| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 143/2016/00434/И |
| Дугаар | 487 |
| Огноо | 2016-10-14 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 487
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “*******” ХХК /хязгаарлагдмал хариуцлагатай компани/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Хариуцагч: Өмнөговь аймгийн *******
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
“81,600,844 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгээд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Өрнөл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “*******” ХХК нь Өмнөговь аймгийн ******* дулаан хангамжийн ЦТП-2, ЦТП-3-ыг барих нийт 496,250,760 төгрөгийн төсөв бүхий ажлын тендерийн шалгаруулалтад оролцож шалгарснаар Өмнөговь аймгийн *******тай ӨМ2013/90 тоот ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Уг гэрээгээр тус ажлыг 50 хоногийн дотор ашиглалтад оруулахаар харилцан тохиролцсон. Гэрээт ажлын хяналтын төсвийг 2012 оны төсвөөр төсөвлөж, 2013 оны 12 дугаар сард талуудын хооронд гэрээ байгуулахдаа өвлийн улиралд барилгын ажлыг гүйцэтгэх боломжгүйг харгалзаж 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ажлаа эхлүүлэхээр гэрээнд заасан. Гэтэл 2014 онд гадаад валютын ханш огцом өсч, эдийн засаг хямарч импортын тоног төхөөрөмж төсөвт өртөгт багтахгүй нөхцөл байдал үүссэн. Тухайлбал суурилуулах тоног төхөөрөмжийг Хятад улсаас захиалахад 1,346,589 юань буюу тухайн үеийн ханшаар /1 юань =285.6 төг/ 384,935,931.54 төгрөг байсан бол 2014 оны 3,4 дүгээр сард юанийн ханш огцом өсч 320 төгрөгт хүрч дээрх тоног төхөөрөмжийг 412,217,824 төгрөгөөр авахаар болсон. Ханшийн зөрүүнээс үүдэн 384,935,931 төгрөгөөр авах байсан тоног төхөөрөмжийг 412,217,824 төгрөгөөр авах болсныг захиалагчид удаа дараа мэдэгдэж, нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэж өгөхийг хүсэлт болгож байсныг танилцуулахад ямар ч байсан эхлээд гэрээт ажлыг өөрийн боломжоор хийх, дараа нь төсвийн өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэж өгөх амлалтыг өгсөн учир ажлаа эхлүүлсэн. Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа энэ нөхцөл байдлыг ойлгож ямар нэг байдлаар уг ажлыг яаралтай хийж өгөхийг хүсч, төсвийг иргэдийн хурлаар шийдвэрлүүлж өгөхийг удаа дараа амалж байсан учир бид гэрээт ажлыг амжилттай хийж дуусгасан. Бид ажлыг ямар нэг доголдолгүй хийж гүйцэтгэсэн. Барилгын ажилд зарцуулагдах бараа материалын 70 хувь нь импортын материал байсан. Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2-т зааснаар захиалагч тал гүйцэтгэсэн ажлын шинж, шаардлага, ажил гүйцэтгэх болсон нөхцөл байдлыг харгалзан тухайн зах зээлийн дундаж үнэлгээгээр төсвийн алдагдлыг нөхөн олгож, гүйцэтгэгч талыг хохиролгүй болгох үүрэгтэй. ‘’Даланзадгад орон сууцны хорооллын гадна дулаан хангамжийн ЦТП-2 ЦТП-3-г барих ажлын гэрээний ‘’Магадлашгүй ажил’’ гэдэгт үнийн тохируулга хийхгүй гэж заасан боловч төсөв хямралын нөхцөл байдлыг харгалзан талууд 2015 оны 05 дугаар сарын 15 өдөр нэмэлт гэрээ байгуулахдаа захиалагч тал ‘’Энх эрчим’’ ХХК-иас ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, Шинэ суурьшлын бүсийн ЦТП-2,3-ын барилга угсралтын ажлыг гадаад валютын ханшийн огцом өсөлт, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, санхүүжилт зэргийг үндэслэн барилга угсралтын ажлын гэрээний хугацааг 2015 оны 06 сарын 08-ныг хүртэл сунгасан.
Энэхүү гэрээний өөрчлөлт нь гэрээний ‘’үнийн тохируулга хийхгүй’’ гэсэн тохиролцоог өөрчилж, гүйцэтгэгч талаас удаа дараа гаргаж байсан танилцуулга, хүсэлтийг хүлээн зөвшөөрч байсныг нотолсон баримт юм.Энэхүү нэмэлт гэрээ хүчин төгөлдөр байна. Тухайн үед захиалагч санхүүжилт нэмж өгнө гэж хүлээн зөвшөөрч байснаа энэхүү гэрээгээр баталгаажуулсан. Тэгээд ч 2012 оны төсвөөр 2015 онд барилгын ажил гүйцэтгэх боломжгүй юм.
Манай компани гэрээт ажлыг хийж дуусгахын тулд бараа материал захиалсан БНХАУ-ын компаниас зээлээр бараа материал авахаар тохиролцож нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах керамикийн үйлдвэрийн эзэмшлийн 23 500 м.кв талбай бүхий газрыг барьцаанд тавьж, зээлээр бараа материал авсны үндсэн дээр угсралтын ажлыг хийж дуусгасан. 2015 оны 06 сарын 16-ны өдөр барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисст хүлээлгэн өгч, гэрээний үүргээ хангалттай биелүүлсэн. Худалдан авсан барааны үнийн 1,051,166 юаны төлбөрийг эхний ээлжинд төслөөс авсан мөнгөөр төлж, одоо 295,423 юаны төлбөрийн үлдэгдэлтэй байна. Энэ үлдэгдэл төлбөрийг бараа худалдагч тал “зээлээр худалдах-худалдан авах гэрээ” болгон дахин тохиролцоо хийж, төлбөрйин үлдэгдлийг баталгаажуулж, гэрээний хугацаанд төлбөрийг төлөхгүй бол алданги төлөх, улмаар 23 500 м.кв талбай бүхий газрыг барьцааны хэрэгсэл болгоод байна.
“Энх-эрчим” ХХК нь төлбөрөө төлж чадахгүй байгаагаас, орон нутагт бүтээн байгуулалтын ажил хийсний төлөө ашиг олох байтугай, өмч хөрөнгө, эзэмшил газраа алдахад хүрч байгаа нь захиалагч 2014 онд хийх барилгын ажлын төсвийг 2012 оны үлдэгдэл төсвийг захиран зарцуулах зорилгоор тооцсон ажиллагаа, нөгөөтэйгүүр зах зээлийн эдийн засгийн уналт, валютын ханшны өсөлт зэрэг нөлөөлсөн гэж үзэж байна.
Иймд бодитоор хийсэн бүтээн байгуулалтын ажлыг улсын комиссын актаар захиалагч хүлээн авч, өмчдөө бүртгэсэн, орон сууцны дулаан хангамжийн бүтээн байгуулалтын үнэ цэнэ улам өсч байгаа бодит үр дүн, бий болсон нөхцөлд байдлыг харгалзан гэрээний гүйцэтгэгч тал болох “Энх-эрчим” ХХК нь хохирч, дампуурах ёсгүй гэж үзэж байна. Барьцаанд байгаа 23,500 м.кв талбай бүхий газар 500,000,000 төгрөгөөс доошгүй үнэтэй байгаа бөгөөд барьцааны гэрээгээр далимдуулан хятадын тал өөрийн компанийн нэр дээр шилжүүлэхээр нийслэлийн Баянзүрх дүүргийн засаг даргын газрын албанд хандаад байна.
