Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 916

 

 

 

 

 

2019           10          28                                    2019/ШЦТ/916     

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

Улсын яллагч Т.Жавхлантөгс,  

Хохирогч Ж.Доржханд,

            Шүүгдэгч Г.О (өөрөө өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ог холбогдох эрүүгийн 1909034330964 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           

Монгол Улсын иргэн, 1999 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймаг, Шарын гол суманд төрсөн, эмэгтэй, 19 настай, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, Монголын хүний нөөцийн удирдлагын дээд сургуулийн 4 дүгээр дамжааны оюутан, ам бүл 2, эхийн хамт Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан 15 дугаар байр 49 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 28а байрны 24 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Г.О нь 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 07-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лакс” баарны гадна хохирогч Ж.Доржхандтай маргалдан зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2019 оны 9 дүгээр сарын 06-ны орой 21 цагт Намуунтөгс, Уянга, Доржханд бид 4 уулзсан. Сүхбаатар дүүргийн “Лакс” нэртэй бааранд орж үйлчлүүлээд гарч ирээд Доржхандтай такси барих асуудлаар муудалцсан. Би шинжээчийн дүгнэлтийг хараад гайхсан. Би гарыг нь гэмтээсэн тул уучлалт гуйгаад салсан. Доржхандыг тухайн үед 2 залуу ирээд аваад явсан. Тийм аймар хөхрөлт няцралт үүсэхээр зүйл болоогүй. Бид хоёр 1-2 минутын хугацаанд харилцан үсдэлцээд, гарнаас нь хазсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Хохирогч Ж.Дорханд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Уянга,  Намуунтөгс хоёр дээр очсон. Бид 3 уулзаад сууж байхад Отгонцэцэг ирсэн. Бид нар “Лакс” гэдэг бааранд очиход Уянга их согтсон байсан. Тэндээс гараад такси барих гэж байгаад маргалдсан. Миний нүд рүү цохиж гэмтсэн. Би нүд рүү цохиход нь уйлаад явж байхад Намуунтөгс чи цагдаа олоод ир гэж хэлж байсан. Тухайн үед Эрдэнэтэд байдаг багын найзтайгаа таарсан нь үнэн. Би Отгонцэцэгт “машин аваад ир” гэдэг үгийг ууртай хэлсэн юм шиг байсан. Отгонцэцэг миний гарыг хазсан, нүд рүү цохисон, үснээс зулгаасан. Би хохиролд 400.000 төгрөг авсан. Бид хоёр эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан. 1500.000 төгрөгийн хувьд гарны мах тасарсан тул хагалгаанд орох шаардлагатай гэж хэлсэн. Хагалгаанд орохын тулд шивээсээ арилгуулах шаардлагатай. Шарх нь сайн эдгэрээгүй. Хааяа шарх хорсож, улайлт өгдөг. Одоогоор зовиур байхгүй...” гэв.

 

Эрүүгийн 19090343300964 дугаартай хэргээс:

 

Хохирогч Ж.Доржханд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 9 дүгээр сарын 06-наас 2019 оны 9 дүгээр сарын 07-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лакс” гэх нэртэй бааранд өөрийн найз Намуунтөгс, Уянга, Отгонцэцэг нарын хамт орж үйлчлүүлсэн. Манай найз Уянга тухайн баарны бие засах өрөөнд бөөлжсөн. Намуунтөгс Уянгаг аваад гарсан. Би араас нь гараад зогсож байхад Отгонцэцэг араас гараад ирэхээр нь би “юмнуудаа аваад гараад ир” гэж хэлэхэд “яаж харьцаад байгаа юм бэ” гээд уурласан. Би “чамтай яаж харьцсан юм бэ” гэж хэлээд бид 2 хоорондоо маргалдсан. Намайг хэл амаар доромжилж байгаад үснээс зулгаахаар би зөрүүлээд үснээс нь зулгаасан. Намайг түлхээд газар унагаад дээрээс гараараа миний нүд рүү цохиод майжсан. Тэгээд зүүн гарын шуу хэсэгт хазаад бие хэсэг рүү цохиод байсан. Намуунтөгс салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.Отгонцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 9 дүгээр сарын 06-наас 2019 оны 9 дүгээр сарын 07-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лакс” гэх нэртэй бааранд өөрийн найз Доржханд, Уянга, Намуунтөгс нарын хамт орж үйлчлүүлсэн. Бид нар тухайн баарнаас гараад баарны гадаа Доржхандтай такси барих талаар ярьж байгаад маргалдсан. Би Доржхандыг үсдээд авахад намайг үсдээд авсан. Бид 2 үсдэлцэж байгаад газар унасан. Тэгээд би Доржхандын зүүн гарын шуу хэсгээс нь хазахад гарнаас нь цус гарсан. Би Доржхандаас уучлалт гуйгаад эвлэрээд салсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

 

Гэрч Г.Намуунтөгс мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 9 дүгээр сарын 06-наас 2019 оны 9 дүгээр сарын 07-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лакс” гэх нэртэй бааранд өөрийн найз Доржханд, Отгонцэцэг, Уянга нарын хамт орж үйлчлүүлсэн. Бид нар тухайн баарнаас гараад гадаа нь Доржханд манай найз Уянгаг өвөр дээрч суулгачихсан байсан. Тэр үед Отгонцэцэг хажууд нь сууж байсан. Доржханд Отгонцэцэг хоорондоо такси барих талаар ярьж байгаад маргалдаад үсдэлцээд авсан. Доржханд газар унаад би тэр хоёрыг салгасан. Доржханд “цагдаад хэлнэ” гээд яваад өгсөн. Би Доржхандыг дуудаад Отгонцэцэгтэй уулзуулахад тэр 2 нэг нэгэнтэйгээ эвлэрээд салсан. Би Отгонцэцэгийг таксинд суулгаж өгөөд Доржханд, Уянга бид 3 явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10954 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Ж.Доржхандын биед зүүн зовхи, шууны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт, зүүн чамархай, хоёр бугалгад цус хуралт, зүүн гуя, шилбэ, баруун гуя, өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..." гэжээ /хх-ийн 13 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгч Г.Оийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 22 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 24 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 26 дугаар хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 27 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Г.О нь 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 07-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лакс” баарны гадна хохирогч Ж.Доржхандыг “зүй бус харьцлаа” хэмээн маргалдаж улмаар үсдэх, нүүрэн тус газар нь цохих, гарын шууг хазах зэргээр бие махбодид нь хүч хэрэглэсний улмаас түүний эрүүл мэндэд “зүүн зовхи, шууны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт, зүүн чамархай, хоёр бугалгад цус хуралт, зүүн гуя, шилбэ, баруун гуя, өвдөгт цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:

 

Хохирогч Ж.Доржхандын “...Би “чамтай яаж харьцсан юм бэ” гэж хэлээд бид 2 хоорондоо маргалдсан. Намайг хэл амаар доромжилж байгаад үснээс зулгаахаар би зөрүүлээд үснээс нь зулгаасан. Намайг түлхээд газар унагаад дээрээс гараараа миний нүд рүү цохиод майжсан. Тэгээд зүүн гарын шуу хэсэгт хазаад бие хэсэг рүү цохиод байсан...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Г.Намуунтөгсийн “...Доржханд Отгонцэцэг хоорондоо такси барих талаар ярьж байгаад маргалдаад үсдэлцээд авсан. Доржханд газар унаад би тэр хоёрыг салгасан. Доржхандын гарын шууны хэсгээс цус гарч байсан, зүүн нүд хавьцаа урагдчихсан байсан...” гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Г.Оийн “...Доржхандтай такси барих талаар ярьж байгаад маргалдсан. Би Доржхандыг үсдээд авахад намайг үсдээд авсан. Бид 2 үсдэлцэж байгаад газар унасан. Тэгээд би Доржхандын зүүн гарын шуу хэсгээс нь хазахад гарнаас нь цус гарсан...” гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10954 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч нь хохирогч Ж.Доржхандыг “зүй бус харьцлаа” гэж маргалдан улмаар түүний биед хүч хэрэглэсэн үйлдлээ мэдүүлсэн, хохирогч, гэрч нараас хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч хохирогчийг гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Оийн үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Иймд шүүх шүүгдэгч Г.Оийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Доржхандаас “...Хохиролд 1.500.000 төгрөг нэхэмжилж байгаа. Одоогоор хохиролд 400.000 төгрөг авсан. Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай тул үлдэгдэл мөнгийг нэхэмжилнэ…” гэсэн хүсэлтээ илэрхийлж, хэргийг шийдвэрлэх үед нэхэмжлэлийг нотлох баримт байхгүй тул хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Ийнхүү хохирогч Ж.Доржхандын нэхэмжлэлийн хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээв.  

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Г.Оийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.           

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Г.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.О нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав. 

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, хоорондоо зүй зохистой харьцах зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Г.Ог хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Оийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.От оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Г.О нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид нэхэмжилсэн баримтаар төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай. 

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

6. Хохирогч Ж.Доржхандын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаар нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай. 

 

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН