Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 895

 

 

 

 

 

 

 

 

 

 

   2019        10          15                                   2019/ШЦТ/895  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

Улсын яллагч Г.Цогтгэрэл,

Шүүгдэгч М.Б (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Бд холбогдох эрүүгийн 1909025500847 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 24-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

   Монгол Улсын иргэн, 1984 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Говь-Алтай аймгийн Халиун суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо 81б байрны 25 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

            Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч М.Б нь 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол улсын их сургуулийн орчимд зам дээр иргэн Г.Түвшинбаярыг “замын хөдөлгөөнд удаан оролцож хурдан хөдөлсөнгүй” гэж үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүнийг автомашинд сууж байхад нь гараараа нүүрэн тус газар нь цохиод бууж ирэхэд нь харилцан заамдалцаж хавсарч газар унагааж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Эрүүгийн 1909025500847 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч М.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр өөрийн 15-58 УБҮ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн приүс-20 маркын автомашинаараа таксинд явж байсан. Тухайн өдөр 11 дүгээр хорооллын 2 дугаар сургуулийн урд талд явж байх үед миний урьд явж байсан автомашин явж өгөхгүй байсан. Би тэр машины жолоочид хандаад “чи яваад өгөөч дээ” гэж хэлсэн. Тухайн автомашины жолооч над руу салаавч гаргаад байсан. Би хажуугаар нь гүйцэж түрүүлж ороод урд нь гараад тухайн автомашины хөдөлгөөнийг хаагаад зогссон. Тэгээд машинаасаа буугаад очтол жолооч талын цонх нь онгорхой байсан. Тухайн автомашины жолоочийг машинд сууж байхад нь баруун гараа зангидаж байгаад баруун шанаа хэсэг рүү нь гараа нааж байгаад нэг удаа түлхсэн. Тэгсэн тухайн залуу машинаасаа бууж ирээд намайг заамдаж боогоод баруун шилбэ хэсэг рүү өшиглөсөн. Тэгэхээр нь би зөрүүлээд тухайн залууг заамдаад хавсарсан чинь тухайн залуу биеийнхээ баруун хэсгээр баруун тохой хэсгээрээ газар тулаад унасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар  хуудас/,

 

   Хохирогч Г.Түвшинбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 6 дугаар сарын 28-ны өглөө 09:30 цагийн үед 07-44 УБү улсын дугаартай ногоон өнгийн приус-20 маркийн машинтайгаа замын хөдөлгөөнд оролцоод Монгол улсын их сургуулийн Эдийн засгийн сургуулийн урд урдаас хойшоо чиглэлтэй явж байхад миний хойноос мөнгөлөг өнгийн приус-20 машин миний буруу талаас дайрч орж ирсэн. Мөнгөлөг приус машины жолооч намайг удаан явлаа гээд хэрүүл маргаан эхэлсэн. Би ч гэсэн хэрэлдэж маргалдсан. Мөнгөлөг өнгийн 15-58 УБҮ улсын дугаартай приус 20 машины жолооч уур нь хүрээд миний машины урдуур машинтайгаа орж ирж хашиж хашиж зогсоод машинаасаа бууж ирээд миний цонхон дээр ирсэн. Маргалдаж байгаад машин машин дотор намайг сууж байхад миний нүүр хэсэгт гараараа цохьсон. Тэгээд явах гэхээр нь би машинаасаа бууж очоод маргалдахад тэр залуу намайг заамдаад авсан. Би ч гэсэн заамдалцсан. Тэр залуутай заамдалцаж байхад тэр залуу намайг мушигаад газарт баруун гарын тохой, нуруу хэсгээрээ газарт унасан. Тэгээд тэр залуу яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 4-5 дугаар хуудас/,

 

   Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №8035 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Г.Түвшинбаярын биед хүзүү, баруун тохойн зулгаралт, баруун тохойн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..." гэжээ /хх-ийн 12 дугаар хуудас/,

 

Шинжээч эмч Н.Энхцолмон мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Баруун тохойн цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна бусад гэмтэл дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Бүгд нийлээд мөн гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Г.Түвшинбаярын биед учирсан хүзүүний зулгаралт гэмтэл нь заамдах үед үүсэх боломжтой гэмтэл байна. Харин баруун тохойн цус хуралт, зөөлөн эдийн няцрал зулгаралт гэмтэл нь хавсарч газар унах үед үүсэх боломжтой гэмтэл байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч М.Бийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 23 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 26 дугаар хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 25 дугаар хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 39 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч М.Б нь 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол улсын их сургуулийн Эдийн засгийн сургуулийн урд замд иргэн Г.Түвшинбаярыг “замын хөдөлгөөнд удаан оролцож саад учрууллаа” гэж үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний жолоодож явсан автомашиныг хааж зогсон, автомашиндаа сууж байхад нь гараараа нүүрэн тус газар нь цохиод бууж ирэхэд нь харилцан заамдалцаж хавсарч газар унагааж улмаар эрүүл мэндэд нь “хүзүү, баруун тохойн зулгаралт, баруун тохойн цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Түвшинбаярын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №8035 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч нь хохирогч Г.Түвшинбаярын биед хүч хэрэглэсэн үйлдлээ мэдүүлсэн, хохирогчоос хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг мэдүүлсэн болон хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч М.Бийн үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүх шүүгдэгч М.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч Г.Түвшинбаяраас “...гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн хүсэлт гаргасан /хх-ийн 39/ тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч М.Бийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.           

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд М.Бөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав. 

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч М.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бийг 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажлыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

            5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН