| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 191/2025/04759/И |
| Дугаар | 210/МА2026/00688 |
| Огноо | 2026-03-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2026/00688
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч Б.Ууганбаяр, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 191/ШШ2026/00273 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч *******-д холбогдох,
Орон сууц захиалан бариулах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 11,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
Миний бие 2024 оны 10 дугаар сард *******-ийн гүйцэтгэх захирал ******* гэх хүнтэй тохиролцож, уг компанийн барьж буй Баянзүрх дүүргийн ******* хорооны ******* орон сууцны хотхоноос орон сууц худалдаж авахаар болсон.Орон сууцыг 1 сарын дотор хүлээлгэн өгнө гэсэн тул 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр *******-ийн гүйцэтгэх захирал *******тэй 128 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ-г байгуулж, уг хотхоны 114А байрны 1105 тоот 50.5 м.кв орон сууцыг 161,600,000 төгрөгөөр худалдаж авахаар урьдчилгаанд 115,000,000 төгрөгийг уг компанийн дансанд маргааш өдөр нь шилжүүлсэн.
1.1. Нэхэмжлэгч ******* нь *******-тай 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 128 дугаар гэрээ, 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 128/А дугаар Орон сууц захиалан бариулах гэрээ-г байгуулахад *******-ийн гүйцэтгэх захирал хэмээн ******* нь гарын үсэг зурсан. Гэвч хэргийн материалд нотлох баримтаар бэхжүүлсэн *******-ийн улсын бүртгэлийн гэрчилгээн дээр тухайн үед *******-ийн гүйцэтгэх захирлаар ******* гэдэг хүн бүртгэлтэй байх бөгөөд 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр *******-ийн гүйцэтгэх захирлаар ******* нь албан ёсоор бүртгэгджээ. Иймд, 2024 оны 10,11 дүгээр сард ******* нь ******* гүйцэтгэх захирал биш байх бөгөөд хэлцэл хийх үед хэлцэлд төлөөлөх итгэмжлэл олгогдоогүй, төлөөлөх эрхгүй этгээдтэй хийсэн хэлцэл гэж үзэж байна.
1.2. Хот байгуулалт, Хотын стандартчиллын газраас, *******-д Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* хороонд орон сууцны зориулалттай, 16 давхар, 2 блок барилга барих зөвшөөрлийг, 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаатай олгосон байх бөгөөд барилгын ажил гүйцэтгэгчийн мэдээлэлд ******* гэжээ. Уг баримтаас үзвэл ******* нь 2024 оны 10, 11 дүгээр сард уг газарт барилга барих зөвшөөрөлгүй. Өөрөөр хэлбэл, уг хэлцэл нь анхнаасаа биелэгдэх боломжгүй буюу уг барилга ашиглалтад орсон байсан ч ******* нь *******д уг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөх боломжгүй байна. Мөн *******-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд үйл ажиллагааны чиглэлийг Төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа гэсэн байгааг дурдаж байна.
1.3. *******-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанаас үзэхэд ******* нь 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр эцсийн өмчлөгчөөр бүртгүүлжээ. Иймд *******, ******* нар нь 2024 оны 10,11 дүгээр сард гэрээ байгуулах үед ******* нь *******-ийн эцсийн өмчлөгч биш, уг 2 компани хоорондоо хамааралгүй байсан байна. Дээрхээс дүгнэн үзвэл ******* нь *******-тай 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 128 дугаар гэрээ, 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 128/А дугаар Орон сууц захиалан бариулах гэрээ-г байгуулах үед *******-ийн гүйцэтгэх захирал нь ******* биш, мөн хэлцэлд төлөөлөх эрх олгогдсон баримтгүй, *******-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд үйл ажиллагааны чиглэлээс өөр зорилгоор гэрээ байгуулсан, мөн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* хороонд барилга барих зөвшөөрөл олгогдоогүй байхад өөр этгээдийн барьж буй орон сууцыг өөрийн орон сууц мэтээр ойлгуулж, бусдад худалдсан, гэрээ байгуулагдах үед *******-ийн эцсийн өмчлөгч байгаагүй байна. Талуудын хооронд хийсэн дээрх хэлцлүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.9-д заасан хууран мэхэлж хийсэн хэлцэлд тус тус хамаарна.
Иймд, нэхэмжлэгчийн *******-тай байгуулсан 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 128 дугаар, 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 128/A дугаар Орон сууц захиалан бариулах гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бусад тооцож, хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаврыг арилгаж торгуульд суутгасан 11,500,000 төгрөгийг *******-аас гаргуулж нэхэмжлэгчид олгуулж өгнө үү. Мөн 128/4 гэж гэрээний дугаарын зөрүүтэй, техникийн шинжтэй алдааг залруулж 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 128/1 дугаартай орон сууц захиалан бариулах гэрээ гэж залруулж байгаа болно гэжээ.
2. Хариуцагч талын тайлбарын агуулга:
2.1. ******* болон ******* нарын хооронд байгуулагдсан 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Орон сууц захиалах бариулах гэрээ нь 128/1 дугаар гэрээ байх тул нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсантай хариуцагч талаас маргахгүй. *******-ийн гүйцэтгэх захирал ******* нь 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 128 дугаар гэрээ, 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 128/1 дугаар гэрээнүүдэд гарын үсэг зурах үедээ тус компанийн гүйцэтгэх захирал албан тушаалд томилогдоогүй байсан боловч тухайн үеийн гүйцэтгэх захирлын шилжүүлэн өгсөн эрхийн дагуу ******* хотхоны орон сууц захиалан бариулах гэрээнүүдэд *******-ийг төлөөлөн гарын үсэг зурж байсан. Иймд ******* нь *******тай байгуулсан 2024 оны 128 болон 128/1 дугаар гэрээнүүдэд хариуцагч хуулийн этгээдийг төлөөлөн гарын үсэг зурсан нь Иргэний хуульд заасны дагуу тус хуулийн этгээдийг төлөөлөн гарын үсэг зурах бүрэн эрх олгогдсоны дагуу эрхээ хэрэгжүүлсэн үйлдэл байх тул уг гэрээнүүд нь хүчин төгөлдөр гэрээ юм.
2.2. 2024 оны 11 дүгээр сард буюу нэхэмжлэгч *******тай Орон сууц захиалан бариулах гэрээ-нүүдийг байгуулах үед *******-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь ******* байсан нь улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанаас харагдана. Гэвч *******-ийн 100 хувийн хувьцааг *******-д шилжүүлэх шийдвэрийг ******* нь 2022 онд гаргаж, холбогдох гэрээ, хэлцлийг *******-тай байгуулж, *******-ийн бүрэн эрхийг шилжүүлсэн байдаг. Энэ нь *******-ийн дүрмийг 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр үүсгэн байгуулагчийн шийдвэрийн хавсралтаар баталснаас тодорхой харагдана. Тухайн үед ******* шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотойгоор хориг тавиулсан байсан бөгөөд хувьцаа эзэмшигчийн өөрчлөлтийн бүртгэлийг хийлгэх боломжгүй байсан. Хориг цуцлагдсан даруйд буюу 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр *******-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр ******* нь бүртгэгдсэн нь мөн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаанаас харагдана. Иймд *******тай 2024 оны 10 болон 11 дүгээр сард орон сууц захиалан бариулах гэрээнүүд байгуулах үед ******* нь *******-тай хийсэн хэлцлийн хүрээнд захиалагч нартай гэрээ байгуулах бүрэн эрхтэй байсан тул маргаан бүхий гэрээнүүд нь хүчин төгөлдөр гэрээ юм.
2.3. Хуулийн этгээдийн үйл ажиллагааныхаа зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл гэдэгт хуулийн этгээд нь байгуулагдсан болон үйл ажиллагаа эрхлэх болсон үндсэн шаардлага, шалтгаан, оршин тогтнож үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах ач холбогдол, нөхцөл бололцоог үгүйсгэсэн хэлцлийг хамааруулан ойлгоно. Харин ******* нь ашгийн төлөө худалдаа эрхлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан хуулийн этгээд бөгөөд энэхүү үйл ажиллагааныхаа хүрээнд өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж байгаа юм. Нэхэмжлэгч ******* нь түүнтэй байгуулсан 128 болон 128/1 Орон сууц захиалан бариулах гэрээ-г хууль болон нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг зөрчсөн гэх боловч яг ямар хуулийг яаж зөрчсөн, ямар зан суртахууны хэм хэмжээг зөрчсөн гэдэг нь тодорхойгүй байх бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 128 дугаар гэрээ, 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 128/1 гэрээ нь хууль зөрчөөгүй, холбогдох хууль тогтоомжид нийцсэн хүчин төгөлдөр гэрээнүүд юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн №128 орон сууц захиалан бариулах гэрээ, 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн № 128/1 Орон сууц захиалан бариулах гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бусд тооцож, хариуцагч *******-аас нийт 11,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 1,506,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн нийт 390,950 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид нийт 1,897,850 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэсэн байна.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Хариуцагч *******-ийн охин компани болох ******* нь маргааны зүйл болсон орон сууцны барилгыг барих эрхийг зөвшөөрлийн хамт холбогдох хууль тогтоомжийн дагуу авч, барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн байхад шүүхээс *******-ийн толгой компани болох ******* нь барилгын ажлын зөвшөөрөлгүй байх тул тус орон сууцыг захиран зарцуулах эрхгүй гэж тодорхойлж эрх зүйн тусдаа бие даасан үйл баримтуудыг хэт явцууруулан дүгнэж, улмаар баригдсан орон сууцуудыг худалдан борлуулах эрх нь зөвхөн тухайн барилгыг барих зөвшөөрлийг олж авсан бөгөөд заавал барилгын үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдэд байх ёстой гэсэн шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангасангүй.
4.2. Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлсэн цагаас үүсэх бөгөөд хуулийн этгээдийн чадвар гэдэгт Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ гэж заасан шаардлагыг хуулийн этгээд бүрэн хангасан байхыг ойлгоно. Хариуцагч ******* нь хуулийн этгээдийн чадварын хувьд 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр үүсгэн байгуулагдаж Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлснээс хойш өөрийн гэсэн тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх зүйн харилцаанд бие даасан субъектээр оролцож, эрх зүйн үүрэг, хариуцлагыг өөрийн эд хөрөнгөөр хүлээж, тогтвортой үйл ажиллагаа эрхэлсээр ирсэн буюу 2017 оноос хойш хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвартай байсаар ирсэн.
Учир нь *******-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр хариуцагч ******* нь 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр бүртгэгдсэн нь ч ийнхүү улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдэхээс өмнө буюу 2022 оноос хойш *******-ийн хувьцаа эзэмшигчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээж байсан нь *******-ийн улсын бүртгэлийн лавлагаа, компанийн дүрэм болон *******-ийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд ирүүлсэн тайлбараар бүрэн нотлогддог. Энд *******-ийн хүчин төгөлдөр дүрэм нь 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр батлагдсан байх бөгөөд уг дүрмээр компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр ******* болохыг тодорхойлсон байдаг ба 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр энэхүү дүрмийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн үйл баримт нь уг компанийн дүрмээр бүрэн тогтоогддог. *******-ийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн үйл баримтыг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх явц удааширсан нь тус хуулийн этгээдэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тавьсан хоригтой холбоотой бөгөөд энэхүү хориг нь 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр цуцлагдаж, ийнхүү цуцлагдсан даруйд *******-ийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн өөрчлөлтийг улсын бүртгэлийн байгууллагад 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан *******-ийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, *******-ийн тайлбараар мөн тогтоогддог. Тодруулбал, хариуцагч ******* нь эрх зүйн чадвартай хуулийн этгээд бөгөөд ******* хорооллын орон сууцуудыг худалдан борлуулах, захиран зарцуулах бүрэн эрхтэй байсан, уг эрхийг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасанд нийцсэн *******-тай байгуулсан гэрээний үндсэн дээр *******-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчийн хувиар хэрэгжүүлж байсан, энэхүү эрхийнхээ хүрээнд худалдан авагч болох нэхэмжлэгч *******тай 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 128 дугаар Орон сууц захиалан бариулах гэрээ, 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 128/1 дугаар Орон сууц захиалан бариулах гэрээ-г тус тус байгуулсан байтал шүүхээс нэхэмжлэгч *******тай байгуулсан 128 дугаар Орон сууц захиалан бариулах гэрээ, 128/1 дугаар Орон сууц захиалан бариулах гэрээ-нүүдийг байгуулахдаа тус орон сууцыг захиран зарцуулах эрхгүй атлаа эрхтэй мэтээр нэхэмжлэгчид ойлгуулж, нэхэмжлэгчийг хууран мэхэлж хэлцэл хийсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байхад хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
Анхан шатны шүүх хэргийг үнэн зөв шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн. ******* нь 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулж өгсөн байдаг. Учир нь, хариуцагч тал барилга барих зөвшөөрлөө өг гэсэн агуулгаар хүсэлт гаргасан. Гэтэл нэхэмжлэгч нь *******-ийн дүрэм, барилга барих зөвшөөрлийг гаргаж өгсөн. Энэ талаар дараах агуулгаар тайлбар гаргадаг. ******* нь *******-ийн охин компани бөгөөд бид 100 хувийн хувьцаа эзэмшигч нь юм. Иймд бид уг орон сууцыг худалдан борлуулах эрхтэй гэж маргадаг. Тодруулбал, ******* нь уг орон сууцыг худалдаж авахаар гэрээ байгуулж байх үед *******-ийн эцсийн өмчлөгч нь ******* байсан бөгөөд тухайн үед *******-тай хамааралгүй байсан. Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь *******-ийн эцсийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлээгүй байж эд хөрөнгийг худалдан борлуулж болохгүй гэж маргаж байгаа юм.
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т хуулийн этгээдийн улсын бүртгэл гэж хуулийн этгээдийн эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагаа хэлнэ гэж заасан. ******* нь *******-ийн эд хөрөнгийг зарж борлуулах гэж байгаа бол улсын бүртгэлд бүртгүүлснээр эрх нь үүсэх буюу иргэний эрх зүйн чадвартай болно. ******* нь барилга барих зөвшөөрөлгүй бөгөөд анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа зөвшөөрөлгүй гэдэг үндэслэлээр хэргийг шийдвэрлээгүй.
******* нь 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гэрээгээ цуцалж, мөнгөө буцааж авъя гэх агуулгаар хүсэлт гаргасан. Анхан шатны шүүх хариуцагч компанийг *******-ийн эцсийн өмчлөгчөөр бүртгүүлээгүй нь худалдан борлуулж болохгүй гэх агуулгаар дүгнэлт хийсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээ болон найруулгын өөрчлөлт оруулав.
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан 11,500,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдсон байна. Үүнд:
2.1. ******* нь, *******-тай 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 128 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ-гээр, Баянзүрх дүүргийн ******* хороо, ******* хотхоны 114а байрны 1105 тоот 50.5 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 161,600,000 төгрөгөөр худалдан авах, урьдчилгаанд 115,000,000 төгрөгийг төлөхөөр талууд харилцан тохиролцсон. /хх85-86/
2.2. Нэхэмжлэгч ******* нь, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 114А 1105 байрны урьдчилгаа гэх гүйлгээний утгаар 115,000,000 төгрөгийг тоот дансанд шилжүүлсэн./хх13/
2.3. Мөн нэхэмжлэгч нь *******-тай 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 128/1 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ-гээр, Баянзүрх дүүргийн ******* хорооны ******* хотхоны 114б байрны 205 тоот 50.5 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 161,600,000 төгрөгөөр худалдан авах, урьдчилгаанд 115,000,000 төгрөгийг төлөхөөр талууд харилцан тохиролцсон. /хх87-88/
2.4. Нэхэмжлэгч нь 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр *******-д хандан гэрээний дагуу орон сууц ашиглалтад ороогүй гэх үндэслэлээр гэрээг цуцалж, урьдчилгаанд шилжүүлсэн 115,000,000 төгрөгийг буцаан авах хүсэлт гаргасан. /хх35,36/
2.5. Мөн нэхэмжлэгч нь 2025 оны 04 сарын 01-ний өдөр хариуцагчид хандсан хүсэлтдээ: гэрээний дагуу орон сууц ашиглалтанд ороогүй үндэслэлээр гэрээг цуцалж, 115,000,000 төгрөгийг буцаан олгуулах, тухайн өдөр мөнгийг шилжүүлсэн тохиолдолд, гэрээний дагуу 10 хувийг зөвшөөрөх болно гэжээ./хх37/
2.6. Нэхэмжлэгчийн Хаан банкны дугаартай дансанд, тоот данснаас 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 103,500,000 төгрөгийг шилжүүлсэн. /хх14/
3. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар орон сууц худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. Нэхэмжлэгч нь орон сууцны урьдчилгаа төлбөрт 115,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн, улмаар нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж, хариуцагчаас 103,500,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн талаар талууд маргаагүй ба хариуцагчаас гэрээний 7.2.-т заасныг үндэслэн 10 хувь буюу 11,500,000 төгрөгийг суутгасан нь талуудын маргааны зүйл болжээ.
