| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2016/00557/И |
| Дугаар | 529 |
| Огноо | 2016-09-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 529
2016 оны 09 сарын 28 өдөр Дугаар 156/ШШ2016/00529
Хэнтий аймаг
ШИЙДВЭР
2016-09-28 №529 Хэрлэн
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:156/2016/00557/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, Баян-Адарга сумын 2 дугаар баг, Жаргалант гэдэг газар оршин суух, иргэн Боржигон овогт Намсрайн Гүнжлхамын /РД:СВ61080301/-ийн нэхэмжлэлтэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Лхагвасүрэн нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө. Янжинлхам нь Манайх хөдөө цөөн хэдэн малтай бөгөөд одоо мал төллөдөг цаг тул нааш цаашаа олон удаа явах боломжгүй байгаа байдлыг минь харгалзан үзэж намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэжээ.
Иймд ИХШХШТХ-ийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх хүсэлтийг хүлээн авч түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Н.Гүнжлхам нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие Хэнтий аймгийн Баян-Адарга сумын “Улаан-Од” нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар 1981 оны 01 дүгээр сараас эхлэн томилогдон 1993 оны 11 дүгээр сарын 20-ныг дуустал 13 жил ажилласан баримт олдохгүй байгаа тул дээрх ажилласан хугацааг баталгаажуулж тогтоож өгнө үү.
Анх төрсний гэрчилгээ авахад Гүнжинлхам гэдэг нэрээр, хөдөлмөрийн дэвтэрт мөн дээрх нэрээр байгаа боловч иргэний үнэмлэх шинээр авахад Гүнжлхам болсон. Дээрх нэрүүд зөрүүтэй байгаа тул хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болохыг тогтоож өгнө үү.
Иймд миний 1981 оны 01 дүгээр сараас 01-нээс 1993 оны 11 дүгээр сарын 20-ныг дуусталх хугацаанд улсад ажиллаж байсан байдлыг минь хэрэгт байгаа материалыг үндэслэн тогтоож өгнө үү гэжээ. /хх-ийн 1, 21х/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Янжинлхам шүүхэд өгсөн тайлбартаа:
Н.Гүнжлхамын Хэнтий аймгийн Баян-Адарга сумын “Улаан-Од” нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар 1981 оны 01 дүгээр сараас эхлэн томилогдон 1993 оны 11 дүгээр сарын 20-ныг дуустал 13 жил ажилласан баримт олдохгүй байгаа тул дээрх ажилласан хугацааг баталгаажуулж тогтоож өгнө үү.
Мөн анх төрсний гэрчилгээ авахад Гүнжинлхам гэдэг нэрээр, хөдөлмөрийн дэвтэрт мөн дээрх нэрээр байгаа боловч иргэний үнэмлэх шинээр авахад Гүнжлхам болсон. Дээрх нэрүүд зөрүүтэй байгаа тул хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болохыг тогтоож өгнө үү./хх-ийн 21х/
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Боржигон овогт Намсрайн Гүнжлхам нь Хэнтий аймгийн Баян-Адрага сумын Улаан-Од нэгдлийн 2 дугаар бригадад 1981 оны 01 дүгээр сараас 01-ний өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох, түүнчлэн 1981 оны 07 дугаар сарын 05-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэгч Н.Гүнжлхамын ажилласан байдлыг тогтоолгох болон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай дээрх нэхэмжлэлийн шаардлагуудыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Боржигон овогт Намсрайн Гүнжлхам нь 1981 оны 01 дүгээр сараас 01-ний өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 20-ныг дуусталх хугацаанд Хэнтий аймгийн Баян-Адрага сумын “Улаан-Од” нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд өгсөн тайлбар, нэхэмжлэгчийн 1981 оны 07 дугаар сарын 05-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-ийн 9-12х/, Хэнтий аймгийн Баян-Адарга сумын “Улаан-Од” нэгдлийн зөвлөлийн даргын 1980 оны №97 дугаартай тогтоол/хх-ийн 13х/, Хэнтий аймгийн Баян-Адарга сумын “Улаан-Од” компаний компаний ерөнхий захирлын 1993 оны №47 дугаартай тушаал/хх-ийн 14х/, Хэнтий аймгийн Архивын тасгийн 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн цалингийн тодорхойлолт /хх-ийн 16 хуудас/, №25, 75 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд, гэрч Г.Баатарчулууны мэдүүлэг /хх-ийн 24х/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Харин тэрбээр 1981 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хөдөлмөрийн дэвтэр нээлгэхдээ Намсрай овогтой Гүнжинлхам нэрээр нэр нь ташаа бичигдсэн байдал тогтоогдож байх тул уг байдлыг зөвтгөн Намсрай овогтой Гүнжинлхам нэрээр 1981 оны 07 дугаар сарын 05-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь нэхэмжлэгч Боржигон овогт Намсрайн Гүнжлхам /РД:СВ61080301/ мөн болохыг тогтоох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Боржигон овогт Намсрайн Гүнжлхам /РД:СВ61080301/-ыг Хэнтий аймгийн Баян-Адрага сумын Улаан-Од нэгдлийн 2 дугаар бригадад 1981 оны 01 дүгээр сараас 01-ний өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Намсрай овогтой Гүнжинлхам нэрээр 1981 оны 07 дугаар сарын 05-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь нэхэмжлэгч Боржигон овогт Намсрайн Гүнжлхам /РД:СВ61080301/ мөн болохыг тогтоосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т заасны дагуу нэхэмжлэгч Н. Гүнжлхам нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР