Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 14

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Ариунжаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Н.Туяа даргалж, шүүгч С.Өмирбек, шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 613 дугаар шийдвэртэй, Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт  оршин суух, Элжигэн овогт Долгорсүрэнгийн Ариунжаргалын нэхэмжлэлтэй, хариуцагч “МЦХ” ХК-ийн Увс аймгийн  Холбооны газарт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Ариунжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Болормаа, хариуцагч Увс аймгийн Холбооны газрын дарга Б.Батболд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох тухай

Нэхэмжлэлийн агуулга: “Миний бие Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 401 дүгээр шийдвэрээр МЦХ ХК-ийн Увс аймгийн холбооны газрын үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгосон. Гэтэл МЦХ ХХК-ийн Увс аймгийн холбооны газрын дарга Б.Батболд нь шүүхийн хүчин төгөлдөр 401 дүгээр шийдвэрийн дагуу намайг МЦХ ХХК-ийн Увс аймгийн холбооны газрын үйлчлэгчийн ажилд эгүүлэн авахаас татгалзаж үйлчлэгч, бичиг хэргийн ажлыг давхар хий гэж шаардсан. Миний бие нь 8 дугаар анги төгссөн тул бичиг цаасны ажлаас хол, бичиг үсэг муу мэддэг тул бичиг хэргийн ажлыг давхар хийж чадахгүй. Иймд  шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу урьд ажиллаж байсан ажил болох үйлчлэгчийн ажилд эгүүлэн томилж өгнө үү гэж гуйсан боловч намайг зөвшөөрөөгүй байхад Б.Батболд дарга өөрөө дур мэдэн 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 18 тоот тушаал гаргаж тус газрын үйлчлэгч, бичиг хэргийн ажилтнаар томилсон.  Би бичиг хэргийн ажил хийх боломжгүй байсан тул ажиллаагүй. Ингээд МЦХ ХХК-ийн Увс аймгийн холбооны газрын дарга Б.Батболд нь 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 21 тоот тушаал гаргаж намайг ажилд томилох тушаал авснаас хойш ажлын 10 хоног ажлын байрыг өөрийн дураар орхигдуулсан гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн ажлаас дахин чөлөөлсөн байна. Иймд МЦХ ХК-ийн Увс аймгийн Холбооны газрын даргын 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 21 тоот ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож миний урд эрхэлж байсан ажил болох МЦХ ХХК-ийн Увс аймгийн Холбооны газрын үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн тайлбарын агуулга: “...Компанийн зардал хэмнэх, нөөц бололцоог ашиглан хөрвөх чадвартай боловсон хүчнийг авч ажиллуулах шийдвэрийн дагуу 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөр ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдөж Г.Байгальмааг түр авч ажиллуулсан. Иргэн Д.Ариунжаргал ажилд орох тушаалаа хүлээж авснаас хойш ажлын 10 хоног ажлаа шалтгаангүй тасалсан учир буцаан халах тушаал гарсан болно. Иргэн Д.Ариунжаргал нь тушаал авсны маргааш 1 хоногийн дараа өөрийн биеэр энэ ажлын байрны дагуу ажил хийж чадахгүй гэсэн хүсэлтээ гаргаж өгсөн тул түүнийг ажлаас нь чөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 613 дугаар шийдвэрээр: “1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар МЦХ ХК-ийн Увс аймгийн холбооны газарт холбогдуулан МЦХ ХК-ийн Увс аймгийн холбооны газрын даргын 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 21 тоот ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Ариунжаргалыг МЦХ ХК-ийн Увс аймгийн холбооны газрын үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Д.Ариунжаргал нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч МЦХ ХК-ийн Увс аймгийн холбооны газраас улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуун мянга/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.” гэж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: “Холбооны газрын үйлчлэгч Д.Ариунжаргал нь 2016 оны 3 дугаар сард ямар ч чөлөө, зөвшөөрөл, эмчийн магадлагаагүйгээр 20 хоног ажил тасалсан тул ажлаас чөлөөлөх үндэслэл болсон. Энэ нь “МЦХ” ХК-ийн хөдөлмөрийн  дотоод журмын 5.2.1, 5.2.2, 5.4.5 болон хөдөлмөрийн гэрээний 6.2.5, 6.2.6, 6.2.8-д заасныг зөрчсөн. Иргэн Д,Ариунжаргалын ажлын байрыг  зориудаар

  өөрчлөөгүй бөгөөд 2016 оны  4 сард ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдсөн. Холбооны газрын дарга “МЦХ” ХК-ийн гүйцэтгэх захиралтай хийсэн гэрээний дагуу ажлын байрыг нягтруулах, хөрөнгө санхүүг хэмнэх үүрэг хүлээсэн байдаг ба нэгэнт гаргасан ажлын байрны тодорхойлолтыг буцаан өөрчлөх боломжгүй. Д.Ариунжаргалыг ажлын байрны тодорхойлолтын дагуу бичиг хэрэг, үйлчлэгчийн ажилд  томилсон. Иймд  Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны  9 дүгээр сарын 29-ний өдрийн 613  дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгоно уу.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх зохигчдын дунд үүссэн эрх зүйн маргааныг зөв тодорхойлж,   Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй,  шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

            Хэрэгт авагдсан баримтаар Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016  оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 401 дүгээр шийдвэрээр МЦХ ХК-ний Увс аймгийн холбооны газрын үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоосон  Д.Ариунжаргалыг  МЦХ ХК-ний Увс аймгийн холбооны газрын дарга 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 18 дугаар тушаалаар үйлчлэгч, бичиг хэргийн ажилд томилсон байна. /хх-ийн 4-5 дугаар тал/

Ажил олгогч нь ажилтныг  үйлчлэгч, бичиг хэргийн ажилд томилсон энэ өдрөөс хойш ажлын 10 хоногийн хугацаанд ажлын байрыг өөрийн дураар орхигдуулсан, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, компаний дотоод журам зөрчсөн, мөн нэхэмжлэгчийн өөрийнх нь ажлаа хийж чадахгүй гэсэн хүсэлтийг тус тус үндэслэн  2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 21 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлжээ. /хх-ийн 7 дугаар тал/

Ажилтан нь ажил олгогч намайг ажилд эгүүлэн томилохдоо шүүхийн шийдвэрийн дагуу үйлчлэгчийн ажилд томилоогүй үйлчлэгч, бичиг хэргийн ажлыг хавсран гүйцэтгэхээр томилсон тул бичиг хэргийн ажлыг хийж чадахгүй, иймд үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүсч гомдол гаргасан гэж тайлбарлажээ.

Харин ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар  Д.Ариунжаргалыг МЦХ ХК-ний Увс аймгийн холбооны газрын үйлчлэгчийн ажилд эргүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэн компаний зардал хэмнэх, нөөц болоцоог ашиглан хөрвөх чадвартай боловсон хүчнийг авч ажиллуулах шаардлагын дагуу 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 18 дугаар тушаалаар Д.Ариунжаргалыг үйлчлэгч,бичиг хэргийн ажилд эгүүлэн томилж, сарын үндсэн цалинг 380.000 төгрөгөөр тогтоосон боловч энэ өдрөөс хойш ажлын 10 хоногийн хугацаанд  ажилдаа ирээгүй, ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй байсан тул хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, компаний дотоод журам  зөрчсөн, бичиг хэргийн ажилыг хийж чадахгүй гэсэн өөрийнх нь хүсэлтийг тус тус үндэслэн  ажлаас чөлөөлсөн гэж тайлбарласан байна.

Ажилтан Д.Ариунжаргалыг МЦХ ХК-ний Увс аймгийн холбооны газрын үйлчлэгчийн албан тушаалд шүүхээс эгүүлэн тогтоосон байхад өөр ажил, албан тушаал буюу бичиг хэргийн ажил хавсран гүйцэтгүүлэхээр ажил олгогчийн  2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 18 дугаар тушаал нь шүүхийн шийдвэр болон Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т нийцсэн гэж үзэх боломжгүй байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт “Ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй” гэж заасны дагуу МЦХ ХК-ний Увс аймгийн холбооны газар нь Д.Ариунжаргалтай бичиг хэргийн ажлыг хавсран гүйцэтгэх талаар талууд харилцан  тохиролцсон гэж үзэх  үндэслэл  тогтоогдоогүй болно.

Ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажилтан сахилгын ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор  заасан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг баримталсан боловч хөдөлмөрийн гэрээндээ талууд тухайн ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой зөрчил гэж тооцохыг харилцан тохиролцож, уг зөрчлийн тохиолдол бүрийг гэрээнд нэрлэн заасан эсэх нь тодорхойгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ талаарх нотлох баримтаа ажил олгогч шүүхэд  гаргаж өгөөгүй  байна.

Ажилтан ажил олгогч нарын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй явдалд ажилтанг буруутгах боломжгүй, хөдөлмөрийн гэрээгээр сахилгын ноцтой зөрчил гэдгийг талууд тохиролцоогүй бол ажилтан зөрчил гаргасан буруутай байсан ч уг үндэслэлээр гэрээг цуцлах эрх ажил олгогчид үүсэхгүй.

Шүүх хуралдаанд ажил олгогч нь ажилтныг давтан зөрчил гаргасан гэх боловч  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгох бөгөөд зөрчил тус бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай байтал Д.Ариунжаргалыг хэдийд хаана ямар зөрчлийг давтан гаргасан,хэн хэрхэн тогтоосон ямар нотлох баримтаар тогтоосон эсэх нь тодорхойгүй байхад түүнийг  ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй байна. Ажил олгогч нь ажилтныг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ нотлосон баримт шүүхэд гарган мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Ариунжаргалыг МЦХ ХК-ний Увс аймгийн холбооны газрын үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 613 дугаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцжээ.

Иймд Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 613 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх үндэслэлтэй гэж шүүх  бүрэлдэхүүн дүгнэв.   

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 613 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.-т заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.ТУЯА

 

ШҮҮГЧИД                                                       С.ӨМИРБЕК

 

                                                                        Д.ЖАМБАЛСҮРЭН