Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Баттогоогийн Цогт |
Хэргийн индекс | 2303000490185 |
Дугаар | 2024/ХШТ/120 |
Огноо | 2024-10-09 |
Зүйл хэсэг | 22.4.1., 22.5.1., |
Улсын яллагч | Г.Эрдэнэ |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2024 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 2024/ХШТ/120
Я.Г, Б.Б-, С.Э-нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Эрдэнэ, шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Р.Атарцэцэг, шүүгдэгч Я.Г-ийн өмгөөлөгч М.Гансүх, нарийн бичгийн дарга Г.Далайцэцэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 95 дугаар цагаатгах тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 68 дугаар магадлалтай, Я.Г-, Б.Б-, С.Э-нарт холбогдох 2303000490185 дугаартай хэргийг Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн хяналтын прокурор Г.Ганхөлөгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, ... онд төрсөн, ... настай, эрэгтэй, ... боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ... овогтой ... Г.
Монгол Улсын иргэн, ... онд төрсөн, ... настай, эрэгтэй, ... боловсролтой,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, ... овогт .. Э.
Монгол Улсын иргэн, ... онд төрсөн, ... настай, эрэгтэй, ... боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ... овогтой ... Б.
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах. бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”,
Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/14 дугаартай тушаалаар батлагдсан “Худалдааны чөлөөт бүсэд хэрэгжих гаалийн тусгай дэглэмийг хэрэгжүүлэх технологи заавар”-ын 4 дүгээр зүйлийн 4.2 “... нь зорчигч, түүний ачаанд зорчигчийн гаалийн мэдүүлгийг үндэслэн гаалийн шалгалт хийнэ.”, 4.3 “Гаалийн улсын байцаагч нь гаалийн мэдүүлгийг доорх байдлаар шалгана:” авсан барааны мэдээллийг авах /дэлгүүрийн баримт, кассын талон/, 4.4 “... нь гаалийн хяналт шалгалтыг доорх байдлаар хэрэгжүүлнэ:” Тээврийн хэрэгслийн ачааны хэсэгт байгаа барааны тоо хэмжээ, үнийн дүнг шалгах”, “Тээврийн хэрэгслийн зорчигч тээврийн бүхээгт байгаа барааны тоо хэмжээ, үнийн дүнг тодруулах, Зорчигчийн ачаа, тээшийг шалгахдаа шаардлагатай тохиолдолд ачааны баглаа боодлыг нэг бүрчлэн задлуулна” гэснийг тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,
Гаалийн газрын ... С.Э- нь зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйл тээвэрлэж явааг мэдсээр байж ... СЭН дугаартай тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийлгүй, зөрчлийг мэдэгдэлгүйгээр 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “Алтанбулаг” чөлөөт бүсээс гаргаж Б.Б-, С.Э- нарт давуу байдал бий болгосон,
Шүүгдэгч Б.Б- нь Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/223 дугаар тушаалаар батлагдсан “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг Гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ын 2.3.1 дахь хэсэгт “Архины зүйлс 2 литр, ... янжуур 200 ширхэг, навчин тамхи 50 ширхэг, задгай тамхи 250 граммаас илүүгүй” гэж зааснаас илүү буюу 12 ширхэг “Finlanda” архи 10 хайрцаг, Кастер-5 тамхийг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь “Алтанбулаг” чөлөөт бүсээс гаргуулж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт тус аймаг дахь ... С.Э-т 100.000 төгрөгийн хахууль өгсөн,
Шүүгдэгч С.Э-нь Сэлэнгэ аймаг дахь ... ажиллаж байхдаа хахууль өгөгч Б.Б-ын Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/223 дугаар тушаалаар батлагдсан “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг Гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ын 2.3.1 дэх заалтад зааснаас илүү буюу 12 ширхэг “Finlanda” архи 10 хайрцаг, Кастер-5 тамхийг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь “Алтанбулаг” чөлөөт бүсээс гаргуулах ашиг сонирхлын үүднээс 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт 100.000 төгрөгийн хахууль авч, мөн өдөр ... СЭН улсын дугаартай тээврийн хэрэгслээр чөлөөт бүсээс гаргасан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Я.Г-т холбогдох эрүүгийн хэргийг тусгаарлаж, Нийслэлийн прокурорын газарт шилжүүлж,
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.Э-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж,
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б.Б-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж,
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 литрийн хэмжээтэй “Jack Daniels” нэртэй 12 ширхэг архи, “Finlanda vodka o Finlanda” гэх бичигтэй архи 1 литрийн хэмжээтэй 2 ширхэг архи, “Саster 5” нэртэй тамхи 1 хайрцгийг тус тус цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Б-т буцаан олгож,
Алтанбулаг боомтын чөлөөт бүсээс Гаалийн Ерөнхий газрын даргын 2019 оны А/233 дугаар тушаалаар баталсан “Зорчигч хувийн хэрэглээний эд зүйлийг Гаалийн хилээр нэвтрүүлэх” журмыг зөрчсөнтэй холбогдуулсан Зөрчлийн хэрэг бүртгэлийн хэрэг нээж, шалгаж,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Finlanda vodka o Finlanda” гэх бичигтэй 1 литрийн хэмжээтэй архи 10 ширхэг, “Саster 5” нэртэй тамхи 9 хайрцаг 49 ширхгийг тус тус цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол хадгалж,
шүүгдэгч С.Э-нь гэмт хэрэг үйлдэж олсон гэх ашиг 100,000 /нэг зуун мянга/-н төгрөгийг Улсын төсөвт орлогод оруулсныг дурдан шийдвэрлэсэн байна.
