Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2026/00783

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч Б.Ууганбаяр, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 192/ШШ2026/01912 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******-т холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн даатгалыг нөхөн баталгаажуулалт хийлгэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

*******-ын 2023 оны 01 дугаар сарын 30-ны өдөр б/96 тушаалаар ажилд автобусны жолоочоор ажилд орсон ба ажиллаж байх хугацаандаа ямар нэг сахилгын зөрчил гаргалгүй сайн ажилласан *******-н захиргаанаас 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр б/114 тоот тушаалаар хууль бусаар ажлаас халсан тул *******-н б/114 тоот тушаалыг хүчингүй болгож ажилд эргүүлэн тогтоолгож өгнө үү. Мөн дундаж цалин 3,997,601 төгрөг болж байгаа тул шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд нэг сарын цалин 3,997,601 төгрөгөөр тооцож ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулж нийгмийн даатгалыг төлүүлж өгнө үү. гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

******* нь 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/96 дугаартай тушаалаар ажилд томилогдсон. Нэхэмжлэгч нь тус байгууллагад ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ биелүүлэх явцдаа ажлын хариуцлага алдаж 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр өөрийн хариуцсан тээврийн хэрэгслээ шугам замд эзгүй орхисон, 2025 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан зөрчил гаргаж байгууллагын Сахилгын арга хэмжээ тооцох хурлаар сахилгын шийтгэл ногдуулж байсан.

Мөн нэхэмжлэгч ******* 2025 оны 03 дугаар сарын 08-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж байхдаа ээлжийн амралттай байсан ************** дуудаж зөвшөөрөлгүй шугам замд гаргасан зөрчил гаргасан камерын бичлэгээр тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтыг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.8 дахь хэсэгт зааснаар сахилгын зөрчилтэй тооцогдох хугацаанд дахин сахилгын зөрчил гаргасан тул байгууллагын Сахилгын арга хэмжээ тооцох хурлаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон.

******* нь 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр ажлаас чөлөөлсөн тушаалаа гардаж авсан. Манай байгууллагын Хөдөлмөр эрхлэлтийн маргаан таслах комисс 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс байгуулагдан ажиллаж байгаа ба ******* тус комисст хандаагүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан хариуцагч *******-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүхээс 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 18590 дугаар захирамж гаргаж, уг захирамжийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр шуудангаар Сонгинохайрхан дүүрэг, Баруун Баян уул, 1 дүгээр гудамж, 5 a тоот хаягт илгээсэн бөгөөд би 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гардан авсан. Үүний дараа 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэлээ дахин гаргасан. Иймд нэхэмжлэл Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт заасан хугацаанд багтаж гаргасан бөгөөд хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

4.2. Нэгдүгээр ээлжийн жолооч өглөө 04:30 цагт босож, 05:00 цагт Шархадны эцсийн буудлаас ажилчдын автобусаар байгууллага дээр 06:00 цагт ирдэг. Автобусаа гараашаас гарган хүлээн авч 06:45 цагт шугамд гарч, зорчигчдод үйлчилж 14:45 цаг хүртэл ажилладаг.

Хоёрдугаар ээлжийн жолооч 14:45 цагаас 22:45 цаг хүртэл ажилладаг бөгөөд ажлаа дууссаны дараа автобусаа цэвэрлэж, шатахуун авч, гараашид оруулж тавьсны дараа 23:30 цагт ажилчдын автобусаар явж, 00:15 цагт Шархадны эцсийн буудалд бууж гэртээ харьдаг. Эдгээр үйл ажиллагаа нь байгууллагын камерын бичлэгээр бүрэн хянагддаг. 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр би өглөөний ээлжинд ажилласан. Гэвч хоёрдугаар ээлжийн жолооч ажилдаа ирээгүй. Байгууллагаас өөр жолооч ажилд гаргаагүй, бэлтгэл автобус шугамд гаргаагүй. Энэ үед ээлжийн инженер надад шугамд явж бай гэж үүрэг өгсөн тул байгууллагын үйл ажиллагаа тасалдахгүй байх үүднээс ажлаа үргэлжлүүлэн хийсэн.

Замын хуудсанд миний ажилласан хугацааг 06:45 цагаас 22:45 цаг хүртэл буюу 16 цаг ажилласан гэж диспетчер болон ээлжийн инженер тэмдэглэж хаасан байдаг. Хэрэв би дураараа шугамд явсан бол хэсгийн дарга болон ээлжийн инженер байгууллагын камерын хяналтаар намайг зогсоох, өөр жолооч гаргах, өөр автобус шугамд гаргах боломжтой байсан. Гэтэл намайг зогсоогоогүй бөгөөд замын хуудсыг 16 цаг ажилласнаар хааж гарын үсэг зурсан нь байгууллага өөрөө намайг ажиллуулах зөвшөөрөл өгснийг нотолж байна. Мөн 2025 оны 03 дугаар сарын 08-ны өдөр мөн адил хоёрдугаар ээлжийн жолооч ажилдаа ирээгүй тул би дахин шугамд ажилласан.

4.3. Хариуцагч байгууллага намайг ажлаас халахдаа хөдөлмөрийн гэрээний 4.1.7 болон 5.1.6 дахь заалтыг зөрчсөн гэж үзсэн. Гэрээний 4.1.7-д удирдах албан тушаалтны үүрэг даалгаврыг биелүүлээгүй, байгууллагын журам зөрчсөн гэж заасан. 5.1.6-д хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан буюу хоёр ба түүнээс дээш удаа гаргасан эсхүл ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцална гэж заасан.

4.4. Намайг ажлын байраа орхиж, жолооч ************** автобусанд явуулсан гэж үзсэн. Гэтэл ************** автобусанд явуулсан камерын бичлэг байхгүй. Ямар автобусанд суусан нь тодорхой нотлох баримт байхгүй байхад шүүх нотлогдсон гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг бодитой үнэлэх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.

Би гэдэс өвдөж ариун цэврийн өрөө орохдоо жолооч *******Мөнхбаярт автобус харж байгаарай гэж хэлээд түр хугацаанд холдсон бөгөөд буцаж ирээд ажлаа үргэлжлүүлэн хийсэн.

Байгууллагад хохирол учруулаагүй, ажил тасалсан хүний оронд илүү цаг ажилласан. Өөрөөр хэлбэл, байгууллагын үйл ажиллагааг тасалдуулахгүй байх үүднээс илүү үүрэг гүйцэтгэсэн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхээс хэргийг тал бүрээс нь хуулийн үндэслэлтэй шийдвэрлэсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч хэрэгт авагдсан сахилгын хурлын тэмдэглэл болон бусад баримтуудаар байгууллагын дотоод журам зөрчиж ээлжийн амралттай жолоочид жолоо шилжүүлж шугам замд 2-3 тойрог явуулсан нь тогтоогддог. Ээлжийн амралттай байсан жолооч *******Мөнхбаяр нь нэхэмжлэгчийн хүсэлтээр шугамд замд явсан нь сахилгын хуралд өгсөн тайлбараар тогтоогддог.

Нэхэмжлэгч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан шийдвэрийг 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гардан авсан байдаг ба байгууллагын хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол гаргалгүй шууд иргэний хэргийн шүүхэд хандаж Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор байгууллагын Хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, нийгмийн даатгалыг нөхөн баталгаажуулалт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, хэргийн үйл баримтыг зөв тогтоож, хэргийг шийдвэрлэсэн байна.

 

2.1. ******* нь хариуцагч байгууллагатай 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр нийтийн тээврийн автобусны жолооч, шалгагчаар ажиллахаар хөдөлмөрийн гэрээг байгуулсан. /хх93-97/

 

2.2. Хариуцагч байгууллагын захирлын 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Б/118 дугаар *******ад сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ биелүүлэх үедээ ажлын хариуцлага алдаж 09 дүгээр сарын 05-ны өдөр өөрийн хариуцсан тээврийн хэрэгслээ шугам замд эзэнгүй орхисон, 09 дүгээр сарын 06-ны өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн үндэслэлээр үндсэн цалин 1 сар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. /хх92/ Энэ тушаал хүчин төгөлдөр байх ба нэхэмжлэгч түүний хууль зүйн үндэслэлд маргаагүй.

 

2.3. Хариуцагч байгууллагын захирлын 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б-114 дугаар *******ыг ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1.4, 1.10, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.6.2.6, 10 дугаар зүйлийн 1.6, Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.7, 5 дугаар зүйлийн 5.1.6 дах хэсэгт заасныг үндэслэн Тээвэрлэлт үйлчилгээний хэлтсийн 3 дугаар хэсгийн жолооч ******* нь сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа 2025 оны 03 дугаар сарын 08-ны өдөр ээлжийн амралттай байсан жолооч ************** зөвшөөрөлгүй шугам замд гаргасан зөрчил нь хяналтын камераар тогтоогдсон тул хөдөлмөрийн гэрээг 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөр цуцалж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон. /хх91/

 

3. Зохигчид хөдөлмөрийн сахилгын давтан зөрчлийг гаргасан эсэх, шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн эсэх асуудлаар маргасан байна.

 

3.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ... ******* болон *******Мөнхбаяр нарын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 2.8-д Нийтийн тээврийн үйлчилгээг чанартай хүртээмжтэй, найдвартай хангах үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагааны онцлогоос хамаарч амралтын өдрүүдээр болон өдөр шөнийн 24 цагийн хэдийд ч ажил олгогч ажилтныг гэрээс нь дуудан ирүүлж тодорхой үүрэг даалгавар өгч ажиллуулах эрхтэй гэж заасан байгаа. Үүний дагуу *******аас ************** дуудан ирүүлж, бие засаад ирэх хугацаандаа машинаа харуулахаар кабиндаа суулгаж байсан, тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг шилжүүлээгүй гэж тайлбарласан боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

4. Нэхэмжлэгч нь 2025 оны 03 дугаар сарын 08-ны өдөр М:5 чиглэлд 3046 жолоочийн кодоор эхний ээлжинд үүрэг гүйцэтгэх хуваарьтай байхдаа дараагийн смен жолооч ирээгүй үед хариуцсан хэсгийн дарга, ээлжийн инженерт мэдэгдэлгүйгээр ээлжийн амралттай байсан *******Мөнхбаярт өөрийн хариуцсан тээврийн хэрэгслийг шилжүүлж шугамд явуулсан зөрчлийг гаргасан болох нь 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн хариуцагч байгууллагын сахилгын арга хэмжээ тооцох хурлын тэмдэглэл, жолооч *******Мөнхбаярын тодорхойлолт, гэрч *******ын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдсон талаарх үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

 

4.1. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн *******-ын сахилгын арга хэмжээ тооцох хурлын тэмдэглэлд ...Тус баазын жолооч ******* 2025.03.08-ны өдөр М:5 чиглэлд явж байхдаа смен ирээгүй гэх шалтгаанаар хариуцсан хэсгийн дарга, ээлжийн инженерт мэдэгдэлгүйгээр ээлжийн амралттай байсан ************** дуудаж өөрийн хариуцсан тээврийн хэрэгслийг шилжүүлсэн,

Жолооч *******Мөнхбаяр ...би ээлжийн амралттай байсан, 2025.03.08-ны 12 цагт 1-158-ийн ******* өвдөөд гээд 2 тойроод өгөөч гээд гуйсан. Тэгээд 2-3 тойроод гэртээ харьсан,

Жолооч ******* ...03 дугаар сарын 08-ны өдөр смен жолооч 8-9 хоног ажилдаа ирээгүй, ажил тасалсан, утас нь холбогдоогүй, ирэхийг нь хүлээж уртаар явсан. Эцсийн буудлын гуанзнаас хоол авч идээд гэдэс өвдөөд хордлого авсан явж болохооргүй өвдөөд М:5 чиглэлд явж байсан. Нэг хэсгийн жолооч ************** утсаар дуудаад 2-3 рейс явуулсан. Тэгээд эм уугаад, орой буултаа хийж оруулсан гэжээ. /хх 151-158/

 

4.2. Мөн, гэрч ******* ...Би Автобус 1 дүгээр баазын хэсгийн даргаар ажилладаг. 2025.03 сард ******* нь ээлжиндээ явж байх хугацаандаа ээлжийн амралттай байсан ******* гэх жолоочийг дуудаж өөрийн ээлжинд гаргасан. ...Миний тавьсан хуваарийг зөрчөөд байгууллагад мэдэгдэлгүй уртаар явсан гэж мэдүүлжээ. /хх128-129/

 

5. Байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 7.6.2, 7.6.2.7.14-т ...тээврийн хэрэгслийг ...эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүй жолоо шилжүүлсэн нь холбогдох хяналтаар/GPS/ болон бусад хяналтаар нотлогдсон тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заасан байна.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Б/118 дугаар тушаалаар өөрийн хариуцсан тээврийн хэрэгслээ шугам замд эзэнгүй орхисон, 09 дүгээр сарын 06-ны өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан сахилгын зөрчил гаргасан үндэслэлээр үндсэн цалин 1 сар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байх ба уг зөрчлөөс хойш 1 жилийн дотор дахин зөрчил гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэлд хамаарч байна.

Иймд хариуцагчийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б-114 дугаар тушаалаар *******ыг ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь үндэслэл бүхий болсон байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

6. Түүнчлэн, анхан шатны шүүх нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн талаарх дүгнэлт зөв байна.

 

6.1. Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт ажилтан нь ажлаас чөлөөлсөн тухай ажил олгогчийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тухайн шийдвэрийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй. Мөн зүйлийн 154.8 дахь хэсэгт сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны тэмдэглэлийг, эсхүл тухайн маргааныг шийдвэрлэсэн уг хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж тус тус заасан.

 

6.2. Нэхэмжлэгч, ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөнтэй холбогдох гомдлыг шүүхэд гаргасан байх ба Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 192/ШЗ2025/18590 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан байна. /хх6-7/

 

6.3. Дээрх захирамжийг гаргаснаас хойш нэхэмжлэгч нь 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр дахин нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасан 10 хоногийн хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ. Тодруулбал, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авахаас татгалзсанаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдах ба уг хугацаанаас эхлэн хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дахь хэсэгт зааснаар шинээр тоолно.

 

Иймд нэхэмжлэгчийн анх шүүхэд гаргасан нэхэмжлэлд холбогдох материалыг шүүхээс буцаан хүргүүлсэн шуудангийн хугацаанаас хөөн хэлэлцэх хугацааг тоолохгүй тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 

7. Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, мөн хэрэгт цугласан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

 

8. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 192/ШШ2026/01912 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ

 

ШҮҮГЧИД Б.УУГАНБАЯР

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