Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2026/00682

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 192/ШШ2025/09706 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, ******* нарт холбогдох,

 

100 га газрын хууль ёсны шударга эзэмшигчээр тогтоолгох, 54,312,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Б.Ууганбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* ХХК-ийн захирал ******* нь *******тэй хуурай ах дүү бөгөөд олон жилийн өмнөөс бие биеэ танина. 2013 оны 01 дүгээр сард ******* нь ирээд ******* аймгийн ******* сумын нутаг ******* байрлах үр тарианы зориулалттай 100 га газрыг, эзэмших эрхийнхээ хамт 50,000,000 төгрөгөөр худалдах талаар тохиролцож аман хэлцэл байгуулсан. Хэлцлийн төлбөрт 30,000,000 төгрөгийг бэлнээр, үлдэгдэл 20,000,000 төгрөгийг 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 10,000,000 төгрөг дансаар, 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөг дансаар тус тус шилжүүлсэн.

1.2. Төлбөр төлж дууссаны дараа газрын эзэмших эрхийг шилжүүлэхийг асуутал ******* нь банкны барьцаанд байгаа чөлөөлөгдөхөөр нь газрын гэрчилгээ болон эзэмших эрхийг шилжүүлнэ гэсэн. ******* нь *******ийн зөвшөөрснөөр 2014 оноос эхлэн 2022 он хүртэлх хугацаанд тухайн газарт уринш хийн, рапс, ногоон тэжээл, улаан буудай зэрэг үр тариануудыг тарьж ургуулсан. 2014 оноос эхэлж тухайн эрх шилжүүлэн өгөх газрыг арчлан тордож, манаач цалинжуулан хамгаалуулж тус газарт 48,812,500 төгрөгийн зардлаар хашаа барьж жил болгон засаж янзалж, сэргээн засварладаг байсан.

1.3. Гэтэл ******* 2021 оны намар нас барсан ба уг газрын эзэмшлийн өв залгамжлагчаар хүү *******г тогтоолгосны дараа газар эзэмших эрхийг шилжүүлээгүй байна. Талийгаач *******өд итгэж найдсан учир энэ олон жил хүлээж, найдвар төрүүлсэн төдийгүй түүнийг нас барснаар дараагийн асуудал болох өв залгамжлалаар хөрөнгө нь шилжих асуудал шийдвэрлэгдэхээр газар болон түүний эзэмших асуудлыг шийдвэрлээд өгнө гэж ******* ярьж тохирч дахин хүлээлгэж байгаа ч одоо хүртэл асуудал шийдвэрлэгдээгүй.

1.4. 2023 оны намар ******* аймгийн ******* сумын нутаг ******* байрлах үр тарианы зориулалттай 100 га газарт очиж үзэхэд хууль ёсны эзэмшигч миний зөвшөөрөлгүйгээр барьсан хашааг нурааж, эвдэж сүйтгэж, миний эзэмшлийн газарт үр тариа тарьж ургуулсан байсан.

1.5. Иймд ******* аймгийн ******* сумын *******дугаар баг, ******* нуурын баруун талд байрлах үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалттай, нэгж талбарын ******* дугаартай, 100 га газрын хууль ёсны шударга эзэмшигчээр ******* ХХК-ийг тогтоож, хариуцагч *******аас өвс тэжээлийн үнэ 5,500,000 төгрөг, ******* аймгийн ******* сумын нутаг ******* 100 га газарт хашаа барьсан материалын зардалд хүү *******гаас 48,812,500 төгрөг нийт 54,312,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Зохигчдын хооронд газар эзэмших эрх шилжүүлэх талаар гэрээ, хэлцэл байгуулагдаагүй. ******* аймгийн ******* сумын нутаг Жирэм дэх 100 га газарт анх ******* нь Газрын тухай хуульд заасны дагуу эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулж, хууль ёсны эзэмшигч болсон бөгөөд одоо түүний хүү *******д өв залгамжлалаар тус эрх шилжсэн байна. Иймд ******* нь тус газрын хууль ёсны эзэмшигч юм.

2.2. ******* нь нас барахаасаа өмнө буюу 2017 онд өөрийн найз *******т тус болох зорилгоор өөрийн эзэмшлийн дээрх 100 га газрыг ашиглуулж эхэлсэн бөгөөд ******* нь тус газрыг ашиглаж, түүнээс ашиг олж байсан. Харин нэхэмжлэгч ******* ХХК-д тус газрыг ашиглах эрхийг ******* болон хариуцагч нарт олгож байгаагүй. ******* болон хариуцагч нар нь ******* болон ******* ХХК-ийн алинтай ч дээрх газрын эзэмших эрхийг худалдах талаар гэрээ, хэлцэл байгуулж байгаагүй бөгөөд газар эзэмших эрх шилжүүлэхтэй холбогдуулж 50,000,000 төгрөгийг бэлнээр болон дансаар нэхэмжлэгчээс авч байгаагүй.

2.3. Дансаар шилжүүлсэн 20,000,000 төгрөгийн хувьд тоног төхөөрөмжийн мотортой холбоотой мөнгө байсан болохоос газрын эзэмших эрхийг шилжүүлэхтэй холбогдуулан авсан мөнгө биш байна. Иймд нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр буюу хууль ёсоор дээрх газрыг эзэмшилдээ шилжүүлж аваагүй тул тэрээр Иргэний хуулийн 90 дугаар зүйлийн 90.1 дэх хэсэгт заасан шударга эзэмшигч биш бөгөөд дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигч *******гаас шаардаж буй нь Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт нийцэхгүй байна.

2.4. Нэхэмжлэгч нь 2014 онд шон, хадаас, төмөр тор, ажилчны хөлс зэрэгт нийт 48,812,500 төгрөг зарцуулж тус газрын эргэн тойрныг хамгаалан хашаа тор татсан бөгөөд харуул хөлслөн ажиллуулж, жил бүр засан янзалж, сэргээн засварладаг байсан гэх үндэслэлээр хашаа тор татсан зардлаа хариуцагч нараас нэхэмжилсэн байна. Гэтэл ******* нь 2017 оноос хойш тус газарт үр тариа тарьдаг байсан бөгөөд ийнхүү үр тариа тарих нөхцөлөө бүрдүүлж, өөрийн тарьсан үр тариагаа хамгаалахын тулд өөрөө сайн дураар хашаа, тор татаж, харуул хөлслөн ажиллуулдаг байсан. Иймд хашаа, тор татахад зарцуулсан 48,812,500 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй юм.

2.5. Нэхэмжлэгч нь ******* өөрийн эхнэрийн хамт тус компанийн үйл ажиллагаа явуулдаг байранд ирж 2017 онд 300 ширхэг, 2018 онд 250 ширхэг ногоон тэжээл зээлээр авсан гэж 5,500,000 төгрөгийг нэхэмжилсэн байгаа боловч *******, түүний эхнэр ******* нар нь өөрсдөө газар тариалан эрхэлдэг, өөрсдийн гэсэн газартай, бусдаас ногоон тэжээл зээлээр авах шаардлагагүй, найздаа тус болох зорилгоор өөрийнхөө газар дээр тариалалт хийлгэж байснаас хэн нэгнээс тэжээл зээлсэн асуудал байхгүй.

2.6. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл бүхэлдээ үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******, ******* нарт холбогдуулан ******* аймгийн ******* сумын ******* дугаар баг, *******, нарийн толгод ******* хаягт байрлах, нэгж талбарын ******* дугаар бүхий 100 га газрыг Үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалттай газрын эзэмшигчээр тогтоолгох, хариуцагч *******аас 5,500,000 төгрөг, хариуцагч *******гаас 48,812,500 төгрөг нийт 54,312,500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ, нэхэмжлэгчээс төлсөн төлбөр болох 50,000,000 төгрөгийн баримт, гэрчүүдийн мэдүүлэг, газрыг олон жил ашигласан бодит байдалтай холбоотой баримт, өв залгамжлалын эрх сэргэхээр шууд таны нэр дээр шилжүүлж өгнө гэсэн видео бичлэгт хийсэн үзлэг зэрэг нотлох баримтыг бүрэн үнэлээгүй, хэргийн үйл фактад буруу дүгнэлт хийж, шийдвэрээ гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн байна.

4.2. Нэхэмжлэгч ******* ХХК-аас хариуцагч *******ын нөхөр, хариуцагч *******гийн эцэг талийгаач *******тэй худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй байна гэж анхан шатны шүүх үзсэн. Худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулж болох бөгөөд талууд харилцан тохиролцож худалдан авах гэрээг байгуулсан. Газраа 50,000,000 төгрөгөөр худалдахаар аман хэлцэл байгуулж, төлбөрийг бүрэн хүлээн авсан, газар ашиглуулахыг өөрөө зөвшөөрсөн, газрын эзэмших эрхийг шилжүүлэхээ удаа дараа амлаж байсан. Иймд энэхүү хэлцэл нь Иргэний хуулийн 42, 243 дугаар зүйлд нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Гэтэл ******* нь худалдагчийн үүргээ биелүүлээгүй буюу газрын эзэмших эрхийг шилжүүлээгүй нас барсан тул өв залгамжлалаар түүний хүү болох *******д эрх нь шилжсэн. Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт заасны дагуу газар эзэмших эрхийг нэхэмжлэгчид өгөх нь зүйтэй юм. Гэтэл анхан шатны шүүх Албан ёсны гэрээ хийгдээгүй гэх үндэслэлээр худалдагчийн үүрэг биелүүлээгүй байдлыг үл харгалзан, нэхэмжлэгчийн эрхийг үгүйсгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

4.3. Хавтаст хэргийн 84-85 дугаар хуудсанд авагдсан *******ын гар утаснаас талийгаач *******ийн утсанд бичсэн цахим зурваст хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэлийг анхан шатны шүүх нотлох баримтад тооцохгүйгээр орхисныг анхааран үзнэ үү. Энэхүү зурвасыг *******ийг амьд сэрүүн үед 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр үнэн байдлаа илэрхийлж 50,000,000 төгрөгөө өгөөд олон жил боллоо газрынхаа нэрийг шилжүүлж авмаар байна гэж бичсэн ба уг зурвасыг хариу бичээгүй гэдэг үндэслэлээр нотлох баримтад тооцоогүй нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. 2021 оны 06 дугаар сарын 13-нд надтай холбоо бариач гэж, үүнээс өмнө 2020 оны 12 дугаар сарын 16-нд Сайн байна уу би Болдбаатар байна та нар одоо зээлээ төлж дууссан биз дээ хариу гэж мессеж бичсэн хариуд нь 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ******* тоот дугаараас ******* Сайн байна уу Батмөнх ирээд гэрчилгээг авч өгнө гэсэн. Удахгүй уучлаарай гэж хариу өгсөн.

4.4. Түүнчлэн, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу зөрчигдсөн эрхээ сэргээх зорилготойгоор аргагүйн эрхэнд өөртөө туслах зорилгоор *******ийг нас барсны дараа 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр эхнэр *******тай уулзаж ярилцаж газрын тухай, уг газар барьцаанд байгаагүйг мэдсэн тухай, барьцаанд байгаагүйг мэдсэн бол танд аль түрүүн шилжүүлэх байлаа гэсэн тодорхой ярилцлага хийсэн видео бичлэгийг хариуцагч ******* уг яриаг үгүйсгэж байгаа, түүний зөвшөөрөлгүй хийсэн бичлэг гэдэг үндэслэлээр нотлох баримтад тооцож үнэлээгүй нь хэрэгт авагдсан нотлох баримтыг бүх талаас нь бүрэн гүйцэд үнэлэх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.

4.5. ******* аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын тодорхойлолтоор ******* нь 2023 оноос уг маргаж буй газарт үр тариа тарьж эхэлсэн болохыг тодорхойлсон бичиг баримт хавтаст хэрэгт авагдсан. Нэхэмжлэгч тал 2014-2022 оныг дуустал хугацаанд уг газар дээр тариалалт хийж 100 га газрыг бүхэлд нь хамарсан модон шонтой, төмөр торон хашаа барьсныг нутгийн тариаланчид гэрчилдэг юм. Иймд 2023 оноос ******* шинэ эзэмшигч болж тариалалт хийсэн нь баримтаар тогтоогдож байх тул түүнтэй холбоотой хохирлыг хариуцагч *******гаас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

4.6. Талийгаач ******* ******* дахь манай тариан талбайгаас 2017 онд 300 ширхэг, 2018 онд 250 ширхэг ногоон тэжээлийг өөрийн машинаар хүмүүстэй ирж авсныг манай манаач ******* гэрчилдэг.

4.7. Нэхэмжлэгч ******* ХХК нь талийгаач *******ийг нас барснаас хойш 2 жилийн дараа буюу 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр ******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан боловч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, үүний дараа дахин нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаад 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг буцаасан. 2023 оноос эхлэн өнөөдрийг хүртэлх хугацаанд шүүхээр явж байгаа боловч маргаан эцэслэгдэн шийдвэрлэгдээгүй байна. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 90.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шаардах эрхтэй гэж үзэж байна.

4.8. Нэхэмжлэгч компаниас 2015 оны 04 дүгээр сарын 13-нд 10,000,000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 30-нд 10,000,000 төгрөг нийт 20,000,000 төгрөгийг талийгаач *******ийн нэрийн дансанд шилжүүлсэн хууль зүйн фактыг анхан шатны шүүх хэрэгт авагдсан бусад нөхцөл байдал үйл баримттай холбон авч үзээгүй. Хариуцагч ******* дансаар шилжүүлсэн 20,000,000 төгрөгийн хувьд тоног төхөөрөмжийн мотортой холбоотой мөнгө байсан гэх боловч ямар маркийн мотор, ямар тоног төхөөрөмж авсныг нотолж чаддаггүй.

4.9. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч *******ын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

5.1. ******* нь маргаан бүхий 100 га газарт 2016 оноос 2022 он хүртэл тариа тарьдаг байсан. Энэ нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог. ******* гуай манай газрыг түрээсэлдэг байсан. Нэхэмжлэгчийн ярьдаг мөнгө нь моторын үнэ гэх гүйлгээний утгаар дансанд орж ирсэн байдаг.

5.2. Нэхэмжлэгчийн манай хүүгээс нэхэмжилдэг 40,000,000 гаруй сая төгрөг, надаас нэхэмжилдэг ногоон тэжээлийн 5,500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь манай газар дээр нэхэмжлэгч тариалалт хийж байсан. Тариалалт хийдэг учраас ашиг олж байсан хэр нь яагаад энэ газрыг биднээс авах гээд байдаг нь ойлгомжгүй. Маргаан бүхий 100 га газрыг эвдсэн, хашаа хороог нь байхгүй болгосон гэж тайлбарладаг. Манай талбай хашаатай, хамгаалалтын тортой байдаг. Нэхэмжлэгч газар түрээслэх үедээ тордож янзалсан байх. Энэ нь түрээсэлж байгаа хүний хийх ажил, дотор нь тариа тарьж байгаа болохоор мал ороод идүүлэхгүйн тулд үүнийг хамгаалсан.

 

6. Хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

6.1. Анхан шатны шүүх нотлох баримтыг үнэн бодитоор үнэлж хууль ёсны үндэслэлтэй шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч нотлох баримтыг үнэлээгүй гэдэг нь үндэслэлгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу талууд тайлбар татгалзлаа нотлох үүрэгтэй.

Гэтэл анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн дурдаад байгаа газрын үнийг шилжүүлсэн гэх 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 30,000,000 төгрөгийг бэлнээр авч *******өд өгсөн гэдгийг өөрөө гараагаа бичсэн байдаг ч гүйлгээний утга дээр зээлийн эргэн төлөлт гэж бичсэн байдаг. Түүнчлэн, 2013 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 10,000,000 төгрөг гүйлгээний утга дээр моторын үнэ гэж бичсэн гүйлгээ, мөн 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн гүйлгээний утга дээр мотор, сэлбэгийн үнэ гэж тодорхой бичиж шилжүүлсэн байдаг. Гэтэл дээрх гүйлгээний утга дээр газартай холбоотой газрын төлбөр эсхүл 100 га газрын үнэ гэх утга агуулгаар шилжүүлсэн төлбөр байдаггүй. Худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой нотлох баримтаар дансны хуулга гаргаж өгдөг ч эдгээр дансны хуулгаар газрын төлбөр төлсөн гэдэг нь нотлогдохгүй. Тэгэхээр үүнийг баталсан бичгийн нотлох баримт хэрэгт авагдаагүй. Түүнчлэн, гэрчүүдийн мэдүүлгээр амаар тохиролцоо хийж маргаан бүхий 100 га газрыг *******өөс худалдаж авсан гэх зүйл яригддаггүй ба түрээсэлдэг байсан гэдгийг гэрчүүд мэдүүлдэг. Иймд шилжүүлгүүдийг газрын үнэ, төлбөр гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Энэ талаарх хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

6.2. Түүнчлэн, газарт хийсэн зардалд өмчлөх эрх үүсэхгүй. Нэхэмжлэгч тухайн газрыг түрээсэлсэн ба өөрөө ашиг хүртэж байсан учраас тухайн үед газрыг засаж тохижуулах нь нэхэмжлэгчийн үүрэг. Иргэний хуульд зааснаар өмчлөх эрх хуульд заасны дагуу үүснэ. Гэтэл бусдын газар байж байгаад засвар хийсэн, мөнгө шилжүүлсэн тул шударга эзэмшигч гэж тайлбарладаг нь хууль зүйн үндэслэлгүй.

6.3. Мөн маргаан бүхий газрыг түрээслэх хугацаандаа тухайн газар хийх засварын талаар хариуцагчтай ярилцаж зөвшөөрөл авсан зүйл ч байдаггүй. Өмчлөх эрх тогтоолгох шаардлагыг засан тохижуулсан, мөнгө шилжүүлсэн гэх баримтуудаар өмчлөх эрх үүсэх үндэслэл болохгүй.

6.4. Төлбөр нь бодитой хийгдсэн хэлцлийн үндсэн төлөгдсөн төлбөр гэдэг нь тогтоогдоогүй. Тухайн маргаан бүхий газрыг ямар эрх зүйн үндсэн дээр эзэмшиж байсныг тогтоолгоогүй хэр нь төлбөр төлсөн гэх баримт гаргаад шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Си ди бичлэг нь хууль бус хийгдсэн бичлэг. Тухайн бичлэгт үзлэг хийсэн. Хэрэв зөвшөөрөлтэй хийсэн бичлэг бол *******аа би газартай холбоотой бичлэг хийж баримтжуулж байгаа шүү гэх байдлаар хэлж хийсэн зүйл байдаггүй.

6.5. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан 100 га газрын хууль ёсны шударга эзэмшигчээр тогтоолгох, гэрээний үүрэг болон хохиролд 54,312,500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн, хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийн дагуу бүрдүүлэх нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг тодруулаагүй алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах, нөхөн гүйцээх боломжгүй байна.

 

4. Нэхэмжлэгч нь 100 га газрын хууль ёсны шударга эзэмшигчээр тогтоолгох шаардлага гаргасан байх ба уг шаардлагын үндэслэлээ талийгаач *******тэй худалдах, худалдан авах гэрээ хийсэн, худалдах, худалдан авах гэрээний дагуу газар эзэмших эрхийг шилжүүлж чадаагүй байхад ******* нас барсан, улмаар түүний хүү *******д газар эзэмших эрх өв залгамжлалаар шилжсэн тул *******гаас газар эзэмших эрхийг шилжүүлж өгөхийг шаардаж байгаа гэж тайлбарласан байна.

4.1. Нэхэмжлэгч нь хариуцагч *******гаас газар эзэмших эрхийг шилжүүлэхийг шаардсан шаардлагын үндэслэлээ өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээх өвлөгчийн хариуцлагатай холбоотой хуулийн зохицуулалтын хүрээнд тайлбарлаж байгаа тохиолдолд өвлүүлэгч нас барсантай холбоотой баримт, өвлөгдөх эд хөрөнгийг өв хүлээн авагч хүлээн авсантай холбоотой баримтуудыг хэрэгт нотлох баримтаар авах нь хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой байна.

4.2. Хэдийгээр энэ талаар хэргийн оролцогчид шүүхэд хүсэлт гаргаагүй ч шүүх чиглүүлэх үүргийн хүрээнд хэргийн үйл баримтыг бүрэн тогтоох үүднээс энэ талаар тодруулах шаардлагатай байжээ.

 

5. 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүхэд хандан талийгаач *******ийн бичсэн ... газрыг зээлээс чөлөөлсний дараа нэр дээр чинь шилжүүлэн өгнө ... гэх утга бүхий гар утасны мессежид үзлэг хийлгэх хүсэлт гаргасан байх ба анхан шатны шүүх уг хүсэлттэй холбогдуулан өмнөх нэхэмжлэлийг буцаасан иргэний хэргээс үзлэгийн тэмдэглэлийг бүхэлд нь гаргуулахаар болжээ.

5.1. Шүүгчийн захирамжийн дагуу ******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэл хэрэгт нотлох баримтаар авагдсан байх боловч уг үзлэгийн тэмдэглэлд 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн, 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн, 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн огноо бүхий мессежид үзлэг хийсэн агуулга тусгагдсан байх ба тэдгээр нь нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтэд дурдсан мессеж биш байна.

5.2. Дээрх нөхцөл байдал нь хэргийн оролцогчоос Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн журмаар бүрдүүлэхээр хүссэн нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн үндэслэлд хамаарна.

 

6. Нэхэмжлэгч нь хариуцагч *******д холбогдуулан хууль ёсны эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр барьсан хашааг нурааж, эвдэж сүйтгэсэн гэх үндэслэлээр хашаа барьсан материалын зардал 48,812,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

6.1. Анхан шатны шүүх хариуцагч *******гаас хохирол гаргуулах нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг тодруулалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул тухайн хэрэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан шүүгч дангаар хянан шийдвэрлэх маргаан мөн эсэх талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөх боломжгүй болжээ.

6.2. Нэхэмжлэгчийн гаргасан хариуцагч *******гаас хохиролд 48,812,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт үндэслэж байгаа бол тухайн маргааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт зааснаар 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэх бөгөөд мөн хуулийн 86 дугаар зүйлд заасан журмын дагуу иргэдийн төлөөлөгч оролцуулах хуулийн зохицуулалттай.

 

7. Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

8. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж буй тул давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримтад болон хууль хэрэглээний талаар дүгнэлт хийх боломжгүйг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 192/ШШ2025/09706 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 429,513 төгрөг, 530,000 төгрөг, нийт 959,513 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ

 

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

Б.УУГАНБАЯР