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийн заримыг хангаж, шүүгдэгч Я.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн хяналтын прокурор Г.Ганхөлөгийн бичсэн эсэргүүцэлдээ “... Магадлалд “... Анхан шатны шүүхийн шийдвэрийн заримыг буюу анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 195 дугаартай цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалт буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Я.Г-т холбогдох эрүүгийн хэргийг тусгаарлаж, Нийслэлийн прокурорын газарт шилжүүлснийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийн заримыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.
Шүүгдэгч Я.Г-т холбогдох эрүүгийн хэргийг тусгаарлаж шийдвэрлэхээр заасан хэсгийг давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгож, бусад хэсгийг хэвээр үлдээснээр анхан шатны шүүх нь хэргийг хүлээн авч зөвхөн шүүгдэгч Я.Г-т холбогдох хэргийг хянан хэлэлцэх үндэслэл болно...” гэж дүгнээд цагаатгах тогтоолоос С.Э, Б.Б- нарыг цагаатгаж шийдвэрлэсэн хэсгийг хэвээр үлдээж, Я.Г-т холбогдох хэргийг тусгаарласан хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Давж заалдах шатны шүүхийн магадлал ойлгомжгүй төдийгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилтэй байна.
Магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Я.Г-т холбогдох эрүүгийн хэргийг тусгаарлаж, Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн шийдвэрийг хүчингүй болгосон байх боловч шүүгдэгч С.Э, Б.Б- нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй юм.
Учир нь анхан шатны шүүх хэргийг бүхэлд нь цагаатгасан байхад цагаатгах тогтоод өөрчлөлт оруулсан гэж ойлгогдохоор, гэтэл хэрэг нь хэрэгсэхгүй болсон С.Э, Б.Б- нарт холбогдох хэргийн хамтаар шүүгдэгч Я.Г-т холбогдох хэргийг хянан хэлэлцэхээр заасан нь эргэлзээтэй буюу цагаатгах тогтоол хүчинтэй мэтээр ойлгомжгүйгээр бичигдсэн байна.
Хэргийн үйл баримтын болон хууль хэрэглээний талаарх шүүхийн дүгнэлт нь утга, найруулгын хувьд алдаагүй, ойлгомжтой, тодорхой байхаас гадна холбогдох хуулийн зүйл, заалтыг ягштал баримталсан, түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх ёстой.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэр зөрчилтэй бол хүчингүй болгох, эсхүл өөрчлөлт оруулах ёстой. Гэтэл магадлалд аль алиныг нь хэрэглэсэн нь буруу бөгөөд энэхүү шийдвэрийг зөвтгүүлэх нь хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзэж байна.
Магадлалд “... шүүгдэгч С.Э- нь Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын слесариар ажилладаг боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъект биш бөгөөд зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг Гаалийн хилээр нэвтрүүлэх журам-д заасан хэмжээнээс илүү архи, тамхийг гаалийн хяналт шалгалтаар гаргаж өгөхөөр бусдаас 100,000 төгрөгийг хахууль авах гэмт хэрэг хийсэн гэж үзэх үндэслэлгүйг, тухайн хэргийн субьектив санаа зорилго нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, шүүгдэгчийн тодорхой хөлс авч Алтанбулаг чөлөөт бүсээс зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг Гаалийн хилээр нэвтрүүлэх журам зөрчсөн үйлдэл нь авлигын эсрэг гэмт хэрэгт хамаарахгүй ба анхан шатны шүүхээс түүний үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ...” гэж С.Э, Б.Б- нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хэвээр үлдээсэн.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн “Хахууль авах” гэмт хэргийг “Албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байх, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлах буюу амлахгүйгээр өөрөө, эсхүл бусдаар дамжуулан хээл хахууль авсан бол” гэж тодорхойлсон.
Дээрх тодорхойлолтоос үзэхэд, тодорхой үйлдлийг хийх, эсхүл хийхгүй байхаар урьдчилан амлаж хахууль авсан тохиолдолд урьдчилж тохиролцсон үр дүндээ бодитойгоор хүрсэн, эс хүрснээс үл шалтгаалж “урьдчилан амлаж хээл, хахууль авсан”-аар төгсөх, эсхүл “урьдчилан амлахгүйгээр тодорхой үр дүнг бий болгосны төлөө хээл хахууль авсан”-аар гэмт хэрэг төгсөхөөр заажээ.
Шүүгдэгч С.Э-ын хувьд эхний шинжийг бүрэн хангаснаар гэмт хэрэг төгссөн бөгөөд үр дүнд хүрсэн эсэхийг шаардахгүй.
Учир нь НҮБ-ын Авлигын эсрэг конвенцын 28 дугаар зүйлд “... гэмт хэргийн зайлшгүй бүрэлдэхүүн болох ухамсар, санаа, зорилгыг бодит үйл баримтын нөхцөл байдлаас дүгнэн гаргаж болно” гэж заасан бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Б.Б-аас 100,000 төгрөгийг С.Э-ыг Сэлэнгэ аймаг дахь ... албан тушаалын байдлаа ашиглан Гаалийн хилээр нэвтрүүлэх журам-д заасан хэмжээнээс илүү архи, тамхийг гаалийн хяналт шалгалтгүйгээр гаргуулах зорилгоор өгсөн, хэрэв С.Э-нь уг ажлыг эрхэлдэггүй тохиолдолд Б.Б-аас түүнд хандаж хийх ёсгүй үйлдлийг гүйцэтгэсний хариуд шан харамж өгөхөөр амлахгүй байсан гэж дүгнэх үндэслэлийг бий болгож байна.
Нөгөөтээгүүр гэмт хэрэг нотлогдсон, цагаатгах тогтоолд ашигтай байдлаар гэж шийдвэрлэсэн байхад магадлалд гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн бөгөөд ийнхүү нотлогдсон хэргийг цагаатгасан шүүхийн шийдвэр хүчинтэй болсноор хууль хэрэглээний буруу практик жишиг тогтох нөхцөл байдал үүсэх боломжтой тул шийдвэрийг хүчингүй болгуулах нь хууль хэрэглээний зөв жишиг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзэж байна.
Цагаатгах тогтоолыг давж заалдах шатны шүүх бүхэлд нь хүчингүй болгоогүй тул цагаатгах тогтоолд хийсэн хууль зүйн үндэслэлийг мөн зөвшөөрөхгүй байгааг дурдах нь зүйтэй.
Шүүхийн цагаатгах тогтоолд “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж хуульчилсан.
Дээрх хуулийн үйлчлэлд хамаарах этгээд нь Гаалийн газрын слесарь ажилтай С.Э-т хамаарахгүй, өөрөөр хэлбэл нийтийн албан тушаалтан биш байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъект биш юм.
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.Э-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн...” гэжээ.
Шүүгдэгч нарын үйлдэл холбогдол нь 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд шүүгдэгч С.Э-т холбогдох хэргийг “нийтийн албан тушаалтнаас бусад этгээд хахууль авсан...” гэх 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэсэн, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэсэн хууль үйлчлэх цаг хугацаа, хууль буцаан хэрэглэх журам, зохицуулалттай нийцсэн гэж үзэхээр байна.
Иймд прокуророос С.Э-ын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хэргийг Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан 2017 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байхад анхан шатны шүүхээс 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъект биш гэж дүгнэн С.Э-ын үйлдлийг хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн буюу илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж үзэхээр байна.
Мөн цагаатгах тогтоолд С.Э- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Авлигын хэргийн субъектэд хамаарахгүй гэж тайлбарлан шүүгдэгч Б.Б-т холбогдох хэргийг ашигтайгаар шийдвэрлэж хэрэгсэхгүй болгосон нь эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж үзэх үндэслэлийг бий болгож байна.
Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/95 дугаартай цагаатгах тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ДШМ/68 дугаартай магадлалыг шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй байдлаар хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзэх үндэслэлтэй бөгөөд дээрх шийдвэрүүдийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.
Мөн шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Р.Атарцэцэг хэлсэн саналдаа “... анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх саналтай байна. Миний үйлчлүүлэгч Б.Б-ыг нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн гэх үндэслэлээр прокуророос яллах дүгнэлт хийж, шүүхэд шилжүүлсэн. Б.Б- нь бусдад хахууль өгсөн нь тогтоогдоогүй. Учир нь хэргийн материалд авагдсан Б.Б- болон С.Э-н мэдүүлгээс тухайн үед С.Э-ажлаа хийж байсан бөгөөд Б.Б-ын өгсөн 100,000 төгрөг ажлын хөлс байсан нөхцөл байдал тогтоогдсон. Иймд прокурор яллах дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй, шүүх цагаатгаж шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлтэй байна.
С.Э- нь төрийн үйлчилгээний албан тушаалтан. Авлигын тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан нийтийн албан тушаалтны гэмт хэргийн субъект нь биш байна. Тиймээс Б.Б-ыг, Я.Г-тай үгсэж нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн гэмт хэрэгт холбогдсон ч С.Э-нь субъект нь болж чадахгүй учраас энэ хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Миний үйлчлүүлэгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад хахууль өгсөн биш ажлын хөлс өгсөн гэх эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсгэж байгаа тул Б.Б- нь бусдад хахууль өгсөн гэмт хэрэгт буруугүй байна. Иймд цагаатгах тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү.
Прокурорын эсэргүүцэлд шүүх хууль зөрчсөн гэж дурдсан байна. Энэ хэрэгт шүүх хууль зөрчөөгүй. Анхан болон давж заалдах шүүх хуульд заасан эрхээ хэрэгжүүлж байна. Тийм учраас хууль хэрэглээнээс үзэхэд давж заалдах шатны шүүхийн магадлал цагаатгах тогтоолын 1 дэх хэсгийг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж, Б.Б-ыг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэсэн байр суурьтай байна” гэв.
Мөн шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Я.Г-ийн өмгөөлөгч М.Гансүх хэлсэн саналдаа “... анхан шатны шүүх яллах дүгнэлтэд С.Э- нь С.Э-т давуу байдал олгосон байдлаар бичигдсэн гэдэг үндэслэлээр прокурорт буцаасан байдаг. Прокурор яллах дүгнэлтийн агуулга зөрүүтэй байдлаа огт арилгаагүй, ажиллагаа хийгээгүй. Бид үүнд маргасан. Давж заалдах шатны шүүх хамаатуулахын тийн ялгалын нөхцөл байгаа учраас тусгаарлаж шийдсэн нь буруу гэж монгол хэлний тайлбараар тайлбарласан. Иймд анхан шатны шүүх хэргийг зөв шийдсэн гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхийн тайлбарласан тайлбарт ач холбогдол өгөөсэй гэж хүсэж байна. Өөр нэмэлт саналгүй” гэв.
Прокурор Г.Эрдэнэ шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр бичсэн прокурорын эсэргүүцлийг дэмжин оролцож байна.
Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлд заасан хоёр үндэслэлээс өөрөөр буюу яллах дүгнэлт найруулгын хувьд учир дутагдалтай бичигдсэн асуудлыг засуулахаар шүүгдэгч Я.Г-т холбогдох хэргийг тусгаарлаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.
Гэвч давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн дүгнэлтийг хийсэн атлаа цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгохгүйгээр анхан шатны шүүх зөвхөн Я.Г-т холбогдох хэргийг дахин хянан хэлэлцэх агуулга бүхий дүгнэлт хийн цагаатгах тогтоолын шүүгдэгч Я.Г-т холбогдох хэргийг тусгаарласан 1 дэх заалтыг хүчингүй болгож, бусад 2 шүүгдэгчид холбогдох хэргийг цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
Тодруулбал, цагаатгагдсан этгээд С.Э, Б.Б нарын үйлдэл шүүгдэгч Я.Г-ийн буруутгагдаж буй хэргийн үндэслэл, шалтгаан болсон буюу хоорондоо харилцан хамаарал бүхий байхад гэм бурууг хамтад нь шийдвэрлэхгүйгээр зарим шүүгдэгчийг цагаатгаж, зарим шүүгдэгчид холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн нь хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчимд нийцэхгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, өөрчлөх шийдвэрийн аль нэгийг гаргана гэснийг ноцтой зөрчсөн байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, цагаатгах тогтоол, магадлалыг хүчингүй болгох дүгнэлтийг гаргаж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн эсэхийг тогтоолгохоор гаргасан прокурорын эсэргүүцлийг үндэслэн Я.Г нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Хяналтын журмаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүйн дээр давж заалдах шатны шүүх энэхүү зөвтгөн залруулах боломжгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдааг хүчингүй болгох байдлаар засах гэж хуулийн зүйл, хэсэг, заалтыг илт буруу тайлбарлаж хэрэглэсэн байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Я.Г-ийг Сэлэнгэ аймаг дахь ... ажиллаж байхдаа ажил, үүргийн хувьд хууль, дүрэм, журмаар үүрэгжүүлсэн хяналт шалгалтыг зохих ёсоор хийлгүйгээр тус газрын ... С.Э-ын жолоодсон ... СЭН дугаартай тээврийн хэрэгслийг гаалийн хяналтын бүсээс гаргаж давуу байдал бий болгосон үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Гэтэл анхан шатны шүүх “... яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт өмнө нь гаргасан алдаагаа засаагүй, үүнийг яллах дүгнэлтэд гаргасан үг, үсэг, тоо, тооцооны шинжтэй алдаа гэж үзэхгүй, Я.Г-ийг яллагдагчаар татаагүй, түүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдээгүй гэж үзэхээр байна” гэсэн дүгнэлт хийж түүнд холбогдох хэргийг тусгаарлаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлж С.Э, Б.Б нарт холбогдох хэргийн эцэслэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болно.
Энэ талаар давж заалдах шатны шүүх “... ... С.Э нь” гэсэн нь шүүгдэгч Я.Г ... С.Э-ыг зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйл тээвэрлэж байгаа гэдгийг мэдсээр байж” гэсэн агуулгыг илэрхийлсэн байх ба яллах дүгнэлтэд Я.Г-т хамаатуулах байдлаар бичигдсэн гэж үзэхээр байгааг дурдах нь зүйтэй, яллах дүгнэлтэд үгийн утга, агуулгын болон техникийн алдаа гаргасан асуудлыг улсын яллагчийн гаргасан хүсэлтийн дагуу шийдвэрлэх боломжтой” хэмээн үндэслэл бүхий дүгнэсэн боловч цагаатгах тогтоолын Я.Г-т холбогдох заалтыг бүхэлд нь хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, хэмжээ хязгаарт нийцээгүйгээс гадна хэргийн бодит үнэнийг тогтоох, хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, гэм буруугүйд тооцох суурь зарчимд харшилсан байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь шүүхэд прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдах учиртай бөгөөд шүүх гагцхүү улсын яллагчийн санал, өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэн яллах дүгнэлтэд заасан зарим хэргийг тухайн шүүгдэгч үйлдсэн нь нотлогдоогүй, эсхүл хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсны улмаас холбогдох хэргийг тусгаарлан хянан шийдвэрлэх нь хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхгүй тохиолдолд тухайн шүүгдэгчид холбогдох хэргийг тусгаарлаж, бусад шүүгдэгч нарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэдэг хуульчилсан журамтай болно.
Гэтэл анхан шатны шүүх дээр дурдсан хуульчилсан үндэслэл тогтоогдоогүй байхад өөрийн санаачилгаар шүүгдэгч Я.Г-т холбогдох хэргийг тусгаарлан шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн алдааг давж заалдах шатны шүүх тухайн шийдвэрт өөрчлөлт оруулах байдлаар алдааг засаж залруулсан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
Өөрөөр хэлбэл, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18, 34.19 дүгээр зүйлд заасан үндэслэл тогтоогдоогүй байхад тогтоогдсон мэтээр хэргийн бодит байдалд нийцээгүй, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад сөргөөр нөлөөлж болохуйц ноцтой зөрүүтэй дүгнэлт хийсэн байх тул цагаатгах тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцэхээр хяналтын шатны шүүх шийдвэрлэв.
Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 95 дугаар цагаатгах тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 68 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгоcугай.
2. Шүүгдэгч Я.Г, Б.Б, С.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Ч.ХОСБАЯР
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Б.ЦОГТ