| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 192/2025/05859/И |
| Дугаар | 210/МА2026/00681 |
| Огноо | 2026-03-27 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2026/00681
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч О.Одгэрэл, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 192/ШШ2025/10745 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч *******-д холбогдох,
Ажлаас халсан тушаал хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан үеийн цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн баталгаажуулалт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
Миний бие нь 2024 оны 07 дугаар сарын 21-ний өдөр *******-д өөрөө буулгагчийн оператораар ажилд орж 2024 оны 10 дугаар сарын 12-ны 15:30 цаг орчимд ******* утсаар таныг ажлаас халсан, ирэх шаардлагагүй гэж ярьсан. Би ээлжийн хуваарийн дагуу 2024 оны 10 дугаар сарын 13-ны 05:00 цагт автобусанд суух байсан тул хуваарийн дагуу автобусанд сууж кемпийн байранд очсон. Хүний нөөц *******тай уулзаж ажлаас халсан талаар лавлахад 5 хоногийн өмнө тушаал надад Wechat-aap ирснийг би хараагүй тул 10 дугаар сарын 12-ны өдөр хэлснээ тайлбарласан. Ажлаас халсан шалтгааныг тайлбарлахдаа ур чадвар байхгүй удирдлагын үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, хэл ам таталдаг гэсэн шалтгаан хэлсэн. Миний бие ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй, удирдлагын үүрэг даалгаврыг биелүүлдэг туршлагатай, хариуцлагатай ажилтан. Ажлаас халах болсон гол шалтгааныг бүх ажилчдын үндсэн цалинг зөвшөөрөлгүй хассан, хөдөлмөрийн хэвийн нөхцөлтэй байгаа, кемп, орчин, хоол, угаалга, халуун ус, удирдлагуудын харилцаа, ёс зүйн талаар бүх ажилчид санаа нэгтэй хуралдсан. 2004 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 1 дүгээр ростерын бүх ажилчдын хурал болж дээрх асуудлыг хэлэлцэж байх үед гүйцэтгэх захирал ******* шаардлагыг эсэргүүцэж ажиллахгүй бол явцгаа гэж хэлсэн. Ажилчид санаа нэгдэн ажлаас явах болоод эргэж уулзахаар тохирч эргэж 12:00 орчим уулзахад ажилчдын шаардлагыг дэмжсэн. Энэхүү хурлыг эмх цэгцтэй явуулахын тулд өдөр шөнийн ээлж, техник бүрээс, шинэ ажилчдаас төлөөлөл сонгож ажилчдыг төлөөлөн оролцсон. Ажлаас халагдах болсон гол шалтгааныг хууль зүй ёсны шаардлага тавьж ажилчид дуу хоолойгоо хүргэсэнд дургүйцэж ажлаас халсан гэж миний хувьд үзэж байна гэжээ.
2. Хариуцагч талын тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч ******* нь 2024 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс *******-д дампын операторын албан тушаалд гурван сарын хугацаатай, туршилтаар ажиллах нөхцөлтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж эхэлсэн. Гэвч нэхэмжлэгч нь туршилтын хугацаанд ажиллах явцдаа байгууллагын дотоод сүлжээ, олон нийтийн цахим чатаар бусад ажилтнуудтай зүй бус үг хэллэгээр харилцаж, хамт олны дунд үл хүндэтгэсэн, эв нэгдэл уур амьсгалыг алдагдуулах үйлдлүүдийг удаа дараа гаргасан нь компанийн дотоод журмын ёс зүйн болон сахилгын зөрчилд шууд хамаарна. Мөн талуудын байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 9 дүгээр зүйлд сахилгын зөрчилд хамаарах идэвхтэй үйлдлүүдийг тодорхой тусгаж өгсөн. Үүнд: Ажлын байранд компанийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулахуйц нөхцөл байдлыг үүсгэж танхайрсан, хамт олны эвсэг байдалд сөргөөр нөлөөлөхүйц харилцааны зүй бус үйлдэл гаргасан, бусад хууль бус үйлдэл /хов жив тараах, бусдыг доромжлох, нэр хүндэд нь халдах, компанийн эсрэг сурталчилгаа хийж бусдыг өдөөн турхирах, хамт олныг хагалган бутаргах үйл ажиллагаа явуулах, зодолдох, маргалдах, танхайрах гэх мэт/ гаргасан-г гэж тус тус заасан. Иймд энэхүү үйлдэл нь Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг илт зөрчсөн үйлдэл бөгөөд компанийн зүгээс хөдөлмөрийн гэрээг цуцлах хангалттай үндэслэл болсон. Ажлын гүйцэтгэл хангалтгүй, ур чадвар мэргэжлийн шаардлага хангаагүй, нэхэмжлэгч нь ажил үүргээ гүйцэтгэхдээ техник хэрэгсэл ашиглах ур чадвар хангалтгүй, хариуцлагагүй, байгууллагын дотоод зохион байгуулалт, ажлын заавар, удирдлагын тушаалыг үл тоомсорлон зөрчиж байсан нь тухайн албан тушаалд тэнцэхгүй болохыг харуулсан. Үүнийг нэхэмжлэгчийн шууд удирдлага болох Уулын хэлтсийн дарга ******* болон бусад ахлах ажилтнууд албан ёсоор тайлагнасан бөгөөд дараах үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Хөдөлмөрийн гэрээний 1.23 дугаар зүйлд Ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон гэж заасны дагуу уг нөхцөл тогтоогдсон тул 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 04/20 дугаар тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон. Ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг хуульд заасан зохих журмаар хүргүүлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тухай мэдэгдэх үүргээ бүрэн биелүүлсэн. 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүний нөөцийн ажилтан ******* нь утсаар нэхэмжлэгчтэй холбогдон анхны мэдэгдэл өгсөн, 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр WeChat сүлжээгээр тушаалыг илгээн дахин мэдэгдсэн. Иймд тухайн мэдэгдэл нь зохих хэлбэр, журмын дагуу хийгдсэн болно.
Нэхэмжлэгчийн мэргэшлийн түвшин, ур чадвар хангалгүй, ажлын гүйцэтгэлийн хувьд тэнцэхгүй болох нь тогтоогдсон бөгөөд ёс суртахууны хувьд зөрчил гаргасан зэргээс шалтгаалан түүнийг дахин ажилд авах нь байгууллагын хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх тул уг шаардлагыг хүлээн авах үндэслэлгүй.
Нэхэмжлэгч нь өөрийн буруугаас шалтгаалан ажлаас чөлөөлөгдсөн тул тухайн хугацаанд цалинжих нөхцөл үүсээгүй болно. Ажил олгогч нь хөдөлмөр эрхэлж байсан хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг ажилласан хугацаанд хуульд нийцүүлэн бүрэн төлсөн. Гэрээ дуусгавар болсон хугацаанаас хойш нөхөн бичилт хийх эрх зүйн үндэслэл байхгүй. ******* нь нэхэмжлэгч *******той байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хууль, компанийн хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний нөхцөлийн хүрээнд хууль ёсоор цуцалсан болно. Нэхэмжлэгчийн гаргасан шаардлагууд нь хууль зүйн болон бодит байдлын хувьд үндэслэлгүй бөгөөд хариу тайлбарт дурдсан үйл баримтаар нотлогдоно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь заалтыг тус тус заасныг баримтлан хариуцагч *******-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 04/20 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч *******од ажилгүй байсан хугацааны олговорт 13,880,000 төгрөгийг хариуцагч *******-аас гаргуулж, 2024 оны 10, 11, 12 сар, 2025 оны 02 сарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг хариуцагч *******-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч *******ын *******-д дампын оператор ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч *******-аас 70,200 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэсэн байна.
4. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
******* нь МУ-ын иргэн *******той 2024 оны 07 дугаар сарын 21-ний өдөр дампын оператор албан тушаалд 3 сарын хугацаатай туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Уг гэрээ нь Хөдөлмөрийн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.2-т заасан хугацаат, туршилтын шинжтэй гэрээ болно. Ийнхүү Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т зааснаар уг харилцааг цаашид үргэлжлүүлэхгүй, сунгахгүй байх хүсэл зоригийг ажил олгогч тушаал, шийдвэрээр илэрхийлсэн тул хөдөлмөрийн харилцаа хууль ёсны дагуу дуусгавар болсон. Гэвч анхан шатны шүүх хөдөлмөрийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан ноцтой зөрчил-ийн хүрээнд дүгнэж, сахилгын зөрчил тогтоогдоогүй гэж үзсэн нь маргааны бодит эрх зүйн шинжийг буруу тодорхойлсон гэж үзэж байна. Учир нь сахилгын шийтгэл бус, харин туршилтын хугацаанд ажилтныг албан тушаалд тэнцэх эсэхийг үнэлэхтэй холбоотой асуудал юм.
Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 81 дүгээр зүйлийн 81.1.2-т зааснаар туршилтын хугацаанд ажил олгогч ажилтны мэргэжил, ур чадвар, гүйцэтгэлийг үнэлэх эрхтэй. Хууль тогтоогч ажилтныг ажилд авахдаа мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага, туршлага тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирох эсэхийг шалгах зорилгоор 3 хүртэлх сарын хугацаагаар туршилтаар ажиллуулж болохыг зөвшөөрсөн бөгөөд энэ нь өөрөө ажил олгогчийн эрхийг нэмэгдүүлэх замаар ажилтан болон ажил олгогчийн эрхийг харьцангуй тэнцвэржүүлэхэд чиглэсэн. Харин энэхүү туршилтын хугацаанд *******ыг дампын операторын ажил үүргийг гүйцэтгэхэд тохирохгүй гэж үзсэнийг гагцхүү ажил олгогч өөрөө тодорхойлох эрхийг хуулиар олгосон байна. Үүнтэй холбоотойгоор түүний шууд удирдлагаас ирүүлсэн тухайн ажлын байранд ур чадвар тэнцэхгүй тухай бичгээр ирүүлсэн тэмдэглэлд үндэслэж, туршилтын хугацаа дуусахаас өмнө хугацаатай хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Гэвч шүүх ажил олгогчийн менежментийн үнэлгээг сахилгын зөрчил тогтоох түвшний нотолгоогоор баталгаажуулах шаардлага тавьсан нь туршилтын гэрээний мөн чанарт нийцээгүй. Иймд анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Туршилтын хугацааны гэрээ байгуулснаар ажил олгогч нь цаашид тухайн ажил горилогчийг заавал ажиллуулах хууль зүйн үүрэг хүлээгээгүй байдаг. Тиймээс ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөх хууль зүйн боломж байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
Монгол Улсын Үндсэн хуульд заасан үг хэлэх үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хаагдан боогдуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөнийг эсэргүүцсэн нь ажлаас халах шалтгаан болсон гэж үзэж байна. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэртэй санал нэг байна гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээ болон найруулгын өөрчлөлт оруулав.
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан ажлаас халагдсан тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан үеийн цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн баталгаажуулалт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагаасаа татгалзсан байна.
2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:
2.1. ******* нь *******той 2024 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс дамп операторын ажилд 3 сарын хугацаагаар туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулсан. /хх5-10/
2.2. *******-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 04/20 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 78 дугаар зүйлийн 78.1.9-д заасныг үндэслэн *******ыг хөдөлмөрийн гэрээний 9.8.1, 9.8.15, 9.8.36, 9.8.43-т заасан ноцтой зөрчлөөр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. /хх13/
2.3. ******* нь Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан байх ба 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл/шийдвэрээр эвлэрэх боломжгүй гэсэн үндэслэлээр урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгосон. /хх14-16/
3. Талууд нэхэмжлэгчийг сахилгын зөрчил гаргасан эсэх, тус зөрчил нь хөдөлмөрийн гэрээнд заасан ажлаас чөлөөлөх ноцтой зөрчилд хамаарах эсэх талаар маргажээ.
4. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасан хугацааны дотор хөдөлмөрийн маргааныг урьдчилан шийдвэрлэх эрх бүхий байгууллагад болон шүүхэд хандсан болох нь хэрэгт авагдсан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 192/ШЗ2025/02506 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 149/ШШ2025/00123 дугаартай *******-ийг эрэн сурвалжилсан шийдвэр, Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын цагдаагийн хэлтсийн албан бичиг зэргээр тогтоогдож байна.
5. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно гэж, мөн зүйлийн 123.2 дахь хэсэгт Ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд дараах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан.
5.1. Талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1.20-д сахилгын ноцтой зөрчилд тооцох нөхцөлүүдийг тусгасан байх боловч хариуцагчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон дээрх тушаалд заасан гэрээний 9.8.1, 9.8.15, 9.8.36, 9.8.43 гэх заалтууд нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ийм дугаарлалт бүхий заалт байхгүй байна. Түүнчлэн, хариуцагчийн гаргасан тушаалын үндэслэлдээ нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчлийн талаар тодорхойлоогүй байна.
5.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж болохоор заасан. Энэ тохиолдолд ажилтны гаргасан зөрчил тус бүр тогтоогдсон байхыг шаардах бөгөөд үүнийг ажил олгогч нотлох үүрэгтэй.
Гэтэл, хариуцагч талаас нэхэмжлэгчийг ажиллах хугацаандаа ур чадвар дутмаг, ажлын явцад уулын мастер, хүний нөөцөөс өгсөн удирдлагыг дагадаггүй, бусад ажилчидтай эв эетэй байдаггүй, ажил хаялт зохион байгуулсан гэх боловч уг зөрчлийг хэрхэн тогтоосон болох, уг асуудал нь хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчилд тооцогдох эсэхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж үзэхгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
6. Анхан шатны шүүхэд, нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан эсэх асуудлаар хариуцагч маргасан байх боловч давж заалдах гомдолдоо нэхэмжлэгчийг туршилтын 3 сарын хугацаагаар ажиллаж байсан гэж талууд анхан шатны шүүхэд маргаагүй асуудлаар давж заалдах гомдол гаргасан байна.
Иймд, анхан шатны шүүхэд маргаагүй асуудлаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй бөгөөд нэхэмжлэгч нь 2024 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 3 сарын туршилтын хугацаагаар ажиллаж байсан, уг хугацаа дуусахаас өмнө буюу 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан байх боловч түүнтэй байгуулсан гэрээг хуульд заасан үндэслэл, нотлох баримтгүйгээр дуусгавар болгосон байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.
7. Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсаны дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй байгааг залруулан мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасныг баримталсан өөрчлөлтийг оруулна.
Мөн нэхэмжлэгчийн, хариуцагч *******-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 04/20 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулах шаардлага нь нэхэмжлэлийн үндэслэл байх тул шийдвэрийн тогтоох хэсгээс хасна.
8. Нэхэмжлэгч ******* нь шүүх хуралдааны шатанд ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагаасаа татгалзаж, үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөний үр дагаварт 4 сарын хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулахаар шаардсан байх тул түүний ажилгүй байсан 4 сарын байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөх олговорт 13,880,000 төгрөгийг хариуцагч *******-аас гаргуулж олгох, ажилгүй байсан 4 сарын хугацаанд нийгмийн даатгалыг нөхөн баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасанд нийцнэ.
9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 192/ШШ2025/10745 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 158.2.2 гэснийг 158.1.1 гэж, хариуцагч *******-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 04/20 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож хэсгийг хасч, тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР
ШҮҮГЧИД О.ОДГЭРЭЛ
Ц.АЛТАНЦЭЦЭГ