохой аль нэг нь гэнэт гарч ирээд тоормос гишгэсэн чинь шил хагарсан талаар надад болон *******-д мэдэгдсэн, тэгээд нэхэмжлэгч өөрөө Налайх дүүрэгт очиж жолоочтой уулзаад, шил буулгах газраа очоод бэхэлсэн зүйлийг авч үзэхэд шил хагарсан байсан гэсэн.
Бидний зүгээс 2 подон шил хагалсан хохирлыг болон жолооч *******ын хариуцлагаас үүрч 16,018,000 төгрөгийг *******-д өгсөн. Нэхэмжлэгчийн хүсэлтээр өөрийн компанийн нэрээр гаалиар оруулж ирсэн, ачааг 35,415 кг гэж мэдүүлсэн, ингэхдээ м.кв-аар бодоогүй, тонн шилийг 1,200 юаниар оруулж ирэхээр тооцсон, 40,000,000 төгрөг болж байсан.
Нэхэмжлэгч ******* нь хохиролд 42,536,750 төгрөг нэхэмжилсэн боловч учирсан гэх хохирол нь *******ы буруутай үйлдлийн улмаас болоогүй, уг хохирол нь шилийг тээвэрлэж явсан жолооч *******ын буруутай үйлдэлтэй шууд хамааралтай гэж үзэж байна. Түүнээс гадна Өмнөговь аймгийн боомтоос Улаанбаатар хот хүртэлх тээвэрлэлтийн явцад хагарсан шилийг би хариуцан төлөх учиргүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч *******ын тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч *******-ийн 42,536,750 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 2022 оны 04 дүгээр сард *******-ийн шилийг боомтоос Улаанбаатар хот руу тээвэрлэхээр ******* гэх хүнтэй тохиролцож хот руу тээвэрлэсэн, түүнээс тээврийн хөлс 5,000,000 төгрөгийг авсан болохоос нэхэмжлэгч *******-тай ямар нэгэн зүйлийг тохиролцоогүй тул түүний өмнө үүрэг хүлээгээгүй. Анхнаасаа гаалийн хашаанд ******* шил ачаад яваач гэсэн, тэгэхэд 2-3 авдар шилийг задгай машин дээр ачих гээд машин дээр тогтохгүй хагарсан байсан учраас контейнертой нь кранаар машин дээр тавьсан. Нэг авдар шил нь 3-4 тонн жинтэй болохоор нааш цааш хөдлөх, түүнчлэн шилийг нэг бүрчлэн шалгах, хагарсан эсэхийг харах ямар ч боломжгүй байсан.
*******ын тухайд контейнер тээвэрлэсэн, түүний дотор юу байгаа гэдэг хамаагүй бөгөөд тэр контейнерийг бүрэн бүтэн буцаагаад хүлээлгээд өгчихсөн. Анх контейнер ачсан зургийг ******* аваад ******* руу явуулсан байснаас харахад бэхэлгээ маш муу хийгдсэн байсан.
Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.4.2-т ачаа сав, баглаа, боодолгүй буюу түүний чанар муу байсан бол ачаа гэмтсэн бол тээвэрлэгч хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж заачихсан. Тээвэрлэж байсан машин осолд орох, өөр машинтай мөргөлдсөн тохиолдолд контейнерт хохирол үүсэх бөгөөд доторх сав, боодол, бэхэлгээг ачуулсан тал өөрсдөө хариуцах ёстой, шилийг буруу ачсан, тодруулбал контейнерыг машины бөгсөн талд байрлуулсан, машины урд тал нь хоосон байсан. Ингэж ачсан байхад машин тоормоз гишгэхэд бүх ачаа урд тал руугаа гулсаад явна.
*******ыг 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гэрчээр асуусан байсан тэгэхэд тэрээр *******тай тохиролцож, шил тээвэрлэсэн, хөлсийг тэр төлсөн талаар мэдүүлсэн тэмдэглэл хэрэгт авагдсан байдаг. Улаанбаатар хотод контейнерийг тээвэрлэж ирээд буулгахад шил хагарсан гэсэн, тэгээд ачаагаа буулгаад явах гэтэл машиныг гаргахгүй барьцаалаад байсан учраас арга буюу 21,000,000 төгрөг өгч машинаа авсан. Ингээд *******-д *******тай нийлж 40,000,000 гаруй төгрөг төлсөн. Иймд *******-ийн 42,536,750 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга:
******* нь *******тай гэрээ байгуулж, шилээ ачуулахаар тохиролцсон, ******* хамааралгүй, иргэд хоорондоо тохиролцсон байна. Тийм учраас иргэд хоорондоо хохирлоо тооцох хэрэгтэй, харин *******-ийн хохирлыг ******* хариуцах учиртай гэж үзэж байна гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******аас 3,207,664 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 39,329,086 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч *******д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 66,273 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 370,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
6.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс хүлээн зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгчийн зүгээс энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүднээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад -аар нэхэмжлэгчид учирсан бодит хохиролд шинжээчийн дүгнэлт гаргуулсан ба энэхүү шинжээчийн дүгнэлтээр *******-аас *******аар тээвэрлүүлсэн 2,2*1,83 хэмжээтэй 6 авдар шил буюу 420 лист нийт 1,691 м.кв, 2,2*2 мм хэмжээтэй 7 авдар буюу 427 лист 1,878.8 м.кв нийт 13 авдар буюу 3,569.8 м.кв хэмжээтэй 4 мм зузаантай шилний 2022 оны 04 дүгээр сарын байдлаарх зах зээлийн үнэлгээг 71,396,000 төгрөг хэмээн тогтоосон. Энэхүү шинжээчийн дүгнэлт нь *******-аас анх Монгол Улсын хилээр оруулж ирэхээр *******тай тохиролцож хилээр оруулж ирсэн шилний бодит хэмжээ юм. Мөн хариуцагч *******ы зүгээс 13 авдар шил оруулж ирсэн гэдэгтэй маргадаггүй ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Монгол Улсын ын боомт хүртэл 20 тонны 1 чингэлэгтэй 13 авдар шилийг тээвэрлүүлэхээр тохирсон, ...ачиж зөөх үедээ 2 авдар буюу 1,33*220 хэмжээтэй 70 ширхэг нийт 563,64 м.кв шилийг хагалсан, ...тэгээд 11 авдар шилийг чингэлэгтэй нь *******ын тээврийн хэрэгсэлд ачиж явуулсан гэх тайлбарыг гаргасан. Иймээс анх шилний тээвэрлэлтийг хариуцан хийсэн ******* нь нийт 13 авдар шилийг тээвэрлэж Монгол Улсад оруулж ирсэн гэдгийг хүлээн зөвшөөрдөг, мөн тээврийн хэрэгслийн жолооч *******ын машинд 11 авдар шилийг ачуулсан гэдгийг өөрөө нотолдог.
Харин жолооч ******* шүүхэд гаргасан тайлбартаа ...2-3 авдар шилийг задгай машин дээр ачих гээд тогтохгүй хагарсан, контейнертой нь кранаар машин дээр тавьсан гэх тайлбар болон Улаанбаатар хотод ачааг буулгах үеийн учирсан хохирлын хэмжээнээс үзэхэд нийт 3,569,8 м.кв хэмжээтэй шилийг анх нэхэмжлэгчийн зүгээс Монгол Улсын хилээр оруулж ирсэн болох нь тогтоогддог. Харин энэхүү шилний тухайн үеийн зах зээлийн ханшийг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон болох нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан.
Мөн энэхүү гаалийн мэдүүлгийн баримтыг хариуцагч *******ы зүгээс гаргаж өгсөн баримт бөгөөд нэг л удаагийн гаалийн мэдүүлгийн баримтыг нотлох баримтын шаардлага хангаагүй хэлбэрээр гаргаж өгсөн. Нэхэмжлэгчийн зүгээс гаалийн мэдүүлэг болон шилийг хилээр оруулж ирэх ажиллагаанд огт оролцоогүй бөгөөд энэ бүх үйл ажиллагааг *******ы зүгээс гардаж хийсэн ба ингэхдээ гаалийн мэдүүлгийн үнийн дүнг илт багаар мэдүүлсэн болохоо тайлбараараа хүлээн зөвшөөрдөг. Үүнээс үзэхэд талуудын хэн аль нь шилний хэмжээн дээр маргадаггүй бөгөөд Монгол Улсын хилээр 13 авдар буюу 3,569.8 м.кв хэмжээтэй шил орж ирсэн болохыг хүлээн зөвшөөрсөн.
