Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 49

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир даргалж, шүүгч Б.Саранчимэг, Н.Амарзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар аймгийн ХХК-ийн нэхэмжлэлтэй аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдох 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай дугаартай актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  аймгийн Татварын улсын байцаагч нарын 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн дугаар актыг бүхэлд хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Нэгдүгээрт актын үндэслэл өөрөө хууль бус байна. Хоёрдугаарт акт гаргахдаа процессын алдаа гаргасан нь хууль зөрчсөн гэж үзсэн. Дээрх хоёр үндэслэлээр маргаан бүхий актыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.

Татварын улсын байцаагч нарын маргаан бүхий акт дээр ерөнхийдөө хоёр зөрчил байна гэж үзсэн. Үүнд: Нэмэгдсэн өртгийн албан татварын 144 сая, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварт орлогыг бүртгээгүй гэсэн 77 сая төгрөгийн зөрчил байна. Энэхүү 77 сая төгрөгийн зөрчил нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан дээр давхар гарч ирээд гурван зөрчил мэт харагдаж байгаа. Харин үйл баримтаар хоёр зөрчил гарсан байна.

Эхлээд бусдаас авах авлагыг тусгаагүй, татвараас зугтсан гэдэг үндэслэлийг тайлбарлая. Иргэн *******, нараас 2013 онд худалдан авсан борлуулалтын орлого 77701500 төгрөгнөөс улсад татвар төлөөгүй гэж акт тавьсан байгаа. Энэ бол хууль бус юм. Татварын улсын байцаагч нар авлагаас татвар авах гээд байна. Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар орлогоос татвар авах зарчимтай байдаг. Өөрөөр хэлбэл орлого орж ирээгүй байхад татвар тооцож авна, буруу бүртгэснээс болж татвар төлнө гэж үзээд байгаа. Харин Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиар дээрх авлагыг бүртгээгүй бол эрх бүхий албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох захиргааны арга хэмжээ авдаг. Гэтэл дээрх хуулийн заалтыг хэрэглэхгүйгээр, аж ахуй нэгжийг хохироож татвар ногдуулсан нь үндэслэлгүй байна.

Хоёрдугаарт хяналт шалгалтыг 2012-2013 оны хооронд хийсэн. Өөрөөр хэлбэл 2014 оны нэгдүгээр сард хийсэн байгаа. Гэтэл *******, гэдэг иргэд маань 2014 онд үлдэгдэл 77 сая төгрөгөө төлсөн. Энэ талаарх нотлох баримт нь хавтаст хэргийн хоёрдугаар хавтасны 38 дугаар хуудсанд байсан байх. Энэхүү хуудсанд 2014 оны нэгдүгээр улирлын тайлан байгаа. Тухайн үед *******, хоёр мөнгөө төлсөн. Ийнхүү мөнгөө төлөхөд нь ******* ХХК нь 77 сая төгрөгт ногдох татварын тооцоог тайлагнаад, татвар төлөгдсөн байгаа. Татварын улсын байцаагч нар нөхөн татвар болон хүү, торгууль, алданги тогтоосон. Энэ нь Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөгдсөн. Дээрх хуулийг бүх шүүхүүд хэрэглээд явж байгаа. Үүнтэй холбогдуулан 77 сая төгрөгтэй холбоотой хүү, торгууль, алданги нь өршөөлд хамрагдана. Харин нөхөн татварыг 2014 оны нэгдүгээр улиралд төлчихсөн байна. Тэгэхээр өнөөдөр маргаан бүхий актыг шүүх хүчин төгөлдөр хэмээн батлах юм бол ******* ХХК нь улсад илүү татвар төлөх нөхцөл байдал үүсэх гэж байна. Үүнтэй холбогдуулан 77 сая төгрөгийн Нэмэгдсэн өртгийн албан татварын асуудал яригдаж байгаа. Яагаад 77 сая төгрөгөө нуучихсан юм шиг харагдаад байна вэ? гэхээр аж ахуй дээрээ ч тооцно, нэмэгдсэн өртгийн албан татвар дээрээ ч тооцно. Ийм учраас хоёр зөрчил шиг харагдаж байгаа. Гэтэл 2014 оны нэгдүгээр улиралд дээрх хоёр авлагатай холбоотой татварыг хуулийн дагуу тайлагнаад, төлчихсөн. Ийм учраас одоогийн байдлаар улсад нэг ч төгрөгний хохирол учраагүй байна.

