Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2026/00849

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч О.Одгэрэл, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 192/ШШ2026/00958 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч *******д холбогдох,

Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, *******-ийн хувьцааны 76 хувь буюу 76 ширхэг хувьцааг буцаан шилжүүлэн авах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Миний бие 2013 оны 10 дугаар сард Япон улсад сонины газарт ажиллаж, хэлний бэлтгэл төгсөөд 2016 оны 06 дугаар сард Монголдоо ирсэн. Япон улсад ажиллаж амьдрах хугацаанд ******* гэдэг Солонгос хүнтэй танилцаж найз нөхдийн харилцаатай болсон. Монголдоо ирсний дараа 2017 онд Япон хэлний сургалтын ******* төвийг байгуулж ажиллаж эхэлсэн. 2020 оны 01 дүгээр сард ******* нь Тоогий, би чамайг Японд байхаас мэднэ. Чи Япон хэлэндээ сайн, сонин тараах ажилдаа сайн байсан болохоор чамтай хамтарч компани байгуулмаар байна. ******* гэдэг компани байгуулаад ******* гэдэг япон хэлний сургалтын төвийг байгуулъя.

Япон улс руу сургалтын визээр сонин тараах ажлын нөхцөлтэйгөөр Монгол залуучуудыг зуучилмаар байна. Чиний сонин тараасан туршлага байгаа болохоор зааж сургахад амар байх. Монголд олох ашгийг чи хариуцаад Японд олох ашгийг би хариуцна болох уу гэх санал тавьсан. Түүний саналыг би хүлээн авч хамтран ажиллахаар болоод 2020 оны 01 дүгээр сард ******* нэртэй компанийг байгуулж, ******* хөрөнгө оруулж компанийн 24 хувийг, би өөрийнхөө ******* гэдэг сургалтын төвөө ******* болгож тодорхой хэмжээний хөрөнгө гаргаж компанийн 76 хувийг эзэмшиж ажиллаж эхэлсэн.

Тэр үед ******* /миний 76 хувьцааг одоо авсан байгаа хүн/ цагийн багшаар ******* гэдэг хүний танилцуулгаар орж ирсэн. Тэгээд цаашдаа намайг ажлын хариуцлагагүй, архи ууж ажлаа тасалдаг гэх мэт шалтгаанаар байгууллагын дансыг *******д 2023 оноос эхлэн хариуцуулсан Энэ үеэс эхлэн байгууллагын орлого зарлага дансны асуудлыг ******* болон ******* гэдэг 2 хүн л удирдаж эхэлсэн. Намайг орлого зарлага асуухаар Кim гэдэг хүн болохоор чи мэдэх шаардлагагүй гэж хэлдэг болсон.

Хувьцаагаа шилжүүллээ гээд ******* доторх миний байр суурь нэр хүнд өөрчлөлт байхгүй юм байна гэж бодоод, компанийнхаа үйл ажиллагааг улам сайжруулна гэж итгэж 2025 оны 01 дүгээр сард Бэлэглэлийн гэрээгээр өөрийн 76 ширхэг хувьцаагаа шилжүүлсэн. Шилжүүлэх үед ямар ч мөнгө хувьцааны ногдол ашиг аваагүй. Гэтэл компанийн 76 ширхэг хувьцаагаа шилжүүлсний дараагаас олон өөрчлөлт гарч, анх хэлсэн амлалтдаа хүрэхгүй, ******* болон ******* нар нийлж намайг удаа дараа гомдоосон үйлдэл хийсээр байгаа учир өөрийнхөө *******д шилжүүлсэн 76 ширхэг хувьцаагаа буцаан авах хүсэлтэй байна. Үүнд:

1. Захирлын нэмэгдэл гээд сар болгон 250,000-300,000 төгрөг авдаг байсан нь дөнгөж хувьцаагаа шилжүүлж өгсөн 2025 оны 01 дүгээр сараас эхлээд больсон.

2. 2025 оны 03 дугаар сард ******* компанийг надад хэлж мэдэгдэлгүйгээр нүүлгэсэн.

3. ******* япон хэлний сургалтын төвийн фэйсбүүк хуудсыг би анх нээсэн. Гэтэл тэр фэйсбүүк хуудаснаас надад хэлэлгүйгээр намайг хассан.

4. ******* сургалтын төв Багануурын ойролцоо мод тарьсан. Би тэр модыг Сэлэнгээс авчирч тарьж ургуулсан болно. 2025 оны 04 дүгээр сард мод услахаар явахдаа мөн адил надад мэдэгдээгүй.

5. Манай ажлын газрын багш хүүхэд төрүүлсэн ба түүнийг эргэж очихдоо надад мэдэгдээгүй.

6. 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 06 дугаар сарын 10-ны хооронд ******* нь Монголд ирсэн. Ингэхдээ надтай 06 дугаар сарын 09-ний өдөр уулзаж, 1 цаг гаруй ярилцсан. Өмнө нь ирэхэд нь би тосч гадуур явахад нь дагуулж явдаг байтал хэлж ярихгүй ирж, буцахаасаа өмнө уулзаж байгаа нь их хөндий байгаа бөгөөд одоо хувьцаагаа шилжүүлсэн болохоор гэж байгаа юм шиг санагдсан.

7. ******* нь 06 дугаар сарын 09-ний өдөр уулзаж ярилцахад Анхнаасаа би байгаа болохоор сонины тэтгэлгээр оюутнуудыг явуулсан, чи мөнгө гаргаагүй, чи удирдагч биш, би хөрөнгө оруулагч би бүгдийг шийднэ, чиний юм байхгүй. Чамд 2025 оны 12 дугаар сар болтол цалинг чинь өгнө. Тэгээд чи өөрийнхөө сайн чадах юм аа хий" гэх мэт ярьсан нь миний үүсгэн байгуулаад 5 жилийн турш цаг хугацаа, хөдөлмөр, сэтгэл гаргасныг үл тоож ярьсан нь маш их гомдоход хүргэсэн. Дүгнээд хэлэхэд 2020 оны 01 сард өөрийн байгуулсан компанийнхаа 76 ширхэг хувьцааг яг 5 жилийн дараа *******д шилжүүлсэн. Шалтгаан нь компаниа сайжруулж, үйл ажиллагаагаа тогтвортой болгоно, компаниа групп компани болгоно гэж зорилго тавин ******* болон ******* нарт итгэсэн.

Иймд дээрх үйл явдал нь Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д зааснаар бэлэг хүлээн авагч буюу ******* нь бэлэглэгч буюу намайг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн тул 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 0106 бүртгэлийн дугаартай Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

******* болон ******* миний бие 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 0106 дугаар бүртгэлийн дугаартай гэрээгээр ямар нэгэн болзол, тусгай нөхцөлгүйгээр бэлэглэлийн гэрээ байгуулсан болно. ******* нь *******-тэй хамтран компани байгуулсан гэх боловч хөрөнгө оруулалт буюу тухайн компанийг 100 хувь санхүүжүүлсэн хүн нь ******* бөгөөд тэрээр итгэлцлийн үндсэн дээр компанийн 76 хувийг *******т эзэмшүүлсэн. Нэхэмжлэлд дурдсан ******* гэдэг сургалтын төвөө ******* болгож тодорхой хэмжээний хөрөнгө гаргаж компанийн 76 хувийг эзэмшиж ажиллаж эхэлсэн гэсэн нь худал буюу өөрөөр хэлбэл *******ын ******* сургалтын төв нь ******* компани байгуулагдсан түүхтэй огт хамааралгүй болно. Миний мэдэж байгаагаар ******* нь ******* сургалтын төвд ажилласны дараагаар Мори-Эйт Япон хэлний сургалтын төвд ажиллаж байсан. Тухайн үед оюутнуудтайгаа сургалтын төвийн байранд согтууруулах ундаа хэрэглэж ажлаасаа гарсан гэж сонссон.

Иймд ******* компани нь ******* сургалтын төвтэй огт холбоогүй байгууллага болно. Түүнчлэн *******ын хэлж байгаачлан коронавирусийн үед буюу 2020, 2021 онд ковидоос шалтгаалж үйл ажиллагаа зогсож, алдагдал хүлээж, сургалтын төв үйл ажиллагаа огт явуулахгүй 2 жил шахам болоход *******т өөрийн хувиасаа сар бүр цалин өгч ирсэн бөгөөд ажлаа хийхгүй өнөөдрийн хүртэлх хугацаанд цалинг нь үргэлжлүүлэн өгсөөр байгаа. *******т ******* удаа дараа итгэл үзүүлж ирсэн байтал тэрээр компанийн үйл ажиллагаа доголдуулан хариуцлага алдаж согтууруулах ундааны зүйл олон дахин давтамжтай хэрэглэж элдэв ааш авир гаргахын зэрэгцээ ёс зүйн алдаа гаргаж суралцагч оюутантай хамт сургалтын байранд архи согтууруулах ундааг хэрэглэсэн үйлдэл удаа дараа давтагдсан.

Нэхэмжлэлд дурдсан гомдоосон гэх агуулгад тайлбар гаргах нь: Үүнд:

1. Захирлын нэмэгдэл гээд сар болгон 250,000-300,000 төгрөг авдаг байсан нь дөнгөж хувьцаагаа шилжүүлж өгсөн 2025 оны 01 дүгээр сараас эхлээд больсон гэх агуулгад тайлбар хийхэд, миний бие ******* нь ******* компанийн гүйцэтгэх захирлын ажлыг хариуцаж ажиллаж эхэлсэн бөгөөд ажлын хариуцлага алдаж удаа дараа ажилдаа ирэхгүй байхад нь ч цалинг тогтмол тавьж ирсэн. Түүнчлэн ******* нь 2025 оны 01 дүгээр сараас ажилдаа огт ирэхгүй болсон бөгөөд өөрийнх нь цаг завд тохируулан ажиллуулах боломжийг олгосон ч ажилдаа ирээгүй. Энэ хугацаанд ч сарын цалинг тогтмол компаниас өгч байсан.

2. 2025 оны 03 дугаар сард ******* компанийг надад хэлж мэдэгдэлгүйгээр нүүлгэсэн гэсэн нь тайлбар хийх шаардлагагүй асуудал гэж үзэж байна. Учир нь тэрээр компанийн үйл ажиллагаанд оролцдоггүйн дээр тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд тусалж дэмжиж ирээгүй. Түрээс өндөр байраа сольж боломжийн үнэтэй өөр байрыг түрээслэх нь компанийн удирдлага, хамт олны хувьд чухал шийдвэр байсан.

3. ******* япон хэлний сургалтын төвийн фэйсбүүк хуудсыг би анх нээсэн. Гэтэл тэр фэйсбүүк хуудаснаас надад хэлэлгүйгээр намайг хассан гэсэнд мөн дэлгэрэнгүй тайлбар хийх шаардлагагүй гэж үзэж байна. Байгууллагын фэйжийг идэвхжүүлэх зорилгоор ******* фэйсбүүк орчинд хийхэд миний бие үндсэн админ болох шаардлага үүссэн. Намайг админ болоход ******* болон бусад хоёр админы эрхтэй хүмүүс хасагдсан байсан. Энэ нөхцөл байдлыг буюу фэйсбүүк хуудаснаас *******ыг санаатай хасаагүй гэдгээ түүнтэй 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр уулзахдаа өөрт нь хэлсэн удаатай. Би *******ыг болон бусад хоёр админыг хасагдсан байгааг мэдээд үндсэн админаар болгох хүсэлтийг *******т явуулсан.

4. ******* сургалтын төв Багануурын ойролцоо мод тарьсан. Би тэр модыг Сэлэнгээс авчирч тарьж ургуулсан болно. 2025 оны 04 дүгээр сард мод услахаар явахдаа мөн адил надад мэдэгдээгүй гэсэнд тайлбар хийхэд, ******* миний бие *******т мэдэгдэх үүрэг хүлээгээгүй. Мод услах нь сайн дурын ажил байсан бөгөөд *******ыг явахыг шаардах, хүсэх нь зохимжгүй.

5. Манай ажлын багш төрсөн. Түүнийг эргэж очихдоо надад мэдэгдээгүй гэх асуудал дээр ч ******* миний бие мэдэгдэх үүрэг хүлээсэн хүн биш болно. Хүн төрөхөд баяр хүргэх эсэх нь тухайн хүний хувийн асуудал гэж үзэж байна.

6. 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 06 дугаар сарын 10-ны хооронд ******* Монголд ирсэн. Ингэхдээ надтай 06 дугаар сарын 09-ний өдөр уулзаж, 1 цаг гаруй ярилцсан. Өмнө нь ирэхэд нь би тосож гадуур явахад нь дагуулж явдаг байтал хэлж ярихгүй ирж, буцахаасаа өмнө уулзаж байгаа нь их хөндий байгаа бөгөөд одоо хувьцаагаа шилжүүлсэн болохоор гэж байгаа юм шиг санагдсан гэсэн асуудалд мөн л ******* миний хувьд тайлбар хийх шаардлагагүй. ******* болон ******* гэх хоёр хүний хоорондын харилцаанд миний бие тайлбар хийх нь зохимжгүй болно.

7. *******-тэй 06 дугаар сарын 09-ний өдөр уулзаж ярилцахад, анхнаасаа би байгаа болохоор сонины тэтгэлгээр оюутнуудыг явуулсан, чи мөнгө гаргаагүй, чи удирдагч биш, би хөрөнгө оруулагч би бүгдийг шийднэ. Чиний юм байхгүй чамд 2025 оны 12 дугаар сар болтол цалинг чинь өгнө. Тэгээд чи өөрийнхөө сайн чадах юм аа хий гэсэн гэх агуулгад ******* миний бие мөн л тайлбар хийх нь зохимжгүй гэж үзэж байна. Миний мэдэж байгаа зүйл бол ******* олон удаагийн ёс зүйгүй, хариуцлага алдсан үйлдлээрээ хамт олноо болон *******-г гомдоосон явдал юм.

Бэлэглэгчийг гомдоосон үйлдэл нь бэлэглэгчийн болон түүний өмч, эрүүл мэнд, амь насыг хохироох асуудал эсвэл хохироохыг завдсан үйлдлийн хүрээнд бэлэглэгчид учирсан хохирол, хор уршигт гомдоосон гэдэг асуудал яригдана.

Түүнчлэн, ******* болон ******* гэх хоёр хүний хоорондын харилцааны асуудлыг бэлэглэлийн гэрээтэй холбох хууль зүйн үндэслэл байхгүй, бэлэглэлийн гэрээтэй хамаагүй гэж үзэж байна. Иймд талуудын хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээний 1.2-т заасны дагуу хариуцагч ******* миний бие гэрээний үүргээ шударгаар, бодитоор, зохих ёсоор биелүүлсэн, нэхэмжлэгч *******ын тодорхойлсон түүнийг гомдоосон гэх асуудлууд бүгд үндэслэлгүй бөгөөд би өөрөө дангаараа компанийн нэрийн өмнөөс шийдвэр гаргах эрхгүй. Компанийн дүрмийн дагуу гүйцэтгэх захирлын үүргээ гүйцэтгэсээр ирсэн. Миний бие нь бэлэглэгчийн ноцтой гомдоогоогүй тул гэрээг цуцлах, дуусгавар болгох, хүчингүй болгох ямар нэгэн үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй болно.

Иймд *******ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 280 дугаар зүйлийн 280.1.1-т заасныг баримтлан хариуцагч *******д холбогдуулан 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ-г хүчингүй болгож, *******-ийн хувьцааны 76 хувь буюу 76 ширхэг хувьцааг буцаан шилжүүлэн авах тухай *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон *******-ийг гэрчээр асуулгах, *******ын гар утсанд үзлэг хийлгэх хүсэлтийг тус тус хангаж, шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 192/Ш32025/43308 дугаартай Хүсэлт шийдвэрлэх тухай захирамж гаргаж, үүний дараагаар захирамжид 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 192/Ш32025/49599 дугаартай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгосон Шүүгчийн захирамжийг өөрчлөх тухай захирамжийг гаргасан. Энэхүү өөрчлөлт оруулсан захирамжийн 3 дахь заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргах эрхийг хязгаарлан шийдвэрлэсэн.

4.2. Харин, шүүхэд энэхүү гэрч ******* гэх Солонгос улсын иргэнийг гэрчээр оролцуулахдаа хариуцагч талаас хүсэлтэд хавсаргасан орчуулагч нь Япон хэл, судлал гэх мэргэжлээр суралцаж ******* дугаартай бакалаврын дипломын хуулбарыг хавсаргажээ. Гэрч болон орчуулагч нар нь хавтаст хэрэгт авагдсан 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Орчуулагч, хэлмэрч, гэрчид хууль тайлбарласан тухай баримтад гарын үсэг зурсан байна. Үүнээс үзэхэд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон гэрч Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн ******* /захирамжид Япон улсын иргэн/ нь аль улсын иргэн ямар хэлээр мэдүүлэг өгсөн нь ойлгомжгүй, эсвэл орчуулагч нь өөрийн мэдэхгүй хэлээр хэлмэрчилсэн мэт эсхүл шүүгч тухайн гэрчийн этгээдтэй өөрийн эх хэлээр нь харилцсан мэт баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагад нийцэхгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан гэж үзэж байна.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан нэхэмжлэгч *******ын гар утсан дахь бичлэг, ярианд үзлэг хийлгэх хүсэлтийг хангаж шийдвэрлэж нэхэмжлэгчийн гар утсанд үзлэг хийн япон хэлээр ярилцсан ярианы агуулгыг япон хэл дээр буулгаж, Монгол хэл рүү орчуулсан гэх бичгийн баримтыг хавтаст хэрэгт бэхжүүлсэн байна. Гэвч нэхэмжлэгчийн гар утсан дахь бичлэгт ******* орчуулгын товчоогоор орчуулга хийлгэсэн бөгөөд тус орчуулгыг нотлох баримтын шаардлагыг хангахгүй гэж үзэж байна. Учир нь Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.9-д баримт бичгийн хуулбар болон орчуулгыг гэрчлэх нотариатын үйлдлийн төрлийг хуульчилсан. Энэ хуулийн шаардлагад нийцүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт бичмэл нотлох баримтад тавих шаардлага тусгагдсан байдаг.

Хэдийгээр дээрх нотлох баримтууд шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдагдаагүй боловч 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь үзлэг хийлгэх хүсэлтээс татгалзаж буй гэдгийг бичгээр шүүхэд тайлбар гаргахад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэж заасан хуулийг хэрэгжүүлээгүй байна. Тухайн процесс ажиллагаа хийгдээгүй нь шүүгчийн итгэл үнэмшилд нөлөөлөхүйц, мөн гэрчийн мэдүүлэг үнэн зөв гэж чиглэгдсэн, өөр бусад нотлох баримтаар хэргийг эцэслэн шийдвэрлэх шаардлагагүй мэт дүгнэлт хийхэд хүргэсэн гэж үзэж байна.

Харин, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хариуцагч талын татгалзал түүнийг нотолсон гэх нэхэмжлэлийн үндэслэлийг няцаасан гэх баримтыг анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий дүгнэлт хийсэн нөхцөлд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх ёстой байсан гэж үзэж энэ гомдлыг гаргаж байна.

4.3. Мөн шүүгч нь хэрэг маргааныг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж *******-ийг Ваав ямар мундаг юм бэ? Монголд их хэрэгтэй зүйл хийж байгаа хүн байна гэх агуулгатай зүйлийг ярьсан нь Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэг шударга шүүхээр шүүлгэх иргэний эрхийг хангах, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1. дэх хэсэгт Монгол Улсад хүн бүр үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол болон бусад байдал, түүнчлэн хуулийн этгээдийн өмчийн хэлбэр, төрлөөс үл хамаарч хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна. гэснийг зөрчиж, хэргийн оролцогчдын хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байх эрхийг зөрчсөн гэж үзэж байна.

4.4. Шүүх хуралд *******-ийн орчуулагч нь зарим орчуулгыг буруу орчуулсан. Гэрч ******* шүүгчийн асуултад хариулахдаа ...Японд байхад Монгол оюутнууд сургалтын төлбөрөө төлөөгүй тул Монгол руу буцаах гэж байхад миний бие аварсан гэх агуулга бүхий хариултыг орчуулагч нь ...Японд байхад *******ыг сургалтын төлбөрөө төлөөгүй тул Монгол руу буцаах гэж байхад аварсан гэж орчуулсан. Энэ үед ******* нь орчуулагч г буруу орчуулж байна гэж хэлэхэд хариуцагчийн өмгөөлөгч нь мөн адил ингэж орчуулна гэж хэлэхэд шүүх хуралдааны шүүгч Хариуцагчийн өмгөөлөгчийг ямар мундаг олон хэлтэй юм бэ? гэх агуулгатай зүйлсийг хэлсэн байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шүүгч нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гаргасан гэдгийг онцлон тэмдэглэх нь зүйтэй. Тухайлбал, анхан шатны шүүхийн шийдвэрт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь өөрийн шаардлага, татгалзлын үндэслэлээ нотлох баримтаар батлах, түүнийг цуглуулж шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй гэж тодорхой заасныг дурдсан. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 болон 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтыг өөрөө бүрдүүлж, шүүхэд ирүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн.

Иймээс анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, талуудын тайлбар, гэрчийн мэдүүлэгт үндэслэн хэргийг эцэслэн шийдвэрлэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзсэн нь хууль зүйн хувьд үндэслэл бүхий шийдвэр болсон гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл, гомдолд дурдсан процессын зөрчил гэх асуудлууд нь бодит байдалд нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, *******-ийн хувьцааны 76 хувь буюу 76 ширхэг хувьцааг буцаан шилжүүлж авах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

1.1. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...бэлэг хүлээн авагч хэд хэдэн үндэслэлээр бэлэглэгчийг ноцтой гомдоосон гэж тодорхойлсон.

 

1.2. Хариуцагч татгалзлын үндэслэлээ ...нэхэмжлэгчийг миний зүгээс гомдоосон зүйл байхгүй, ******* хоорондын харилцааны асуудлыг би мэдэхгүй, бэлэглэгчийг ноцтой гомдоогоогүй гэж маргажээ.

 

2. Анхан шатны шүүх, хэргийн үйл баримтыг зөв тогтоож, хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

2.1. Талуудын хооронд 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ-ээр бэлэглэгч ******* нь ******* дахь өөрийн эзэмшлийн 76 хувийн хувьцааг *******д хариу төлбөргүйгээр бэлэглэж, мөн өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ-ээр ******* нь бэлэглэсэн 76 хувийн хувьцаанд ногдох эрхээ *******д шилжүүлснээр ******* нь *******-ийн 76 хувийн хувьцаа эзэмшигчээр улсын бүртгэлд бүртгэгдсэн үйл баримт тогтоогдсон байна. /хх6-13/

 

3. Зохигч гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байх бөгөөд шүүх талуудын хооронд бэлэглэлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

4. Талууд 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн гэрээний бэлэглэгч *******ыг гомдоосон ноцтой үйлдлийг бэлэг хүлээн авагч ******* хийсэн эсэх асуудлаар маргасан байна.

 

4.1. Талуудын хийсэн бэлэглэлийн гэрээний 3.1-д бэлэглэх болсон үндэслэлийг цаашид компанийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн авч явах бүрэн боломжтой тул бэлэглэсэн гэсэн байх ба бэлэг хүлээн авагчид болзол, тусгай зориулалт заагаагүй, эргэж нэхэмжлэхгүйгээр бэлэглэсэн болно гэжээ.

 

5. Нэхэмжлэгч нь захирал хувьцаагаа *******д шилжүүлэхийг намайг шаардаж, шахаж байсан ба хувьцаа бэлэглэх гэрээгээр шилжүүлэн өгснөөс хойш надтай илт харьцахаа больж, захирал Монголд ирэхдээ надад хэлэхээ байсан, мөн намайг сургалтын төвийн үйл ажиллагаанд оролцуулахаа больсон, тухайлбал хамт ажилладаг байсан багш ******* төрөөд гэртээ хүүхдээ асрах чөлөөтэй байхад хамт олноороо эргэхдээ намайг дуудаагүй, байгууллагаараа Налайхад тарьсан модоо услахдаа намайг оролцуулаагүй, байгууллагын ажилчдын фэйсбүүкийн мессенжер чатаас намайг хасах зэргээр надтай харьцахаа больж үйл ажиллагаандаа оролцуулахаа больсон нь бэлэглэгчийг гомдоосон гэж тайлбарласан байна.

 

5.1. Нэхэмжлэгч нь захирал Монголд ирэхдээ нэхэмжлэгчид хэлэхээ байсан, гэдэг хүнтэй 06 дугаар сарын 09-ний өдөр уулзахад анхнаасаа би байгаа болохоор сонины тэтгэлгээр оюутнуудыг явуулсан, чи мөнгө гаргаагүй, чи удирдагч биш би хөрөнгө оруулагч би бүгдийг шийднэ, чиний юм байхгүй.Чамд 2025 оны 12 сар болтол цалинг чинь өгнө, тэгээд чи өөрийнхөө чадах юмыг хий гэсэн гэх үндэслэлийг хариуцагч *******ий үйлдэлд хэрхэн хамааруулж буй нь тодорхойгүй байна.

 

Мөн, захирлын нэмэгдэл гээд сар болгон 250,000-300,000 төгрөг авдаг байсан нь дөнгөж хувьцаагаа шилжүүлж өгсөн 2025 оны 1 сараас эхлээд больсон гэх боловч 2025 оны 1 сард хувьцаагаа шилжүүлснээс хойш ажилдаа ирэхээ больсон боловч компанийн зүгээс түүний цалинг нь тогтмол өгч байсан гэж хариуцагч талаас тайлбарласан, түүний нийгмийн даатгалын лавлагаагаар 2025 оны 1 сараас 10 сарыг дуустал цалинд 1,800,000 төгрөгийг олгосон байх ба, түүний цалин хөлс буурсантай холбоотой баримтыг ирүүлээгүй байна.

 

Түүнчлэн, 2025 оны 3 сард ******* компанийг надад хэлж мэдэгдэлгүйгээр нүүлгэсэн, намайг сургалтын төвийн үйл ажиллагаанд оролцуулахаа больсон буюу мод услахаа явахад хэлээгүй, төрсөн багшийг эргэхэд оролцуулаагүй, фэйсбүүк хуудаснаас хассан гэх боловч нэхэмжлэгч нь ажил хөдөлмөрөө хийж гүйцэтгэж байгаа гэж үзвэл, ажлын цагт ажилдаа очих, тухайн байгууллагын үйл ажиллагаанд оролцох эсэх нь түүний өөрийнх нь хувийн байдалтай холбоотой гэж үзэхээр байна.

 

Тодруулбал, нэхэмжлэгч нь *******-ийн 76 хувийн хувьцаагаа хариуцагч *******д шилжүүлснээс хойш тухайн компанитай хөдөлмөр эрхлэлтийн талаар ямар харилцаатай байсан тухайгаа болон тухайн компани нь ажил олгогч гэж үзвэл түүний өмнө хүлээсэн ямар үүрэгтэй байсан болох, компанийн үйл ажиллагаанд хэрхэн, ямар байдлаар оролцохоор тохиролцсон болох, уг асуудал нь хариуцагч *******тэй хэрхэн холбогдож байгаа талаарх үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

5.2. Бэлэг хүлээн авагчийн зүгээс бэлэглэгч рүү чиглэсэн буюу гомдоосон үйлдэл хийсэн, уг үйлдэл нь ноцтой байгаа тохиолдолд Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-т зааснаар бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох нөхцөл бүрддэг. Бэлэглэгчийг ноцтой гомдоосон гэсэн үндэслэл бий болсон эсэхийг тогтоохын тулд хэргийн нөхцөл байдлыг нийтэд нь дүгнэх шаардлагатай ба үүнд бэлэглэгчийн өөрийнх нь үйлдлүүдийг ч мөн харгалзан үзэх шаардлагатай. Бэлэглэгчийг ноцтой гомдоосон зөрчил нь обьектив утгаараа нилээд хүндхэн, ноцтой байх ба субьектив талаас нь авч үзвэл сэтгэл санаа, сэтгэцэд нөлөөлөх хэмжээний асуудал байх юм.