Нэхэмжлэгчийн зүгээс анх нэхэмжлэл гаргахдаа зах зээлийн ханшаар тооцож 1 м.кв шилний үнийг 24,500 төгрөгөөр тооцож нийт 3,569.8 м.кв шилний нийт үнийг 78,289,750 төгрөгөөр тодорхойлсон. Нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүднээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтийг гаргуулж тухайн үеийн зах зээлийн бодит ханшийг мөн гаргуулсан. Нэхэмжлэгчийн зүгээс хуульд олгогдсон эрхийн дагуу өөрийн нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлсон ба уг -аар хийлгэсэн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 000702 дугаар дүгнэлтээр 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаарх 4 мм зузаантай шилний зах зээлийн ханшийг 71,396,000 гэсэн дүгнэлттэй нэхэмжлэгчийн зүгээс маргаагүй. Гэтэл шүүх шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болголгүй нотлох баримтын шаардлага хангаагүй бүрэн бус гаалийн мэдүүлэг гэх хэвлэсэн хуудсыг үндэслэн шийдвэрийн үндэслэлээ болгосонд гомдолтой байна. Шинжээчийн дүгнэлтээр тогтоосон үнийн дүн болох 71,396,000 төгрөгөөс хариуцагч нарын төлсөн 40,018,000 төгрөгийг хасч, үлдэх 31,378,000 төгрөгийг хариуцагч ******* нь хариуцан төлөх ёстой гэж үзэж байна. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд хариуцагч *******ы гаргасан тайлбарын агуулга:
Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд холбогдуулж дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нь гомдолдоо 31,378,000 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэж дурдсан байх бөгөөд бидний зүгээс санал нэг байна.Нэхэмжлэгч бодит хохирол нэхэмжилсэн гэж тайлбарлаж байна. Анхан шатны шүүх бодит хохирлыг зөв тооцож гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн дүн зөрүүтэй байсан. Тодруулбал, нэхэмжлэгч нь 24,500 төгрөгөөр нэхэмжилдэг бөгөөд шинжээч зах зээлийн үнийг 20,000 төгрөг гэж дүгнэдэг. Гэтэл нэхэмжлэгч нь давж заалдах журмаар гаргасан гомдолдоо шинжээчийн үнэлгээгээр хариуцагчаас гаргуулъя гэж дурдсан байна. Шинжээчийн үнэлгээ нь бодит хохирол биш бөгөөд Тухайн үеийн зах зээлийн үнэлгээ буюу зах зээлд зарагдаж байгаа үнийг гаргадаг. Гэтэл нэхэмжлэгч нар тухайн барааг зах зээлд зарагддаг үнэлгээгээ буюу нэмэгдсэн үнээр аваагүй.
Гаалийн мэдүүлэгт өөр төрлийн бараа бүтээгдэхүүн мэдүүлээгүй. Тухайн үйл баримт нь гаалийн мэдүүлгээр нотлогдоно. Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлд зааснаар гэм хор учруулсан этгээд болох *******аас гэм хорын хохирлыг гаргуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.
8. Давж заалдах гомдолд хариуцагч *******ын гаргасан тайлбарын агуулга:
Манайх *******-тай гэрээ байгуулаагүй бөгөөд аман хэлцэл байгуулаагүй. Иймд бид *******-ийн өмнө үүрэг хүлээх ёсгүй гэжээ.
9. Хариуцагч *******ын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
9.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******-тай амаар болон бичгээр ямар нэгэн гэрээ, хэлцэл байгуулаагүй. Харин, хариуцагч болох *******тай чингэлэг дотор байгаа шилийг Улаанбаатар хот руу тээвэрлэх талаар аман хэлцэл хийсэн. Хариуцагч ******* нь чингэлэгт ачигдсан байгаа авдартай шилний зургийг авсан. Тэр зурагнаас харахад чингэлэг доторх авдартай шилийг машинд ачиж тавихдаа буруу байрлуулсан, чингэлгийн хойд талд авдартай шилнүүд, урд талд хоосон байхаар байрлуулж, сав баглаа боодлын бэхэлгээг маш муу хийсэн нь зурган дээрээс тодорхой харагдаж байна. Ингэж ачсан байхад машин тоормоз гишгэхэд бүх ачаа урд тал руугаа гулсаад л нурж унана. Ямар ч автомашин их бага хэмжээгээр учирч болох аюул саадыг тойрох, хурд багатайгаар давах зэргээр тоормоз гишгиж явдаг.
Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.4.2-т ачаа сав, баглаа, боодолгүй буюу түүний чанар муу байсан бол тээвэрлэгч хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж заасан. Сав баглаа боодолгүй буюу түүний чанар муу гэдэг нь хэдхэн татлагаар бэхэлсэн нь зурган дээрээс маш тодорхой харагдаж байна. Нэхэмжлэгч ******* нь өөрт учирсан хохирлоо, гэрээ хийсэн хариуцагч *******аас нэхэх ёстой. Харин ******* нь аман хэлцэл хийсэн *******аас нэхэх эрх нь нээлттэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн хариуцагч *******т холбогдох хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
10. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
Анхан шатны шүүх уг асуудалд дүгнэлт хийсэн. БНХУ-аас ын боомт хүртэлх тээвэрлэлтийн ажлыг ******* хийсэн нь үнэн бөгөөд энэ талаар талууд маргадаггүй. ын боомтоос Улаанбаатар хот хүртэлх тээвэрлэлтийн ажлыг ******* хийсэн байдаг. Бид тээвэрлэлтийн гэрээний маргаан үүсгээгүй бөгөөд тээвэрлэлтийн гэрээ бичгээр хийгдээгүй. Энэ талаарх үйл баримттай маргаагүй. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар болгоомжгүйгээр тээвэрлэх явцдаа бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан гэж үзэж байгаа тул үүнээс учирсан хохирлоо төлүүлье гэдэг шаардлагыг гаргасан гэжээ.
11. Давж заалдах гомдолд хариуцагч *******ы гаргасан тайлбарын агуулга:
Тухайн үед ******* нь краны оосорлогч, дохиочин 2 этгээдтэй хамт дотогшоо орж бэхэлгээнүүдийг хийсэн. Бид *******аас болсон эсэх талаар лавлахад тэрээр болсон гэж хэлсэн бөгөөд хэзээ гарах талаар нь лавлахад өглөө эрт гарна гэж хэлж байсан. Тус үйл явдлын дараа бид тооцоогоо хийж түүнд дугаар өгч, хотод очихоороо энэ дугаар луу залгаж хүлээлгэж өгөөрэй гэж хэлээд явуулсан. ******* нь Улаанбаатар хот руу явах замдаа бидэнтэй холбогдоогүй бөгөөд Налайхад асуудал болсон талаараа хэлсэн байдаг. Тухайн шилийг буулгах явцад кран авчирсан. Дараа нь дотор нь орж тухайн шил ханараад хагарсан талаар мэдсэн гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан гэм хорын хохиролд 42,536,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
1.1. Нэхэмжлэгч талаас, хариуцагч *******тай шилийг Монгол Улсын хилээр оруулж ирэн тээвэрлүүлэх талаар амаар тохиролцсон. Улмаар ******* нь *******ын тээврийн хэрэгсэлд контейнертой шилийг боомтоос Улаанбаатар хот хүртэл тээвэрлүүлэхээр тохиролцсон. Тээвэрлэлтийн явцад *******ын болгоомжгүй үйлдлийн улмаас ачаанд нуралт үүсч 3,695.8 м.кв хэмжээтэй шилнээс 89 ширхэг буюу 374.3 м.кв хэмжээтэй шил бүтэн ирсэн. Шилний зах зээлийн үнэлгээ м.кв нь 24,500 төгрөг учраас хагарсан 3,195.5 м.кв нийт үнэ 78,289,750 төгрөг, хагарсан шилийг ачиж буулгах цэвэрлэх зардалд 4,625,000 төгрөгийн зардал гаргаж, нийт 82,554,750 төгрөгийн хохирол учирсан. Хариуцагч нараас нийт 40,018,000 төгрөгийг төлсөн тул үлдэх 42,536,750 төгрөгийг хариуцагч нараас гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.
