Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2026/00680

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч Б.Ууганбаяр, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 192/ШШ2026/01207 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч *******ад холбогдох,

35,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

******* нь миний ээж болох *******аас зээлж авсан 50,000,000 төгрөгийн өрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт байхад нь түүний гуйлтаар ээжээсээ итгэмжлэл хийлгэж өөр дээрээ авсан. Уг мөнгөөр түүний хилийн хориг болон хаагдсан данс зэргийг сэргээж өгч тус болсон. Хариуцагч нь 50,000,000 төгрөгийн 15,000,000 төгрөгт нь автомашин өгсөн. Харин үлдэх 35,000,000 төгрөгийг төлбөр барагдуулах гэрээ байгуулж төлөхөөр болсон ч гэрээгээр тохирсон хугацаанд төлөхгүй, ...50,000,000 төгрөгт нь машинаа өгсөн гэх мэтээр ярьж байгаа тул үлдэх 35,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Миний бие өөрийн найз болох *******тай 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ хийсэн. Уг гэрээнд зааснаар 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төлбөрийг төлж барагдуулахаар тохиролцсон. Уг тохиролцооны үндсэн дээр 15,000,000 төгрөгт бодож Гранд чероки жийп автомашиныг шилжүүлэн өгсөн. Үлдэгдэл 35,000,000 төгрөгийг гэрээний дагуу төлөхөд татгалзах зүйлгүй. *******т их бага хэмжээгээр мөнгө шилжүүлсэн, шаардлагатай бол дансны хуулгыг гаргаж өгөхөд татгалзах зүйлгүй.

Мөн өөрийн компанийн албан ёсоор оруулж ирдэг хаалганы цоожноос олон сая төгрөгт тооцож нэхэмжлэгчид өгч байсан. Иймд 35,000,000 төгрөгийг нотариатаар орж баталгаажсан гэрээний хугацаанд төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас 35,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 334,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 334,350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болоогүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахаар дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн.

Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******тай 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр тооцоо нийлж, төлбөр барагдуулах 2475 дугаартай гэрээ байгуулж, төлбөрийн үлдэгдэл болох 50,000,000 төгрөгийг 15,000,000 төгрөг, 35,000,000 төгрөгөөр 2 хувааж шилжүүлэхээр харилцан тохиролцсон байх бөгөөд 15,000,000 төгрөгт автомашин хүлээлгэн өгч, үлдэгдэл 35,000,000 төгрөгийг 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөхөөр нотариатаар баталгаажуулан гэрээ байгуулсан байна.

Гэтэл нэхэмжлэгч нь төлбөрийн хугацаа болоогүй байхад эрх нь зөрчигдсөн мэтээр шүүхэд нэхэмжлэл гаргаж үлдэгдэл төлбөр гаргуулахаар шаардах боломжгүй байхад шүүх ханган шийдвэрлэснийг буруу гэж үзэж байна. Харин үлдэгдэл төлбөрийг хугацаандаа төлөөгүй байхад буюу 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш ийм агуулга бүхий шаардлага гаргах боломжтой байхад анхааран үзээгүй байна.

Мөн 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хурлын товыг шүүхээс мэдэгдээгүй атлаа хариуцагчийг оролцуулалгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хурлыг хойшлуулах хүсэлтдээ гадаадад зорчиж байгаа талаараа шүүхэд мэдэгдсэн байна. Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байх тул хүчингүй болгон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

50,000,000 төгрөгтэй холбоотой маргаан эхлээд 10 гаруй жилийн хугацаа өнгөрсөн. 15,000,000 төгрөгт тооцож өгсөн автомашиныг 50,000,000 төгрөгийн үнэтэй байсан гэж маргасан бөгөөд үүнийг нотлох дүрс бичлэг байгаа. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаан 2 удаа болсон боловч хариуцагч нэг ч удаа ирээгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ад холбогдуулан 35,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч төлөх хугацаа болоогүй гэж эс зөвшөөрч маргажээ.

 

2. Анхан шатны шүүх, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй байна. Тодруулбал, 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн *******аас *******т олгосон итгэмжлэлийн дагуу 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ-гээр *******ыг төлөөлж ******* нь *******тай 50,000,000 төгрөгийг 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцжээ. /хх4,5/

 

3. Гэтэл, ******* нь 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, *******аас *******т шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг олгосон тухай баримт хэрэгт авагдаагүй байна.

 

4. Иймд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-т заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

 

5. Нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхэд дахин нэхэмжлэл гаргахад энэхүү магадлал саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 192/ШШ2026/01207 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын хариуцагч *******ад холбогдуулан 35,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 333,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ

 

ШҮҮГЧИД Б.УУГАНБАЯР

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