Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2018/00069

 

 Т х

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

          2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 600 дугаар шийдвэр,

     Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 103 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: ТХ

          Хариуцагч: “Б” ХХК-д холбогдох

          Татварын өр 42.284.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

    Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б гомдлоор шүүгч  Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: хариуцагчийн төлөөлөгч Н.А, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

          Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б” ХХК нь 1996 онд бетон, цемент болон гипсээр хийсэн материал эдлэл үйлдвэрлэх, хуучин барааны жижиглэн худалдаа, хүнсний төрөлжсөн дэлгүүрийн жижиглэн худалдаа, үр тарианы гурилын үйлдвэрлэл, төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулагдсан. 2013 онд тус компанийн санхүүгийн баримтанд хяналт шалгалт хийн илэрсэн зөрчилд татварын улсын байцаагч дүгнэлт бичиж, хууль хяналтын байгууллагад шилжүүлэн 2015 -03-11-ны өдрийн 07-р прокурорын тогтоолоор “...компанид холбогдох 45.454 мянган төгрөгийн НӨАТ-ыг сайн дураараа төлсөн тул эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн...” тул уг зөрчилд захиргааны хариуцлага тооцож, улсын байцаагчийн акт үйлдсэн. Актаар ногдуулсан 45.454 мянган төгрөгийн төлбөрийг дээрх төлсөн төлбөрөөр хаасан бичилт хийж, актын биелэлтийг хангуулсан. Тус компани нь 2013, 2014, 2015 онд нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар нийт 55.331.030 төгрөгийн ногдолтой тайлан цахимаар тайлагнасан байна. Тус компани нь тайлангаар ногдуулсан уг өрийг зөрчлөөр илэрсэн төлбөрт төлсөн 45.454 мянган төгрөгөөр хааж тооцсон байсныг залруулсан. “Б” ХХК нь сайн дураараа төлөлт хийж татварын хэлтсийн программ дээр илүү төлөлт хэлбэрээр шивэгдээд явах ёстой. Гэтэл уг зөрчил нь хяналт шалгалтаар илэрсэн зөрчил учраас илүү төлөлттэй байх ёсгүйгээр програмчлагдсан байсан. Тус компани нь зөрчилд төлсөн төгрөг нь тайлангийн өр төлбөрт хаагдаад явж байсан учраас “Б” ХХК-ийг өргүй гэж бодоод явж байсан. 2016-06-24-ний өдөр тус дүгнэлтийг татварын улсын байцаагч шалгаад захиргааны акт тавьсан. Энэ нь Татварын ерөнхий хуулийн 35.3-т “дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүчингүй болгосон нь зөрчил гаргасан этгээдийг захиргааны хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан байсан учраас манай байгууллага захиргааны акт болгосон. Захиргааны акт бичихдээ захиргааны хариуцлага нөхөн татварыг ногдуулсан захиргааны хариуцлагыг 2015-11-08-ны өдөр батлагдсан Өршөөлийн хуульд хамруулж хүү, алдангиас чөлөөлсөн. Ингээд нөхөн татвар болох 454.515.000 төгрөгийг 1900014883 актаар ногдуулж 2013-06-28-ны өдөр 20сая төгрөг, 2014-02-21-ний өдөр 25.454.500 төгрөг тус тус төлснийг 2016-06-24-ний өдөр актад ногдуулсан татварын өрөнд суутгаж хассан. Ингээд тайлангаар ногдуулсан өр жинхэнэ утгаараа ногдол бий болж эхэлсэн. 2013 онд НӨАТ-т 49.287.500 төгрөг ногдсон. Гэтэл “Б” ХХК нь нэг ч төгрөг төлөөгүй. 2014 онд НӨАТ-т 19.000.500 төгрөг төлж, 36.695.800 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. 2015 онд НӨАТ-т 10.000 төгрөг төлж, 44.572.600 төгрөгийн үлдэгдэлтэй, 2016 онд 1.310.000 төгрөг төлсөн, 42.450.722 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Мөн 2016 оны жилийн эцсийн тайлангаар буцаалт оруулж, жилийн эцсийн тайлангаар 42.284.500 төгрөг үлдсэн. Энэ төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

        Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: Улсын байцаагчийн акт болон прокурорын дүгнэлттэй маргах зүйлгүй. Татварын бичилт хийж, өр үүсгэхдээ акт тавьсан өдрөөс эхэлж өр үүсэх ёстой. Гэтэл ТХ нь 2016 онд акт тавьж, өр үүсгэхдээ 2013 оноос эхлэн манай компанид татварын өр үүсгэсэн нь буруу юм. Гэтэл “Б” ХХК 2016 оноос өмнө өргүй тайлантай байсан бөгөөд харин ч илүү төлөлттэй байсан. Татварын хэлтсээс өгсөн падаанаар хүмүүс хуурамч бичилт хийсэн. Бид тэр асуудлыг мэдэх боломжгүй байсан. Манай компани хаягдал төмрийн наймааны үйл ажиллагаа явуулдаг. Тухайн үед хаягдал төмөр авахдаа НӨАТ төлөх мөнгийг үлдээж, төмрийг авдаг байсан. Харин дараа нь НӨАТ-ын падаан өгөхөд зөрүүлж мөнгийг шилжүүлэх эсвэл бэлнээр төлдөг байсан. Манай компани нь “Д” ХХК-тай холбоотой 45.454.545 төгрөгийг өмнө нь бүрэн төлсөн. Түүн дээр маргах зүйлгүй. “Болор цэвэр ус” ХХК-тай холбоотой төлбөр дээр маргахаа больё. Харин “А” ХХК-иас бид кодтой НӨАТ-ын падаанаар худалдан авалт хийсэн. Нийт тус компанийн хуурамч бичилттэй падааны өр төлбөр болох 34.020.000 төгрөгөөс манай компани 17.500.000 төгрөгийг төлсөн. Тиймээс үлдэгдэл төлбөрийг төлөх үндэслэлгүй. Тус компанийн буруутай үйл ажиллагааны хариуцлагыг бид хүлээх үндэслэлгүй. Нэгэнт 17.500.000 төгрөгийг төлсөн тул дахин нэмж төлөхийг зөвшөөрөхгүй. Иймд Татварын хэлтсийн нэхэмжлэлийн шаардлага болох 42.284.500 төгрөгөөс 25.864.500 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

        Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 600 дугаар шийдвэрээр Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасныг баримтлан хариуцагч “Б” ХХК-иас 25.864.500 төгрөг гаргуулж, ТХт олгож, нэхэмжлэлээс үлдэх 16.420.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.3-т тус тус зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, “Б” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 287.273 төгрөг гаргуулж улсын  орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

        Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 08 дугаар  сарын 30-ны өдрийн 103 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 600 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхижээ.

        Нэхэмжлэгч хяналтын гомдолдоо: “...Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтад буруу дүгнэлт хийн хуулийг буруу хэрэглэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 16.420.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй байна. Хариуцагч “Б” ХХК хаягдал төмрийг зах зээлээс худалдан авахдаа нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн үнээр худалдаж аваагүй мөртлөө нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг ашиглан төсөвт төлөх татварын дүнг бууруулсан байсныг тайлант үеийн ногдуулалтын хяналтаар илрүүлсэн. Үүнийг тус компани хүлээн зөвшөөрч тайлангаа засварлах хүсэлт цахимаар ирүүлснээр 2013 оны 12 дугаар сарын НӨАТ-ын тайландаа “Аврасиа” ХХК-иас хийсэн 340.200.026 төгрөгийн худалдан авалтын буцаалтаа тайлагнасныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр баталгаажсан байх бөгөөд Татварын Ерөнхий хуулийн  18.1.1-д “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх” гэж заасны дагуу татвар төлөгч өөрөө тайландаа тусгасан байтал шүүх “Аврасиа” ХХК-иас худалдан авалт хийсэн НӨАТ-ын хуурамч бичилт бүхий падаантай холбоотой зөрчилд акт тавигдаагүй хяналт шалгалт хийгдсэнийг нотлох баримт байхгүй” гэж дүгнэсэн нь буруу байна. 2013 онд “Б” ХХК болон “Аврасиа” ХХК-иудын хооронд НӨАТ-ын 3 ширхэг падаанаар 340.200.000 төгрөгийн үнэ бүхий хаягдал төмөр худалдах-худалдан авах гэрээ хийгдээгүй, түүнчлэн “Авриаса” ХХК-ийг НӨАТ-ын падааныг буруугаар ашигласан, бусдыг татвар төлөхөөс зайлсхийх боломж олгож байсан буруутай үйлдлийг шүүхээр шийтгэсэн шийтгэх тогтоол /Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015-02-12-ны өдрийн 199 дугаар/ зэрэг үйл баримтыг буруу дүгнэж, “Авриаса ХХК-иас худалдан авалт хийсэн НӨАТ-ын хуурамч бичилт бүхий падаантай холбоотой зөрчилд нотлох баримт байхгүй байна.” гэж дүгнэсэн нь өрөөсгөл болжээ. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

        ТХ 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “Б” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж 42.450.722 төгрөг шаардсан /хх 1-ийн 1-2/ бөгөөд шүүх хуралдаан дээр үнийн дүнг 42.284.500 төгрөг болгон багасгажээ.  

        Анхан шатны шүүх нэхэмжлэлээс 25.864.500 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...Татварын улсын байцаагчийн 2016 оны 190014883 тоот актаар “Б” ХХК-ийн 2012 оны 01 сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 45.454.550 төгрөгийн нөхөн татвар ногдуулсны дагуу хариуцагч 2014 онд төлсөн боловч татварын хэлтэс үүнийг зөрчилтэй холбоотой өр төлбөрт аваагүй өөр төлбөрт суутгаж тооцсон нь тогтоогдож байна... 2013 оны тайланд залруулга хийх талаар “Б” ХХК хүсэлт гаргаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр нэхэмжлэлийг хангана...” гэсэн дүгнэлт хийсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. 

       Шийдвэр болон магадлалыг хүчингүй болгож, дараах үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        1. Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байхад шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчжээ. 

        Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчаас шаардаж буй 42.450.722 төгрөгийг “...тайлангаар ногдуулсан татварын өр...” /хх 1-ийн 1/ гэж, харин шүүх хуралдаан дээр “...он онд үүссэн өр ...” гэж /хх 99/ тайлбарлажээ.

       Татварын Ерөнхий хуулийн 33, 34, 35, 43, 70 дугаар зүйлийн заалтаас үзвэл нэхэмжлэгч нь татварын  улсын байцаагчийн  акт, дүгнэлт эсхүл татвар төлөгчийн  тайлан зэргийг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргах зохицуулалттай.

       Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь ямар эрхийн актыг үндэслэн хариуцагчаас  мөнгө нэхэмжилж буй нь тодорхойгүй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.  

        2. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байгаагаас хэргийн харьяаллыг тодорхойлох боломжгүй болжээ. Татварын Ерөнхий хуульд зааснаар татварын өр, төлбөрийг барагдуулах тухай нэхэмжлэлийг ерөнхий харьяаллын шүүх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ.

        Татварын улсын байцаагчийн актын хууль зүйн үндэслэлийн талаарх маргааныг  иргэний хэргийн шүүх шийдвэрлэхгүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх талуудын хүсэлтээр шинжээч томилж, дүгнэлтийг нь шийдвэрийн үндэслэл болгосон нь дутагдалтай болжээ. 

        3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж байгаа хууль зүйн үндэслэлээ тайлбарлаагүй байхад шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авсан, хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан нь буруу гэж үзнэ.

        Татварын Ерөнхий хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1.3-т зааснаар татварын алба нь улс, орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлэх чиг үүрэгтэй байгууллага байх бөгөөд мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4-т зааснаар хууль тогтоомжийн дагуу татварын хөнгөлөлт үзүүлэх, татвараас чөлөөлөх бүрэн эрхтэй байна.

        Түүнчлэн, Татварын Ерөнхий хуулийн 5-9 дүгээр зүйлийн зохицуулалтаас үзвэл татварын бүрэлдэхүүн, татварт ногдох зүйл, татварын ангилал, хувь хэмжээг хуулиар тогтоодог бөгөөд  хууль тогтоомжийн дагуу татварын хөнгөлөлт үзүүлэх буюу татвараас чөлөөлнө.  

       4. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байгаагаас хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байхад давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-г зөрчжээ.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :  

        1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 600 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 103 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

        2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