Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 527

 

2016 оны 09 сарын 28 өдөр     Дугаар 156/ШШ2016/00527
    Хэнтий аймаг


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:156/2016/00590/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
            Нэхэмжлэгч: Хэнтий аймаг Баян-Адрага сум, 1 дүгээр багт оршин суух иргэн Гарьд  овогт Чойжиннямын Ганчимэг /СЖ64050406/-гийн нэхэмжлэлтэй
            Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
           
 Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн оролцов.                
 Нэхэмжлэгч Ч. Ганчимэг нь миний дүү Уранчимэг нь хөгжлийн бэрхшээлтэй асаргаанд байдаг, би асардаг тул өөрийн биеэр шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Иймд хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн намайг оролцуулалгүй хэргийг шийдвэрлэж өгнө үү /хх-ийн 27х/ гэсэн хүсэлт гаргажээ:
Иймд ИХШХШТХ-ийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгчийн дээрх хүсэлтийг хүлээн авч түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.                           


ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ч.Ганчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие 1981 оны 01 дүгээр сарын 01-нээс 1989 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл Хэнтий аймгийн Баян-Адрага сумын Улаан-од нэгдэлд тэмээчин, малчнаар ажилласан.  Энэ хугацаанд 4 хүүхэд төрүүлж өсгөсөн. Баян-Адрага сумын Архивын тасаг шатсан тул ажиллаж байсан материалууд олдохгүй байгаа тул улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох боломжгүй болоод байна.
Иймд миний 1981 оны 01 дүгээр сарын 01-нээс 1989 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл улсад ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэжээ./хх-ийн 1х/
 
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Жаргалсайхан шүүхэд гаргасан тайлбартаа:
Ч.Ганчимэг нь 1981 оны 01 дүгээр сарын 01-нээс 1989 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл Хэнтий аймгийн Баян-Адрага сумын Улаан-од нэгдэлд тэмээчин, малчнаар ажилласан.  Энэ хугацаанд 4 хүүхэд төрүүлж өсгөсөн. Баян-Адрага сумын Архивын тасаг шатсан тул ажиллаж байсан материалууд олдохгүйн байгаа тул улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох боломжгүй болоод байна.
Иймд миний 1981 оны 01 дүгээр сарын 01-нээс 1989 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл улсад ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэжээ./хх-ийн 23х/
Мөн нэхэмжлэгч нь миний дүү Уранчимэг нь хөгжлийн бэрхшээлтэй асаргаанд байдаг, би асардаг тул өөрийн биеэр шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна.
Иймд хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн намайг оролцуулалгүй хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ./хх-ийн 27х/

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

            ҮНДЭСЛЭХ НЬ:
           
             Нэхэмжлэгч Гарьд  овогт Чойжиннямын Ганчимэг нь Хэнтий аймгийн Баян-Адрага сумын Улаан-од нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-нээс 1989 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл тэмээчин, малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

            Хэдийгээр нэхэмжлэгч нь Хэнтий аймгийн Баян-Адрага сумын Улаан-од нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-нээс 1989 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан боловч хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон гэрчүүдийн мэдүүлгүүдээр дээрх хугацаанд Хэнтий аймгийн Баян-Адрага сумын Улаан-од нэгдэлд малчнаар ажиллаж байсан гэх байдал хангалттай тогтоогдохгүй байна.

            Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Баян-Адрага сумын архив шатсан гэж тайлбар хийж байгаа боловч энэ талаар төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гэрчилсэн, нотолсон баримт хэрэгт байхгүй байна.
         
       Харин хавтаст хэргийн 10 дугаар хуудсанд байх Хэнтий аймгийн архивын тасгийн Сан хөмрөгийн эрхлэгч У. Ганганмөрөнгийн 2016.05.09-ний өдрийн тодорхойлолтонд          Баян-Адрага сумын Улаан-Од нэгдлийн 1980-1990 оны архивын баримтанд Чойжиннямын Ганчимэгт холбогдох баримт байхгүй байна...гэжээ.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т: Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй талаар дурджээ.
     
     Хэнтий аймгийн Архиваас авсан тодорхойлолтоос үзэхэд Хэнтий аймгийн           Баян-Адрага сумын Улаан-Од нэгдлийн 1980-1990 оны архивын баримт материал хадгалагдаж үлдсэн байхаар, харин нэхэмжлэгч Чойжиннямын Ганчимэгт холбогдох баримт байхгүй юм байна гэж ойлгогдож байна.

     Иймд нэхэмжлэгч Ч. Ганчимэгийн Хэнтий аймгийн Баян-Адрага сумын Улаан-Од нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-нээс 1989 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд тэмээчин, малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:
1.    Нэхэмжлэгч Гарьд  овогт Чойжиннямын Ганчимэгийн Хэнтий аймгийн            Баян-Адрага сумын Улаан-Од нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-нээс 1989 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд тэмээчин, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
 
          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т заасны дагуу нэхэмжлэгч Ч. Ганчимэг нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар  чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай..

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ж. БОЛДБААТАР