Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 897

 

 

 

 

 

 

 

 

 

2019         10          16                                   2019/ШЦТ/897       

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,

Улсын яллагч Э.Оюунтунгалаг,

Шүүгдэгч А.Д (өөрөө өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Дд холбогдох эрүүгийн 1909010720960 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

   Монгол Улсын иргэн, 1998 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, эрэгтэй, 21 настай, бүрэн дунд боловсролтой, мал эмнэл зүйч мэргэжлээр Хөдөө аж ахуйн их сургуулийн 4 дүгээр дамжаанд суралцдаг, ам бүл 3, эмэг эх, ах нарын хамт амьдардаг, Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг дэнж 3-р гудамж 18 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

            Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч А.Д нь 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 08-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тай Фи” караокед иргэн Б.Баттогтохын гээгдүүлсэн самсунг галакси нөүт-8 маркийн гар утсыг гээгдэл гэдгийг мэдсээр байж завшиж бусдад 967.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Д мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Эрүүгийн 1909010720960 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч А.Д мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би Сүхбаатар  дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Тай фи нэртэй караокед барменаар ажилладаг. 2019 оны 3 дугаар сарын 07-ны шөнийн 2-3 цагийн үед манай манайхаар 2 эрэгтэй, 2 эмэгтэй хүн орж ирж үйлчлүүлэх гэхэд сул өрөө байгаагүй. Тухайн хүмүүс сул өрөө гарахыг хүлээж байгаад сул өрөө гарахад 2 номерийн өрөөнд орсон. Өрөөнд ороод бараг юм захиалаагүй өрөөнд ороод унтчихсан. Өрөөний хаалга онгорхой байсан учраас харагдаж байсан. 3 цагийн үед намайг шагайхад 2 эрэгтэй нь унтаад үлдсэн байсан. Би орж дуудтал сэрэхгүй байсан. Тэгээд манай хаах цаг болоод нөгөө зөөгч ороод тэр хоёрыг сэрээтэл тэр хоёр залуу үүд рүү тооцоогоо хийхээр гарсан. Тооцоогоо хийх гэтэл утас нь байхгүй байна гээд маргааш ирж камер шүүлгэнэ гэж хэлээд төлбөрөө төлөхгүй гараад явсан. Хүн авсан зүйл байгаагүй. Манайх тус караокед хэсэг хугацааны дараа нэг удаа их цэвэрлэгээ хийдэг. Нөгөө бармен залуу ажлаасаа гарсан учир би ганцаараа цэвэрлэгээ хийсэн. Тэгээд цэвэрлэгээ хийх явцдаа буйдангийн суудлын завсар хэсгээс тэр хүний гар утас гарч ирсэн. Би тэр гар утсыг өөртөө хадгалсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5 дугаар хуудас/,

 

   Хохирогч Б.Цэрэнтогтох мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Тай Фи” нэртэй караокед өөрийн найз Баярмагнай, Сувдаа, Нямсүрэн нарын хамт 23 цаг өнгөрч байхад орсон. Тухайн газар ороход манай өрөөнүүд хүнтэй байна гэхээр нь тухайн газрын текэн дээр нь сууж үйлчлүүлж байгаад 01 цагийн үед сул өрөө гарахаар нь 02 номерийн өрөөнд орсон. Тухайн өрөөнд ороод унтсан байсан ба 04 цаг өнгөрч байхад тухайн газрын ажилтан орж ирээд “манайх хаах гэж байна” гээд бид хоёрыг сэрээгээд гаргасан. Текэн дээр очиж тооцоогоо хийх гээд өөрийн гар утсаа гаргаж ирэх гэхэд миний өмдний зүүн талын халаасанд байсан “Самсунг Галакси нөүт-8” загварын гар утас алга болсон байна. Тухайн газрын хяналтын камерийн бичлэгийг шүүж үзэхэд ямар нэгэн хүн авсан гэх бичлэг илрээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар  хуудас/,

  

   Гэрч Б.Уранбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Манай хүү Дөлгөөн 2019 оны 4 дүгээр сарын эхээр тухайн гар утсыг түр хэрэглэж бай гээд өгсөн. Би тухайн гар утсыг 6 дугаар сар хүртэл ашигласан. 5 дугаар сард намайг малдаа яваад ирэхэд нэг дугаар баахан залгасан байсан. Би тэр дугаар руу буцаагаад залгатал “цагдаагийн газраас ярьж байна, энэ утас хулгайд алдагдсан гар утас” гэж хэлсэн. Дараа нь Дөлгөөн рүү залгаад “танай ажил дээрээс алдагдсан утас аавд нь байна, авчирч өг” гэж хэлсэн. 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хотод ирж Дөлгөөн гар утсыг цагдаад хүлээлгэн өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,

  

   “Дамно” хөрөнгийн үнэлгээний тайланд “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь Samsung galaxy note 8 маркийн гар утас болно. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 967.000 /есөн зуун жаран долоон мянга/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /хх-ийн 25-27 дугаар хуудас/,

 

Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэлд “...Алтанзул овогтой Дөлгөөнөөс харагдах байдал бүрэн бүтэн тагныхаа ар талд Samsung гэсэн бичиглэлтэй хар өнгийн 358335080230681 гэсэн имэй дугаартай гар утсыг хураан авч тэмдэглэл үйлдэв...” гэжээ /хх-ийн 11 дүгээр хуудас/,

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд “...Харагдах байдал бүрэн бүтэн, ар талдаа самсунг гэсэн бичиглэлтэй хар өнгийн Самсунг Галакси Нөт 8 загварын имэй 358335080230681 дугаартай гар утас 1 ширхэгийг хүлээлгэн өгөв...” гэжээ /хх-ийн 12 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч А.Дий эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 40 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 41 дүгээр хуудас/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 42 дугаар хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 45 дугаар хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 59 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч А.Д нь 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 08-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тай Фи” караокед иргэн Б.Баттогтохын гээгдүүлсэн “Самсунг галакси нөүт-8” маркийн гар утсыг гээгдэл гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад 967.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Цэрэнтогтохын мэдүүлэг, гэрч Б.Уранбаатарын мэдүүлэг, “Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч А.Д нь бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж зохих байгууллагад мэдэгдэлгүйгээр авч, улмаар  өөрийн хамаарал бүхий этгээдэд гар утсыг тодорхой хугацааны туршид ашиглуулж завшсан болох нь нотлогдсон байх ба түүний уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлж, хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүх шүүгдэгч А.Дийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч Б.Цэрэнтогтох “...Гар утсаа буцаан авсан. Ямар нэгэн гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн хүсэлтээ /хх-ийн 59/ илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч А.Дийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.           

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо буцаан  төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд А.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч А.Д нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав. 

 

Дээрх гэмт хэрэг гарахад  нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар  мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

        ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч А.Дг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            4. Шүүгдэгч А.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай. 

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.ДУЛАМСҮРЭН