Гол зөрчил нь орон сууц худалдан авсны 144 сая төгрөгний нэмэгдсэн өртгийн албан татварын зөрчил байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар мөнгөн хөрөнгөнөөс бусад бүх төрлийн эд зүйлсийг бараа гэж ойлгож байгаа. ******* ХХК нь ******* ХХК-аас орон сууц худалдан авсан. Энэхүү орон сууцыг бизнесийн зориулалтаар худалдаж авсан байдаг. Яагаад гэвэл тухайн үед орон сууцны үнэ өсч байсан. Ийм учраас ирээдүйд орон сууцны үнэ өсөхөөр байна гэж тооцоолсон байдаг. Гэтэл эсрэгээрээ эдийн засгийн хямрал болоод, орон сууц үнэгүй болсон. Хамаг гол буруудаад байгаа асуудал гэвэл Нягтлан бодох бүртгэлийн тухай хуультай холбоотойгоор дээрх орон сууцыг үндсэн хөрөнгөдөө бүртгээгүй байна гэж үзсэн. Үндсэн хөрөнгөдөө бүртгээгүй асуудал нь Нягтлан бодох бүртгэлтэй холбоотой асуудал болохоос биш татварын зөрчилтэй холбоотой асуудал биш юм. ******* ХХК нь 144 сая төгрөгийн орон сууц борлуулаад, үүнтэй холбоотой татвараа тайлагнаад, улсад төлчихсөн. Харин ******* ХХК нь эсрэгээрээ орон сууц худалдаж авсан нэмэгдсэн өртгийн албан татварынхаа хасалтыг хийгээд, тайлагначихсан. Гэтэл хууль зөрчөөд танай компани нь энэ байранд зориулж худалдаж авсан нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх татвараас хасч тооцохгүй гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Ийм учраас маргаан бүхий акт нь үндэслэлгүй юм.

Татварын улсын байцаагч нар акт тогтоохдоо процессын алдаа гаргасан. Учир нь томилолт дээр асуудал байдаг. Нэгдүгээрт татварын улсын байцаагч нар томилолт, удирдамжийн дагуу хяналт шалгалт хийгээд, дүгнэлт гаргадаг. Ийнхүү дүгнэлт гараад явж байхад Цагдаагийн газар дээр очоод дүгнэлт хэрэгсэхгүй болдог. Яагаад гэвэл дүгнэлт нь гэмт хэргийн шинжгүй байна. Харин нягтлан бодох бүртгэлийн алдаа дутагдал гарсан гэж үзээд, буцаасан. Ийм учраас шинээр томилолт аваад, хяналт шалгалтыг хийх ёстой байсан. Гэвч өмнөх хуучин томилолтоо шууд ашигласан. Мөн энэ хугацаанд нэг байцаагч нь солигддог. Ийнхүү байцаагч нь солигдсон байхад шинээр томилолт авахгүйгээр, хуучин томилолт дээрээ нэрийг солиод гаргачихсан. Энэ нь том зөрчил юм. Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн А/100 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар Татварын албаны татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмыг баталсан байгаа. Уг журмаар бол Татварын ерөнхий хуулиар прокурорын тогтоолыг үндэслэн хяналт шалгалтын акт үйлдэхгүй бөгөөд татварын хяналт шалгалт эрхэлсэн нэгжийн даргын томилолт, удирдамжийн дагуу үйлдэнэ гэж заасан. Гэтэл татварын улсын байцаагч нар 2014 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн эрх зүйн хүчин чадалгүй болсон томилолт болон прокурорын тогтоолыг үндэслэж акт тогтоосон байгаа. Энэ нь хууль зөрчсөн. Уг нь хуулийн дагуу дахин захиргааны акт гаргаж, шинээр томилолт авч шинэ захиргааны акт гаргах ёстой байсан. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1.7 дахь заалтыг зөрчсөн байна. Татварын ерөнхий хуулийн 32.2.2-т зааснаар ямар тохиолдолд акт бичих талаар зохицуулсан байна. Мөн дээрх хуулийн 32.2.6-т зааснаар ямар тохиолдолд дүгнэлт бичих талаар зохицуулсан. Дээрх хоёр өөр эрх зүйн баримт дээр нэг томилолт ашигласан нь хууль зөрчиж байна. Мөн томилолт нь өөрөө зөрчилтэй байгаа.

