| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 102/2024/05385/И |
| Дугаар | 210/МА2026/00613 |
| Огноо | 2026-03-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 210/МА2026/00613
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч О.Одгэрэл, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 192/ШШ2026/09880 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч *******д холбогдох,
240,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
Манай компани нь Монгол Улсад түлш импортлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үйл ажиллагаандаа хэрэглэх зорилгоор 7,000 километрийн гүйлттэй, 2016 онд үйлдвэрлэсэн, хэвийн үйл ажиллагаатай 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын хилээр орж ирсэн, түлшний чиргүүлтэй Хово маркийн /Howo/ буюу Синотрак /Sinotruck/ маркийн тээврийн хэрэгсэл зарна гэсний дагуу иргэн *******тай холбогдож улмаар худалдан авахаар тохиролцож, 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 240,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах 001 тоот гэрээг байгуулж худалдан авсан. Гэрээнд зааснаар төлбөрийн 240,000,000 төгрөгөөс 100,000,000 төгрөгийг худалдагч талын Хаан банкны ******* дугаартай дансанд шилжүүлж, үлдэгдэл төлбөр болох 140,000,000 төгрөгийг тухайн үеийн зах зээлийн ханшийг харгалзан дизель түлш нийлүүлэхээр заасны дагуу төлбөрийг бүрэн төлж дуусгасан. Гэрээгээр худалдан авсан Хово маркийн тээврийн хэрэгсэл нь худалдан авсан цагаасаа эхлэн хүч муутай, хүч алддаг, моторын эд ангиас тос, масло гоожих зэргээр үйл ажиллагаа нь доголдож, 7,000 километр буюу бага явсан, чанарын шаардлага хангасан эсэхэд эргэлзээ төрүүлж эхэлсэн бөгөөд энэ талаар *******тай утсаар холбогдоход би тээврийн хэрэгсэл дээрээ баталгаа гаргаагүй, торхон дээр буюу чиргүүл дээр баталгаа өгсөн гэсэн ба шүүхээр яваад мөнгөө аваарай гэсэн. Иймд худалдагч нь биет байдлын доголдолтой, хэвийн үйл ажиллагаа нь алдагдсан Хово буюу Синотрак маркийн тээврийн хэрэгслийг хэвийн үйл ажиллагаатай, бага явсан тээврийн хэрэгсэл гэж худалдан, гэрээнд заасан үүргээ зөрчсөн байх тул 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 001 дугаартай худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний төлбөр болох 240,000,000 төгрөгийг хариуцагч талаас гаргуулна гэжээ.
2. Хариуцагч талын тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч нь иргэн ******* надаас худалдан авсан******* улсын дугаартай шатахуун тээвэрлэх зориулалттай хүнд даацын автомашин, ******* улсын дугаартай чиргүүлийн хамт худалдах, худалдах авах гэрээг байгуулан гэрээний дагуу худалдагч тал тээврийн үзлэг оношилгоонд орж тэнцсэн бүрэн бүтэн хэвийн ажиллагаатай тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсан үйл баримт буюу бүрэн бус доголдолтой автомашиныг огтоос шилжүүлээгүй. Өөрөөр хэлбэл, миний зарсан гэх автомашин Хятад улсад үйлдвэрлэгдсэн шууд Монголд орж ирсэн, өөр ямар нэгэн иргэн авч ашиглаж байгаагүй, шууд орж ирсэн шинэ автомашиныг би тухайн үед нь мэргэжлийн байгууллага болох Авто тээврийн үндэсний төвийн үзлэг оношилгоонд нь орж холбогдох норм, стандартыг хангаж тэнцэж хөдөлгөөнд оролцох бүрэн боломжтой гэж дүгнэгдэж улмаар Монголд явах боломжтой шинэ, хэвийн ямар нэгэн биет байдлын доголдолгүй автомашиныг шилжүүлэн өгсөн. Ийм нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасныг баримтлан *******д холбогдох 240,000,000 төгрөг гаргуулах *******-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,357,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх дүгнэхдээ нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж байгаа тухайгаа мэдэгдсэнээр тээврийн хэрэгслийг харилцан буцаах боломж бүрдэх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэжээ.
Гэтэл нэхэмжлэгч би хариуцагч *******д гэрээнээс татгалзах тухайгаа удаа дараа хэлж мэдэгдсэн. Хариуцагчийн худалдсан тээврийн хэрэгсэл нь анхнаасаа доголдолтой байсан ба энэ талаар *******д тэр даруй хэлж мэдэгдэн зарим сэлбэг хэрэгслийг засуулж авч байсан. Засвар үйлчилгээ хийсэн боловч доголдол арилаагүй тул гэрээнээс татгалзаж мөнгөө буцааж авахаар шүүхэд хандах талаараа мэдэгдсэн. Харин ******* нь шүүхээр яваад мөнгөө аваарай гэсэн хариу хэлсэн. Энэ талаар манай компаниас анх гаргасан нэхэмжлэлд ч мөн дурдсан байгаа. Мөн шүүхээс маргаан бүхий тээврийн хэрэгслийн доголдлын талаар тодорхой дүгнэлт хийгээгүй байгаа нь тээврийн хэрэгслийн доголдлыг үгүйсгээгүй байна. Шүүх хуралдааны үеэр мэдүүлэг өгсөн гэрчүүд ч мөн доголдолтой тээврийн хэрэгсэл гэдгийг нотолсон. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заасан 6 сарын хугацааны дотор шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан.
Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэж заасан, манай ******* нь энэ журмыг хэрэгжүүлэн хариуцагч *******д мэдэгдсэн. Иргэний хуулийн дээрх заалт нь заавал бичгээр бичиж мэдэгдэнэ гэсэн ойлголт биш юм. Гэтэл шүүх хэт нэг талын тайлбарыг үндэслэн шийдвэр гаргасан нь шударга шийдвэр болж чадаагүй. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд хариуцагч талаас тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 240,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.
3. Талууд 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээ-гээр ******* нь өөрийн өмчлөлийн Sinotruk Howo маркийн тээврийн хэрэгслийг чиргүүлийн хамт 240,000,000 төгрөгөөр нэхэмжлэгч талд худалдахаар харилцан тохиролцож тухайн тээврийн хэрэгслийг худалдагч талд хүлээлгэн өгсөн байна. /хх5/
4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ Доголдолтой эд хөрөнгийг шилжүүлсэн тул гэрээнээс татгалзаж, буцаан 240,000,000 төгрөгөө хариуцагчаас гаргуулна гэж тайлбарласан байх ба харин хариуцагч нь татгалзлын үндэслэлээ Хятад улсаас оруулж ирсэн автомашиныг Авто тээврийн үндэсний төвийн үзлэг оношилгоонд нь оруулж холбогдох норм, стандартад тэнцэж, хөдөлгөөнд оролцох бүрэн боломжтой гэж дүгнэгдэж, хэвийн ямар нэгэн биет байдлын доголдолгүй автомашиныг шууд нэхэмжлэгчид шилжүүлсэн бөгөөд ямар нэгэн доголдол байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
5. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх ба зохигчид хүлээн авсан тээврийн хэрэгслийн эд хөрөнгийн доголдлын талаар маргасан байна.
5.1. Нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн эд хөрөнгийн доголдлыг илрүүлэх зорилгоор тус шүүхээс 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 192/ШЗ2025/04733 дугаар захирамжаар шинжээч томилсон. /хх45-47/
5.2. Анхан шатны шүүхээс шинжээчид тавигдсан асуултуудын 6-д тухайн автомашин бусад хэвийн үйл ажиллагаатай автомашинтай харьцуулахад хүч муутай байгаа эсэх, хэрэв хүч муутай байгаа бол юунаас шалтгаалах вэ? гэсэн асуултыг тавьсан.
Шинжээч уг асуултад ...Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн, Howo Sinotruk маркийн,******* улсын дугаартай, ******* арлын дугаартай автомашины хөдөлгүүр асна, явах боломжтой. Үзлэг зориулалтын лаборатори орчинд явагдаагүй, шинжилгээ хийх нөхцөл хангаагүй тул хөдөлгүүрийн хүч муутай эсэхийг тогтоох боломжгүй гэжээ.
5.3. Дээрхээс үзвэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн гол үндэслэл болох худалдан авсан тээврийн хэрэгслийн моторын хүч муутай, хүч алдаж байгаа шалтгааныг тодорхойлуулах нь маргааны зүйлд хамааралтай байхад уг асуудлаар шинжээч бүрэн дүүрэн хариулт өгсөн гэж үзэх боломжгүй байна.
5.4. Иймд анхан шатны шүүхээс, шинжээчийн дүгнэлт бүрэн бус, тодорхойгүй байгаа тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3 дахь хэсэгт зааснаар нэмэлт эсхүл дахин шинжилгээ хийлгэх боломжтой байгааг анхаараагүй байна. Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэж заасанд дахин шинжилгээ хийлгэх асуудал хамаарна.
6. Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй байх ба нэхэмжлэгчийн хүсэлтээр хийгдсэн шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн үндэслэлд хамаарч байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 192/ШШ2026/09880 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,357,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР
ШҮҮГЧИД О.ОДГЭРЭЛ
Ц.АЛТАНЦЭЦЭГ