Тухайн үеийн эдийн засгийн хямрал, ханшийн зөрүүгээр 1 юань 320 төгрөг хүрч байсан нь бодит үнэн боловч, шүүхэд хандахад шаардлагатай байгаа юаны ханшийн зөрүүний талаарх баримтыг “Найман шарга” ченжийн захаас авах гэтэл олдохгүй байна. Иймд Монгол банкны лавлагааг үндэслэл болгож, ханшийн зөрүүг хохиролтой ч гэсэн тооцож үзэхэд гэрээ байгуулах үеийн нэг юань 285 төгрөг байснаа 306 төгрөг болж өссөн дүнгээр валютын ханшийн зөрүүг тооцлоо. Энэхүү тооцоогоор 38,011,665 төгрөгийг алдагдал зөрүү, зээлээр бараа материал худалдан аваад төлөөгүй байгаа 295,423 юань ханшийн зөрүүг нэхэмжлэл гаргах болсон 2016 оны 08 сарын 11-ний өдрийн ханш болох 322.18 төгрөгөөр тооцоход 10,729,763 төгрөг, төлбөрийн хугацаа алдасны алданги 43,589,188 төгрөг, нийт 81,600,844.5 төгрөгийн алдагдал хүлээгээд байна. Энэхүү алдагдал нь гүйцэтгэгчийн үйл ажиллагаанаас шалтгаалаагүй тул гүйцэтгэгч, нийлүүлэгчтэй шууд гэрээлэлтийн аргаар инфляци, бодит нөхцөл байдлыг харгалзан тохируулга хийж гэрээний үнийг хэлэлцэн, шинээр тохиролцож болдог зарчмыг Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцоор хүлээсэн. “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар захиалагч учир энэ хэргийн хариуцагч мөн. Нэхэмжлэгч “*******” ХХК гэрээний үүргийн биелэлттэй хобоотойгоор хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн, өөрөөр хэлбэл олон улсын хэмжээнд нийтлэг хэрэглэгддэг “Хардшип” буюу хүнд нөхцөл байдал үүссэн болох нь Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын 2016.05.03-ны өдрийн 03/317 дугаар гэрчилгээгээр нотлогдсон. Иймд “*******” ХХК нь гэрээний үүргээ биелүүлэхийн тулд өөрийн хөрөнгөөр ажил гүйцэтгэж, үр дүнг Өмнөговь аймгийн ******* хүлээн авч, орон нутгийн өмчид хүлээн авсан дулаан хангамжийн ЦТП-2, ЦТП-3-г барих гэрээний дагуу төсөвт ажлын алдагдал төлбөр болох 81,600,844 /наян нэгэн сая зургаан мянга найман зуун дөчин дөрөв/ төгрөгийг Өмнөговь аймгийн засаг даргын тамгын газраас гаргуулж өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. 2013 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн ЗДТГ-с зарласан тендрийн сонгон шалгаруулалтанд “Энх эрчим” ХХК шалгарч 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ажил гүйцэтгэх буюу 2013/95 тоот гэрээг байгуулсан. Гэрээний 2 дугаар зүйлд хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан 11 дүгээр сарын 02-ны өдрөөс барилгын ажил эхлүүлэхийг зөвшөөрөхгүй тул мөн оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс ажлыг эхлүүлнэ гэж заасан байдаг. Ажлыг 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлүүлсэн бөгөөд захиалагчийн зүгээс 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 134,115,467 төгрөг, 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 137,091,374 төгрөгийг “Энх эрчим” ХХК-д шилжүүлсэн. Энэ мөнгийг ажилчдын цалин хөлс, гадна талын тохижилтонд зарцуулсан. “ЦТП” тоног төхөөрөмжийг БНХАУ-аас импортоор захиалан оруулж ирдэг. 2014 онд гадаад валютын үнэ огцом өсч, улс орон даяар эдийн засгийн уналтанд орсон. Тухайн төсөвлөгдсөн ажил үйлчилгээ, төсөвтөө багтахгүй байгааг Өмнөговь аймгийн ЗДТГ, Засаг дарга, ИТХ зэрэг шат шатны байгууллагуудад удаа дараа мэдэгдэж байсан нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Үүнийг Монгол улсын Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2-т тодорхой заасан байдаг. Үүнийг үндэслээд хариуцагч буюу Өмнөговь аймгийн ЗДТГ манай байгууллагатай нэмэлт гэрээ байгуулсан. Энэ бол хугацаа сунгасан гэрээ биш юм. Энэ гэрээг хариуцагч хугацаа сунгасан гэж үздэг. Энэ гэрээний 1 дүгээр заалтанд, захиалагч буюу хариуцагчид манай байгууллага болох “Энх эрчим” ХХК нь валютын ханш хэд дахин өсч байна гэсэн хүсэлтээ гаргасан байдаг. Түүнийг үндэслэн гадаад валютын ханшийн огцом өсөлтийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, санхүү зэргийн үндэслэлийг мөн хүлээн зөвшөөрсөн. Энэ гэрээг үндэслэн барилга угсралтын ажлын гэрээг 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүртэл сунгасан. Энэ зөвхөн хугацаа сунгасан гэрээ биш, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээг худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.2 дахь хэсэгт заасан байгаа. Өөрөөр хэлбэл валютын ханш өөрчлөгдсөнөөр суурь хөрөнгө өөрчлөгдсөн гэж үзэж байна. 2015 онд Монгол банкаар биш Найман шаргаар валютаа солиулсан. Монгол банкны ханш бол тухайн улс орон даяар мөрдөгдөх ханш, Найман шарга зах бол ашиг олох зорилгоор ажилладаг. 81 сая төгрөг нэхэмжлээд байгаа учир нь ашиг биш манай байгууллага алдагдалд орчоод байгаа хохирол юм. Хятад улсын компанитай барьцаа тавьж 2013 онд гэрээ байгуулж байсан. Барьцаанд нь манай компани үйлдвэрийн газраа барьцаалсан. Одоо үйлдвэр Баянзүрх дүүргийн шүүх дээр татагдсан байгаа юм. Тиймээс хариуцагч болох Өмнөговь аймгийн ЗДТГ, “Энх эрчим” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэвэл Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн шүүхэд Өмнөговь аймгийн ЗДТГ-г дахин татах болно. Өмнөговь аймгийн барилгыг барьснаараа манай компани дампуурлын ирмэгт хүрээд байна. БНХАУ-н байгууллагатай худалдах-худалдан авах гэрээг байгуулснаараа шүүхэд дуудагдаад байгаа. Орон нутгийн бүтээн байгуулалтыг дэмжиж ажилласнаараа манай компани хохирч, алдагдалд ороод байна. нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 81,600,844 төгрөгийг гаргаж өгөх юм бол барьцаанд байгаа үйлдвэр газар нь Баянзүрх дүүргийн шүүхэд хамааралгүй болно. Хэрэв эс зөвшөөрвөл манай компани дахин нэхэмжлэл гаргана” гэв.
Хариуцагч Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газраас ажил гуйцэтгэх гэрээ, түүнтэй холбоотой худалдан авалтын ханшны зөрүү 38,011,656 төгрөг, алданги 43,589,188 төгрөг, нийт 81,600,844 төгрөгийг гаргуулах “*******" ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу Даланзадгад орон сууцны хорооллын гадна дулаан хангамжийн ЦТП-2, ЦТП-З-г барих ажлын сонгон шалгаруулалтыг зохион байгуулан “*******” ХХК-тай 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ӨМ2013/90 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан юм. Даланзадгад орон сууцны хорооллын гадна дулаан хангамжийн ЦТП-2, ЦТП-З-г барих ажлын гэрээний ерөнхий зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу ажил гүйцэтгэгчийн төсөв болох 496,250,760 төгрөгийг санхүүжилт хийх үүргийг захиалагч тал хүлээсэн байна. Гэрээний тусгай нөхцөлд заасны дагуу барилгын ажил гүйцэтгэх хугацааг 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэхээр харилцан тохиролцож, захиалагч тал нь 148,875,228 төгрөгийн санхүүжилтийг нэхэмжлэгч компанид 2013 онд төлсөн. Үүнээс нэхэмжлэгч компанид 2013 оны 12 дугаар сарын 19-ны өдөр 134,415,467 төгрөг, зураг төсвийн өртөгт 7,016,000 төгрөгийг тус тус төлсөн. Гэрээнд заасны дагуу баталгаат хугацааны барьцаа хөрөнгө 7,443,761 төгрөгийг суутган авсан болно. 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгч компанид 137,091,373 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 19-ны өдөр 86,256 034 төгрөг, техникийн хяналтын ажилд 4,340,095 төгрөг, баталгаат хугацааны барьцаанд 11,983,552 төгрөг, нийт 239,671,054 төгрөгийг ажлын гүйцэтгэлийг санхүүжилт хийсэн байна. 2015 онд нэхэмжлэгч компанид 102,315,000 төгрөг төлж, баталгаат хугацааны барьцаа хөрөнгөнд 5,385,000 төгрөгийн суутган нийт ажлын төсөвт 496,246,281 төгрөгийн санхүүжилтийг төлж захиалагч талын гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гуйцэтгэсэн байна. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2 “Ажил гүйцэтгэсний хөлсийг талууд тохиролцоогүй боловч гүйцэтгэсэн ажлын шинж, ажил гүйцэтгэх болсон нөхцөл байдал зэргээс шалтгаалан захиалагч тухайн төрлийн ажил гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгууллагаас баталсан жишиг унэлгээний жагсаалт байвал жагсаалтыг үндэслэн, тийм жагсаалт байхгүй бол тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож хөлс төлнө” гэсэн заалтыг болон 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Гэрээний сунгалтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна. Энэхүү үндэслэл болгож байгаа хуулийн заалт нь талууд ажил гүйцэтгэсэн ажлын хөлсийг тохиролцоогүй тохиолдолд хэрэглэх үндэслэл юм. 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ӨМ2013/90 тоот гэрээнд ажлын гүйцэтгэлийн төсвийг талууд урьдчилан тохиролцсон болно. Ажлын төсөв, санхүүжилтийг гэрээнд урьдчилан тохиролцсон нь Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно” гэсэн заалтад нийцэж байна. 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн барилга угсралтын гэрээний сунгалт нь гүйцэтгэгч “Энх эрчим” ХХК-ийн хүсэлтийг үндэслэн зөвхөн ажлыг хүлээлгэн өгөх хугацааг 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл сунгасан хэлцэл юм. Гэрээний сунгалтанд захиалагч нь нэхэмжлэгч талтай барилга угсралтын ажил гүйцэтгэх үнийн өөрчлөлт, түүнийг нэмэгдүүлэх амлалт өгч, үүрэг хүлээж байсан нь нотлогдохгүй байна. Нэхэмжлэлийн хавсралтаар нэхэмжилсэн үнийн дүнгийн тооцооллыг гаргаж 2014 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн Монгол банкны ханшаар тооцож төсвийг нэмэгдүүлсэн байна. Гэрээний дагуу төлөх төлбөрийг 2013 болон 2014 оны нэгдүгээр улиралд багтаан гүйцэтгэл тус бүрээр нь гэрээний дагуу нэхэмжлэгчид төлсөн байхад худалдан авсан бараа, материалын үнэ гэж тооцоолсон нь талуудын хооронд байгуулсан гэрээ, түүнийг үүргийг зөрчсөнөөс үүсэн гарах нөхцөл байдал бус юм. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу тендер шалгаруулалтыг ажил гүйцэтгэгч “Энх эрчим” ХХК-ийн гаргаж өгсөн төсөвт өртгийг үндэслэл болгон гэрээг байгуулсан юм. Мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.2-д гэрээний үнийг нэмэгдүүлэн өөрчлөхийг хориглосон байдаг тул үндэслэлгүй нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, бид хариу тайлбартаа ч дурьдсан байгаа, энэ бол орон нутгийн өмчийн хөрөнгөөр ажил үүргээ гүйцэтгэсэн. Хуульд заасны дагуу анхны төсөвлөсөн төсвөөсөө нэмэгдүүлэх боломжгүй гэж хэлсэн байгаа. Шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гол үндэслэл байна. Нэхэмжлэгч валютын ханшаар авч байсан гээд байгаа нь төсвийг зохиож хэлсэн. Мөн нэхэмжлэгч хэлэхдээ Монгол банкаар солиулж байгаагүй Найман шарга дээр солиулж байсан гээд байгаа. Энэ нь харин ч алдагдалд орохооргүй нөхцөл юм. Тухайн үедээ хамгийн бага ханшаар авсан байх гэж үзэж байна. ЦТП-2, ЦТП-3-ийг 2013 оны 12 сарын 02-ны өдөр гэрээ байгуулаад 496,250,760 төгрөгийн төсөв зохион хэлсэн байдаг. Энэ нь хуулийн шаардлагад нийцээд явсан байгаа. Үүний дагуу 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр тухайн ажлыг эхлүүлэх байсан юм. 2013 онд 148,875,128 төгрөгийг урьдчилж өгсөн учраас цалингийн алдагдал гэж байхгүй гэж бодож байна. Ажил эхлэх үед хангалттай төсөв өгсөн. 2015 оны 05 дугаар сарын 22-нд ажлыг гүйцэтгэж дуусаагүй байхад 137,091,377 төгрөгийг төлсөн. Мөн техникийн ажлын хөлс, баталгаат хугацааны барьцаа, 2015 онд мөн 102,000,000 төгрөг шүлжүүлсэн байна. Нийтдээ 496,241,281 төгрөгийн санхүүжилтийг олгосон байна. Тухайн үед барьцааныхаа мөнгийг төлөөд яваад байсан. 43 сая төгрөгийн алданги гэж БНХАУ-д өөрийнхөө үйлдвэрийг барьцаалсан гэж байна. Гэрээнд алдангийг урьдчилан заасан тохиолдолд тооцно гэж заасан байгаа. Валютын ханшийн хувьд манайх тохиролцох боломжгүй гэв. Нэхэмжлэлийн шаардлага болох 81,600,844 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэжлэгчийн өгсөн бичгүүд нь 2015 оны 04 дүгээр сараас хойш өгсөн байдаг. Та бүхний 2013 оноос яриад байгаа зүйлтэй холбоотой биш юм. Худалдаа, аж үйлдвэрийн танхимаас хар чип гэх зүйл өгдөг. Үүнийг яаж гаргадаг юм гэвэл хүсэлт гаргаж байгаа тал өгөөд тухайн үеийн валютын ханшны үнийн өсөлттэйгөөр гаргаж өгдөг. Мөн 2 талын маргаад байгаа ижил төрлийн шалтгааныг авч үзэж байх шиг байна. Харин танай компанид ЗДТГ-аас бололцоо олгосон байна. 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс ажил эхлээд 50 хоногт гэрээний дагуу ажлыг дуусгасан байна гэхэд, бүтэн жилийн хугацаанд танайхыг санхүүжүүлж, хугацаа хэтэрсэн байхад нь хүлээцтэй хандаж байсан.” гэв.
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газарт холбогдуулж өөрт учирсан алдагдал гэх 81,600,844 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж: нэхэмжлэл /хх-1-4/, тооцоолол /хх-5/, Монгол банкны 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн лавлагаа /хх-7/, Р.Эрдэнэсүрэнд олгосон итгэмжлэл /хх-8/, “*******” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-9/, “*******” ХХК-ийн дүрмийн хуулбар /хх-10-13/, зээлээр худалдах, худалдан авах гэрээний хуулбар /хх-14/, гадаад хэл дээр бичсэн дардас бүхий баримт /хх-15-16,19-20/, “Нэмэх хязгааргүй” ХХК-ийн орчуулгын товчооны дардас бүхий тоног төхөөрөмжийн жагсаалт /хх-17-18,21/, иргэд хоорондын харилцан тохиролцсон гэрээний хуулбар /хх-22/, барьцааны гэрээний хуулбар /хх-23/, “Энхсэржим” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-24/, “Энхсэржим” ХХК-ийн дүрмийн хуулбар /хх-25-27/, 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Даланзадгад орон сууцны хорооллын гадна дулаан хангамжийн ЦТП-2, ЦТП-3-г барих ажлын гэрээний хуулбар /хх-28-30/, 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “Өмнөговь аймгийн шинэ суурьшлийн бүсийн ЦТП-2,3-ын барилга угсралтын ажлын” гэрээний хуулбар /хх-31/, “*******” ХХК-ийн 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газарт гаргасан хүсэлт /хх-32/, “*******” ХХК-ийн 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад гаргасан хүсэлт /хх-33/, “*******” ХХК-ийн 2015 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Засаг даргад гаргасан хүсэлт /хх-34/, “*******” ХХК-ийн 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Хөгжлийн бодлогын хэлтэст гаргасан хүсэлт /хх-35/, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актын хуулбар /хх-36-37/, “*******” ХХК-ийн 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад гаргасан хүсэлт /хх-38/, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимийн 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн хүнд нөхцөл байдлын гэрчилгээ /хх-39/, *******д олгосон итгэмжлэл /хх-55/, “Өмнөговь аймгийн шинэ суурьшлийн бүсэд дулаан түгээх төв ЦТП-4-ийн барилга угсралтын ажлын гэрээний хуулбар /хх-57-58/ зэргийг
Хариуцагч тал татгалзлаа дэмжиж: *******т олгосон итгэмжлэл /хх-43/, хариу тайлбар /хх-48-49/, “*******” ХХК-д мөнгө шилжүүлсэн баримтын хуулбар /хх-59-71/ зэргийг нотлох баримтаар гарган мэтгэлцэж байна.
Нэг талаас захиалагч /хариуцагч/ Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар нөгөө талаас гүйцэтгэгч /нэхэмжлэгч/ “*******” ХХК нь Даланзадгад орон сууцны хорооллын гадна дулаан хангамжийн ЦТП-2, ЦТП-3-г барихаар ажил гүйцэтгэх гэрээг 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр байгуулжээ. Зохигчид шүүхэд ирүүлсэн тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа гэрээ байгуулсан тухайд маргадаггүй бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэсний дагуу ажил гүйцэтгэх гэрээ /хх-28-30/ байгуулагдсан гэж үзэх үндэстэй байна. Захиалагч буюу Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар нь гэрээний 8 /хх-29/-д зааснаар санхүүжилтийн 80 хувийг ажил гүйцэтгэх явцад үлдсэн 20 хувийг улсын болон техникийн комиссын актыг үндэслэн олгох үүрэг хүлээжээ. Өөрөөр хэлбэл гэрээний нийт дүн болох 496,250,760 төгрөгийн 80 хувь буюу 397,000,608 төгрөгийг ажлын гүйцэтгэлээр, 20 хувь буюу 99,250,152 төгрөгийг тухайн барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актыг үндэслэн гүйцэтгэгч “*******” ХХК-д олгох ёстой байжээ. Хариуцагч “... захиалагч тал нь 148 875 228 төгрөгийн санхүүжилтийг нэхэмжлэгч компанид 2013 онд төлсөн. ... 2014 онд ... нийт 239 671 054 төгрөгийн санхүүжилт хийсэн байна.” гэж тайлбар /хх-48/ ирүүлснийг судалж үзэхэд 2013-2014 онд 388,546,282 төгрөгийг гүйцэтгэгч компанид шилжүүлсэн байгаа нь гэрээгээр хүлээсэн 80 хувийн санхүүжилт буюу 397,000,608 төгрөгийн санхүүжилт олгох үүргээ биелүүлээгүй гэж үзлээ.
Хариуцагч /захиалагч/, нэхэмжлэгч /гүйцэтгэгч/ нарын хооронд 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан гэрээг шинжлэн судлахад гэрээ байгуулах болсон үндэслэл нь 1/ “*******” ХХК-иас ирүүлсэн хүсэлт 2/Шинэ суурьшлийн бүсийн ЦТП-2-3-ийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гадаад валютийн ханшийн өсөлт 3/тоног төхөөрөмжийн нийлүүлэлт 4/санхүүжилт 5/гэрээний хугацаа сунгах зэрэг асуудлыг тодорхойлжээ. Хариуцагч Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар дээрх гэрээг “... зөвхөн ажлыг хүлээлгэн өгөх хугацааг ... сунгасан хэлцэл” /хх-49/ гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь нэмэлт гэрээний агуулга нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Худалдан авах бараа, ажил, үйлчилгээний тоног төхөөрөмж, үндсэн материал, түүхий эд, хөдөлмөрийн хөлсний үнэд захиалагч дараахь тохиолдолд тохируулга хийхээр гэрээнд тусгаж болно.”, 40.4.2-т “суурь үнэ огцом өөрчлөгдсөн.” гэж заасан зохицуулалтыг зөрчөөгүй байна. Гэрээний хугацаанд эдийн засагт нүүрлэсэн хямрал, валютийн ханшийн өсөлтийг захиалагч тал хүлээн зөвшөөрч өмнөх гэрээнд үнийн тохируулга хийж “болохгүй” /хх-30/ гэсэн нөхцөл байдлыг өөрчлөн, талуудын хооронд дээрх 5 үндэслэлийг харгалзан тохируулга хийсэн гэрээ байгуулагдсан гэх үндэстэй байна. Мөн “*******” ХХК нь ЦТП-2-3-ийн барилга угсралтийн ажлыг гүйцэтгэхдээ гадаад валют буюу БНХАУ-ын юаниар бараа материал худалдан авч байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт /хх-5,7,15-22/-аар, гэрээг хэрэгжүүлэх үеийн валютийн ханшийн огцом өсөлтөөс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд хүндрэлтэй болсон нь Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимийн хүнд нөхцөл байдлын гэрчилгээ /хх-39/-ээр, валютийн ханш өссөн болох нь Монгол банкны лавлагаа /хх-7/-гаар тус тус нотлогдож байна.
Нэхэмжлэгч тал валютийн ханшийн өсөлтөөс алдагдал хүлээснээ тооцоолсон баримтыг шүүхэд ирүүлсэн бөгөөд /хх-5/ хариуцагч тал уг тооцооны тухай үгүйсгэсэн баримт шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд тайлбар гаргаагүй, мэтгэлцээнээр няцааж чадахгүй байна гэж үзлээ.
Иймд дээр дурдсаныг үндэслэн талууд /“*******” ХХК, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар/ 2013 оны 12 дугаар сард гэрээ байгуулах үед 1 юань 285.86 төгрөг байсан бол зээлээр бараа материал худалдан авсан 2014 оны 11 дүгээр сард 1 юань 306.12 төгрөг болж өссөн үеийн ханшийн зөрүүнд “*******” ХХК 27,281,893 төгрөг, бараа худалдан авсан гэрээгээр төлөөгүй байгаа үлдэгдэл 295,423 юаний ханшийн зөрүүг нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 1 юань 322.18 төгрөгөөр тооцоход 10,729,763 төгрөг нийт 38,011,656 төгрөгийн алдагдлыг “*******” ХХК хүлээсэн гэж үзэх үндэстэй байна.
Харин “*******” ХХК-ийг төлөөлж Т.Идэр нь шинэ суурьшлийн бүсийн ЦТП-2, ЦТП-3-ын барилга байгууламжийг барих ажилд 295,423 юаны бараа материал худалдан авахаар иргэн Р.Батхишигтэй зээлээр худалдах, худалдан авах гэрээ /хх-14/ байгуулж, төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хоногийн 0.05 хувийн алданги төлөхөөр тохиролцжээ. Энэ нь гэрээний дагуу хариуцагч Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газраас алдангид 43,589,188 төгрөг гаргуулах эрх зүйн шууд үр дагавар үүсгэхгээргүй байна. Өөрөөр хэлбэл зээлээр худалдах, худалдан авах гэрээг иргэн Р.Батхишигтэй байгуулснаас бус Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газартай байгуулаагүй байх тул хариуцагчаас 43,589,188 төгрөг нэхэмжлэх хуулийн үндэслэлгүй байна.
Дээр дурдсаныг үндэслэн нэхэмжлэгч “*******” ХХК-ийн хариуцагч Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газарт холбогдуулан 81,600,844 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 38,011,656 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж үндэслэлгүй нэхэмжилсэн 43,589,188 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шүүх дээрх шийдвэрийг гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан нотлох баримтын шаардлага хангасан бичмэл нотлох баримт /хх-5,7,8,10-27,31-39,43,48-49,55/-уудыг үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон бөгөөд “*******” ХХК-д мөнгө шилжүүлсэн баримтын хуулбар /хх-59-71/ нь нотлох баримтын шаардлага хангаж байх тул үнэлсэн боловч тухайн хэрэгт хамааралгүй өөрөөр хэлбэл зохигчид мөнгө шилжүүлсэн эсэх тухайд огт маргахгүй байна. Мөн хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “Даланзадгад орон сууцны хорооллын гадна дулаан хангамжийн ЦТП-2, ЦТП-3-г барих ажлын гэрээ”-ний хуулбар /хх-28-30/-ыг нотлох баримтаар үнэлэх нь талууд хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчимд нийцэхгүй байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй боловч тухайн гэрээ байгуулсан тухай болон гэрээний зүйл заалтын талаар талууд маргахгүй байгааг дурдах нь зүйтэй.
Хэрэгт авагдсан дараах баримт /хх-9,57-58/ нь бичмэл нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул үнэлсэн боловч шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй.
Нэхэмжлэгч “*******” ХХК 81,600,844 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагадаа улсын тэмдэгтийн хураамжид 757,950 төгрөг /хх-6/ төлсөн бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар 565,955 төгрөг төлөх ёстой байсан тул илүү төлсөн 191,995 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулан “*******” ХХК-д буцаан олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.4, 40.4.2-т зааснаар хариуцагч Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газраас 38,011,656 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож үндэслэлгүй нэхэмжилсэн 43,589,188 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 191,995 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулан “*******” ХХК-д буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 565,955 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Өмнөговь аймгийн ******* 352,756 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР