Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 452

 

 

 

 

 

 

 

 

 

      Э.Сүхбаатарт холбогдох эрүүгийн

      хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                        

            нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулганыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж, шүүгч Б.Батаа, Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 188 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Э.Сүхбаатар, түүний өмгөөлөгч Г.Ганбадрах нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Э.Сүхбаатарт холбогдох 201626011112 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Мэргэд овгийн Энхбатын Сүхбаатар, 1986 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, дүү, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багт оршин суух албан ёсны хаягтай,

2012 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 400 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн. /регистрийн дугаар: РЛ86071817/

 

Э.Сүхбаатар нь 2016 оны 4 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун турууны 5 дугаар гудамжны 38 тоотод Ш.Жигмэдийг гэртээ унтаж байхад нь “намайг гэрээсээ хөөлөө” гэх үл ялих зүйлээр шалтаглан зодож, сандалаар цохин бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж “бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж, сандлыг зэвсгийн чанартай хэрэглэн танхайрсан”,

Энэ үедээ Ш.Жигмэдийн цайны халуун савыг хана руу шидэж хагалсан, ус буцалгагчийг 32 инчийн зурагт руу шидэж хагалан бусдын эд хөрөнгийг санаатай устган гэмтээсэн,

Бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл мөрдөн байцаалтаас зориуд зайлхийсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Э.Сүхбаатарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1, 181 дүгээр зүйлийн 181.3, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос Э.Сүхбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож,

Э.Сүхбаатарыг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт
зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтаан биечлэн эдлэх ялыг 5 жил 1 сарын хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар уг хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, цагдан хоригдсон 104 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож,

Э.Сүхбаатарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Ялтан Э.Сүхбаатар давж заалдах гомдолдоо: “... 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр эхнэр Эрдэнэчимэг бид хоёр айлд орж хоёр шил архи хүмүүстэй хувааж уугаад Эрдэнэчимэг түрүүлээд явсан. “Жигмэд ах архи уусан байна” гэхээр нь шөнийн 00 цагийн үед явж орсон. Эрдэнэчимэг, Долгормаа эгч хоёр намайг зурагт хагалсан гэж худлаа хэлээд Жигмэд ах зурагтаа төлүүлэх гээд цагдаад өргөдөл өгсөн. Эрдэнэчимэг, Долгормаа хоёр үгсэн тохирч худал мэдүүлэг өгсөн болохыг анхаарч үзнэ үү. Би хадам эцэг Жигмэдийг хөөлөө гэж, мөн хамтран амьдрагч Эрдэнэчимэгтэй хардсаны улмаас агсам согтуу тавьсан. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Би тухайн үед хадам болох Жигмэдийд амьдарч байсан. Би танхайраагүй бөгөөд хадам аавд гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Миний хэргийг хөнгөрүүлж, зүйлчлэлийг өөрчилж өгнө үү...” гэжээ.

 

Ялтан Э.Сүхбаатарын өмгөөлөгч Г.Ганбадрах давж заалдах гомдолдоо: “1. Э.Сүхбаатар нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг анхан шатны шүүх харгалзан үзэлгүйгээр шийдвэрлэж миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсанд гомдолтой байна.

2. Миний үйлчлүүлэгчийн хувьд бага насны болон сургуулийн насны 3 хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг, өөрийн эцэг, эхийн хамт хөдөө орон нутагт мал маллаж амьдардаг. Эцэг, эх хоёр нь өндөр настай, хүнд өвчтэй, эмнэлгийн байгууллагын байнгын хяналтад байдаг тухай баримтыг анхан шатны шүүхэд гаргаж өгснийг харгалзан үзэлгүй ял оногдуулаа.

3. Миний үйлчлүүлэгчийн үйлдсэн гэмт хэргийн хувьд хэрэг үйлдэгдсэн газар нь гудамж талбай олон нийтийн газарт бус хохирогчийн болоод өөрийн эхнэр /хамтран амьдрагч/-ийн гэрт болсон байдаг.

4. Субъектив талын хувьд танхайн сэдэлт бус хувийн сэдэлтээр /хардалт, гэр бүлийн маргаан/ үйлдэгдсэн байгааг анхаарч үзнэ үү.

Иймд Э.Сүхбаатарт оногдуулсан ялыг хөнгөрүүлж, гэмт хэргийн зүйлчлэлийг өөрчлөн миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэн шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Э.Сүхбаатар нь 2016 оны 4 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун турууны 5 дугаар гудамжны 38 тоотод 80 настай Ш.Жигмэдийг гэртээ унтаж байхад нь “гэрээсээ хөөлөө” гэх үл ялих зүйлээр шалтаглан зодож, сандалаар цохин бие махбодид нь “баруун хөлний өлмий ясны өнчин яс, зүүн талын 6 дугаар хавирганы далд хугарал, тархи доргилт, нурууны шарх, дух зулай, зүүн чихний дэлбэн, хүзүү, цээж, нуруу, баруун, зүүн мөр, баруун, зүүн бугалга, баруун тохой, баруун зүүн шуу, баруун зүүн гуя, баруун өвдөг, баруун, зүүн шилбэ, баруун хөлийн тавхайн зулгаралт, зүүн мөр, баруун хөлийн тавхай, баруун, зүүн хөлийн хуруу, зүүн шагайн цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж зэвсгийн чанартай зүйл хэрэглэн догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг,

Бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл мөрдөн байцаалтаас зориуд зайлхийсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

- Хохирогч Ш.Жигмэдийн: “... 2016 оны 4 дүгээр сарын 11-ний шөнө 01 цагийн үед гэртээ унтаж байхад гаднаас охин Эрдэнэчимэг орж ирээд унтсан. Удаагүй араас нь Эрдэнэчимэгийн найз Сүхбаатар согтуу орж ирэхээр нь би “та нар өдөр болгон архи уух юм, согтуу ирээд хүн амраахгүй байна, би архи уудаг хүмүүсийг байлгаж чадахгүй, явцгаа” гэж ууралсан юм. Гэтэл Сүхбаатар “чи хүн хөөлөө” гээд ширээн дээр байсан цайны халуун савыг авч над руу шидсэн. Дараа нь миний майкнаас татаж орноос босгоод газар унагааж, цайны халуун савны хагархай шилэн дээгүүр чирж, дээрээс хөлөөрөө дэвсэж, ойролцоо байсан модон сандлаар 2-3 удаа цохиж, гараараа толгой руу цохиж, хоолой боосон... Намайг зодож байх үедээ зурагт руу сандал авч шидэж хагалсан...” /хх-13, 14-15, 16, 66/,

- Гэрч Н.Эрдэнэчимэгийн: “...Сүхбаатар үүдний амбаарын цоож эвдэж орж ирсэн. Ээж, хойд аав болох Жигмэд хоёр орондоо хэвтэж байтал үгийн зөрүүгүй хөнжлийг нь татаад хоёуланг нь татаж унагаад, Жигмэд тэр хоёр барилцаж авсан. Сүхбаатар цайны халуун сав авч шидээд тэр нь хагарч шалаар нэг шил болсон чинь шалдан биеэр нь газраар чирч тонгороод унагаасан. Жигмэд ах зүүн талаараа газар унаж “ёо, ёо” гээд хэвтээд өгсөн. Бас гэрт байсан жижиг модон сандлыг аваад шидсэн. Тэр нь оносон шиг санагдаж байна. Тэгээд Сүхбаатар дахин ус буцалгагч авч шидээд 32 инчийн зурагтыг хагалсан...” /хх-18-19, 67, 106/,

