Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2026/00777

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч О.Одгэрэл, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 192/ШШ2026/01063 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******д холбогдох,

 

14,784,007.4 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Б.Ууганбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* нь *******ээс 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эх *******ы эзэмшлийн ******* банкин дахь ******* тоот дансаар дамжуулан 9 удаагийн гүйлгээгээр нийт 4,358.3 ам.доллар буюу 14,784,007.4 төгрөгийг зээлж авсан.

1.2. ******* нь зээлээ 2021 оны 01 дүгээр сард төлөхөөр бичиг хийж өгсөн хэдий ч өнөөдрийг хүртэл огт төлөөгүй байна. *******ийн ******* дугаараар холбогдон 2023 оны 10 дугаар сард уулзахаар тохирсон боловч уулзалтад ирээгүй. Мөн эвлэрүүлэн зуучлалд хандсаны дагуу уулзалтад ирсэн хэдий ч өмгөөлөгчөөс зөвлөгөө авч эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцоно гээд дахин ирээгүй.

1.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргах өдрийн Монгол банкнаас зарласан ханшаар 1 ам.доллар нь 3,392.15 төгрөгтэй тэнцүү байх тул *******өөс 4,358.3 ам.доллар буюу үндсэн зээлийн төлбөрт 12,421,155 төгрөг, хохиролд 2,362,852.4 төгрөг, нийт 14,784,007.4 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. *******, *******тэй 2020 оны зун танилцаж үерхэж байсан бөгөөд бид цаашид гэр бүл болно гэж зорьж байсан ч таарч тохирохоо болиод аргагүйн эрхэнд салсан.

2.2. Тухайн үед *******ийн амьдарч байсан орон сууц нь банкны зээлд хураагдах гээд байна, засвар хийчихвэл зараад өрөө төлмөөр байна, засвар хийж өгөөч гэхэд нь би зөвшөөрч байрных нь засварыг 8,000,000 төгрөгөөр хийж өгч засварын ажлын хөлсийг эх *******ы дансаар 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 5,000,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 3,000,000 төгрөг тус тус шилжүүлж авсан.

2.3. ******* нь *******ээс 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 2,000,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 1,000,000 төгрөгийг тус тус зээлсэн бөгөөд энэ зээлээ мөн эхийнхээ дансаар авсан. *******ээс нэг ч ам.доллар авч байгаагүй. Иймд *******ийн нэхэмжлэлийн шаардлагаас 11,784,007.4 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан *******өөс 10,400,000 төгрөгийг гаргуулан *******т олгож, нэхэмжлэлээс 4,384,007.4 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* надтай хайр сэтгэлийн холбоотойгоор барахгүй үерхэж байсан ба бид цаашдын амьдралаа зохиож дундаасаа үр хүүхэдтэй болж сайхан амьдрал зохионо гэж нэг гэрт 2-3 cap амьдарсан. Нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн орон сууцыг зарахын тулд надаар засвар хийлгэсэн. Засварын ажлын хөлсөнд 8,000,000 төгрөг өгөх байснаас 7,000,000 төгрөгийг миний төрсөн эх *******ы дансаар 2020 оны 11 дүгээр сарын 13-нд 2,000,000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 13-нд 2,000,000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 13-нд 1,000,000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 17-нд 2,000,000 төгрөг шилжүүлсэн.

4.2. Би дараа нь 2020 оны 12 дугаар сарын 14-нд 2,000,000 төгрөг, мөн өдөр 1,000,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөг л зээлсэн ба бусад нь ажлын хөлс юм. Нэхэмжлэгчээс нийт 6 удаагийн гүйлгээгээр 10,000,000 төгрөг орж ирснээс 7,000,000 төгрөг нь ажлын хөлс байсан, нэхэмжлэгч 1,000,000 төгрөгийн ажлын хөлсөө дутуу өгсөн.

4.3. Гэтэл нэхэмжлэгч 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш эх *******ы эзэмшлийн ******* банкны ******* тоот дансаар, 9 удаагийн үйлдлээр 4,358,3 ам.доллар шилжүүлсэн гэж, тухайн ам.долларыг тухайн үеийн ханшаар бодож 14,784,007 төгрөг нэхэмжилсэн байсан. Нэхэмжлэлийн шаардлагаа буруу тодорхойлоод байхад анхан шатны шүүх хүлээн авч шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.4. Би эх *******ы дансаар 10,000,000 төгрөг авснаас 3,000,000 төгрөг нь зээл байсан гэдэг нь дансны гүйлгээний утгаар нотлогдож байгаа ба үлдэх 7,000,000 төгрөг нь ажлын хөлс гэсэн гүйлгээний утгатай байхад анхан шатны шүүх зээлийн гэрээний үүрэг гэж үзэн 10,000,000 төгрөгийг хүү 400,000 төгрөгийн хамт төлүүлэхээр шийдвэрлэсэн нь учир дутагдалтай, үндэслэл муутай шийдвэрлэсэн гэж үзэж байна.

4.5. Хэрэгт нотлох баримт болгон зээлийн гэрээ гэх утга бүхий хэлцлийг нэхэмжлэгч гаргаж өгсөн байх ба тухайн зээлийн гэрээнээс харахад 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр үйлдэгдсэн байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэж заасан байна. Мөн гэрээний хугацаа тодорхойгүй байхад хүүг яаж тооцоод байгаа нь учир дутагдалтай байна.

4.6. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тойргийн шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсье. Хэргийн 5 дахь талд нотлох баримтаар авагдсан 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 5,000,000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 2,000,000 төгрөг, нийт 7,400,000 төгрөгийг буцаан төлөх агуулга бүхий бичигт ******* гарын үсэг зурж баталгаажуулсан. Тус баримт нь *******ийн шилжүүлсэн гүйлгээний огноотой таарч байгаа.

5.2. Тухайн баримтад зурагдсан гарын үсэг минийх биш гэж хариуцагч маргасан бөгөөд үүний дагуу Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт гарсан. Тус дүгнэлтээс харвал, баримтад зурагдсан гарын үсэг *******ийнх мөн болох нь тогтоогдсон.

5.3. Бид Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхээ хэрэгжүүлсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 7,400,000 төгрөгийг буцаан төлсөн эсэхээ хариуцагч нотлоогүй. Миний бие 2023 оны 10 дугаар сард *******тэй уулзахад, 3,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, буцаан төлөхөө илэрхийлсэн.

5.4. Хариуцагч тал хөөн хэлэлцэх хугацааны асуудлаар маргасан. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдсэнтэй холбоотой баримт хэрэгт авагдсан. 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийлгэх хүсэлт гаргаснаар Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан. Хэргийн 5 дахь талд авагдсан баримтад, 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр буцаан төлнө гэж бичигдсэн. Бид тус хугацаанаас эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолсон.

5.5. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан үндсэн зээлийн төлбөрт 12,421,155 төгрөг, хохиролд 2,362,852.4 төгрөг, нийт 14,784,007.4 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь 3,000,000 төгрөгийн хэмжээнд зөвшөөрч, үлдэх хэсэгт нь маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж чадаагүйгээс анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

4. Хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:

4.1. *******ийн эзэмшлийн ******* банкан дахь ******* дугаартай ам.долларын данснаас *******ы эзэмшлийн ******* банкан дахь ******* дугаартай дансанд 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 52.72 ам.доллар ******* гэсэн гүйлгээний утгатайгаар шилжсэн;

4.2. *******ийн эзэмшлийн ******* банкан дахь ******* дугаартай ам.долларын данснаас *******ы эзэмшлийн ******* банкан дахь ******* дугаартай төгрөгийн дансанд 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 702.99 ам.доллар 3 сарын хөлс гэсэн гүйлгээний утгатай шилжсэн нь 2,000,000 төгрөгт хөрвөсөн;

4.3. *******ийн эзэмшлийн ******* банкан дахь ******* дугаартай ам.долларын данснаас *******ы эзэмшлийн ******* банкан дахь ******* дугаартай төгрөгийн дансанд 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 702.99 ам.доллар 3 сарын хөлс гэсэн гүйлгээний утгатай шилжсэн нь 2,000,000 төгрөгт хөрвөсөн;

4.4. *******ийн эзэмшлийн ******* банкан дахь ******* дугаартай ам.долларын данснаас *******ы эзэмшлийн ******* банкан дахь ******* дугаартай төгрөгийн дансанд 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 351.49 ам.доллар биеэ үнэлэлтийн хөлс гэсэн гүйлгээний утгатай шилжсэн нь 1,000,000 төгрөгт хөрвөсөн;

