Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 912

 

 

 

 

 

2019           10          23                                    2019/ШЦТ/912     

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа,

Улсын яллагч Б.Мөнгөншагай,  

            Шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч О.Оюунчимэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Цд холбогдох эрүүгийн 1909034270988 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           

Монгол Улсын иргэн, 1997 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Tipcu” лоунжид бартендер ажилтай, ам бүл 3, эх, ах нарын хамт Баянхонгор аймгийн Баянхонгор 2 дугаар баг Эрдэнэмандал 18 гудамж 5 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 94 дүгээр байрны 26 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Б.Ц нь 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Brussels /Брюссель/ гэх бааранд барменаар ажиллаж байхдаа тус бааранд зөөгчөөр ажиллаж байсан иргэн Б.Өлзийнарантай аяга, таваг угаах асуудлаас үүдэн маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар мөргөх, өвдөглөх зэрэг үйлдлээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

        Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

           Шүүгдэгч Б.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

           Эрүүгийн 1909034270988 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Б.Ц мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 8 дугаар сарын 30-наас 2019 оны 8 дугаар сарын 31-нд шилжих шөнийн 02 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шангрилла” төвийн Брюсселс пабад барменаар ажиллаж үүрэг гүйцэтгэж байсан. Текэн дотор ороход зөөгч Өлзийнаран байж байсан. Би Өлзийнаранд хандаж “бакал сткануудыг угаачих би тооллого тооцоогоо хийж байя” гэж хэлсэн. Тэгсэн чинь Өлзийнаран “үгүй, эмэгтэй зөөгч нараараа угаалга, би угаахгүй” гэж хэлсэн. Би “чи угаачихаа” гэж дахин хэлэхэд Өлзийнаран “үгүй” гээд өөдөөс хэлсэн. Би Өлзийнарангийн дагз руу нь баруун гараараа зөөлөн алгадсан. Энэ үед Өлзийнаран миний урдаас “яагаад намайг цохиж байгаа юм, дахиад намайг цохих юм бол би зөрүүлээд чамайг цохино шүү” гэж хэлэхээр нь би толгой руу нь баруун гараараа зөөлөн алгадсан. Өлзийнаранг намайг баруун гараараа зүүн шанааруу 2 удаа цохисон. Тэгэхээр нь би Өлзийнаранг барьж аваад нүүрэн тус газар руу нь толгойгоороо 1 удаа мөргөсөн. Дараа нь бид хоёр хоорондоо зууралдаж байх үед зөөгч Минжээ болон Энхэлгэнэ нар салгасан. Ингээд зохион байгуулагч Заяа дотроос гарч ирээд Өлзийнаранг авч орсон. Би араас нь ороод “уучлаарай” гэж хэлээд гар барих гэсэн чинь Өлзийнаран гар барихгүй зугтаагаад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-45 дугаар хуудас/,

 

Хохирогч Б.Өлзийнаран мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 8 дугаар сарын 30-наас 2019 оны 8 дугаар сарын 31-нд шилжих шөнийн 02 цаг өнгөрч байхад би Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шангрилла” төвийн Брюсселс пабад зөөгчийн ажлаа хийж байсан. Тухайн үед паб сүүлийнхээ захиалгыг аваад паб хаах тийшээгээ хандаж байсан. Энэ үед би бармен Цэрэнноровтоо стакануудаа угаалтуур дээр ойртуулж өгч байх үед Цэрэнноров найзтайгаа хамт тамхи татаж дуусаад ажлын байрлуугаа орж байсан. Тэгээд над дээр ирээд “стакануудаа угаачихаач” гэж хэлсэн. Ингэж хэлэхээр нь би “хөгшин чинь угааж чадахгүй, би хог болон бусад зүйлсээ цэвэрлэмээр байна” гэж хэлсэн. Дараа нь Цэрэнноров “чи угаагаад өгчихөөч” гэж хэлээд миний дагз руу баруун гараараа нэг удаа алгадаж цохисон. Би Цэрэнноровт хандаж “чи охидуудаараа хийлгэчихээч” гэж хэлсэн. Ингээд би пабынхаа текнээс гарах гэж байтал Цэрэнноров урд зам хааж зогсоод баруун гараараа намайг заамдаж эхэлсэн. Би Цэрэнноровт хандаж “чи охидуудаараа угаалгаач ээ” гэж 3-4 минутын турш удаа дараа хэлсэн боловч Цэрэнноров заамдсан хэвээрээ байсан. Цаанаас нь нэг үл таних хүн касс нь дээр ирэхэд Цэрэнноров заамдаж байснаа болиод тэр хүн дээр очсон. Очихоор нь текнээс гарахын тулд кассны ард талаар гарж явах гэсэн боловч намайг заамдаад “чи угаачих” гээд тушаагаад дахиад дагз руу баруун гараараа нэг удаа алгадсан. Удалгүй би уурлаад Цэрэнноровын нүд рүү нь хараад “энэ чинь чиний хийх ёстой ажил биз дээ” гэж хэлсэн. Цэрэнноров халамцуу архи уусан байсан ба намайг зүүн гараараа цохих гэхээр нь би гарыг нь хараад өөрийгөө хамгаалаад гараараа хаасан. Дараа нь би баруун гараа атгаад Цэрэнноровын хацар руу нь 2-3 удаа цохисон. Энэ үед Цэрэнноров намайг гараараа заамдаж барьсаар байсан ба намайг гараараа доош нь татаад толгой руу маань нэг удаа мөргөсөн. Бид хоёр зууралдаад байж байхад Цэрэнноров намайг заамдсан хэвээрээ доошоо дарж байгаад нүүр рүү 1 удаа өвдөглөж цохисон. Тэгж байтал хажууд байсан хоёр эмэгтэй зөөгч Энхэлгэнэ, Мөнгөнзаяа, эрэгтэй зөөгч Таяанамжил, бармен Хашбат болон Цэрэнноровын найз гэх үл таних залуу бид хоёрыг салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 4-8 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Энхэлгэнэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 8 дугаар сарын 30-наас 2019 оны 8 дугаар сарын 31-нд шилжих шөнийн 00-01 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шангрилла төвийн Брюсселс пабад зөөгчөөр ажиллаж байсан. Тухайн үед ажлын найз Өлзийтэйгээ гадаа гарден дээр ажиллаж байсан. Паб хаах цаг дөхөж байсан ба хогоо асгаад зарим зүйлсийг цэвэрлэж байсан. Тэр үед Цэрэнноров текен дээр бармен хийж байсан ба архи уусан согтсон байдалтай байсан. Гадаа хүйтэн байсан ба Мөнгөнзаяа бид хоёр хогоо асгаж байсан. Өлзий бид хоёр тухайн үед зав муутай байсан учраас бакал сткануудыг угаах боломжгүй байсан. Өлзий хог асгахаар болоод би ширээ арчихаар болох үед Цэрэнноров хүрч ирсэн. Тэгээд Цэрэнноров Өлзийг “бакал сткануудаа угаа” гээд гараараа дагздаж цохисон талаар Өлзий надад хэлсэн. Өлзий Цэрэнноровт хандаж “би хогоо асгачаад ирье” гэж хэлсэн чинь Цэрэнноров Өлзийг заамдаад түүн рүү дайраад байсан. Дайрч байхдаа “чи ямар том болсон юм бэ, чамайг угаа гэж хэлж байгаа юм биш үү” гэж хэлээд дайраад байсан. Өлзий тухайн үедээ заамдуулаад зүгээр зогсож байсан. Өлзий нь найзууд юм чинь гэж ярьж хэлж байсан. Дараа нь тэр хоёр хоорондоо салахгүй зодолдох гээд байсан учираас би дотогшоо ороод пабын зохион байгуулагч болох Заяа эгчид хандаж Өлзий, Норовоо хоёр зодолдох гээд байна гэж хэлэхэд Заяа эгч итгэхгүй байсан. Ингээд нэг харсан чинь Өлзий Норовоог цохиод Норовоо нь Өлзийг зодсон үйл явдал болсон. Норовоогийн найз нь гэх залууг Норовоог болиулаад Өлзийг дотогш оруулсан. Өлзийг Мөнгөнзаяа бид хоёр Заяа эгч рүү дагуулж орсон чинь Өлзий Заяа эгчид хандаж би Норовоод цохиулчихлаа хуулийн дагуу шийдүүлнэ гэж хэлсэн. Өлзийгийн хамрыг харсан чинь хамар нь далийсан байсан. Мөнгөнзаяа авч өгөхөд Өлзий хамрандаа мөс тавьсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

 

Гэрч М.Хашбат мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 8 дугаар сарын 30-наас 2019 оны 8 дугаар сарын 31-нд шилжих шөнийн 01-02 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шангрила моллд байрлах Brussels баарандаа бармен хийж байсан. Тэгээд байж байтал гаднаас зөөгч Энхэлгэнэ, Мөнгөнзаяа ирээд энэ хэд зодолдоод муудалцаад байна гэж хэлэхээр нь би гайхаад очтол Өлзий, Норовоо хоёр хоорондоо муудалцаад барилцаж аваад зодолдоод салаад хоорондоо хэрэлдээд байсан. Өлзийгийн хамар нь мурийсан байдалтай байсан. Норовоо нь гадна нь ил харагдах зүйлгүй байсан. Тухайн үед энэ хоёр хоорондоо хэрэлдээд байхаар нь би тэр хоёрыг загнасан. Дараа нь би Норвоог текений ойролцоо авч үлдээд Өлзийг дотор заал руу оруулаад цаашаагаа хогоо асгаад бусад ажилаа хийсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

 

Гэрч М.Заяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 8 дугаар сарын 30-наас 2019 оны 8 дугаар сарын 31-нд шилжих шөнийн 02-03 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шангрила төвийн Brussels бааранд зохион байгуулагчаар ажиллаж байсан. Гаднаас Мөнгөнзаяа гэх зөөгч эмэгтэй гадна гарден заалнаас дотогшоо орж ирээд надад хандаж Норовоо, Өлзий хоёр зодолдоод байна гэж хэлсэн. 5 минутын дараа Өлзий орж ирсэн ба Өлзийгийн хамар мурийсан байдалтай байсан. Дараа нь Өлзий надад хандаж хэлэхдээ Норовоо бид хоёр аяга тавга угаах асуудлаас болоод Өлзийгийн хамрыг Норовоо цохиж гэмтээсэн гэж хэлсэн. Норовоо надад хэлэхдээ Өлзий эхлээд намайг цохисон гэж хэлсэн. Норовоо нь архи уусан байдалтай согтолттой байсан. Өлзийд би цагдаа дуудах уу гэж хэлсэн чинь Өлзий одоохондоо гомдолгүй эмнэлэгт үзүүлж байж больё гэж хэлсэн. Ингээд би Өлзийг эрт ажлаас нь буулгаад гэмтлийн эмнэлэг рүү яаралтай яв гэж хэлээд явуулсан. Яг энэ үед мөн адил Норовоог явуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

 

Гэрч С.Таяаннамжил мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 8 дугаар сарын 30-наас 2019 оны 8 дугаар сарын 31-нд шилжих шөнийн 02 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шангрила моллд байрлах Brussels бааранд зөөгчийн ажлаа хийж байсан. Дараа нь манай баарны зөөгч Энхэлгэнэ дотор талын зааланд орж ирээд тэнд байсан нийт ажилчдад гадаа зодоон болоод байна гэж хэлсэн. Тэгж хэлээд гадна талбайд гараад очсон чинь манай зөөгч Минжмаа Цэрэнноров, Өлзийнаран хоёрыг салгаад дунд нь зогсож байсан. Ингээд хоёр талаасаа давшлаад нэг нэгэн рүүгээ дайрах гээд байхаар нь би тэнд байсан ганц эрэгтэй зөөгч нь байсан учраас тэр хоёрын дундуур орж салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

 

Гэрч Н.Мөнгөнзаяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 8 дугаар сарын 30-наас 2019 оны 8 дугаар сарын 31-нд шилжих шөнийн 02 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шангрилла төвийн Брюсселс пабад зөөгчөөр үүрэг гүйцэтгэж байсан. Би тухайн өдрийн тооцооныхоо баримтуудыг Заяа эгчийн өөдөөс нь хараад нааж байтал пабын зөөгч Энхэлгэнэ орж ирээд Заяа эгчид хандаж гадаа Цэрэнноров, Өлзийнаран хоёр зодолдоод байна гэж хэлээд Заяа эгчийг дагуулж гарсан. Би зааланд үлдээд юмнуудаа дуусгах гээд байж байсан. Хэдэн минутын дараа Өлзийнаран орж ирсэн. Түүний нүүр нь цус болчихсон хоолой нь чичирсэн байдалтай байсан. Дараа нь би Өлзийнаранг хараад хийж байгаа зүйлээ түр орхиод уутанд мөс хийгээд түүнд өгсөн. Өлзийнаран би гэмтэл рүү явна гэж хэлээд гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

  

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10586 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Б.Өлзийнарангийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
  4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..." гэжээ /хх-ийн 28 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгч Б.Цын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 50 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 49 дүгээр хуудас/, шүүгдэгч Б.Цын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 51-53 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Ц нь 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шангрилла молл”-д байрлах Brussels /Брюссель/ гэх бааранд барменаар ажиллаж байхдаа тус бааранд зөөгчөөр ажиллаж байсан иргэн Б.Өлзийнарантай аяга, таваг угаах асуудлаас үүдэн маргалдан зүй бус харьцаж улмаар түүний нүүрэн тус газар мөргөх, өвдөглөх зэрэг үйлдлээр хүч хэрэглэн түүний эрүүл мэндэд “хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт зовхинд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Өлзийннарангийн мэдүүлэг, гэрч Б.Энхэлгэнэ, гэрч Н.Мөнгөнзаяа, гэрч М.Хашбат, гэрч М.Заяа, гэрч С.Таяаннамжил нарын  мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10586 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Дээрх нотлох баримтуудын агуулгаас үзвэл хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч, хохирогч нарын хооронд таарамжгүй харьцаа үүсч маргалдан улмаар Б.Цоос Б.Өлзийнарангийн биед хүч хэрэглэсэн үйлдэл гаргасан, хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргийг мэдүүлж, хохирогчийн бие махбодид хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Цын үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүх шүүгдэгч Б.Цыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Өлзийнарангаас “...Цэрэнноров нь хохирлыг барагдуулж дууссан. Гомдолгүй…” гэсэн хүсэлтээ /хх-ийн 75/ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Б.Цыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.           

 

Б.Цд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Б.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 460 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 460.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Ц нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав. 

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, хоорондоо зүй зохистой харьцах зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.Цг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.        

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цыг 460 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 460.000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ДУЛАМСҮРЭН