1.2. Хариуцагч *******, нэхэмжлэгч талтай БНХАУ-ын Ганц худгийн боомтоос Монгол Улсын ын боомт хүртэл 20 тонны чингэлэгтэй 13 подон шилийг тээвэрлэхээр тохиролцсон. Улмаар уг шилийг боомтоос *******аар Улаанбаатар хот хүртэл тээвэрлүүлсэн. Миний зүгээс ын боомтод ачих үед хагарсан 2 подон шилний хохирлыг болон жолооч *******ын хариуцлагаас хуваалцаж 16,018,000 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн. Нэхэмжлэгчийн хүсэлтээр өөрийн компанийн нэрээр гаалиар оруулж ирсэн. Ачааг 35,415 кг гэж мэдүүлсэн. Ингэхдээ м.кв-аар биш тонн шилийг 1,200 юаниар оруулж ирэхээр тооцсон ба 40,000,000 төгрөг болж байсан. Нэхэмжлэгчид учирсан хохирол нь миний буруутай үйлдлээс болоогүй, жолооч *******ын буруутай үйлдэлтэй шууд хамааралтай тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан
1.3. Хариуцагч ******* нь, *******-ийн ачаа болох шилийг боомтоос Улаанбаатар хот руу *******тай тохиролцож тээвэрлэсэн. Түүнээс хөлсөнд 5,000,000 төгрөг авсан ба *******-ийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй. *******ын тухайд контейнер тээвэрлэсэн бөгөөд дотор нь юу байгаа гэдэг нь хамаагүй бөгөөд бүрэн бүтэн контейнерыг хүлээлгэж өгсөн. Контейнер ачсан зургаас харахад бэхэлгээ маш муу хийгдсэн байсан тул Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.2-т зааснаар тээвэрлэгч хариуцлагаас чөлөөлөгдөнө. Ачааг буулгаад гарах гэхэд шил хагарсан байна гээд машиныг гаргахгүй барьцаалаад байхаар нь арга буюу 21,000,000 төгрөг төлөөд гарсан, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
2. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******-ийн БНХАУ-д захиалсан 13 подон бүхий контейнертэй шилийг Хятад улсын Ганц модны боомтоос Өмнөговь аймгийн ын боомт хүртэл тээвэрлэсэн, улмаар боомт дээр уг шилийг тээвэрлүүлэхээр контейнерээс гаргахдаа 2 подон буюу 70 ширхэг 563,64 м.кв шилийг хагалсан, улмаар ******* нь хариуцагч *******ын тээврийн хэрэгслээр ын боомтоос Улаанбаатар хот руу контейнер бүхий шилийг 5,000,000 төгрөгөөр тохиролцон тээвэрлүүлэх явцад шилний зарим хэсэг нь хагарч ирсэн талаарх үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.
Нэхэмжлэгч талаас, тээвэрлэлтийн явцад *******ын болгоомжгүй үйлдлийн улмаас ачаанд нуралт үүсч 3,695.8 м.кв хэмжээтэй шилнээс 89 ширхэг буюу 374.3 м.кв хэмжээтэй шил бүтэн ирсэн гэх ба бүтэн ирсэн шилний хэмжээний талаар талууд маргаагүй, мөн хариуцагч нараас үгүйсгэх нотлох баримтыг ирүүлээгүй байна.
3. Анхан шатны шүүх талуудын хоорондох маргааныг гэм хорын улмаас үүсэх үүрэг гэж үзсэн нь хууль хэрэглээний хувьд оновчгүй байх бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасан тээвэрлэлтийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрт холбогдох хуулийг баримталсан өөрчлөлт оруулна.
4. Хариуцагч ******* нь нэхэмжлэгчтэй ачааг Монгол Улсын хилээр нэвтрүүлж боомт хүртэл тээвэрлэхээр амаар тохирсон, боомтоос Улаанбаатар хот хүртэлх тээвэрлэлт хийхээр тохиролцоогүй, *******ыг олж өгч цааш тээвэрлүүлсэн,хагарсан шилний үнийг төлөхгүй, хамааралгүй гэж, хариуцагч ******* нь нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй, ачааг контейнерээр тооцож хөлсийг авсан, ачааны татлага сул буюу баглаа боодлыг бүрэн бус хийснээс хагарсан тул буруугүй гэж маргаж байна.
4.1.Иргэний хуулийн 396 дугаар зүйлийн 396.1 дэх хэсэгт Нэг гэрээгээр хэд хэдэн тээвэрлэгч тээвэрлэлтийг дамжуулан гүйцэтгэхээр байвал тээвэрлэгч бүр тээвэрлэлтийн үүргийг бүхэлд нь хариуцах бөгөөд дамжуулан тээвэрлэхээр ачааг хүлээн авч байгаа тээвэрлэгч ачаа болон дагалдах бичгийг хүлээн авснаар гэрээний тал болно гэж зохицуулсан, хэргийн баримтаар ачааг *******аас хариуцагч ******* хүлээн авч Улаанбаатар хот хүртэл тээвэрлэлтийг гүйцэтгэсэн үйл баримт тогтоогдсон тул тэрээр дамжуулан тээвэрлэгч, гэрээний нэг тал гэж үзнэ.
Мөн хариуцагч *******т тээвэрлэлтийн хөлс болох 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгч бус харин хариуцагч *******аас төлсөнд маргаагүй тул хариуцагч *******ы гаргасан тохирсон тээвэрлэлтээ гүйцэтгэсэн, цааш боомтоос Улаанбаатар хүртэлх тээвэрлэлт өөрт хамааралгүй гэх татгалзал үндэслэлгүй, баримтаар тогтоогдоогүй байна.
Иргэний хуулийн 396 дугаар зүйлийн 396.4 дэх хэсэгт Ачаа дамжуулан тээвэрлэхэд ачааг хүлээлгэн өгч байгаа болон хүлээн авч байгаа тээвэрлэгчдэд энэ хуулийн 388.4, 388.5 нэгэн адил хамаарна гэж заасны дагуу хариуцагч нар дамжуулан тээвэрлэгчид байна.
4.2. Түүнчлэн, Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.1 дэх хэсэгт Тээвэрлэгч ачааг хүлээн авснаас хойш хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд ачаа алдагдсан, дутсан, гэмтсэн, түүнчлэн тээвэрлэлтийн хугацаа хоцроосны хариуцлагыг бүхэлд нь буюу хэсэгчлэн хариуцна гэж заасан, ачаа тээвэрлэлтийн аль үе шатанд хагарсан болох нь хэргийн баримтаар тодорхойгүй, үүнийг тодорхойлох боломжгүй байх тул тээвэрлэлтийн гэрээнээс учирсан хохирлыг хариуцагч нар хамтран хариуцах үүрэгтэй.
5. Хэрэгт авагдсан -ийн дүгнэлтээр 2023 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 4 мм зузаантай шилний 1 м.кв-ыг 16,500 төгрөг, 3,569.8 м.кв шилний зах зээлийн үнийг 58,901,700 төгрөг гэж үнэлснийг нэхэмжлэгчийн хүсэлтээр дахин томилогдсон шинжээч нь 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 1 м.кв-ыг 20,000 төгрөг буюу 71,396,000 төгрөг гэж тус тус үнэлсэн байна. /1 хх 94-107, 121-132/
Дээрх шинжээчийн дүгнэлтээр маргаан бүхий шилний зах зээл дээр худалдан борлуулах үнэлгээг тогтоосон нь нэхэмжлэгчид учирсан бодит хохирлыг тогтоосон гэж үзэх боломжгүй тул анхан шатны шүүхээс шийдвэрийн үндэслэл болгоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх журамтай нийцсэн байна.
6. Нэхэмжлэгч талаас, БНХАУ руу 3,569.8 м.кв шилний захиалга хийсэн гэх боловч маргаанд хамаарах хэдэн мм-ийн зузаантай, ямар хэмжээний шилний захиалга хийж, хэдэн төгрөгийн төлбөр төлсөн талаарх баримтаа ирүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу өөрт учирсан бодит хохирлоо нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
6.1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан Монгол Улсын Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийг үндэслэл болгож нэхэмжлэгчид учирсан бодит хохирлын хэмжээг тодорхойлсон нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт нийцнэ.
6.2. Харин тухайн баримтыг үнэлэхдээ эхний нүүрэн дэх валютын ерөнхий дүн гэсэн хэсгийн 90,400 юань, ханш 478.16 гэсэн хэсгийг баримталж гаалийн хилээр оруулж ирсэн шилний тооцоог гаргасан нь алдаатай байх тул үүнийг давж заалдах шатны шүүхээс залруулна.
