Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2026/01032

 

 

 

******** нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 192/ШШ2025/10809 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******** нэхэмжлэлтэй

Хариуцагч: ********-д холбогдох,

74,450,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******** нь 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр гэрээгээр 1 м.кв-ын үнэ 5,150,000 төгрөг, 96.8 м.кв 4 өрөө, 498,500,000 төгрөгийн үнэтэй орон сууцыг 2022 оны 3 дугаар улиралд багтаан барьж дуусган, Улсын комисст хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн боловч энэ үүргээ зөрчиж, орон сууцны барилгыг 2023 оны 06 дугаар сард Улсын комисст хүлээлгэн өгсөн.

Хариуцагч нь 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдөр гэрээ дүгнэсэн акт үйлдсэн ба нийт 162 хоногоор хугацааг хэтрүүлсний алдангийг гэрээнд заасан хувь хэмжээгээр тооцоход 20,169,000 төгрөг болсон.

1.2. Улсын бүртгэлийн гэрчилгээ 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гарахад манай орон сууцны м.кв 96.8 биш 91.6 гэж бичигдэж гарсан. Түүнчлэн бид ******* хэмжилт хийлгэхэд, Монгол улсын MNS ******* стандартын дагуу нийт ашиглалтын талбай 86.26 м.кв байгаа болох нь тогтоогдсон. Дээрх хэмжилтээр хариуцагч нь гэрээнд зааснаас 10.54 м.кв дутуу талбай бүхий орон сууцыг хүлээлгэн өгч нийт 54,281,000 төгрөгийг илүү авсан болох нь тогтоогдсон.

Иймд орон сууцыг ашиглалтад оруулан хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлсний алданги 20,169,000 төгрөг, талбайн зөрүүд илүү төлсөн 54,281,000 төгрөг, нийт 74,450,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Тухайн барилгыг ашиглалтад хугацаандаа оруулахаар бүхий л нөөц боломжоороо ажиллаж байсан хэдий ч биднээс үл шалтгаалах буюу дэлхий нийтийг хамарсан цар тахал болох ковидын үеийн нөхцөл байдлаас шалтгаалан хугацаа хэтэрсэн.

Энэ талаар талуудын хооронд байгуулсан гэрээний 7.1-т заасан ба гэрээний хугацааг үндэслэлгүйгээр хэтрүүлсэн гэж үзэхгүй.

2.2. Гэрээний 1.2.5-д нийт талбайн хэмжээ 96.8 м.кв, 1.2.6-д цэвэр талбайн хэмжээ 91.6 м.кв гэж заасан бөгөөд гэрээний 1.4-т заасны дагуу орон сууцны талбайг цэвэр талбайн хэмжээгээр тооцож гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлдэг тул нийт талбай 91.6 м.кв-аар улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан.

********-ийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн ******** хотхоны 101-р байрны 401 тоот орон сууцанд хийсэн хэмжилтийн дүгнэлтийн 8 дахь зургийг ******* гэж итгэлцүүр 0.5 хэрэглэн 9.31 м.кв-ийг 4.65 м.кв гэжээ. Гэтэл энэ талбай нь Лоож биш Верандын хэсэг юм. Учир нь ******** орон сууцны барилгын зураг төсөл, ажлын зургаар верандтай баригдахаар заагдсан болох нь гэрээний хавсралтаар нотлогдох тул ийнхүү 0.5 хувиар тооцож хэмжилт хийсэн нь үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6. дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ********-иас 44,929,892 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ********ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 29,520,107 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 530,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ********-иас улсын тэмдэгтийн хураамжид 382,599 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхээс талуудын эрх зүйн харилцааг тодорхойлохдоо Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсгийг иш татаж гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй талаар тайлбарласан атлаа гэрээний 1.2.5 болон гэрээний хавсралт план зураг дахь нийт талбай гэх хэсгийг авч, гэрээний 1.2.6-д "цэвэр талбайн хэмжээ нь 91.6 м.кв", 1.3-т "цэвэр талбайн хэмжээ нь MNS-******* стандартын аргачлалын дагуу тодорхойлогдсон хэмжээ болно", мөн гэрээний 1.4-т "гэрээний 1.2-ын 6-д заасан хэмжээнээс 1.8%-иар их, эсхүл бага байж болох бөгөөд үүнийг талууд "хүлцэх алдаа" гэж хүлээн зөвшөөрч аливаа хэлбэрээр маргахгүй." гэж заасан хэсгийг үндэслээгүй нь талуудын тохиролцоог бүрэн тодорхойлж чадаагүй, хэт нэг талын барьсан алдаа болсон.

Гэрээнд хүлээлгэн өгөх гэж байгаа орон сууцны хэмжээ нь MNS-6058.2009 стандартын дагуу 91.6 м.кв, харин нийт талбай нь 96.8 м.кв болох талаар тохиролцож, энэхүү цэвэр талбай болох 91.6 м.кв талбайгаас 1.8 хувиар их бага зөрүүтэй байж болохыг талууд зөвшөөрөх талаар тохиролцож, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасны дагуу агуулгаа чөлөөтэйгөөр тодорхойлсон байхад хариуцагчийг орон сууцны талбайн хэмжээний талаар үнэн зөв мэдээлэл өгөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Гэрээний 1.2.6, 1.3, 1.4-д заасны дагуу орон сууцны талбайн хэмжээг MNS-******* стандартын дагуу 91.6 м.кв гэж тохиролцсон, мөн тухайн гэрээ нь бүхэлдээ хүчин төгөлдөр талаар маргаагүй байхад шүүхээс талуудын тохиролцооноос давж, гэрээний заалтыг MNS-******* стандартын дагуу 96.8 м.кв талбайтай орон сууц худалдахаар тохиролцсон гэсэн нь Шүүхийн тухай хуулийн 4.1.3, 4.1.4, 7.1, 8.2 дахь заалтуудыг зөрчсөн.

Гэрээний 1.4 дэх заалтад 96.8 м.кв-аас их бага зөрүү гарч болох талаар заагаагүй, гэрээний цэвэр талбай 91.6 м.кв-аас их бага зөрүү гарч болох талаар тохиролцсон тул 91.6 м.кв-ын 1.8 хувь нь 1.64 м.кв бөгөөд шинжээчээс ирүүлсэн хэмжилтийн дүн 90.95 м.кв нь хүлцэх алдааны дотор байхад хариуцагч компанийг доголдолтой эд хөрөнгө хүлээлгэн өгсөн гэж төлбөр гаргуулахаар шийдвэрлэж, үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

4.2. Анхан шатны шүүхээс 2021 оны 09 дүгээр сар гэхэд ковидын нөхцөл байдал арилсан байсан, ковид гараад 1 жил 10 сар болсон байсан тул ковидоос шалтгаалж бараа материал хугацаандаа ирээгүй гэдэг нь үндэслэлгүй.

МҮХҮАТ нь МҮХҮАТ-ын дүрмийн 2.2.10, 2.3.13-д заасны дагуу "Хүнд хэцүү нөхцөл /hardship/ болон давагдашгүй хүчин зүйлийг /force major/ баталж гэрчилгээ олгох үүрэгтэй" байгууллага болохын хувьд чиг үүргийнхээ хүрээнд олгосон гэрчилгээг үндэслэх боломжгүй гэсэн нь шударга ёсны зарчимд нийцэхгүй.

МҮХҮАТ-ын 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 02/237 дугаар гэрчилгээгээр Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч компанийг буруутгах үндэслэл байхгүй байхад алданги гаргуулахаар шийдвэрлэсэн.

Мөн шүүх нь нэхэмжлэлээс давсан дүнгээр, хариуцагчаас төлбөр гаргуулахаар шийдвэрлэж ноцтой алдаа гаргасан. Тодруулбал, нэхэмжлэгч нь хариуцагчийг 162 хоногийн хугацаа хэтрүүлсэн гэсэн байхад шүүх санаачилгаараа дур мэдэн хариуцагчийг 191 хоног хугацаа хэтрүүлсэн, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн нь нэг хоногийн 6,230,000 төгрөг гэж мөн санаачилгаараа тогтоож, нийт 23,505,892 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Гэрээнд заасан талбайн хэмжээг шүүх агуулгаар нь зөв тогтоосон. Гэрээ байгуулах үед ковидын нөхцөл байдал арилсан байсан, Орос-Украйны дайны хувьд гэрээг биелүүлэхэд нөлөөлсөн гэх баримт хэрэгт авагдаагүй, энэ нь зөвхөн МҮХҮАТ-ын гэрчилгээгээр тогтоогдохгүй. Алдангийн хэмжээг давж заалдах шатны шүүх шийдвэрлэх боломжтой. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******** нь хариуцагч ********-д холбогдуулан алданги 20,169,000 төгрөг, талбайн зөрүүд илүү төлсөн 54,281,000 төгрөг, нийт 74,450,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

