Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 2019/ШЦТ/898

 

  

 

 

 

  

 

 

2019      10           16                                     2019/ШЦТ/898                                   

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС       

Хэргийн индекс: 185/2019/0895/Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

Улсын яллагч: Т.Жавхлантөгс

Нарийн бичгийн дарга: Б.Аззаяа

Шүүгдэгч Б.Г /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Г-д холбогдох эрүүгийн 1909035260994 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол улсын иргэн, 1967 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто механикч мэргэжилтэй, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 47 дугаар байрны Сууц өмчлөгчдийн холбооны дарга ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 47-504 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал: Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдаж байсан, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй Б.Г  /РД:/

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Г нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Б.Сангитай маргалдаж улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Г-н шүүх хуралдаанд өгсөн: “мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Сангийн өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019.9.18-ны №11124 дугаартай дүгнэлтүүд зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд шүүгдэгч Б.Г нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр 47 дугаар байранд 2019.09.12-ны оройн 21 цагийн орчимд хохирогч Мэгдоржийн Сангитай автомашины гадна зогсоол эвдсэн, эвдээгүй гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар харилцан зодолдож, хохирогчийн эрүүл мэндэд тархи доргилт баруун чамархай, зулай хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: 

Хохирогч М.Сангийн : “...2019 оны 9 дүгээр сарын 12-ны орой гэр рүүгээ буюу СБД-ийн 3 дугаар хороо 47 дугаар байр руу явж ортол орцны коридорт манай байрны СӨХ-н дарга ажилтай Б.Г гэгчтэй таарсан. Тэгэхээр нь би Б.Гийг өөрийнхөө баруун гараар баруун шанааны хэсэгт нэг удаа цохиод авсан юм. Тэгтэл манай эхнэр намайг салгаад гэр рүү орсон. Б.Г бас цаашаа яваад өгсөн. Тэгээд би буцаад гэрээсээ гараад машинаа гадаа байрлуулчихаад орцны коридор руу орсон чинь Б.Г-тэй таарсан. Б.Г надтай маргалдаад намайг шилээр бас тоосгоор цохисон. Тэгээд бас өшиглөөд нүүр ам руу цохисон...Б.Г нь урьд манай гадна машины зогсоолыг эвдэж байсан юм. Тэгээд тэрийг нь бодож уур хүрээд Б.Г-г цохисон юм. ” гэх мэдүүлэг  /хх-ийн 12 тал/,

Б.Г-н яллагдагчаар өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 47 дугаар байрны орцны коридорт явж байтал хажуугаар өнгөрсөн Санги гэх хүн юу ч ярилгүй миний зүүн шанаа хэсэг рүү нэг удаа хүчтэй цохьсон. Тэр үед Санги гэх хүний эхнэр Сангийг аваад яваад өгсөн. Би албан өрөөндөө орсон. Тэгсэн чинь удалгүй дахиж Санги миний өрөөнд орж ирээд намайг заамдаад чи миний зогсоолыг эвдэлсэн гээд байсан. Тэгэхээр нь би эвдлээгүй, юу яриад байгаа юм бэ чиний наад зогсоолын тороосонд хүүхэд бүдэрч унасан, тэр хүүхдийн аав нь өшиглөж эвдэлсэн гэж хэлсэн. Тэгсэн чинь намайг цохих гээд дайрсан, тэр үед эхнэр нь бас салгаад боль гэж хэлсэн. Тэгэхээр нь би толгой газар нь баруун гараараа нэг удаа цохьсон. Тэр үед миний гарт цэцэг усладаг пивор сав байсан. Тэгээд Санги цагдаа дуудсан...” /хх-ийн 26 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ч.Эрдэмболорын Хүний биед хийсэн шүүх шинжилгээний №11124 дугаартай: “...М.Сангийн биед тархи доргилт баруун чамархай, зулай хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоодлоо. Дээрх гэмтэлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд гэмлтийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой....” гэх дүгнэлт /хх-ийн 13 тал/  зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдож байна.

Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч болон хохирогч хэн алиных нь хувьд хүмүүс хоорондын харьцааны наад захын хэм хэмжээг зөрчиж, соёлгүй бүдүүлэг зан байдал гаргаж, өөрсдийн аминч эрх ашгийг урьтал болгож, бусдыг хүндлэх хүндлэл  дутсан байдал нь шууд нөлөөлсөн байна.  

Ялангуяа хохирогч М.Сангийн зүгээс шүүгдэгч Б.Г-г урьд автомашины гадаа зогсоолыг нь эвдсэн гэх шалтгаанаар хэрүүл маргаан эхэлж үүсгэн Б.Г-н нүүр толгойн тус газар нь цохиж, эрх чөлөөнд нь халдсан явдал нь энэ гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус байдал илүүтэй нөлөөлсөн болохыг харуулж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Г-н хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдалд бусадтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч Б.Г-д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.

Хохирогч М.Санги нь “...миний бие Б.Г-тэй эвлэрч ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэсэн хүсэлтийг хавтаст хэргийн 38 дугаар талд гаргасан байх тул шүүгдэгч Б.Г-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Г-д холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдалд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, энэ хэргийн нийгмийн аюулын шинж, хохирогчид хохирол төлбөрийг сайн дураар төлсөн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд шийдвэрлэж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч Б.Г нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоног байхгүй, түүний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Б.Г-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу       15 000 /арван таван мянга/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш       14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Б.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.     

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.БОЛДБААТАР