| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2019/0896/Э |
| Дугаар | 901 |
| Огноо | 2019-10-18 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Г.Ганбагана |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 901
2019 10 18 2019/ШЦТ/901
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа,
Улсын яллагч Г.Ганбагана,
Шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Од холбогдох эрүүгийн 1909021130904 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1978 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хүнсний худалдаа эрхэлдэг, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 1 дүгээр гудамжны 42 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Б.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Майхан толгой” гэх газар хохирогч У.Гэрэлтуяатай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний толгой руу 0.75 литрийн архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Эрүүгийн 1909021130904 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Б.О мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би 2016 оноос 2019 он хүртэл Дулааны шугам сүлжээ төрийн өмчит компанид үйлчлэгчээр ажилладаг байсан. 2019 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 18 цагийн үед ажлын хүмүүсийн хамтаар Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Майхан толгой гэх амралтын газар очиж амарсан. Ажлын хүмүүс бөөндөө хоол унд, архи пиво гэх мэт зүйлүүд ууж идээд хоорондоо юм яриад суусан. Удалгүй бүжиг болоод ажлынхан бөөндөө бүжиглэж байсан. Тэгэхэд манай ажлын хүүхэн Гэрэлтуяа согтуурсан байдалтай бүжиглэж байснаа намайг үгийн зөрөөгүй газарт түлхээд унагаасан. Би Гэрэлтуяагийн цамцнаас татаж газраас босоод нээх юм тоогоогүй бүжиглээд явсан. Гэрэлтуяа бид нарын байсан өрөө рүү яваад өгсөн. Би бүжиглээд үлдсэн. Удалгүй Гэрэлтуяагийн орсон өрөө рүү ортол Гэрэлтуяа ажлын хүмүүс нарын хамтаар архи уугаад сууж байсан. Гэрэлтуяа намайг харснаа “Отгоо чи бренд мэдэх үү ямар үнэтэй гэдгийг мэдэх үү” гэж хэлээд намайг хэл амаар доромжлоод байхаар нь ширээн дээр байсан архины шилийг аваад Гэрэлтуяа руу шидсэн чинь толгойн тус газрыг нь оночихсон. Гэрэлтуяагийн толгойн тус газраас цус гараад байсан. Манай ажлын хүмүүс толгойг бентээр боогоод цусыг тогтоосон. Оройхон Гэрэлтуяагийн хүүхэд машинтай ирээд Гэрэлтуяаг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 4-7 дугаар хуудас/,
Хохирогч У.Гэрэлтуяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2017 онд Улаанбаатар дулааны сүлжээ төрийн өмчит компанид тогоочоор ажилд ороод 2 жил болсон. 2019 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар дулааны сүлжээ төрийн өмчийн хангамж сүлжээний албаараа зугаалгаар явах болоод Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Майхан толгой гэх газарт зуслангийн байшинд ажлынхаа хүмүүсийн хамтаар амарсан. Тэр орой бөөндөө архи, пиво, хоол унд идэж уугаад бүжиглэж бүжиглэж наргиж цэнгэсэн. Бүжгийн талбай дээр бүжиглээд зогсож байтал манай ажлын үйлчлэгч Отгон гэх хүүхэн миний цамцнаас татаж урсан. Би Отгоноос “чи яагаад миний цамцыг татаад урж байгаа юм бэ” гэж асуусан чинь “чиний цамцыг урсан ч яадаг юм бэ” гэж хэлснээ дахиад цамцыг урахаар нь “миний энэ цамц брендийн цамц” гэж хэлээд өөр өрөөнд орж орон дээр жаахан хэвтэж байгаад ажлын хэсэг хүмүүс ороод суучихсан байсан өрөөнд ороод юм яриад сууж байтал Отгон миний сууж байсан өрөөнд орж ирснээ ширээн дээр байсан 0,75 литрийн тал архитай архины шил аваад намайг цохих гэтэл миний хажууд сууж байсан хүүхэн хойшоогоо бултахад миний толгойн тус газарт архины шилээр цохисон. Миний толгойноос цус гараад тогтохгүй байсан учир өөрийн хүүхэд Бархасыг дуудаад гэмтлийн эмнэлэг рүү хүргүүлээд үзүүлсэн. Толгойн тус газартаа 6 оёдол тавиулсан. 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр томографикт толгойн зураг харуулахад дух хэсгээрээ яс нь цөмөрч хугарсан гэж хэлсэн. 2019 оны 5 цугаар сарын 08-нд гэмтлийн эмнэлэгт хэвтээд 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр толгойны хагалгаанд орж толгойны цөмөрсөн ясны титан торон төмөр хийсэн. Хагалгаанд орсны дараа 13 хоног хэвтэж эмчлүүлээд эмнэлгээс гарсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-25 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №842 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүх /хх-ийн 37-45 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Оы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 50 дугаар хуудас/, оршин суугаа хаягын тодорхойлолт /хх-ийн 53 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Оы хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 56-61 дүгээр хуудас/, гэрч Т.Батхүүгийн мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 56-58 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчийн хувийн байдал болон хохирол төлбөр төлж барагдуулсантай холбоотой 5 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.О нь согтуурсан үедээ 2019 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Майхан толгой” гэх газарт хохирогч У.Гэрэлтуяагийн өмссөн цамцыг татаж урсан асуудлаас болж хоорондоо маргалдан зүй зохисгүй харьцаж улмаар түүний толгой руу 0.75 литрийн хэмжээтэй архины шилээр цохиж эрүүл мэндэд нь “дух ясны зүүн хэсгийн цөмөрсөн ил хугарал, уг хугарлаас зүүн нүдний ухархайн дээд хана руу үргэлжилсэн шугаман хугарал, духанд няцарсан шарх” бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:
хохирогч У.Гэрэлтуяагийн “...Отгон миний сууж байсан өрөөнд орж ирснээ ширээн дээр байсан 0,75 литрийн тал архитай архины шил аваад намайг цохих гэтэл миний хажууд сууж байсан хүүхэн хойшоогоо бултахад миний толгойн тус газарт архины шилээр цохисон. Миний толгойноос цус гараад тогтохгүй байсан...” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Оы “...“Отгоо чи бренд мэдэх үү ямар үнэтэй гэдгийг мэдэх үү” гэж хэлээд намайг хэл амаар доромжлоод байхаар нь ширээн дээр байсан архины шилийг аваад Гэрэлтуяа руу шидсэн чинь толгойн тус газрыг нь оночихсон...” гэсэн мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №842 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт: 1. У.Гэрэлтуяагийн биед дух ясны зүүн хэсгийн цөмөрсөн ил хугарал, уг хугарлаас зүүн нүдний ухархайн дээд хана руу үргэлжилсэн шугаман хугарал, духанд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо... 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт,
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүх болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч нь хохирогч У.Гэрэлтуяагийн биед хүч хэрэглэсэн үйлдлээ өөрөө хүлээн мэдүүлсэн, хохирогчоос хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч өөрийг нь гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Оы үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Тодруулбал Б.Ооос хохирогчийг цохиж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож У.Гэрэлтуяагийн толгойн тус газар нь гадны биетээр хүчтэй цохих үед эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсч биеэр үйлдсэний улмаас түүнд хүнд гэмтэл учруулсан хохирол, хор уршигт зориуд хүргэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүх шүүгдэгч Б.Оыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч У.Гэрэлтуяагаас “...Б.Ооос хохирлын мөнгө болох 6.000.000 төгрөгийг авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн хүсэлт гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, тэдгээр нь хоорондоо эвлэрсэн гэж үзлээ.
Шүүх шүүгдэгчийн хохирогчийн биед учруулсан гэмтлийн шинж, хохирогчийн хүсэлтийг харгалзан У.Гэрэлтуяагаас цаашид зайлшгүй гарах гэм хорын хохирлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Б.Оыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоос үүссэн гэм хорын хохирлыг төлсөн /хохирогчтой эвлэрсэн/ зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, /хохирогчийн хүсэлт/ хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Б.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоов.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогчоос нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж согтуурсан үедээ, хоорондоо зүй зохистой харьцах зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдлууд нөлөөлжээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б.Ог хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оыг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Од оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогчид нэхэмжилсэн баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
5. Хохирогч У.Гэрэлтуяа нь цаашид гарах гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Б.Ооос жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН