Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2026/00784

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч Б.Ууганбаяр, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 191/ШШ2026/01662 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******-д холбогдох,

Дутуу олгосон илүү цагийн нэмэгдэл хөлс 2,889,527.54 төгрөг, дутуу олгосон шөнийн цагийн нэмэгдэл хөлс 4,151,149.8 төгрөг, нийт 7,040,676 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Миний бие 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 2021/C-396 дугаартай Хөдөлмөрийн гэрээг байгуулан *******-ийн ашиглалтын хэсэгт Бульдозерын оператор ажлын байранд ажиллаж байна. Ажилтны ажиллавал зохих цагийг буруу тогтоосон, илүү цагийг дутуу бодсон, илүү цагийн нэмэгдэл, шөнийн цагийн нэмэгдлийг тус бүр буруу тооцоолсон гэж маргаж байна.

1.1. Ажиллавал зохих цагийн тухайд: Хөдөлмөрийн тухай хуулийн 92 зүйлийн 92.3 дахь хэсэгт уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно гэж заасан. Энэ нь тухайн уртын ээлжээр ажиллаж буй ажилтны өдрийн ажлын цагийн дээд хязгаарыг 12 цагаар тогтоож өгсөн. Мөн тус хуулийн 87.2 дахь хэсэгт нэг ээлжийн ердийн ажлын цагийн үргэлжлэл найман цагаас илүүгүй байна гэж заасан нь өдөрт 12 цаг ажилсан тохиолдолд 8 цаг нь үндсэн ажиллах ёстой цаг ба үүнээс 4 цаг нь илүү цаг болж тооцогдох ёстой юм. Тиймээс өдөрт 8 цагаар 5 /Нэг долоо хоногийн ажлын өдөр/ хоног ажиллавал нэг долоо хоногт 40 цаг ажиллах ёстой. Уртын ээлжээр ажиллаж байгаа буюу 14+14 байгаа тохиолдолд сард ажиллавал зохих цаг нь 80 цагаар тогтоогдож байна. Гэтэл ажил олгогч нь ажиллавал зохих цагийг тухайн саруудад 112-176 цагийн хооронд тооцож цалин олгож байгаа нь үндэслэлгүй юм. 8 /өдөрт ажиллах цаг/ * 5 /нэг долоо хоногийн ажлын өдөр/=40 /долоо хоногийн ажиллавал зохих цаг/, 40 /долоо хоногийн ажиллавал зохих цаг/* 2 /уртын ээлж буюу 14+14/= 80 /сард ажиллавал зохих цаг/. Ажиллавал зохих цагийн буруу тооцоолсноос үүдэж цалин бодох тооцоолуурт бүхэлд нь алдаа гарах эрсдэлтэй. Жишээлбэл, нэг цагийн хөлсийг тооцохын тулд үндсэн цалинг ажиллавал зохих цагт хувааж гаргадаг. Гэтэл ажилтны ажиллавал зохих цагийг буруу тооцоолсноос үүдэж нэг цагийн хөлс нь бодитоор тооцогдохгүй байгаа юм. 7 дугаар сарын байдлаар: Үндсэн цалин 3,740,352 төгрөг, ажиллавал зохих цаг 80 цаг, нэг цагийн хөлс 46,754.40 төгрөг болно.

1.2. Илүү цагийн тухайд: Ажилтан миний 7 сард ажилсан 152 цагаас Хөдөлмөрийн хуулийн 92.3 болон 87.2-р тогтоогдсон уртын ээлжийн ажиллавал зохих 80 цагийг хасвал зөрүү буюу 72 цаг нь илүү цагаар ажилласанд тооцогдож байгаа юм. Долоодугаар сард бичигдсэн илүү цаг болох 70 цаг дээр дээр бодогдсон 72 цагийг нэмбэл тухайн сарын нийт илүү цаг нь 142 цаг болж байгаа юм.

1.3. Илүү цагийн нэмэгдлийн тухайд: Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно гэж заасан. 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн *******-ийн Захиргаа, Үйлдвэрчний Эвлэлийн хамтын гэрээгээр тус компанийн нийт ажилчдын хөдөлмөр эрх зүйн харилцааг зохицуулсан. Тус гэрээний гуравдугаар бүлэгт цалин хөлс /шагнал урамшуулал, нэмэгдэл/-г зохицуулсан бөгөөд 3.2.5-д илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цагийн цалинг 1.75 дахин, бүх нийтээр амрах баярын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалинг 2.25 дахин нэмэгдүүлж олгоно гэж заасан. Үүнээс үзэхэд илүү цагийн нэмэгдлийг Хөдөлмөрийн хуулиар 1.5 болон түүнээс дээш хувиар нэмэгдүүлж болох ба тухайн компани хөдөлмөрийн харилцааг зохицуулсан гэрээгээр 1.75 дахин нэмэгдүүлж илүү цагийн хөлсийг олгоно гэж заасны дагуу ажилтан миний илүү цагийн хөлс дараах байдлаар тооцогдож байна.

Долоодугаар сарын байдлаар: илүү цаг 142 цаг, дундаж цагийн цалин 100,006.65 төгрөг, илүү цагийн нэмэгдэл хувь 1.75, илүү цагийн хөлс 24,851,625.70 төгрөг,

Долоодугаар сарын байдлаар ажилтан миний илүү цагийн нэмэгдэл хөлс нь 24,851,625.70 төгрөг байх ёстойгоос тус компанийн зүгээс гаргаж өгсөн цалингийн задаргаанаас харвал 12,250,814.71 төгрөгөөр тооцсон байна. Энэ нь тус илүү цагийг тооцохдоо дээр дурдсан ажиллавал зохих цагийг буруу тооцсоноос үүдэж тухайн сарын илүү цаг дутуу тооцогдсоноос үүссэн алдаа гэж үзэж байна.

1.4. Шөнийн цагийн хөлсний тухайд: Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3 дахь хэсэгт шөнийн цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны хоёр дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно гэж хатуу заасан байдаг. Гэвч *******-ийн захиргаа үйлдвэрчний эвлэлийн хамтын гэрээний 3.2.7-д Салбарын ажилтны шөнийн цагийн нэмэгдлийг 12,500 төгрөгөөр тооцож олгоно гэж заасан байна. Гэрээний эрх зүйд чухалчилж үздэг нэг зарчим бол хууль ёсны буюу нийтлэг ёс зүйн хэм хэмжээг баримтлах зарчмыг баримталдаг. Тус гэрээг байгуулахдаа Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хуульд нийцүүлэн гэрээний төслийг боловсруулах ёстой. Гэтэл *******-ийн хөдөлмөрийн харилцааг зохицуулах хамтын гэрээ нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн үзэл санаанд нийцүүлэн гэрээг хийх ёстой байсан боловч шөнийн цагийн нэмэгдлийг 12,500 төгрөгөөр тооцож олгоно гэдэг нь хуульд нийцээгүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3 дахь хэсэгт зааснаар шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг дараах байдлаар тооцоолов.

Долоодугаар сарын байдлаар: нэг цагийн хөлс 46,754.40 төгрөг, дундаж цагийн хөлс 100,006.65 төгрөг, шөнийн цагийн нэмэгдэл 1.2, шөнийн цагийн хөлс 6,720,446.70 төгрөг болно.

Иймд ажил олгогч нь ажилтны хөдөлмөрийн гэрээ болон хуульд заасан эрхийг зөрчиж нэмэгдэл хөлсийг олгохгүй байх тул ажилтан ******* миний сард ажиллавал зохин цагийг хуульд заасны дагуу 40 цаг байхаар тогтоож, 2024 оны 07 дугаар сараас 2025 оны 05 дугаар cap хүртэлх нийт 11 сарын дутуу олгосон илүү цаг болон шөнийн цагийн нэмэгдэл цалин болох 112,969,216 төгрөгийг хариуцагчаас гаргуулна.

Одоо 105,928,539 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. ******* нь 2025 оны 03 дугаар сард ажилласан нийт 168 цагаас Ердийн ажлын цаг буюу 80 цагийг хасаж тооцвол илүү цаг буюу 88 цаг ажилласан байна. Тухайн сарын *******гийн дундаж цалин хөлс болох 51,598.71 төгрөгийг Хамтын гэрээний дагуу 1.75 дахин нэмэгдүүлж, 90,297.74 төгрөгийн цаг тутамд илүү цагийн нэмэгдэл хөлс авах хууль зүйн үндэслэл бүрдсэн. Тухайн илүү цагийн нэмэгдэл хөлс болох 90,297.74 төгрөгийг илүү ажилласан 88 цагт үржүүлбэл 7,946,201.12 болно. Гэвч ажил олгогч нь 5,056,673.58 төгрөгийг ажилтанд илүү цагийн нэмэгдэл хөлс гэж олгосон. Иймд 2025 оны 03 дугаар сарын дутуу олгосон илүү цагийн нэмэгдэл хөлс болох 2,889,527 төгрөг, олгох ёстой нэмэгдэл хөлс болох 7,976,201 төгрөгөөс гарт олгосон 5,056,673 төгрөгийг хасаж 2,889,527 төгрөгийг, дутуу олгосон шөнийн цагийн нэмэгдэл хөлсний тухайд олгох ёстой 5,201,149.8 төгрөгөөс олгосон 1,050,000 төгрөгийг хасаж, 4,151,149.8 төгрөгийг дутуу олгосон. Иймд нийт илүү цагийн олгоогүй нэмэгдэл хөлс 2,889,527.54 төгрөг, шөнийн цагийн нэмэгдэл хөлс 4,151,149.8 төгрөг, нийт 7,040,677.34 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

2.1. Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа, хөөн хэлэлцэх хугацааны тухайд, *******-ийн ашиглалтын хэсгийн бульдозерын оператор *******тай 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 2021/С-396 дугаартай хөдөлмөрийн гэрээг байгуулан ажиллаж байгаа бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн нэмэлт өөрчлөлтөөр цалин хөлсний хэмжээг 3,740,352 төгрөг болгон нэмэгдүүлсэн. Компанийн захиргаа, үйлдвэрчний эвлэлийн хооронд байгуулсан 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ЭТТ-2018/140-2 дугаартай хамтын гэрээний 3.1.2, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ЭТТ-2024/1631 дугаартай хамтын гэрээний 3.1.2, Хөдөлмөрийн дотоод журмын 7.3, 2022 онд батлагдсан Компанийн ажилтанд цалин хөлс тооцож олгох журмын 2.4, 2025 онд батлагдсан Ажилтанд цалин хөлс тооцож олгох журмын 3.2-т тус тус заасан хугацаанд цалин хөлсийг ажилчдад тогтмол олгодог. 2022 онд батлагдсан компанийн ажилтанд цалин хөлс тооцож олгох журмын 2.5, 2025 онд батлагдсан Ажилтанд цалин хөлс тооцож олгох журмын 8.1-д тус тус зааснаар ажилтнуудын цалингийн мэдээллийг цалинг олгосноос хойш төв оффисын ажилтанд гурав хоногт, салбарын ажилтнуудад тухайн ээлжид багтаан и-мэйл хаягаар хүргүүлдэг. Нэхэмжлэгч *******гийн хувьд cap бүр авсан цалингийн задаргаа, мэдээллээ и-мэйл хаягаараа хүлээн авч байсан атлаа ...2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ... Хамтын гэрээ байгуулагдах үед мэдсэн... гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Тодруулбал, нэхэмжлэгч нь cap бүр цалин хөлсний мэдээллээ цахим шуудангаар хүлээн авдаг атлаа компанийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр гомдол гаргасан тул 2024 оны 11 дүгээр сараас 2024 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл олгосон цалин хөлстэй холбоотойгоор маргаж, урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар шийдвэрлүүлсэн, харин түүнээс өмнө олгосон цалин хөлстэй холбоотой асуудлаар маргах эрхээ алдсан, хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байна. 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 05 дугаар cap хүртэлх цалин хөлстэй холбоотой асуудлаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хандаагүй байх тул шүүхээс тус хугацаанд хамаарах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна.

2.2. Шинэчлэн найруулсан Хөдөлмөрийн тухай хууль /2022 оны 01 дүгээр сарын 01/-д ажил олгогч нь ажилтныг ердийн ажлын цагаар, ээлжээр болон уртын ээлжээр гэсэн горимоор ажиллуулж болох ба уул уурхай, олборлох салбарт ажиллаж буй ажилтан өөрийн байнга оршин суугаа газраас өөр, алслагдсан газарт байрлаж, ажил үүрэг гүйцэтгэхдээ уртын ээлжээр ажиллах талаар хуульчилсан. Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3 дахь хэсэгт уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан, энэ хуулийн 109.1 дэх хэсэгт заасны дагуу илүү цагийг тооцож, нэмэгдэл хөлс олгоно. гэж заасан. Энэхүү уртын ээлжийн горимын цагийн зохицуулалт нь 5/2 горимоор ажилладаг ажилтны цагийн зохицуулалтаас ялгаатай бөгөөд Улсын дээд шүүхээс уртын ээлжээр буюу 14 хоног ажил үүргээ гүйцэтгэх хугацааг 8 цаг нь ердийн, 4 цаг нь илүү цаг байхаар, ердийн ажлын нийт цагийг нийт ажилласан 14 хоног*8 цаг = 112 цаг гэж уртын ээлжийн ажилтны ажилласан илүү цагийн хэмжээг ажилласан өдөр тус бүрээр тооцохоор шийдвэрлэсэн. Үүний дагуу, манай компани цалин хөлс тооцож олгох журмаа шинэчлэн батлуулж, Хамтын гэрээг шинэчлэн байгуулахдаа уртын ээлжээр буюу 14 хоног ажил үүргээ гүйцэтгэх хугацааг 8 цаг нь ердийн, 4 цаг нь илүү цаг байхаар зохицуулалтыг оруулсан. Энэхүү 112 цаг нь 1 уртын ээлжийн буюу 14 хоногт ажил үүрэг гүйцэтгэх ердийн ажлын цаг бөгөөд тухайн ээлжид 112 цагаас хэтрүүлэн ажилласан тохиолдолд илүү цагийн хөлсийг тооцоолж олгодог. Гэтэл нэхэмжлэгч нь дараагийн уртын ээлжийн хоногуудыг илүү цагаар тооцож олгох ёстой гэж маргаж байгаа нь үндэслэлгүй, хуульд заасан уртын ээлжийн горимын зохицуулалттай нийцэхгүй байна.

2.3. Шөнийн цагийн нэмэгдэл Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3 дахь хэсэгт шөнийн цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны хоёр дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно гэж заасан. Компанийн захиргаа, үйлдвэрчний эвлэлийн хооронд байгуулсан 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ЭТТ-2018/140-2 дугаартай хамтын гэрээний 3.2.5, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ЭТТ-2024/1631 дугаартай хамтын гэрээний 3.2.6, 2022 онд батлагдсан Компанийн ажилтанд цалин хөлс тооцож олгох журмын 3.2.1, 2025 онд батлагдсан Ажилтанд далин хөлс тооцож олгох журмын 4.6-д тус тус зааснаар шөнийн цагийн нэмэгдлийг цаг тутамд 12,500 төгрөгөөр нэмэгдүүлэн тооцохоор тохиролцож, хамтын гэрээг байгуулсан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлдээ хамтын гэрээг байгуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн үзэл санаанд нийцүүлээгүй гэж дурдаад нэг цагийн хөлс дундаж цагийн хөлс шөнийн цагийн нэмэгдэл гэх байдлаар шөнийн цагийн хөлсийг бодох ёстой байсан гэх тооцооллыг гаргасан нь ойлгомжгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 12.2.1-д заасны дагуу Компанийн захиргаа, үйлдвэрчний эвлэлийн хооронд байгуулсан хамтын гэрээгээр шөнийн цагийн нэмэгдлийг 12,500 төгрөгөөр цаг тутам нэмэгдүүлэн тооцож олгохоор зохицуулсан бөгөөд энэ нь тус гэрээгээр харилцан тохиролцсон бусад олон нөхцөлүүдийн хамтаар ажилтны эрх зүйн байдлыг дээрдүүлсэн зохицуулалт юм. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 92 дугаар зүйлийн 92.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-д холбогдуулан илүү цагийн олгоогүй нэмэгдэл хөлс 2,889,527.54 төгрөг, шөнийн цагийн нэмэгдэл хөлс 4,151,149.8 төгрөг, нийт 7,040,677.34 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар *******-аас 105,928,539 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа *******гийн татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 793,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр буюу анхан шатны шүүх хуралдааны үеэр нэхэмжлэлийн шаардлагыг багасгахдаа ... 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн хүртэл нийт 14 хоногийн хугацаанд Өмнөговь аймгийн, ******* сумын нутаг дэвсгэрт байрлах *******-ийн салбарт ажиллаж байх хугацаанд ажил олгогчоос хууль зөрчиж, ажилтны эрхийг зөрчсөн ... гэж өөрчилж, шүүх хуралдаанд мэтгэлцсэн.

Анхан шатны шүүхэд 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн бичгээр гаргасан нэхэмжлэлдээ ... 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хооронд олгогдоогүй үлдсэн илүү цагийн нэмэгдэл хөлсийг гаргуулах, шөнийн нэмэгдлийг хуульд заасны дагуу гаргуулах ... нэхэмжлэл гаргасан.

Дээрх нэхэмжлэлийн шаардлага нь ажил олгогч ******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3, 87 дугаар зүйл, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг зөрчсөн агуулгыг шүүхийн журмаар шийдүүлэх, цаашилбал зөрчигдсөн эрхийг сэргээлгэх хууль зүйн агуулгыг илэрхийлсэн.

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг зөрчсөний улмаас *******г нэг ээлжид 14 хоногийн турш өдөр бүр ажиллуулж байгаа үйлдэл нь Шүүхийн шийдвэрт заасан хугацаа буюу 2025 оны 03 дугаар сард л дан ганц хууль зөрчөөгүй, бусад саруудад ч зөрчсөөр байсан. Тодруулбал, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарсан 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл үргэлжилсэн.

Маргаан таслах комисс нь 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар хуралдахдаа ******* нь 2025 оны 03 дугаар сард *******д олгох 7,040,677 төгрөгийн илүү цагийн нэмэгдэл хөлсийг олгоогүй бөгөөд тус хөдөлмөрийн эрхийн маргааныг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг үзвэл уртын ээлжийн ажилтан нь 14 хоног завсарлаг авч гэртээ байхаас гадна, Уурхайн талбай дээр ажиллахдаа ердийн ажлын цагийг дагаж, 7 хоногт 5 өдөр ажиллаж, 2 өдөр амрах эрхийг хуулиар тодорхойлсныг анхан шатны шүүхээс буруу тайлбарласан. Цаашилбал, 14 хоног буюу 2 долоо хоног уурхайн бүсэд ажиллаж байхдаа нийт 80 цаг ажиллах хууль зүйн үүрэг хүлээснийг ажил олгогчоос илүү цагаар ажиллуулж, нийт 168 цаг ажиллуулсан ба илүү ажиллуулсан 88 цагийн нэмэгдэл хөлснөөс 56 цагийг нь илүү цагт тооцож, 32 цагийг илүү цагт бус, ердийн цагт тооцож, цалин хөлс олгосон. Тодруулбал, ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг илтэд зөрчиж уртын ээлжийн ажилтан *******г 112 цаг ажиллах ёстой гэж үзэн, нийт ажилласан 168 цагаас 56 цагийг илүү цагт тооцон 56 цагийн илүү цагийн нэмэгдэл хөлс олгосон.

Анхан шатны шүүхэд нэхэмжлэгч тал нь уртын ээлжийн ажилтан ажлын талбар дахь 14 хоногтоо 80 цаг ажиллах ёстой гэж маргасан бол хариуцагч тал хариу тайлбарын татгалзалдаа 112 цаг ажиллах ёстой гэж маргасан юм. Хэрэв ажил олгогч *******-ийн татгалзлын дагуу ажилтан 14 хоногт 112 цаг ажиллах үүрэг хүлээвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3, 87 дугаар зүйлийн 87.3, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасан хууль зүйн зөрчил гарах юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасан ажилтан долоо хоногт 40 цаг ажиллана гэх хязгаарлалт бүхий императив эрх зүйн хэм хэмжээг илтэд буруу хэрэглэж, ажилтны эрх, ашгийг хамгаалсан эрх зүйн хэм хэмжээний зорилго, зорилтыг гажуудуулж үл болно.

Анхан шатны шүүх тус хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3 дахь хэсэгт заасныг хэрэглэлгүйгээр, талуудын хооронд байгуулагдсан хамтын гэрээ, ажилтанд цалин хөлс тооцож олгох журмыг ашиглаж хэрэг маргааныг хянан шийдвэрлэж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангахгүй гэж үзэж байна.

Тодруулбал, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ЭТТ-2024/1631 дугаартай *******-ийн хамтын гэрээ, 2022 онд батлагдсан Компанийн ажилтанд цалин хөлс тооцож олгох журам, 2025 онд батлагдсан Ажилтанд цалин хөлс тооцож олгох журамд тус тус зааснаар шөнийн цагийн нэмэгдлийг цаг тутамд 12,500 төгрөгөөр нэмэгдүүлнэ гэж тохиролцож хамтын гэрээ байгуулсан хэдий ч тус гэрээ, журам нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжид нийцээгүй, зөрчилдсөн.

Хамтын гэрээний шөнийн цагийн нэмэгдэл олгох журам нь Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3 дахь хэсэгт заасныг зөрчиж байгаа бөгөөд анхан шатны шүүх тус хуулийг хэрэглэлгүйгээр хуульд нийцээгүй, ажилтанд таагүй нөхцөл үүсгэсэн Хамтын гэрээний зохицуулалтыг хэрэглэсэн нь хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна. Учир нь, Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.5, 2.4 дэх хэсэгт заасан бөгөөд анхан шатны шүүх тус хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүх хуульд нийцээгүй гэрээний зохицуулалтыг баримталж хэрэг маргааныг хянан шийдвэрлэж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан эрх зүйн хэм хэмжээний хэрэглээний эрэмбэ дарааллыг баримтлалгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй тул анхан шатны шүүх үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй гэж үзэж байна. Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч хуулийн агуулгыг бүрэн ойлгоогүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх хэсэгт Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна гэж зааснаар уртын ээлжид ажиллах ажилтны нэг ээлжид ажиллах хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног, ажиллаж байгаа 14 хоногт бүх нийтийн баяр ёслол байх юм бол 100 хувийн нэмэгдэл олгоно гэх зохицуулалт. Уртын ээлжийн хувьд 14 хоног амраад 14 хоног ажиллана. Тухайн 14 хоногийн ажлын цалин нь өдөр бүрийн 8 цагаар тооцогдоно. 14 хоногийг 8 цагаар бодоход 56 цаг гарна. Манай компанийн зүгээс хамтын гэрээнд Улсын Дээд шүүхийн тогтоол батлагдсаны дараа нэмэлт өөрчлөлт оруулж 8 цагийг ердийн ажлын цагаар тооцоод үлдсэн 4 цагийг илүү цагаар тооцож явах нь зөв гэхээр 14 хоногийн 8 хоног нь ердийн цагаар үлдсэн 4 цагийг илүү цаг гэж зээд 56 цагийг илүү цагаар тооцож олгосон. Нэхэмжлэгч 80 цагаас хэтэрсэн цаг болгоныг илүү цаг гэж тайлбарладаг нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан 2024 оны 07 дугаар сараас 2025 оны 05 дугаар сар хүртэлх нийт 11 сарын дутуу олгосон илүү цаг болон шөнийн цагийн нэмэгдэл хөлс 112,969,216 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэгч нь шүүх хуралдааны явцад 105,928,539 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж, 2025 оны 03 дугаар сарын илүү цагийн нэмэгдэл хөлсөнд 2,889,527.54 төгрөг, шөнийн цагийн нэмэгдэл хөлсөнд 4,151,149.8 төгрөг, нийт 7,040,676 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, хэргийн үйл баримтыг зөв тогтоосон байна.

 

2.1. Талуудын хооронд 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээгээр ******* нь *******-д Бульдозерын оператороор уурхайд ажлын 14 хоног, амралтын 14 хоног ажиллахаар харилцан тохиролцсон./1хх14-21/

 

2.2.******* болон тус компанийн ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ЭТТ-2024/1631 дугаартай Хамтын гэрээний 3.2.5-д илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цагийн цалинг 1.75 дахин, бүх нийтээр амрах баярын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цагийн цалинг 2,25 дахин нэмэгдүүлж олгохоор, мөн гэрээний 3.2.6-д салбарын ажилтны шөнийн цагийн нэмэгдлийг 12,500 төгрөгөөр тооцож олгохоор тохиролцсон. /1хх70-78/

 

3. Зохигч илүү цагаар ажилласны болон шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг шаардах эрхтэй эсэх талаар талууд маргасан байна.

 

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлэхээр уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болно гэж заасан бөгөөд хариуцагч ******* нь ашигт малтмалын хайгуул, ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж, ажиллагсдыг уртын ээлжийн горимоор ажиллуулдаг хуулийн этгээд болох нь тогтоогдож байна./1хх 108/

 

4.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлд ажилтныг уртын ээлжээр ажиллуулах талаар зохицуулсан бөгөөд тус хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт Ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлэхээр уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болно гэж, энэ зүйлийн 92.3 дахь хэсэгт Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно гэж, мөн энэ зүйлийн 92.4 дэх хэсэгт Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна гэж тус тус заасан.

 

4.2. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.2 дахь хэсэгт Нэг ээлжийн ердийн ажлын цагийн үргэлжлэл найман цагаас илүүгүй байна гэж, энэ зүйлийн 87.3 дахь хэсэгт Ажил олгогч ажилтантай тохиролцсоны дагуу хуульд өөрөөр заагаагүй бол ээлжийн ажлын цагийн үргэлжлэлийг дөрвөөс илүүгүй цагаар уртасган зохион байгуулж болно. Энэ тохиолдолд ажилтан долоо хоногт 40 цагаас илүү ажилласан бол түүнд илүү ажилласан цагийн хөлсийг энэ хуулийн 109.1-д заасны дагуу нэмж олгоно гэж тус тус заасан.

 

4.3. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар баталсан дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 1.6-д хуанлийн жилийн нэг сарын дундаж ажлын өдрийг 21 өдрөөр, нэг сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцох талаар заасан.

 

4.4. Нэхэмжлэгч нь дээр дурдсанчлан уртын ээлжээр ажиллах горимоор ажиллаж байсан бөгөөд 2025 оны 3 дугаар сард 14*12 буюу нийт 168 цаг ажилласан, нэхэмжлэгчийн нэг цагийн хөлс 51,598 төгрөг гэдэгт талууд маргаагүй байна. Үүнээс 14*8 цаг буюу 112 цаг нь үндсэн ажлын цаг бөгөөд илүү ажилласан 56 цагт нийт 5,056,673 төгрөг олгожээ. Өөрөөр хэлбэл, талуудын хамтын гэрээгээр тохиролцсон 1 цагийн хөлс 51,598 төгрөг*1,75 дахин*56 цагаар тооцож 5,056,673 төгрөгөөр тооцож олгосон нь хамтын гэрээ болон Хөдөлмөрийн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт нийцсэн байх тул илүү цагийн хөлсийг дутуу бодож олгосон гэх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3 дахь хэсэгт шөнийн цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно гэж заасан ба хариуцагч байгууллага дахь Хамтын гэрээний 3.2.6-д шөнийн цагийн нэмэгдлийг цаг тутамд 12,500 төгрөгөөр нэмэгдүүлэн тооцож олгохоор тохиролцсон байна.

 

5.1. Нэхэмжлэгчийн ажилласан 168 цагаас 84 цаг нь шөнийн цаг байсанд талууд маргаагүй бөгөөд захиргаа ажилтанд маргаанд хамаарах тухайн сард шөнийн цагаар ажилласны нэмэгдэл хөлсөнд 84 * 12,500 төгрөгөөр тооцож 1,050,000 төгрөгийг олгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3 дахь хэсэгт заасан нэг аравны тав дахин нэмэгдүүлэх хуулиар тогтоосон доод хэмжээнээс дордуулаагүй байх тул шөнийн цагийн нэмэгдэлд 4,151,149.8 төгрөг гаргуулах тухай давж заалдах гомдлыг хангахгүй.

 

6. Нэхэмжлэгчид 2025 оны 03 дугаар сарын сүүл цалингийн мэдээг түүний ******* хаягаар хүргүүлсэн байх ба илүү цагийн мөнгө 5,056,673.58 төгрөг, шөнийн цагийн цалин 1,050,000 төгрөг гэж тусгагдсан, нэхэмжлэгчээс баримтаар ирүүлсэн тухайн сарын нийгмийн даатгалын шимтгэлд тайлагнасан дүн цахим хаягаар ирүүлсэн цалингийн мэдээлэл дэх нийт дүнтэй тохирч байна. /1хх250/

 

Иймд хамтын гэрээний дагуу илүү цагийн нэмэгдэл хөлс, шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг хариуцагч талаас хууль болон хамтын гэрээнд нийцүүлэн олгосон, нэмэгдэл хөлсийг дутуу тооцож олгосон байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 191/ШШ2026/01662 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 264,882 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ

 

ШҮҮГЧИД Б.УУГАНБАЯР

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