 

Бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчид гомдсон байх урьдчилсан нөхцөл байдал нь бэлэглэгчийн буюу нэхэмжлэгчийн хувь хүний үнэлэмжээр тодорхойлогдох ойлголт байдаг бол бэлэг хүлээн авагч бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн байх нөхцөл байдал нь бэлэг хүлээн авагчийн үйл ажиллагаа/үйлдэл, эс үйлдэхүй/-ны үр дүн байх ба бэлэг хүлээн авагчийн тухайн ноцтой үйл ажиллагаанаас болж бэлэглэгч гомдсон байхыг ойлгодог.

 

5.3. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийн үйл баримтаас үзвэл, хариуцагч буюу бэлэг хүлээн авагч ******* нь, бэлэглэгч буюу нэхэмжлэгч *******ыг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 280 дугаар зүйлийн 280.1.1-т заасанд нийцсэн байна.

 

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаарх дараах гомдлуудыг хангах үндэслэлгүй байна.

 

6.1. Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 192/ШЗ2025/43308 дугаар захирамжаар *******ын гар утсанд үзлэг хийлгэх тухай хариуцагч талын хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байна. Мөн шүүгчийн 2025 оны 11 сарын 20-ны өдрийн 192/ШЗ2025/49599 дугаартай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар өмнөх захирамжид техник алдаа гарсан гэх үндэслэлээр өөрчлөлт оруулсан байх бөгөөд уг захирамжид гомдол гаргах эрхгүй гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт заасан гомдол гаргах үндэслэлд мөн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 хамаарах боловч тухайн үед талууд уг асуудлаар маргаагүй, гомдол гаргаагүй байна. Түүнчлэн уг захирамжаар шийдвэрлэсэн *******ий гар утсанд үзлэг хийх тухай хүсэлтээс хариуцагчийн төлөөлөгч нь татгалзаж уг захирамж хангагдаагүй байна. /хх48, 62, 133, 137/

 

Дээрхээс үзвэл шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэсэн захирамжид гомдол гаргах эрхгүй гэж заасан нь мөн хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт нийцээгүй байх боловч уг гомдол нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, шийдлийг өөрчлөх үндэслэлд хамаарахгүй болно.

 

6.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч талаас 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр гэрчээр БНСУ-ын иргэн *******-г оролцуулах, түүний орчуулагчаар г оролцуулах тухай гаргасан хүсэлтийг шүүх хангасан байх бөгөөд 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд гэрчээр БНСУ-ын иргэн ******* оролцсон байна. Уг өдрийн шүүх хуралдаанд гэрчийн орчуулагчаар г оролцуулж, түүнд эрх үүргийг нь тайлбарлан өгч гарын үсэг зуруулсан болох нь хэрэгт авагдсан орчуулагч, хэлмэрчийн үнэмлэх болон хууль сануулсан баримт, шүүх хуралдааны тэмдэглэл зэргээр тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй гэх гомдлыг хангахгүй./хх 35-38, 48, 132, 135, 137-148/

 

Мөн, БНСУ-ын иргэн *******-г асуусан шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл орчуулагч г буруу орчуулсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

6.3. Нэхэмжлэгчийн гар утсанд үзлэг хийх хүсэлттэй хамт орчуулгын товчоогоор орчуулга хийлгэсэн баримтыг ирүүлсэн боловч хариуцагчийн төлөөлөгч үзлэг хийлгэх хүсэлтээсээ татгалзсан байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаас хасаагүй гэх гомдлыг хангах үндэслэлгүй байна. Тухайн баримтыг анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэлд заагаагүй бөгөөд уг баримтыг хасаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарахгүй болно.

 

6.4. Анхан шатны шүүхийн шүүгч хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ нэг талыг барьсан гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн гомдолд дурдсан гэрчийг ваав, ямар мундаг юм бэ, Монголд хэрэгтэй зүйл хийж байгаа хүн байна гэх агуулгатай зүйлийг ярьсан нь шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангах, шүүхийн өмнө эрх тэгш байх гэснийг зөрчсөн гэх байдал хэргийн баримтаар нотлогдохгүй байна.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 192/ШШ2026/00958 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР

 

ШҮҮГЧИД О.ОДГЭРЭЛ

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