 

2.1. Анхан шатны шүүх гэрээний стандарт нөхцөлд холбогдох хуулийг тайлбарлаагүй, алдангийн хэмжээг нэхэмжлэлээс хальж шийдвэрлэсэн, орон сууцны талбайн хэмжээний хүлцэх алдааг буруу тооцсон зэрэг алдаа гаргасан байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэх боломжтой байна.

 

3. 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан гэрээгээр ******** нь Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, ******* хотхоны орон сууцны барилгын 101 дүгээр байрны 401 тоотод байрлах, нийт талбайн хэмжээ 96.8 м.кв, цэвэр талбайн хэмжээ 91,6 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг барьж гүйцэтгэн 2022 оны 3 дугаар улиралд багтаан хүлээлгэн өгөх, ******** нийт 498,500,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ.

Уг гэрээний харилцааг анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаанд хамааруулж, гэрээ хүчин төгөлдөр гэж үндэслэл бүхий дүгнэсэн.

 

3.1. Гэрээний үнийг нэхэмжлэгч нь хариуцагчид төлж барагдуулсан, хариуцагч нь орон сууцыг 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээлгэн өгөхөөр тохиролцсон боловч 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдөр актаар хүлээлгэн өгсөн, уг орон сууцны талбайн хэмжээг шинжээч ******* нь MNS******* стандартыг баримтлан 90.95 м.кв болохыг дүгнэлтдээ тусгасан.

Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд зөв тогтоожээ.

 

3.2. Талуудын маргааны хүрээнд анхан шатны шүүхээс гэрээгээр тохиролцсон орон сууцны талбайн хэмжээг 96.8 м.кв гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Учир нь зохигчийн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан гэрээний агуулга, хариуцагч хуулийн этгээдийн үйл ажиллагааны чиглэл, орон сууцны цогцолбор хотхон барьж ашиглалтад оруулж буй нөхцөл байдлаас үзвэл хариуцагч нь барилгын салбарт мэргэшсэн аж ахуй эрхлэгч болох нь тогтоогдож байна.

Иймд хариуцагчийн зүгээс урьдчилан боловсруулж, нэхэмжлэгчид санал болгон байгуулсан уг гэрээ нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасан стандарт нөхцөл бүхий гэрээнд хамаарна.

Гэрээний 1.2-т орон сууцны нийт талбайн хэмжээг 96.8 м.кв, цэвэр талбайн хэмжээг 91.6 м.кв гэж, 1.4-т хүлцэх алдааг цэвэр талбайн хэмжээнээс тооцохоор зохицуулсан байх бөгөөд орон сууцны талбайн хэмжээг ийнхүү ялгаатай байдлаар тусгасан нөхцөлийн агуулга, тэдгээрийн хоорондын ялгаа, үндэслэлийг гэрээнд тодорхой тусгаагүй байна.

Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлана гэж заасан.

Иймд хариуцагч нь стандарт нөхцөл бүхий гэрээ байгуулахдаа орон сууцны талбайн хэмжээг зөрүүтэй байдлаар тусгаж, ийнхүү тусгах болсон үндэслэлээ гэрээнд тодорхой заагаагүй тул дээрх хуулийн зохицуулалтын дагуу гэрээний нөхцөлийг стандарт нөхцөл хүлээн авагч тал болох нэхэмжлэгчид ашигтайгаар тайлбарлаж, гэрээгээр тохиролцсон орон сууцны талбайн хэмжээг 96.8 м.кв гэж тооцно.

Анхан шатны шүүх гэрээг тайлбарлахдаа стандарт нөхцөл бүхий гэрээний онцлог, түүнд хамаарах хуулийн зохицуулалтыг дүгнээгүй орхигдуулсныг дээрх байдлаар залруулав.

 

3.3. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдагч нь биет байдлын доголдолгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ, 254 дүгээр зүйлийн 254.3, 254.4 дэх хэсэгт худалдагч нь гэрээнд заасан тоо, хэмжээнээс дутуу эд хөрөнгө илгээснийг худалдан авагч хүлээн авсан бол худалдагч нь гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлнө гэж заасан.

