Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 904

 

 

 

 

 

 

 

 

 

2019         10          21                                   2019/ШЦТ/904       

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа,

Улсын яллагч  Я.Мөнхзаяа,

Шүүгдэгч Н.А (өөрөө өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Ад холбогдох эрүүгийн 1909029661028 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, энэ  өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

            Монгол Улсын иргэн, 1997 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Увс аймагт төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Этүгэн” их сургуулийн эмчилгээний 6 дугаар курсын оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Зээлийн 1 дүгээр гудамжны 14 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

            Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Н.А нь 2019 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 05-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лакс” нэртэй шөнийн цэнгээний газарт үйлчлүүлэх явцад үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Н.Мөнхдаваатай маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар пивоны шил шидэж түүний эрүүл мэндэд тархи доргилт, дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.А мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэв.

 

Эрүүгийн 1909029661028 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч Н.А мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 8 дугаар сарын 04-нөөс 2019 оны 8 дугаар сарын 05-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лакс” нэртэй бааранд өөрийн найз нарын хамт орсон. Тухайн бааранд бүжиглэж байгаад үл таних эмэгтэйчүүдтэй маргалдсан. Тэр үед намайг цоохор өнгийн юбкатай хар цамцтай эмэгтэй үстээд доошоо дараад цохиод байсан. Тухайн үед над руу нэг эмэгтэй пивоны шил шидсэн яг хэн нь шидсэнийг хараагүй. Би зөрүүлээд пивоны шил ширээн дээрээс аваад шидсэн чинь тухайн баарны хамгаалагч залууг оночихсон... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/,

 

Хохирогч Н.Мөнхдаваа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “Лакс” бааранд хамгаалагчийн ажил хийдэг. 2019 оны 8 дугаар сарын 05-ны үүрийн 04 цаг өнгөрч байх үед баарны дижи байрладаг хэсгийн урд талд хэсэг эмэгтэйчүүд хоорондоо маргалдаад байсан. Манай нөгөө хамгаалагч болох Ууганбаяр бид хоёр тэдгээр хүмүүсийг салгасан. Тэнд байсан эмэгтэйчүүдийн арай ахимаг насны гэмээр 2 эмэгтэйг би холдуулаад байж байсан чинь тэр хоёрын нэг цагаан өмд өмссөн байсан эмэгтэй нь цаанаас пивоны шил барьж ирээд миний хажуугаар нөгөө муудалцаад байсан эмэгтэйчүүд рүүгээ шидсэн. Пивоны шил нь тэнд байсан нэг ягаан өнгийн цамцтай залуугийн толгой руу оночихсон. Нөгөө эмэгтэйчүүдийг холдуулаад түлхээд байж байтал миний араас толгойны ар руу нэг хатуу юм онох шиг болсон. Манай хамгаалагч Ууганбаярын холдуулж байсан залуухан охидуудын нэг нь над руу пивоны шил шидсэн байсан. Миний толгой хагараад цус гарсан, над руу пивоны шил шидсэн эмэгтэй нь залуувтар байрын хар өнгийн хувцастай эмэгтэй байсан... ” /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,

 

Гэрч Э.Ууганбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би Сүхбаатарын талбайн урд талд байдаг “Лакс” бааранд хамгаалагчийн ажил хийдэг. 2019 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 05-нд шилжих шөнө үүрээр 04 цаг 50 минутын орчим манай баарны бүжгийн талбай дээр хэсэгт эмэгтэйчүүд хоорондоо маргалдаад барьцалдаж аваад байсан. Манай хамгаалагч Мөнхдаваа бид хоёр тухайн эмэгтэйчүүдийг салгаад байж байтал Мөнхдаваагийн холдуулж байсан цагаан өнгийн өмдтэй эмэгтэй нь миний холдуулж байсан эмэгтэйчүүд рүү пивоны шил шидсэн. Нөгөө шил бүжгийн талбайн голд байсан ягаан өнгийн цамцтай залуугийн толгой руу оноод нөгөө залуугийн толгой нь хагарсан бололтой нөгөө залуу тонгойгоод яваад өгсөн. Тэгээд байж байтал яах ийхийн зуургүй миний салгаж холдуулж байсан эмэгтэйчүүдийн нэг хар өнгийн хувцастай эмэгтэй нь зөрөөд Мөнхдаваагийн талд байсан эмэгтэйчүүд рүү намайг давуулаад пивоны шил шидчихсэн. Нөгөө шил нь Мөнхдаваагийн толгой руу оночихсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/,

 

Гэрч И.Номин-Эрдэнэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 05-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лакс” гэх нэртэй бааранд үйлчлүүлж байгаад ДЖ-гийн урд талд бүжиглэж байтал миний баруун гар талд Анужин гэх эмэгтэй эрээн юбкатай хар цамцтай эмэгтэйтэй нэг нэгэнтэй маргалдаад зууралдчихсан байсан. Тэгээд тэр хоёр эмэгтэйг хамгаалагч нар салгасан. Би Дж-гийн урд талаас зүүн гар тал руугаа болж бүжгийн талбай дээр гарсан. Миний толгойн зүүн ар хэсэгт нэг юмаар цохих шиг болсон. Тэгсэн хүмүүс цус гараад байна гэж хэлсэн. Эргээд харсан чинь цагаан өмдтэй хар эрээн цамцтай эмэгтэй пивоны шил шидсэн байсан. Тэгээд гадагшаа гараад цагдаад дуудлага өгсөн....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,

 

Гэрч Г.Ариунаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 05-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лакс” гэх нэртэй бааранд өөрийн найз нарын хамт үйлчлүүлж байтал үл таних эмэгтэй хүмүүс бид нарыг бүжиглэж байхад хажууд шахаад хэл амаар доромжлоод байсан. Манай найз Анужинг эрээн өнгийн юбка өмссөн хар өнгийн цамцтай эмэгтэй үсдээд авсан. Тэр үед би найзыгаа авах гэсэн чинь цагаан өмдтэй шил шиддэг эмэгтэй над руу дайраад байсан. Тэр үед хамгаалагч нар салгасан. Цагаан өмдтэй эмэгтэй пивоны шил шидсэн чинь бүжгийн талбай дээр байсан үл таних нэг эрэгтэйгийн толгой руу оночихсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Амарцэнгэл мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 05-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лакс” гэх нэртэй бааранд өөрийн найз нарын хамт үйлчлүүлсэн. Би баарны гадаа гараад тамхи татаж байгаад буцаад орж ирэхэд манай найз Отгонсүрэн зодуулчихсан байсан. Хамгаалагч нар манай найз нартай маргалдсан охиныг барьчихсан байсан. Би тэр охиныг чи манай найзыг зодсон байна гээд тэр охиныг зодох гээд дайрахад хамгаалагч нар салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,

 

Гэрч Ц.Нандинбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 05-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лакс” бааранд өөрийн найз Амарцэнгэл, Отгонсүрэн хоёртой үйлчлүүлсэн. Тэгээд бүжгийн талбай дээр бүжиглэж байтал манай найз Отгосүрэн намайг дуудахаар нь эргээд хартал үсдүүлээд, цохиулаад газар хэвтэж байсан. Би Отгонсүрэнг салгахад хамгаалагч нар ирээд Отгонсүрэнтэй маргалдсан охидуудыг салгасан. Маргалдсан охидуудын нэг нь пивоны шил Отгонсүрэн бид хоёр руу шидсэн. Тухайн шил нь хамгаалагчийн толгойг оночихсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,

 

Гэрч Ж.Отгонсүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 05-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лакс” бааранд өөрийн найз Амарцэнгэл, Нандинбаяр хоёртой үйлчлүүлсэн. Бүжгийн талбай дээр бүжиглэж байтал намайг нэг эмэгтэй үсдээд газар унагаасан. Би манараад өөрийн найз Нандинбаярыг дуудахад Нандинбаяр намайг татаж босгосон. Би манарч сууж байгаад баарны гадаа гарсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №9489 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:   

 

1. Н.Мөнхдаваагийн биед тархи доргилт, дагзны хуйханд шарх бүхий зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн  зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд  нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 23 дугаар хуудас/,

 

Бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд “...Бичлэгийн 47 секундэнд хохирогч Мөнхдаваа дэлгэцний гол хэсэгт зогсож байгаа харагдах ба дэлгэцний зүүн хэсэгт бужигналдаж байсан хүмүүсээс юм шидэх үед хохирогч Мөнхдаваа толгойгоо даран доош тонгойж байгаа бичлэг харагдаж байв....” гэжээ /хх-ийн 57 дугаар хуудас/,

 

Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 58 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Н.Агийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 36 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт  /хх-ийн 37 дугаар хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 38 дугаар хуудас/, хохирогч Н.Мөнхдаваагийн хүсэлт /хх-ийн 63 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Н.А нь 2019 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 05-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лакс” нэртэй шөнийн цэнгээний газарт үйлчлүүлэхдээ биеэ зөв боловсон авч явалгүй тодорхой шалтгаангүйгээр хохирогч Н.Мөнхдаваагийн нүүрэн тус газар пивоны шил шидэж эрүүл мэндэд нь “тархи доргилт, дагзны хуйханд шарх бүхий зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Н.Мөнхдаваагийн мэдүүлэг, гэрч Э.Ууганбаяр, гэрч И.Номин-Эрдэнэ, гэрч Г.Ариунаа, гэрч Б.Амарцэнгэл, гэрч Ц.Нандинбаяр, гэрч Ц.Нандинбаяр, гэрч Ж.Отгонсүрэн нарын  мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №9489 дугаартай дүгнэлт, эд мөрийн баримтаар тооцогдсон бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч нь хохирогч Н.Мөнхдаваагийн биед хүч хэрэглэсэн үйлдлээ өөрөө хүлээн мэдүүлсэн, хохирогч, гэрч нараас хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч хохирогчийг гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Агийн үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлж, хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүх шүүгдэгч Н.Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Мөнхдаваагаас “...Н.Атэй эвлэрч хохирлын 250.000 төгрөг авсан. Нэхэмжлэх зүйлгүй, гомдол, санал байхгүй…” гэсэн хүсэлтээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Н.Аг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.      

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Н.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 460 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 460.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Н.А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав. 

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж олон нийтийн газар бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 6, 8, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                                                                                                                                ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Н.Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Аг 460 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 460.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ад оногдуулсан 460 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 460.000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Н.А нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай. 

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН