| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 191/2025/13693/И |
| Дугаар | 210/МА2026/00785 |
| Огноо | 2026-04-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 210/МА2026/00785
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч О.Одгэрэл, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 191/ШШ2026/01579 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч *******д холбогдох,
Гэрээний үүрэгт 35,491,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, үүрэг биелэгдээгүй тул гэрээний талууд 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ байгуулснаар сар бүр 3 хувийн хүү төлөхөөр тохирч, үүргээ гүйцэтгээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд алданги төлөхөөр тохиролцож гэрээ байгуулснаар хариуцагч төлбөр төлөөгүй бөгөөд 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 60,000,000 төгрөгийг төлснөөс 59,000,000 төгрөгийг үндсэн автомашины үнээс хасаж тооцоод үлдэгдэл 1,000,000 төгрөгийг алдангийн төлбөрөөс хасаж тооцсон. Одоо зээлийн хүүгийн төлбөрт 4,661,000 төгрөг, алдангийн төлбөрт 30,830,500 төгрөгийг шаардаж байгаа гэжээ.
2. Хариуцагч талын тайлбарын агуулга:
******* нь *******тай найз нөхдийн холбоотой, манайх энэ машиныг унаж ашиглахгүй байна чи авах уу гэж асуухад нь би хүүхдээ эмнэлэгт эмчилгээнд зөөдөг байсан тул унаа машин хэрэгтэй байсан тул худалдан авахаар тохиролцож гэрээ байгуулсан. Би машины төлбөрийг газраа зараад өгнө гэдгээ *******д хэлж тохиролцсон байсан.
Мөн ******* нь надаар хуучин хувцас болон гэрийн тавилга зэргийг өгч заруулдаг байсан. ******* надаас хүү, алданги авахгүй, зүгээр нөхөр хүүхдэдээ үзүүлэх зорилготой гэж хэлж гуйсан учраас би нөхөрлөлдөө итгээд гэрээнд гарын үсэг зурсан. Гэхдээ би машины үнэ 40,000,000 төгрөг, хувцас барааны үнэ 19,000,000 төгрөг гэж задалж гэрээнд тусгах талаар хэлэхэд ******* хүлээж аваагүй. Миний газар зарагдсан тул 60,000,000 төгрөгийг 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр *******д охиныхоо данснаас шилжүүлсэн. Энэ мөнгийг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн гэрээний үүрэгт шилжүүлсэн.
Би нэхэмжлэгчид 800,000,000 гаруй төгрөгийн үнэтэй бараа зарж өгсөн байхад ажлын хөлс гэж нэг ч төгрөг авч үзээгүй, миний газрыг зарахаар ******* өөрөө хөөцөлдөөд явж байсан, би энэ хүнийг буруу таньсан байна. Нэхэмжлэгчид төлөх төлбөр байхгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******гаас 3,602,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 30,830,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 335,408 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 72,582 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэсэн байна.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Цагдаагийн байгууллагаас *******г шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлагдаж Цагдаагийн байгууллагаас дуудмагц өөр этгээдийн данснаас нэхэмжлэгч ******* 60,000,000 төгрөг шилжүүлсэн.
Хариуцагч нь талуудын хооронд байгуулсан гэрээний үүрэг, хариуцлагын талаар, нэхэмжлэгчийн бичсэн Үүргээс гэдэгт маргаагүй байж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ямарваа нэг нотлох баримтгүйгээр найзын харилцаатай байсан, өмнө нь олон сая төгрөгийн олон зүйлийг борлуулж өгсөн, нөхөртөө үзүүлэх гэж ийм гэрээ байгуулсан гэх худал зүйлийг шүүх хуралдаанд ярьсныг шүүх нотлох баримтаар үнэлсэн нь, нэхэмжлэгчийн бичгээр үйлдсэн илэрхийллийг нэг талын хүсэл зориг гэж үнэлсэн нь хууль бус.