3.1. Анхан шатны шүүхээс, дээр тогтоогдсон үйл баримтыг дүгнэхдээ талуудын хооронд байгуулагдсан хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээг, хүчин төгөлдөр бусд тооцож болох хэлцэл гэж дүгнэж хуулийг буруу тайлбарласан хууль хэрэглээний алдаатай дүгнэлтийг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэлтийг өөрчилж шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын зохих өөрчлөлтийг оруулна.
4. Нэхэмжлэгчийн захиалсан ******* хотхоны орон сууцны барилгын ажлын зөвшөөрөл нь *******-д 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр олгогдсон байх ба *******-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь ******* байна. Түүнчлэн, *******-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн эрх шилжүүлэх тухай тушаалаар компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал *******т ******* хотхоны орон сууцыг худалдан борлуулах ажлыг хариуцуулсан байна. /хх109,131-132/
5. Талууд 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан гэрээний зүйлийн хаяг, байршлыг өөрчилж, 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн гэрээгээр Баянзүрх дүүргийн ******* хорооны ******* хотхоны 114б байрны 205 тоот 50.5 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц болгож өөрчилсөн байна.
5.1. Талуудын тохиролцсон 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн гэрээний 5.3-т уг орон сууцыг 2025 оны 1 улиралд хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгч талаас уг орон сууцыг хугацаанд нь хүлээлгэн өгөөгүй үндэслэлээр 2025 оны 2 болон 4 дүгээр сард гэрээнээс татгалзаж 115,000,000 төгрөгийг буцаан авах хүсэлт гаргаснаар, хариуцагч нь 103,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож, гэрээний 7.2-т заасан үндэслэлээр 10 хувь буюу 11,500,000 төгрөгийг суутгасан байна.
5.2. Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2, 202.2.15-д аж ахуйн үйл ажиллагаа явуулдаггүй иргэнтэй гэрээ байгуулахаар санал гаргагч тал хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйгээс нөгөө тал гэрээгээ цуцалсан бол санал гаргагч талд анз төлөхөөр заасан бол стандарт нөхцөл хүчин төгөлдөр бус байна гэжээ. Хариуцагч нь аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгч хуулийн этгээд байх бөгөөд стандарт нөхцөл бүхий гэрээг нэхэмжлэгчтэй байгуулсан байх тул гэрээнээс татгалзсанаар хариуцагч талд анз төлөх тухай гэрээний 7.2 дахь заалт хүчин төгөлдөр бус байна.
5.3. Мөн, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсанаар талууд гэрээний гүйцэтгэлийн биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүрэг үүснэ. Өөрөөр хэлбэл, талууд гэрээнээс татгалзсанаар гэрээний үүрэг үгүй болох тул гэрээний үүргийн биелэлтийг хангах аргыг хэрэглэх боломжгүй бөгөөд хариуцагч нь гэрээнд заасан 10 хувийн торгуульд 11,500,000 төгрөгийг суутган авах нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцэхгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
6. Иймд хариуцагчаас 11,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцнэ.
7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 191/ШШ2026/00273 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-аас 11,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай. гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,898,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ
ШҮҮГЧИД Б.УУГАНБАЯР
Ц.АЛТАНЦЭЦЭГ