Хэрэгт авагдсан баримт болон гэрээний нөхцөлөөр хариуцагч нь нэхэмжлэгчид 96.8 м.кв талбай бүхий орон сууц хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн боловч бодит байдалд 90.95 м.кв талбай бүхий орон сууц хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдсон буюу гэрээгээр тохиролцсон хэмжээнээс 5.85 м.кв талбайг дутуу шилжүүлжээ.

Үүнээс гэрээний 1.4-т заасан 1.8 хувийн хүлцэх алдаа буюу 1.74 м.кв талбайг хасаж тооцоход дутуу хүлээлгэн өгсөн талбайн хэмжээ 4.11 м.кв болов.

Иймд хариуцагчаас талбайн зөрүүд нэхэмжлэгчээс илүү төлсөн 21,165,649 төгрөг /4.11*5,149,793/-ийг гаргуулах нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцэж байна.

Анхан шатны шүүх хүлцэх алдааны хувь хэмжээг буруу тооцсоны улмаас тооцооллын алдаа гаргасныг ийнхүү залруулан дүгнэв.

 

3.4. Мөн шүүхээс нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заасан хугацаанд эд хөрөнгийн доголдлын талаарх шаардлагыг гаргасан гэж зөв дүгнэсэн. Үүнд хариуцагч гомдол гаргаагүй болохыг дурдвал зохино.

 

4. Анхан шатны шүүх хариуцагч гэрээнд заасан хугацааг хэтрүүлж орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэж өгсөн тул гэрээний 6.2-т заасан хувь хэмжээгээр алданги төлөх үүрэг үүссэн гэж зөв дүгнэсэн байна.

Хэрэгт авагдсан баримтаар гэрээний 7.1-д заасан давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж хариуцагч нь хугацаанд нь орон сууцыг ашиглалтад оруулж чадаагүй гэж тооцох үндэслэл тогтоогдсонгүй.

Учир нь зохигч нь ковид цар тахал гарсны дараа гэрээ байгуулсан тул үүний нөлөөлөл, эрсдэлийг орон сууц хүлээлгэн өгөх хугацааг тогтооход харгалзан үзэх боломжтой байжээ. Шүүхээс ковид цар тахал гарсан болон үргэлжилсэн хугацааны талаар дүгнэлт өгөхдөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан нийтэд илэрхий үйл баримтын талаарх зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Түүнчлэн Монголын үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимаас Орос-Украины дайны нөхцөл байдалтай холбогдуулан хариуцагчид гэнэтийн буюу давагдашгүй хүчний нөхцөл үүссэн талаар гэрчилгээ олгосон байх боловч энэ нь дангаараа дээрх нөхцөл байдлыг нотлохгүй.

Хариуцагч нь дайны нөхцөл байдал нь энэ гэрээний үүргийг хугацаандаа биелүүлэх боломжгүй болгосон, эсхүл үүргийн гүйцэтгэлд бодитойгоор хэрхэн нөлөөлсөн талаарх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд гаргаж өгөөгүй.

Өөрөөр хэлбэл, гэнэтийн буюу давагдашгүй хүчний нөхцөл байдал бий болсон гэх ерөнхий нөхцөл байдлыг бус, харин үүнээс шалтгаалж тухайн үүргийн гүйцэтгэл тасалдсан шалтгаант холбоо, бодит нөлөөллийг нотлох үүргийг хариуцагч хүлээнэ.

 

4.1. Шүүхээс нэхэмжлэгч алдангийг шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн боловч алдангийн хэмжээг нэхэмжлэлийн шаардлагаас хэтрүүлж тооцсон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчмыг зөрчсөн.

Иймээс гэрээний нөхцөл, үүргийн зөрчлийн үргэлжилсэн хугацаа, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хариуцагчаас алдангид 20,169,000 төгрөг, нийт дүгнэлтийн хэмжээнд 41,334,649 төгрөг гаргуулж, холбогдох тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт оруулна.

 

5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 192/ШШ2025/10809 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6. дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ********-иас 41,334,649 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ********ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 33,115,351 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтад 382,599 гэснийг 364,623 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 382,600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Т.БАДРАХ