Нэхэмжлэгч шүүхэд Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ-ний төлбөрийн үлдэгдэл 35,491,500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагчтай байгуулсан гэрээнээс хүүгийн үлдэгдэл, алданги авахгүй байх тухай ямар ч гэрээ, хэлцэл, илэрхийлэл байхгүй, гэрээний зарим үүргээс татгалзал илэрхийлээгүй. Машин зээлээр худалдан авсан төлбөр, хүү, алдангиа төлөхгүй олон жил зугтаасан, хаяг тодорхойгүй, утсаа авдаггүй, эвлэрүүлэн зуучлалаас дуудахад ирдэггүй, нэг талын хүсэл зоригоор зээл төлөв гэж бичсэн гүйлгээтэй, шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлагдаж 3 жилийн дараа олдсон хүнээс төлбөрөө дутуу авна гэсэн ойлголт байхгүй. Талууд алдангийн хувийг хуульд зааснаар тохирсон, нэхэмжлэгч нь алдангийг хуульд заасан хэмжээгээр нэхэмжилсэн атал Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг үндэслэж алдангийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй байна.
Иймд талууд 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан төлбөр төлөх хугацаа 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр дууссан, хүү, алданги тооцоогүй Зээлээр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ-г 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүү, алданги тооцож, төлбөр төлөх хугацаагаа өөрчилж Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ-г байгуулсныг үндэслэлгүй дүгнэсэн нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж, Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ-ний хариуцлага 30,830,500 төгрөгийг нэмж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:
Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан. ******* чи энэ машиныг ав үүнийг зарах гээд сар болсон ч зарагдсангүй гэсний үндсэнд бид ярилцаад уг машиныг би авсан. Тухайн үед нэхэмжлэгч намайг газраа зарна гэдгийг мэддэг байсан. Машины төлбөрийг газраа зарахаар өгнө гэж тохирсон. Тухайн үед болсон үйл баримтыг нэхэмжлэгч бүгдийг нь мэднэ. 2022 оны 12 дугаар сард Vanguard гэх машины үнэ 32,000,000 төгрөгөөс дээш үнэд хүрч байгаагүй. Мөн ******* нь надаар хуучин хувцас болон гэрийн тавилга, дизель түлш зэргийг заруулдаг байсан. Би зараад мөнгийг нь шилжүүлсэн ба баримт нь байгаа гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан гэрээний үүрэгт 35,491,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй байна.
3. ******* нь *******тай байгуулсан 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Зээлээр худалдах, худалдан авах гэрээ /Тээврийн хэрэгсэл/-гээр ******* нь улсын ******* дугаартай, Toyota Vanguard маркийн, сувдан цагаан өнгөтэй тээврийн хэрэгслийг 59,000,000 төгрөгөөр худалдан авч, төлбөрийг 6 сарын хугацаанд буюу 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцсон. /хх8/
Түүнчлэн, талууд 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ-гээр 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээг үндэслэн, 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн сар бүрийн 3 хувийн хүү тооцох, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн төлбөр төлөгч тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 хувийн алданги төлөхөөр, 59,000,000 төгрөгийг төлж барагдуулахаар зохигчид тохиролцсон /хх7/ тухай гэрээ хэрэгт авагдсан байна.
4. ******* нь гэрээний үүрэгт 60,000,000 төгрөгийг *******д буцаан төлсөн тухайд талууд маргаагүй.