Акт нь 2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу тавигдсан. Харин 2015 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.1-т зааснаар иргэн хуулийн этгээд нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээс хойш энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно гэж заасан. Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.1.2-т зааснаар худалдах худалдан авах, түүнчлэн үйлдвэр үйлчилгээний зориулалтаар өөртөө шууд авсан бараа, ажил, үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас хасна гэж заасан. Ямар тохиолдолд нэмэгдсэн өртгийн албан татварыг хасах талаар хуулийн хязгаарлалт байгаа. Үүнд хувийн хэрэгцээний зардал орно. Энэ бол хувийн хэрэгцээний зардал биш бизнесийн зориулалтаар ашиг олох зорилготой авсан бараа юм. Тэгэхээр хасалт хийсэн хязгаарлалтад орохгүй байна. Ийм учраас Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу татвараа төлчихсөн. Нэмэгдсэн өртгийн албан татвар нь борлуулалт хийж байгаа компани нь худалдан авч байгаа компаниас нэмэгдсэн өртгийн албан татвараа суутгаж авдаг онцлогтой татвар юм. Тэгэхээр ******* ХХК нь ******* ХХК-д улсад төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараа суутгуулаад төлчихсөн. Үүнийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.1-т зааж өгсөн. Тухайн компани нь энэ хуулийг хэрэгжүүлсэн. Түүнээс биш Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.3-т заасан бараа, ажил, үйлчилгээ биш юм. Дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий актыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... аймгийн татварын улсын байцаагч нар ******* ХХК-ийн 2012-2013 оны санхүүгийн баримтыг Цагдаагийн байгууллагын мэдээллийн дагуу хяналт шалгаж хийж, дүгнэлт үйлдсэн байгаа. Ийнхүү дүгнэлт үйлдсэний дараа эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Гэтэл Цагдаагийн байгууллагаас эрүүгийн гэмт хэргийн шинжгүй байна. Харин захиргааны зөрчил учраас захиргааны хариуцлага хүлээлгэж өгнө үү гэсэн хариу өгсөн. Үүний дагуу татварын улсын байцаагч *******, ******* нар хяналт шалгалт хийгээд, маргаан бүхий захиргааны актыг үйлдсэн юм. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хоёр зүйлийг ярьж байна. Нэгдүгээрт процессын алдаа гаргасан тул байцаагч нарын акт хууль бус гэж хэллээ. Нөгөө талаар татварын улсын байцаагчийн актаар хоёр зөрчлийг илрүүлсэн байгаа. Үүнд: Орон сууц худалдах авах болон авлагатай холбоотой хоёр зөрчил байна.

Процесстой холбоотой зөрчлийг Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс дүгнэлт өгөөд, энэхүү шийдвэрийг Улсын дээд шүүх болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээсэн. Иймд процесстой холбоотой тайлбар бол хууль зүйн үндэслэлгүй. Бид нарын гол маргаан бол актын зөрчлүүдэд хууль зүйн дүгнэлт өгөх юм. Эдгээр зөрчлүүдийн талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь татварын ямар хууль тогтоомжийг зөрчсөн бэ? гэдгийг тайлбарлалаа.

Нэгдүгээрт тус компани нь ******* ХХК-иас орон сууц худалдан авсан. Энэхүү орон сууцыг бараа материал, эсхүл үндсэн хөрөнгийн аль нэгэнд бүртгэх ёстой. Тус компани нь орон сууцыг бараа материал гэдэг ангилалд бүртгэсэн. Энэхүү орон сууцыг бусдад худалдан борлуулах зорилготой учраас НӨАТ-тай бүртгэж авсан. Ийнхүү төлсөн НӨАТ-аа өөрийнхөө төсөвт төлөх татвараас хасч тооцно гэж тусгаад, холбогдох НӨАТ-ын хасалтуудыг хийсэн байгаа. Үүнийг татварын улсын байцаагч нар үзэхдээ 2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийг үндэслэл болгож актаа тавьсан. Өөрөөр хэлбэл Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн14 дүгээр зүйлд зааснаар ямар тохиолдолд хасалтыг хийх, хийхгүй байхыг зохицуулсан байгаа. Тухайн компани нь үйлдвэр үйлчилгээний зориулалтаар орон сууц худалдаж авсан бол НӨАТ-ын хасалтыг хийнэ. Харин тухайн компани нь хувьдаа орон сууц худалдаж авсан бол НӨАТ-ын хасалтыг хийхгүй. Дээрх үндэслэлээр улсын байцаагч нар худалдаж авсан орон сууцны НӨАТ-ын хасалтыг хийхгүй гэж үзээд, акт тавьсан.

Хоёрдугаарт авлага буюу бусдаас орж ирэх орлогыг холбогдох бүртгэлд бүртгээгүй байна. Ийнхүү бүртгэсний үндсэн дээр улсад татвар төлөх ёстой гэдэг зөрчлийг илрүүлсэн. Хүү, торгууль, алданги Өршөөлийн хуульд хамруулах талаар маргах зүйлгүй. Үүнийг хүлээн зөвшөөрч байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  ХХК нь  аймгийн Татварын хэлтсийн татварын Улсын байцаагч *******, ******* нарын 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн  дугаартай актыг бүхэлд нь хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан хууль зүйн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч *******, ******* нар  ХХК-ийн 2012 оны 01 сарын 01-нээс 2013 оны 12 дугаар сарын 31-ийг дуустал албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд шалгалт хийж, татварын улсын байцаагчийн 2014 оны 09 дүгээр сарын 18-ний өдрийн  дугаар актаар[1] ...77701500 төгрөгийн борлуулалтын орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд тусгаагүй, нэмэгдсэн өртөгийн албан татварын тайланд 182710500 төгрөгийн борлуулалтын орлогоо тайлагнаагүй, Улаанбаатар хотод амьдран суух зориулалтаар хувьдаа орон сууц худалдан авсан 144400000 төгрөгийн барааг Нэмэгдсэн өртөгийн албан татварын тайлангаас хасалт хийсэн гэх зөрчил тогтоон, ...77 701 500 төгрөгийн зөрчилд 7 770 150 төгрөгийн нөхөн татвар, 2 331 045 төгрөгийн торгууль, 186 252 төгрөгийн алданги, 327 110 500 төгрөгийн орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулан төлөөгүй зөрчилд 32 711 050 төгрөгийн нөхөн татвар, 16 355 525 төгрөгийн торгууль, 98 133.620 төгрөгийн хүү, нийт 59 452 155 20 төгрөгийн төлбөр ногдуулжээ.

Нэхэмжлэгчээс дээрх төлбөрийн 15781500 төгрөгийг Татварын Ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2015 оны 03 сарын 20-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор хассан, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу 13689455 төгрөгийн төлбөрийг өршөөлд хамруулах ёстой, үлдэгдэл зөрчил болох 299 812 000 төгрөгийн зөрчлөөс 77 701 500 төгрөгт татвар ногдуулж байгаа нь буруу,татварын улсын байцаагч нар авлагаас татвар авах гээд байна. Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар орлогоос татвар авах зарчимтай байдаг. Өөрөөр хэлбэл орлого орж ирээгүй байхад татвар тооцож авна, буруу бүртгэснээс болж татвар төлнө гэж үзээд байгаа нь буруу, 144 400 000 төгрөгөөр 3 өрөө байр худалдаж авсны тухайд үндсэн хөрөнгөдөө бүртгээгүй асуудал нь нягтлан бодох бүртгэлтэй холбоотой асуудал болохоос биш татварын зөрчилтэй холбоотой асуудал биш, ******* ХХК нь 144 сая төгрөгийн орон сууц борлуулаад, үүнтэй холбоотой татвараа тайлагнаад, улсад төлчихсөн. Харин ******* ХХК нь эсрэгээрээ орон сууц худалдаж авсан нэмэгдсэн өртгийн албан татварынхаа хасалтыг хийгээд, тайлагначихсан. Ийм учраас маргаан бүхий акт нь үндэслэлгүй юм гэж маргасан байна.

 ХХК нь хүнсний худалдаа, цайны газрын үйлчилгээ, аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэхээр 2008 оны 01дүгээр сарын 03-ны өдөр үүсгэн байгуулагдсан хуулийн этгээд[2] бөгөөд 2013 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлжээ.

Анх аймгийн Цагдаагийн газрын 2014 оны 03 сарын 18-ны өдрийн б\850 дугаар албан бичгээр[3]  аймгийн Татварын хэлтсийн даргын 2014 оны 03 сарын 20-ны өдрийн тусгай удирдамжийн[4] дагуу татварын улсын байцаагч *******, ******* нар 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 100000662 дугаар дүгнэлтийг[5] гаргасан байна. Тус дүгнэлтэд нийт 404812000 төгрөгний зөрчил илэрч, татварын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, их хэмжээний татвар ногдох орлогыг нуун дарагдуулсан гэж үзээд эрүүгийн хэрэг бүртгэлт хийлгэхээр цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.  аймгийн Прокурорын газрын прокурорын 2014 оны 08 сарын 12-ны өдрийн 129 дүгээр тогтоолоор[6] орлогыг санаатайгаар нуусан, зайлсхийсэн гэж үзэхээргүй байна гээд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Үүний дараа тус аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын хэлтсийн дарга *******ы 2014 оны 04 сарын 04-ний өдрийн татварын хяналт шалгалт хийх томилолтын[7] дагуу татварын улсын байцаагч *******, ******* нар өмнөх дүгнэлтэндээ үндэслэн 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн дугаар актыг гаргажээ. Нэхэмжлэгч талаас өмнөх дүгнэлтийг татварын улсын байцаагч *******, ******* нар гаргасан байхад дахин удирдамж, томилолт батлахгүйгээр акт гаргасан нь Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-ийг зөрчсөн гэж, хариуцагч тал өмнө нь удирдамж, томилолт гаргаж, өмнөх шалгасан зөрчил дээрээ үндэслэж акт гаргасан тул хууль зөрчөөгүй гэж маргасан байна. Татварын улсын байцаагч *******, ******* нар уг актыг үйлдэхдээ өмнөх 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 100000662 дугаар дүгнэлтэд үндэслэж, уг дүгнэлтийн хүрээнд актаа гаргасан, дахин санхүүгийн баримт шалгаагүй, шинээр зөрчил илрүүлээгүй байх тул өмнөх удирдамжийн хүрээнд томилолт олгож, акт гаргасныг буруутгах боломжгүй байна. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд ...татварын улсын байцаагч нар удирдамжгүй шалгалт хийсэн. гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Татварын улсын байцаагч нарын 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн дугаар актаар нийт 59 452 155 20 төгрөгийн төлбөр ногдуулсан, үүнээс 15781500 төгрөгийг Татварын Ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2015 оны 03 сарын 20-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор хассан, 13689455 төгрөгийн төлбөрийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу өршөөлд хамруулах ёстой гэж үзэж, үлдэгдэл зөрчил болох 299812000 төгрөгийн зөрчил дээр маргаан үүсгэж байх тул уг зөрчлийн тухайд дүгнэлт хийж шийдвэрлэх нь зүйтэй байна.

1. 155 403 000 төгрөгийн зөрчлийн тухайд: 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр аймгийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч *******, ******* нар  ХХК-ийн 2013 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдлыг шалгаад 2013 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгасан борлуулалтын дүн, компанийн нэрийн дансаар болон бэлнээр орсон орлого болон бусад орлогын баримтуудын зөрүүгээр гарсан 77 701 500 төгрөгийн борлуулалтын орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд тусгаагүй, албан татвар ногдох орлогод тооцоогүй, албан татвар ногдуулан төлөөгүй гэж, мөн нэмэгдсэн өртгийн албан татвар тооцож тайлагнаагүй гэх 327 110 500 төгрөгийг зөрчил илрүүлж, дүгнэлт[8] гаргажээ. Дээрх 77 701 500 төгрөгийн борлуулалт нь иргэн *******, нарт орон сууц зарсны үлдэгдэл төлбөр гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байх ба үүнд хариуцагч маргаагүй байна. ХХК нь 2013 онд нийт 1374 м2 бүхий 25 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулсан байх ба иргэн Г.******* 1 өрөө, иргэн 2 өрөө байр худалдан авсан болох нь захиалгын гэрээ[9]гээр тогтоогдож байна.

Иргэн Г.******* нь байрны үлдэгдэл төлбөр болох 10 000 000 төгрөгийг 2014 оны 06 сарын 06-нд, 12 615 000 төгрөгийг 2014 оны 06 сарын 23-ны өдөр, иргэн байрны төлбөр 55 100 000 төгрөгийг 2014 оны 06 сарын 23-ны өдөр тус тус төлсөн болох нь кассын орлогын ордер[10], орлогын баримтаар[11] тус тус тогтоогдож байна. Нэхэмжлэгч нь манайх орлого орж ирсэн үед нь бүртгээд ногдох татварыг төлсөн гэж, хариуцагч нь орлого орохоос үл хамааран аккруэл сууриар бүртгэж, татвараа төлөх байсан гэж маргажээ.

ХХК нь 2013 оны 4-р улирлын аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар[12] 528 027 900 төгрөгөөр орлогоо тодорхойлсон байх бөгөөд татварын улсын байцаагч нар шалгалт хийж ХХК-ы орлогыг 605 729 400 төгрөг байх ёстой гэж үзэн зөрүү 77 701 500 төгрөгт татвар ногдох ёстой гэж үзсэнийг нэхэмжлэгч буруутгаагүй байна. /үнийн дүнг/ Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь 77 701 500 төгрөгийн борлуулалтын орлогоо 2013 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайландаа тусгаагүй болох нь тогтоогдож байх бөгөөд энэ нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Албан татвар төлөгч нь нягтлан бодох бүртгэлийн аккруэл сууриар гаргасан улирал, жилийн татварын тайланг үндэслэн жилийн эхнээс өссөн дүнгээр орлого болон төлөх татвараа өөрөө үнэн зөв тодорхойлж төсөвт төлнө, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх гэж заасныг тус тус зөрчсөн байх тул уг орлогод аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдуулсан нь хууль зөрчөөгүй байна.

Мөн дээрх борлуулалтын орлогоо нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа тусгаагүй гэж 7 770 150 төгрөгийн нөхөн татвар ногдуулсан байх ба ХХК-ы нэмэгдсэн өртгийн албан татварын тооцооноос[13] харахад ХХК нь 2013 оны татвар ногдох орлогоо 423 018 900 төгрөгөөр, баримтаар нотлогдох зардлаа 416 881 000 төгрөгөөр тайлагнасан, шалгалтаар татвар ногдох орлого нь 605 729 400 төгрөг, баримтаар нотлогдох зардал нь 272 481 000 төгрөг болж тогтоогдсон байна. Үүнээс харахад татвар ногдуулах орлогоо 333 248 400 төгрөгөөр бууруулж тайлагнасан нь харагдаж байна. Энэ үнийн дүнд нэхэмжлэгч тал маргаагүй байх тул татварын улсын байцаагч нарын дээрх тооцоолол дээр тулгуурлан дүгнэлт хийсэн болно. Татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлийн 2015 оны 03 сарын 20-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор[14]  ХХК нь...нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн болзол хангаснаар 2013 оны 04 сарын 29-ны өдөр 0028586 тоот гэрчилгээ авсан болох нь Татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн сангаас авсан мэдээллээс харагдаж байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10-д Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болсон өдөр гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа эрхэлж, орлого олж байгаа иргэн, хуулийн этгээдийн уг үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ хуулийн этгээдийн орлогын албан татварын тайлангаар, эсхүл иргэний орлого, татвар тодорхойлох хуудсаар 10,0 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн өдрийн дараа сарын эхний өдрийг гэж заасныг ХХК нь зөрчөөгүй байх тул нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болсон үе хүртэлх 105 000 000 төгрөгийн борлуулалтын орлогыг нь нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа борлуулалтын орлогоор тооцож, тайлагнаагүй гэж үзэж, зөрчилд тооцсон нь үндэслэлгүй байна гэж дүгнээд дээрх 105 000 000 төгрөгийн зөрчилд ногдох 10 500 000 төгрөгийн нөхөн татвар, 5 250 000 төгрөгийн торгууль, 31 500 төгрөгийн хүү, нийт 15 781 500 төгрөгийн төлбөрийг хасч, 299 812 000 төгрөгийн зөрчилд ногдох 29 981 000 төгрөгийн нөхөн татвар, 13 436 570 төгрөгийн торгууль, 6 633 200 төгрөгийн хүү, 186 252 төгрөгийн алданги, нийт 43 670 655,2 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр баталжээ. Үүнээс харахад ХХК нь 77 701 500 төгрөгийн борлуулалтын орлогоо нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа тусгаагүй, холбогдох зардлаа хасч тайлагнаагүй байх тул тайланд тусгаагүй нийт дүн болох 77 701 500 төгрөгт нөхөн татвар тооцож байгаа нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-д бараа гэж мөнгөн хөрөнгөнөөс бусад бүх төрлийн эд хөрөнгийг, 7 дугаар зүйлийн 7.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол дор дурьдсан бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна, 7.1.1-д Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, 8 дугаар зүйлийн 8.1.1-д бараа, ажил, үйлчилгээг импортолсон буюу экспортолсон, түүнчлэн борлуулсан бол тухай бүрт гэж заасныг тус тус зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 77 сая төгрөгтэй холбоотой нөхөн татварыг 2014 оны нэгдүгээр улиралд төлчихсөн. Тэгэхээр маргаан бүхий актыг шүүх хүчин төгөлдөр хэмээн батлах юм бол ******* ХХК нь улсад илүү татвар төлөх нөхцөл байдал үүсэх гэж байна гэж маргажээ. Татварын улсын байцаагч нар нь ХХК-ы 2012 оны 01 сарын 01-нээс 2013 оны 12 дугаар сарын 31-ийг дуустал хугацааны албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд шалгалт хийж, татвар ногдуулсан бөгөөд шалгалт хийгдэх үед дээрх зөрчил илэрсэн, актаар дээрх татварыг ногдуулсны дараа нэхэмжлэгч уг татварыг хүлээн зөвшөөрч төлсөн, шалгалтын хугацаанаас хойш төлөгдсөн татварыг Татварын ерөнхий хуулийн 58 дугаар зүйл болон Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгахтай холбогдсон харилцааг зохицуулах журам-д зааснаар шийдвэрлэх боломжтой байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх тайлбар үндэслэлгүй байна.

Иймд аймгийн татварын хэлтсийн улсын байцаагч нарын 2014 оны 09 дүгээр сарын 18-ний өдрийн дугаар актаар тавигдсан төлбөрөөс 155 403 000 төгрөгийн зөрчилд холбогдох 15 540 300 төгрөгийн нөхөн татварыг нэхэмжлэгч нь төлөх үндэслэлтэй байна.

2. 144,400,000 төгрөгийн зөрчлийн тухайд: ХХК-ийг нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа Улаанбаатар хотод амьдран суух зориулалттай орон сууц худалдан авсан 144 400 000 төгрөгийг худалдан авалтанд тусгаж татвар ногдуулах орлогоо бууруулсан гэж үзэн 14 440 000 төгрөгийн нөхөн татвар, 7 220 000 төгрөгийн торгууль, 43 320 төгрөгийн хүү, нийт 21 703 320 төгрөгийн төлбөр ногдуулсан байна.

ХХК-ны худалдан авалт болон түүнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан[15], нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар[16]  ХХК нь 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 3 өрөө орон сууцыг ******* ХХК-иасхудалдан авч, 2014 оны 08 сарын 12-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, 000344733 тоот гэрчилгээ[17] авсан болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн Орон сууц захиалгаар барих гэрээгээр[18] ХХК нь 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 26-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа 421-р байрны 113 тоот, 3 өрөө орон сууцны захиалагч болж, орон сууцны үнийн төлбөрт 176 490 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна. Уг гэрээний 1.4-д зааснаар захиалгын үнэнд нэмэгдсэн өртгийн албан татвар орсон байх бөгөөд 2.1.д зааснаар захиалагч нь орон сууцны нийт үнийн 90 хувьтай тэнцэх 158 840 000 төгрөгийг 2013 оны 09 сарын 06-нд төлснөөр, орон сууцны нийт үнийн 10 хувьтай тэнцэх 17 650 000 төгрөгийг байрны түлхүүр авахдаа төлөхөөр гэрээ байгуулжээ. ******* ХХК-ийн 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн кассын орлогын ордероор[19]  ХХК нь байрны төлбөрт 158 840 000 төгрөг төлсөн талаар бичигдсэн байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх 158 840 000 төгрөгийг нэмэгдсэн өртгийн албан татварын хамт төлсөн дүн гэж маргаж байх боловч энэ нь байрны үнийн 90 хувь болох төлбөр байх ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан орон сууц захиалгаар барих гэрээ, кассын орлогын ордер зэрэг баримтуудаас зөрүүтэй байх тул татварын улсын байцаагч нарын тогтоосноор байрны үнэ болох 144 400 000 төгрөгт нөхөн татвар ногдуулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх орон сууцыг зарж борлуулах зорилгоор авсан тул нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхгүй гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зарж борлуулах зорилгоор авсан бол компанийн хөрөнгөд бүртгэх байсан, бүртгээгүй тул хувийн хэрэгцээнд авсан гэж үзээд татвар ногдуулсан гэж маргаж байна.

ХХК-ны 2013 оны санхүүгийн тайланд[20] дээрх орон сууцыг компанийн хөрөнгөөр бүртгээгүй байна. Нэхэмжлэгч нь дээрх орон сууцны үнийн гүйлгээг зарлагадсан, болон бараа материал худалдан авсантай холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй, ******* ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар орон сууцны үнэ болох 144 400 000 төгрөгт 14 440 000 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар тооцож, 158 840 000 төгрөгөөр үнийн дүнг тооцсон байх боловч, уг зарлагыг хэрхэн хийснээ нэхэмжлэгч тал нотлоогүй тул 144 400 000 төгрөгийн зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр уг 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр ХХК нь бүртгүүлсэн байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээс хойшхи хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно, 14 дүгээр зүйлийн 14.1.2-д худалдах, түүнчлэн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар өөрөө шууд импортолсон бараа, ажил, үйлчилгээнд төлсөн гэжээ.

