Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 1533

 

                                                                                                                      

 

 

 

 

 

 

  2019        10         02                                   2019/ШЦТ/1533

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Д.Ариунжаргал,   

Нарийн бичгийн дарга Л.Ундармаа,

Шүүгдэгч М.Х, А.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хялбаршуулсан журамаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зурхайч овогт Машлайгийн Хишигдорж, Боржигон овогт Алтанцэцэгийн Алтаншагай нарт холбогдох эрүүгийн 1906 02594 1975 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

М Х.

А.А

 

Холбогдсон хэргийн талаар:

2019 оны 4 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 02 цагийн орчим Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Анчор нэртэй пабад М.Х, А.А нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, бүлэглэн Ц.Билгүүний толгойд цохих, өшиглөх зэргээр халдаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

        /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

        ТОДОРХОЙЛОХ нь :

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.Х, А.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн тэдгээрт холбогдох эрүүгийн 1906 02594 1975 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан:

Хохирогч Ц.Билгүүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Үл таних залуучуудын хамгийн эхэнд орж ирсэн саравчтай малгайтай залуу миний нүүр рүү 2-3 удаа цохихоор би доошоо тонгойсон. Тэгтэл хар савхин куртиктай залуу тонгойсон байхад толгой руу цохиод өшиглөөд байсан. Би дараа нь “Анчор” пабын хяналтын камерыг шүүж үзэхэд гол төлөв саравчтай малгайтай / Алтаншагай/, хар савхин куртиктай /Хишигдорж/ нар намайг зодож байсан. Намайг эхлээд нүүр рүүгээ цохиулаад доошоо тонгойсон байхад бүдүүн биетэй залуу нь миний нуруу руу нэг удаа цохиод Амгалан руу дайраад түүнийг цохиод байсан. Гэмтлийг дээрх 2 хүн миний биед учруулсан гэх мэдүүлэг /хх-ийн 22 тал/, 

 

Гэрч М.Болорцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Тухайн үед бид нар юм яриад инээлдээд сууж байхад Бат-Амгалантай явж байсан 2 залуугийн хэнийг нь мэдэхгүй 1 залуу нь юугаа хараад байгаа гэхэд өөр рүү чинь хараагүй, та нартай яриагүй дуугүй бай гэж хэлсэн. Тэгтэл зөөгч нь тэр гурвыг та нар өөрсдөө гарсан нь дээр юм байна согтуу байна гэсэн. Тэгтэл тэр 3 бид нартай маргалдаж байснаа нэг залуу нь ирээд за уучлаарай гээд гар бариад гараад явсан ба удалгүй гаднаас Бат-Амгалантай явсан 2 залуу нь танихгүй 3 хүн дагуулж орж ирсэн. Тухайн үед Хатантунгалаг бид 2 доор пабын 1 давхарт тамхи татаж байсан. Тэгтэл Ганчимэг шатан дээрээс орилоод зодоон болоод байна, нөгөө хоёрыг хүмүүс зодоод байна гэхээр нь гүйгээд очиход Билгүүний амнаас цус гараад нүүр, нүд, хамар, зүүн талын шанаа нь хавдсан байсан. Намайг анх очиход уг пабын зөөгч нь үл таних хүмүүсийг салгаж байсан. Тэгтэл үл таних залуучууд ална гээд орилж, маргалдаж байснаа гараад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 35 тал/,

 

Гэрч Г.Ганчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Билгүүн, Амгалан бид 3 юм яриад сууж байхад гаднаас үл таних 2 залуу бид нараас ах хүмүүс дагуулаад орж ирсэн. Тэгтэл нэг залуу нь пивоны шил хагалсан, нэг залуу нь сандал аваад далайгаад шидэх шиг болсон. Тэгж байснаа бусдаасаа бүдүүн биетэй бор залуу нь Билгүүний нүүр рүү цохиход хамт явсан залуучууд нь Билгүүн рүү дайраад нийлээд зодсон. Тэгэхээр нь би салгаачээ гэж хэлээд доошоо Болорцэцэг, Хатантунгалаг хоёрыг дуудах гээд гарахад байхгүй байсан ба доод талын давхарт тэр 2 тамхи татаад зогсож байхаар нь зодоон болоод байна гэж хэлээд цагдаад дуудлага өгчихөөд буцаад ирэхэд зөөгч нар зодооныг салгасан ба Билгүүнээ нүүрээ дараад доошоо суусан байсан. Үл таних залуучууд үргэлжлүүлээд зодох гээд дайраад байхаар нь бид 2 дундуур нь ороод салгаад түлхтэл үл таних залуучууд өөрсдөө гараад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 38 тал/,

 

Гэрч Б.Базаррагчаагийн мөрдөн байцаалтад өгсөн:

Бид нар уг газраа 2,5 л хэмжээтэй Нийслэл пиво 3-4-ийг уугаад Хишигдорж, Батамгалан бид 3 бусдаасаа салаад Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо "Анчор" гэх паб орсон. Бид гурав нилээн согтсон байсан. Бид 3 паб ороод би ганцаараа 1 пиво уусан. Түүнээс цаашаа юу болсноо сайн санахгүй байна нэг мэдэхэд гадаа манай найзууд Тэлмэн, Алтаншагай, Баянжаргал нар ирчихсэн байсан. Нэг мэдэхэд тэд нар бид нарын сууж байсан пабруу орсон. Манай найзуудын нэг нь зөөгчтэй нь нэг маргалдаж байсан. Хэнийг гэдгийг нь мэдэхгүй байна. Тэгтэл Алтаншагай миний урд зогсож байсан ба цаашаа хүмүүстэй хэрэлдээд байхаар нь яах гээд байгаа юм бэ гээд татаад аваад гарсан. Намайг пабаас гарч байхад үл таних охидууд та нар хүн зодчихоод явлаа гээд орилоод дайраад байсан гэх мэдүүлэг /хх-ийн 46 тал/,

 

Гэрч О.Баянжаргалын мөрдөн байцаалтад өгсөн:

Би 2019 оны 04 дүгээр сарын 21-нд гэрээсээ 19 цагийн орчимд гараад манай гэрийн гадаа Базаррагчаа, Бат-Амгалан, Хишигдорж, Тэлмэн нартай уулзаад хажуу талын дэлгүүрээс 2,5л хэмжээтэй Сэнгүр пиво 4-ийг аваад гэрийнхээ ойролцоо уусан. Тэгж байтал Алтаншагай ирээд бид нар пиво уугаад юм яриад хэсэг сууж байтал Хишигдорж, Бат-Амгалан, Базаррагчаа нар яваад Тэлмэн, Алтаншагай бид 3 үлдсэн. Бид 3 уух юмаа дуусгаад сууж байтал Хишигдорж Тэлмэн рүү залгаад бид нар нэг пабад сууж байна, хүрээд ир гээд дуудахаар нь бид 3 Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо Анчор гэх паб ороход Хишигдорж, Алтаншагай, Тэлмэн 3 үл таних хүмүүстэй маргалдаад барьцалдсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 50 тал/,

 

Гэрч Л.Тэлмэнгийн мөрдөн байцаалтад өгсөн:

00 цагийн орчимд Хишигдорж залгаад “Анчор” пабад хүрээд ирээч гэж дуудахаар нь бид 3 очсон. Бид гуравыг очиход хүнтэй маргалдсан талаараа хэлсэн байхаа. Тэгээд бид нар паб руу ороход Хишигдоржтой маргалдсан гэх үл таних 2 залуу үйлчлүүлээд сууж байсан. Уг залуучуудтай маргалдаж байгаад зодолдсон. Тэгж байтал гаднаас баахан охидууд орж ирээд бид нарыг салгасан гэх мэдүүлэг /хх-ийн 53 тал/,

 

Шүүгдэгч М.Хийн мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 4 дүгээр сарын 22-ны шөнө 01 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, “Анчор” гэх пабад найз Бат-Амгалан, Базаррагчаа, нартай орсон. Тухайн үед бид нар согтуу байсан ба тэнд үйлчлүүлж байсан хохирогчтой муухай харлаа гээд түүнээс болж маргалдсан. Маргалдаж байгаад пабаас гараад найзуудыгаа дуудсан. Тэгтэл Тэлмэн, Баянжаргал, Алтаншагай 3 ирэхээр нь бид нар дахиж ороод хохирогч Ц.Билгүүнтэй маргалдаж түүнийг зодсон. Би тухайн үед хохирогчийг цагдаад өргөдөл гаргаж өгснийг мэдээгүй гэх мэдүүлэг /хх-ийн 127 тал/,

 

Шүүгдэгч А.Агийн мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 4 дүгээр сарын 22-ны шөнө Жуковын автобусны буудлын хойд талд бид нар пиво ууж байхад М.Х, Базаррагчаа, Бат-Амгалан 3 юманд яваад ирье гээд явсан. Удалгүй бид нарыг пиво ууж сууж байхад Хишигдорж залгаад “Анчор” пабад хүрээд ир гээд дуудахаар нь бид нар яваад очиход тэр 3 паб дотор хүмүүстэй маргалдсан гэж хэлж байсан. Уг пабад үйлчлүүлж байсан хохирогч Ц.Билгүүний нүүр рүү гараараа цохиход найз Баянжаргал дундуур орж ирээд намайг салгасан. Би хохирогч Ц.Билгүүний нүүр рүү билүү шанааны орчимд 3-4 удаа цохисон гэх мэдүүлэг /хх-ийн 136 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 5035 дугаартай:

Ц.Билгүүний биед тархи доргилт, зүүн чамархай, зүүн нүдний дээд, доод
зовхи, хамрын нуруу, зүүн хацар, шанйаны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн
нүдний дээд зовхи, хамрын нуруу, зүүн хацрын зулгаралт, дээд уруулын зөөлөн
эдийн няцрал, цус хуралт, язрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна гэх дүгнэлт /хх-ийн 61 тал/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 тал/, хохирогч Ц.Билгүүний цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх-ийн 8 тал/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14 тал/, хохирлын талаарх баримт /хх-ийн 58-59 тал/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 12 тал/,

-Хохирогч, шүүгдэгч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх-ийн 147-148 тал/, хохирогчид 3.000.000 төгрөг хүлээлгэн өгсөн гэх баримт /хх-ийн 146 тал/, М.Х, А.А нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 69, 96 тал/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70, 95 тал/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгч нарын гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгч нар тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нар нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас М.Х, А.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч М.Х, А.А нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч М.Х, А.А нарын иргэн Ц.Билгүүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол бүлэглэн учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч М.Х, А.А нар нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүгдэгч нарын эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй байна. 

 

Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

                   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М.Х А.А нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.       

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Х, А.А нарыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй. 

  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Х, А.А нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.   

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэргийн учир шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч санал гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерийн бичлэг бүхий сиди 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хадгалуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Х, А.А нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Х, А.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.БААСАНБАТ