4.1. Хариуцагч нь, нэхэмжлэгчтэй найз нөхдийн холбоотой бөгөөд энэ машиныг унаж ашиглахгүй байна, чи авах уу гэж асуухад нь би хүүхдээ эмнэлэг рүү эмчилгээнд зөөх унаа машин хэрэгтэй байсан тул худалдан авахаар гэрээ байгуулсан. Би машины төлбөрийг газар зараад өгнө гэдгээ *******д хэлсэн ба ******* нь надаар хуучин хувцас болон гэрийн тавилга зэргийг өгч заруулдаг байсан. ******* надаас хүү, алданги авахгүй, зүгээр нөхөр хүүхдэдээ үзүүлэх зорилготой гэж хэлж гуйсан учраас би нөхөрлөлдөө итгээд гэрээнд гарын үсэг зурсан. Гэхдээ би машины үнэ 40,000,000 төгрөг, хувцас барааны үнэ 19,000,000 төгрөг гэж задалж гэрээнд тусгах талаар хэлэхэд ******* хүлээж аваагүй. Миний газар зарагдсан тул 60,000,000 төгрөгийг гэрээний үүрэгт шилжүүлсэн гэж тайлбарлажээ.
4.2. Хариуцагч нь шүүх хуралдааны шатанд маргаан бүхий автомашины 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн үнэ ханшийг тодорхойлуулахаар шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 191/ШЗ2026/06606 дугаар шүүгчийн захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. /хх61-63/
Дээрх захирамжид, хуульд зааснаар зохигчийн маргаан бүхий хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай, хэргийн оролцогч өөрөө олж авах боломжгүй баримтыг шүүхийн журмаар бүрдүүлэх журамтай гэж дүгнэж түүний хүсэлтийг хангахгүй орхисон байна.
4.3. Хариуцагч нь 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн эхний шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргаж хуралдаан хойшилж, 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр товлогдсон байна.
Уг өдрийн хуралдааны тэмдэглэлээс үзвэл, хариуцагч талаас талуудын маргааны зүйл болсон автомашиныг худалдан авсан үеийн зах зээлийн үнэ ханшийг тогтоолгохоор шинжээч томилуулах тухай хүсэлт гаргаж, үндэслэлээ тайлбарласан байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч талаас өмгөөлөгч нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон тул түүнээс авсан зөвлөгөөний дагуу уг хүсэлтийг гаргаж байгаа талаар болон гэрээнд автомашины үнээс гадна өөр худалдахаар өгсөн барааны үнэ орсон талаар тайлбарлаж, өөр бусад баримтыг өгөх гэсэн боловч шүүхээс нотлох баримтын шаардлага хангахгүй гэж аваагүй талаар дурдагджээ./хх42-48/
4.4. Түүнчлэн, мөн өдрийн шүүгчийн 191/ШЗ2026/06606 дугаартай хүсэлт шийдвэрлэх тухай захирамжаар хариуцагчийн нотлох баримтаар өгсөн 9 хуудас баримт нь бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй, хоёр этгээдийн хооронд харилцсан зурвас захиа байх бөгөөд хариуцагчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэгжүүлэх хэргийн оролцогчийн эрх үүргийг дэлгэрэнгүйгээр тайлбарлан танилцуулсан, тэрээр нэхэмжлэгчтэй харилцсан гэх зурвас захианд үзлэг хийлгэж нотлох баримтаар бэхжүүлэн авах тухай хүсэлтийг шүүхэд гаргаагүй гэж нотлох баримтыг хүлээн аваагүй байна./хх61-63/
4.5. Дээрхээс үзвэл, хариуцагч нь нэхэмжлэлд холбогдох татгалзлаа нотлох зорилгоор шүүхийн журмаар шинжээч томилуулах хүсэлт гаргаж, өөрт буй баримтаа шүүхэд гаргаж өгсөн боловч шүүхээс шинжээч томилуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзаж, хариуцагчийн гаргаж өгсөн баримтыг урьдчилан дүгнэж хүлээн авалгүй, талуудын мэтгэлцэх эрхийг хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3, 6.4, 25 дугаар зүйлийн 25.1.3, 38 дугаар зүйлийн 38.6, 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт тус тус нийцээгүй байх бөгөөд, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзнэ.
5. Иймд анхан шатны шүүхийн гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцээж залруулах боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд хэргийг буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 191/ШШ2026/01579 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 312,103 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР
ШҮҮГЧИД О.ОДГЭРЭЛ
Ц.АЛТАНЦЭЦЭГ