4.5. *******ийн эзэмшлийн ******* банкан дахь ******* дугаартай ам.долларын данснаас *******ы эзэмшлийн ******* банкан дахь ******* дугаартай төгрөгийн дансанд 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 702.99 ам.доллар зээл гэсэн гүйлгээний утгатай шилжсэн нь 2,000,000 төгрөгт хөрвөсөн;

4.6. *******ийн эзэмшлийн ******* банкан дахь ******* дугаартай ам.долларын данснаас *******ы эзэмшлийн ******* банкан дахь ******* дугаартай төгрөгийн дансанд 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 702.99 ам.доллар зээл гэсэн гүйлгээний утгатай шилжсэн нь 2,000,000 төгрөгт хөрвөсөн;

4.7. *******ийн эзэмшлийн ******* банкан дахь ******* дугаартай ам.долларын данснаас *******ы эзэмшлийн ******* банкан дахь ******* дугаартай төгрөгийн дансанд 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 351.49 ам.доллар зээл гэсэн гүйлгээний утгатай шилжсэн нь 1,000,000 төгрөгт хөрвөсөн;

 

5. Нэхэмжлэгч нь хариуцагчид *******ы эзэмшлийн ******* банкан дахь ******* дугаартай дансаар дамжуулан нийт 9 удаагийн гүйлгээгээр мөнгө шилжүүлсэн гэх боловч хэрэгт нотлох баримтаар авагдсан *******ийн эзэмшлийн ******* банкан дахь ******* дугаартай ам.долларын дансны хуулгаар *******ы эзэмшлийн ******* банкан дахь ******* дугаартай дансанд нийт 7 удаагийн гүйлгээгээр 10,000,000 төгрөг болон 52.72 ам.доллар шилжсэн үйл баримт тогтоогдож байх ба нэхэмжлэгч дансны хуулгадаа тодруулан тэмдэглэсэн үлдэх 2 гүйлгээ буюу 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 702.99 ам.долларын гүйлгээ нь ******* дугаартай дансанд Martas гэсэн гүйлгээний утгатай, 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 87.69 ам.долларын гүйлгээ нь ******* дугаартай дансанд ******* гэсэн гүйлгээний утгатай шилжсэн байна.

 

6. Нэхэмжлэгч нь хариуцагчид *******ы эзэмшлийн ******* банкан дахь ******* дугаартай төгрөгийн дансаар дамжуулан нийт 10,000,000 төгрөг болон 52.72 ам.доллар шилжүүлснээс 5,000,000 төгрөгийн гүйлгээ буюу 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 702.99 ам.доллар буюу 2,000,000 төгрөгийн гүйлгээ, 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 702.99 ам.доллар буюу 2,000,000 төгрөгийн гүйлгээ, мөн өдрийн 351.49 ам.доллар буюу 1,000,000 төгрөгийн гүйлгээ нь тус тус зээл гэсэн гүйлгээний утгатай байна.

 

7. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

7.1. Нэхэмжлэгч нь хариуцагчид *******ы эзэмшлийн ******* банкны ******* тоот дансаар дамжуулан 9 удаагийн гүйлгээгээр нийт 4,358.3 ам.доллар зээлдүүлсэн гэх боловч хэргийн баримтаар нийт 7 удаагийн гүйлгээгээр 10,000,000 төгрөг болон 52.72 ам.доллар шилжсэн үйл баримт тогтоогдсон, үүнээс 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 702.99 ам.доллар буюу 2,000,000 төгрөгийн гүйлгээ, 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 702.99 ам.доллар буюу 2,000,000 төгрөгийн гүйлгээ, мөн өдрийн 351.49 ам.доллар буюу 1,000,000 төгрөгийн гүйлгээ, нийт 5,000,000 төгрөгийн гүйлгээ нь зээл гэсэн утгатай шилжсэн байх тул зохигчдын хооронд 5,000,000 төгрөгийн хэмжээнд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

7.2. Нэхэмжлэгчээс хариуцагчид *******ы эзэмшлийн ******* банкан дахь ******* дугаартай төгрөгийн дансаар дамжуулан шилжүүлсэн 10,000,000 төгрөгийн 5,000,000 төгрөг нь буюу 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шилжүүлсэн 702.99 ам.доллар 3 сарын хөлс гэсэн гүйлгээний утгатай, мөн өдөр шилжүүлсэн 702.99 ам.доллар 3 сарын хөлс гэсэн гүйлгээний утгатай, мөн өдөр шилжүүлсэн 351.49 ам.доллар биеэ үнэлэлтийн хөлс гэсэн гүйлгээний утгатай тус тус шилжсэн байх тул дээрх мөнгөн шилжүүлэгтэй холбоотойгоор талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхгүй.

Хэдийгээр талуудын хооронд хожим үйлдэгдсэн гараар бичсэн баримтад дээрх мөнгөн дүнг хүүгүй зээлдүүлсэн гэж тусгасан байх боловч тухайн мөнгөн дүн шилжсэн гүйлгээний баримтад мөнгөний зориулалт өөр байдлаар буюу ажлын хөлс гэсэн агуулгаар тусгагдсан байх тул хожим үйлдсэн баримтад үндэслэн талуудын хооронд 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шилжүүлсэн мөнгөн хөрөнгөтэй холбоотой зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхгүй, энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

 

8. Талуудын хооронд хожим үйлдэгдсэн гараар бичсэн баримтад 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр шилжүүлсэн 702.99 ам.доллар буюу 2,000,000 төгрөгийн зээлд 400,000 төгрөгийн хүү тооцон буцаан төлөхөө хариуцагч илэрхийлсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдож байх тул шилжүүлж авсан 5,000,000 төгрөгийн үндсэн зээл дээр 400,000 төгрөгийн хүүгийн төлбөрийг нэмж хариуцагчаас 5,400,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулна.

 

9. Нэхэмжлэгч нь хариуцагчид ам.доллар шилжүүлсэн бөгөөд хариуцагч зээлийг буцаан төлөөгүйн улмаас ханшийн зөрүүний өөрчлөлтөөс шалтгаалан хохирол учирсан гэх үндэслэлээр 2,362,852.4 төгрөгийн хохирол гаргуулах шаардлагыг гаргасан.

9.1. Хэдийгээр нэхэмжлэгч нь хариуцагчид зээлдүүлсэн мөнгөн хөрөнгийг өөрийн эзэмшлийн ам.долларын данснаас шилжүүлсэн боловч зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авч байгаа данс нь төгрөгийн данс байсан, хариуцагч зээлийн мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчээс төгрөгөөр хүлээн авсан бөгөөд нэхэмжлэгчээс ам.доллар зээлж авах хүсэл зоригтой байсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгчид ам.долларын ханшийн зөрүүний улмаас хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй байна.

9.2. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ам.долларын ханшийн зөрүүтэй холбоотой хохирол шаардсан шаардлагын талаар дүгнэлт хийгээгүй, шийдвэрийн тогтоох хэсэгт уг шаардлагатай холбоотой баримталвал зохих хуулийн заалтыг баримтлаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс дээрх байдлаар залруулан дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийг баримталсан хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

 

10. Хариуцагч нь давж заалдах гомдолдоо Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбогдолтой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлийг дурдсан байна.

10.1. Гэсэн хэдий ч анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны талаар тайлбар гаргаж мэтгэлцээгүй, шүүхэд гаргасан хариу тайлбартаа 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр шилжүүлж авсан 2,000,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлэн авсан 1,000,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрсөн байна.

10.2. Түүнчлэн, 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлж авсан 702.99 ам.доллар буюу 2,000,000 төгрөгийн зээлийн хувьд буцааж төлөх хугацаа тогтоогоогүй тул Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх үүргийг хүлээх бөгөөд нэхэмжлэгч нь уг зээлийн мөнгөн хөрөнгийг 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр эвлэрүүлэн зуучлалд хандах замаар буцаан шаардсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн №00003 дугаартай тэмдэглэлээр тогтоогдож байна.

Уг хугацаанаас Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааг тоолоход 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлсэн 702.99 ам.доллар буюу 2,000,000 төгрөгийн зээлийн мөнгөн хөрөнгийг буцаан шаардах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

10.3. Иймд хариуцагчийн гаргасан Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбогдолтой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 192/ШШ2026/01063 дугаар шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******өөс 5,400,000 төгрөгийг гаргуулан *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 9,384,007.4 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтын ... 181,350 төгрөгийг ... гэснийг ... 101,350 төгрөгийг ... гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 133,350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧИД О.ОДГЭРЭЛ

 

 

Б.УУГАНБАЯР