Хэрэгт авагдсан уг гаалийн мэдүүлгийн 2 дахь хуудаснаас үзвэл, 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны №14-2151008-22-I01769R дугаартай мэдүүлэгт шил 2000-1500 мм, зузаан 5 мм, 1хайрцаг*65ш, гаалийн нэгжийн үнэ 1,634174USD, 13 модон хайрцаг, нийт үнэ 11,683.89 USD хэмжих нэгж, тоо хэмжээ/ангиллын/ 2.535,000000 м.кв гэж тэмдэглэгдсэн байх тул шүүх уг баримтыг үндэслэл болгож маргаанд хамаарах 13 модон хайрцаг шилний нийт үнэ 11,683.89 ам.долларыг нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн Монгол банкны ам.долларын төгрөгтэй харьцах ханш болох 3524.7 төгрөгөөр тооцоход 41,182,791 төгрөг байна. /1хх157-158/ Энэхүү баримтыг нэхэмжлэгч талаас хуулбар баримт гэх боловч уг гаалийн мэдүүлгийн баримт нь гаалийн тэмдэг бүхий эх хувь баримт байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэж нотлох баримтаар үнэлэн хариуцагч *******ын гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэнэ.
6.3. Иймд гаалийн хилээр оруулж ирсэн 13 хайрцаг шилний үнэ 41,182,791 төгрөгөөс хариуцагч нарын төлсөн 40,018,000 төгрөгийг хасч тооцон 1,164,791 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах нь Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 393 дугаар зүйлийн 393.1, 396 дугаар зүйлийн 396.5 дахь хэсэгт нийцэх ба мөн хуулийн 393 дугаар зүйлийн 393.2, 393.4 дэх хэсэгт заасны дагуу тээвэрлэгч хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй.
6.4. Нэхэмжлэгч 13 хайрцаг шил нь 3,695.8 м.кв хэмжээтэй байсан гэж тайлбарлаж шилний үнийг м.кв тутмаар тооцон шаардсан байх боловч гаалиар нэвтрүүлсэн барааны мэдүүлэг 13 хайрцаг шилийг кг-р хэмжсэн, хариуцагч нарын хувьд ачааг хэдэн м.кв шил байсныг мэдэхгүй, зөвхөн хайрцгаар тооцсон, задалж үзээгүй гэж тайлбарлаж байгаагаас үзвэл анхан шатны шүүх учирсан хохирлыг тооцохдоо м.кв хэмжээгээр тооцоогүй нь үндэслэлтэй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй.
6.5. Нэхэмжлэгч нь тээвэрлэлтийн гэрээний улмаас учирсан хохирлыг хариуцагч нараас гаргуулахаар хэн алинаас нь шаардсан байхад анхан шатны шүүх гэрээний тал болох хариуцагч *******ыг хохирол төлөх хариуцлагаас чөлөөлсөн нь үндэслэлгүй тул уг хохирлыг хариуцагч нараас тэнцүү хэмжээгээр гаргуулна.
Мөн хэрэгт ачааны сав баглаа боодол бэхэлгээг дутуу, бүрэн бус хийгдсэн байсан гэдгийг дэмжих баримт авагдаагүй, хариуцагч *******аас дээрх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй байх тул энэ талаарх гомдлыг хангахгүй.
6.6. Мөн, нэхэмжлэгч талаас уг гэрээнээс учирсан хохиролд хагарсан шилийг ачих, буулгах, цэвэрлэх зардалд 4,265,000 төгрөг зарцуулсан гэж нэхэмжилснийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг зөв гэж үзнэ. Тодруулбал, ******* гэх иргэний Хаан банкны хувийн харилцах данснаас ивээс төмөр, багаж хэрэгсэл, хуушуур, портер засвар, хоол, түлш, хашааны мөнгө, краны төлбөр, ажилчдын хөлс гэх гүйлгээний утгаар шилжүүлснийг хариуцагч нарын гэм буруугийн улмаас нэхэмжлэгч компанид учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй бөгөөд уг мөнгөн гүйлгээний баримт нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралтай, эргэлзээгүй, үнэн зөв баримт гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
7. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч *******ын гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 191/ШШ2026/01019 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 393 дугаар зүйлийн 393.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******, ******* нараас 1,164,791 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 41,371,959 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтын хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 66,273 гэснийг хариуцагч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 32,505 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 317,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас төлсөн 66,273 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ
ШҮҮГЧИД Б.УУГАНБАЯР
Ц.АЛТАНЦЭЦЭГ