- Гэрч Д.Долгормаагийн: “... Жигмэд бид хоёр орондоо орсон байхад Сүхбаатар гэрийн үүдний амбаарын хаалганы замган түгжээг эвдэж орж ирээд шууд Жигмэдийг орон дээрээс суга татаж унагаахдаа намайг цуг орон дээрээс унагаасан. Орноос унагаахаас өмнө ширээн дээрээс халуун сав авч хана руу шидэж хагалсан. Тэгэхэд Жигмэд “чи яагаад байгаа юм бэ” гэхэд Сүхбаатар “чи яасан гоё орон гэртэй юм, би чамаас их сайхан орон гэртэй, чи яагаад намайг хөөдөг юм” гээд шалан дээрх халуун савны хагархай шилэн дээгүүр нүцгэн биеэр нь чирээд, сандлаар хөл рүү нь цохиж харагдсан. Тэгээд хоолойг нь гараараа боож байгаад гараа тавьсан. Жигмэд гэрийн хойморт сандал дээр сууж байхад нь ус буцалгагч аваад шидсэн. Тэр нь Жигмэдийг онолгүй хажууд нь байсан TCL нэртэй 32 инчийн зурагтыг онож хагалсан...” /хх-20-21/ гэсэн мэдүүлгүүд,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5142 дугаар дүгнэлт /хх-26/,

- Эд зүйлийн үнэлгээ /хх-29/,

- Р.Эрдэнэбаатар, Ч.Рэнцэнханд нарын Э.Сүхбаатарыг 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр батлан даалтад авахыг хүссэн хүсэлтүүд /хх-31-32/,

- Гэрч Ч.Рэнцэнхандын: “... би Сүхбаатарын ээж, аавтай нь утсаар ярихад Хөвсгөлд ирээгүй байна. Ах, дүү нараар нь сураглаад хайгаад сураг чимээ байхгүй гэж надад хэлсэн...” /хх-80/ гэх мэдүүлэг,

- Э.Сүхбаатарыг эрэн сурвалжилсан материалууд /хх-74-78/,

- Мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлсэн прокурорын тогтоол /хх-84, 99/,

- Яллагдагчийг эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгүүлэх тухай прокурорын тогтоол, үүнтэй холбогдуулан хийгдсэн ажиллагааны мөрдөн байцаагчийн тэмдэглэл /хх-70, 85, 95-97/,

- Э.Сүхбаатарын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд зэрэг болон хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдсон, мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байна.

 

Анхан шатны шүүх, Э.Сүхбаатарыг “бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн догшин авирлаж танхайрсан”, “мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн” гэмт хэргүүдийг үйлдсэн талаар хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн дүгнэлт хийж, түүний гэм буруу хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон ял оногдуулжээ.

 

Мөн бусдын эд хөрөнгийг устгасан нь танхайрах гэмт хэргийн догшин авирласан шинжид хамаарахаас бус, тусдаа бие даасан гэмт хэрэг болж давхар зүйлчлэгдэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн эд хөрөнгө устгасантай холбоотой үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

 

Э.Сүхбаатар нь “гэрээсээ хөөлөө” гэх ялимгүй зүйлээр шалтаглан өөрөөсөө ахмад, 80 настай Ш.Жигмэдийг зодож, сандалаар цохиж, хагархай шилэн дээгүүр нүцгэн биеэр нь чирч, гэрийн эд зүйлсийг шидэж, энэхүү балмад хэрцгий үйлдлээ зориуд удтал үргэлжлүүлсэн байх тул “уг гэмт хэрэг хувийн сэдэлтээр үйлдэгдсэн” гэх ялтан, түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хүлээж авах боломжгүй гэж үзэв.

 

Гэрч Н.Эрдэнэчимэг, Д.Долгормаа нар Э.Сүхбаатарыг хүнд гэмт хэрэгт холбогдуулан гүтгэсэн байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.

 

Шүүхээс Э.Сүхбаатарт ял оногдуулахдаа түүний хувийн байдал болон анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болсон зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн байх ба давж заалдах шатны шүүх үүнийг дахин дүгнэж, ял, дэглэмийг хөнгөрүүлэх үндэслэлгүй юм.

 

Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг хасах буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхээс хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлөх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

 

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Э.Сүхбаатар, түүний өмгөөлөгч Г.Ганбадрах нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 188 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Э.Сүхбаатар, түүний өмгөөлөгч Г.Ганбадрах нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧИД                                                       Т.ӨСӨХБАЯР

 

М.ПҮРЭВСҮРЭН