Татварын хэлтсийн улсын байцаагч нарын шалгалт хийх үед ХХК нь ******* ХХК-иас дээрх орон сууцыг худалдан авсан, харин цааш нь худалдсан талаар баримтгүй, акт гарсны дараа 2015 оны 06 сарын 08-ны өдөр орон сууц бэлэглэлийн гэрээгээр[21] иргэн Б.Мөнх-Очирт бэлэглэсэн нь тогтоогдож байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.11-д Бараа, ажил, үйлчилгээг үйлдвэрлэлийн дотоод эргэлтэд ашигласнаас бусад хэлбэрээр бусдад үнэ төлбөргүй шилжүүлсэн буюу хувийнхаа хэрэгцээнд ашигласан бол нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхгүй гэж заасан байх тул  аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нараас ******* ХХК-д: Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, Монгол Улсын ТатварынЕрөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Дараахь үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын Улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж,нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна, 74.3 тоо хэмжээ, үнийг нь нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгах, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг өсгөх гэсэн хуулийн заалтыг тус тус зөрчсөн гэж үзээд 2013 онд худалдан авсан орон сууцны үнэ 144 400 000 төгрөгийн зөрчилд 14 440 000төгрөгийн нөхөн татвар, 7 220 000 төгрөгийн торгууль, 43 320 төгрөгийн хүү, нийт 21 703 320 төгрөгийн төлбөр ногдуулж, 2014оны 09 дүгээр сарын 18-ний өдрийн  тоот акт тогтоосныг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн зорилго нь зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад чиглэсэн байх бөгөөд ийнхүү чөлөөлөхдөө ямар төрлийн захиргааны шийтгэлийг өршөөн хэлтрүүлэхийг хууль тогтоогчоос нарийвчлан заагаагүй, хууль тогтоомж зөрчиж, захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлэхээр хуулийг баталсан байх тул зөрчил гаргагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчмыг үндэслэл болгов.

Иймд Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т зааснаар татварын улсын байцаагч нарын  тоот маргаан бүхий актаар тогтоосон 59 452 155.2 төгрөгийн төлбөрөөс 15 781 500 төгрөгийг Татварын Ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2015 оны 03 сарын 20-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор хассан, актаар тавигдсан торгууль, алданги, хүү болох 13 689 455 төгрөгийг өршөөн хэлтрүүлж, актаар ногдуулсан төлбөрийн хэмжээг 29 981 200 төгрөг болгон багасгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ. Харин Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлд гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүргээс гэм буруутай этгээдийг чөлөөлөхгүй байхаар зохицуулсан тул татварын хууль тогтоомж зөрчсөн нэхэмжлэгч ******* ХХК нь нөхөн татвар 29 981 200 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.3, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7дугаар зүйлийн 7.3.3, 21 дүгээр зүйлийн 21.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.8, 13.5, 14 дүгээр зүйлийн 14.4, 14.4.3, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж,  аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч *******, ******* нарын 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн  дугаартай актын төлбөрийг 29 470 955.2 төгрөгөөр багасгаж, 29 981 200 төгрөгийг төлүүлэхээр тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөг гаргуулж, Онол мөнх ХХК-д олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

Даргалагч Б.Саранчимэг

Шүүгч Н.Амарзаяа

Шүүгч Ч.Цэнд-Очир

 

 

 

 


[1] 1р Хавтаст хэргийн 57 р хуудас

[2] 1-р хавтаст хэргийн 231-р хуудас

[3] 1-р хавтаст хэргийн 238-р хуудас

[4] 1-р хавтаст хэргийн 190- хуудас

[5] 1-р Хавтаст хэргийн 240-р хуудас

[6] 2-р хавтаст хэргийн 48-49-р хуудас

[7] 1-р хавтаст хэргийн 192-р хуудас

[8] 1-р хавтаст хэргийн 240-242-р хуудас

[9] Хавтаст хэргийн р хуудас

[10] 1-р хавтаст хэргийн 181, 182-р хуудас

[11] 1-р хавтаст хэргийн 183-р хуудас

[12] 1-р хавтаст хэргийн 193, 2-р хавтаст хэргийн 8-10-р хуудас

[13] 1-р хавтаст хэргийн 246-р хуудас

[14] 1-р хавтаст хэргийн 34-36-р хуудас

[15] 2-р хавтаст хэргийн 1-р хуудас

[16] 1-р хавтаст хэргийн 175-р хуудас

[17] 1-р хавтаст хэргийн 176-р хуудас

[18] 3-р хавтаст хэргийн 22-р хуудас

[19] 3-р хавтаст хэргийн 21-р хуудас

[20] 1-р хавтаст хэргийн 37-44р хуудас

[21] 3-р хавтаст хэргийн 20-р хуудас