| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2016/00515/И |
| Дугаар | 530 |
| Огноо | 2016-09-28 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 530
2016 оны 09 сарын 28 өдөр Дугаар 156/ШШ2016/00530
Хэнтий аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:156/2016/00515/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, Биндэр сум, 4 дүгээр багт оршин суух, иргэн Хаатил овогт Харцагын Энхмаа /РД:СЖ85032026/-гийн нэхэмжлэлтэй
Хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Энхмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ :
Нэхэмжлэгч Х.Энхмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие 2003 онд Л.Ононгоотой танилцан улмаар 2006 оны 07 дугаар 06-нд гэрлэлтийн 014 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон.
Бидний хамтран амьдрах хугацаанд 2006 оны 05 дугаар сарын 01-нд хүү О.Мөнгөнтулга, 2007 оны 05 дугаар сарын 22-ны өдөр охин О.Мөнгөнсувд, 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр охин О.Мөнгөнзаяа нар төрсөн. 2012 оны 11дүгээр сарын 12-нд 11 сартай О.Мөнгөнзаяа нь нас барсан. 2012 оноос хойш Л.Ононгоо нь Хорлоо гэдэг эмэгтэйтэй хамтран амьдарч байгаа болно. 2016 оны 03 дугаар сард Хэнтий аймгийн гэр бүлийн эвлэрүүлэн зуучлах төвөөр хоёул очиж хамтран амьдрахаар гарын үсэг зурж тохиролцсон боловч өнөөг хүртэл Хорлоотой хамт амьдарсаар байгаа болно. Иймээс миний бие Х.Энхмаа нь гэрлэлтийг цуцлуулах хүсэлтэй байна.
2012 оноос О.Мөнгөнтулга, О.Мөнгөнсувд нар нь миний асрамжинд өсч хүмүүжиж байгаа тул эцэг Л.Ононгоогоос хүүхдийн тэтгэлэг болох хамт амьдарч байх үед бий болгосон хөдөлмөрийн үр дүн болох малаас нь тодорхой хувийг 2 хүүхдэд авах хүсэлтэй байна. гэжээ.
Нэхэмжлэгч Х.Энхмаа нь шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие Хэнтий аймгийн Баян-Адрага сумын иргэн Л.Ононгоогоос гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч Л. Ононгоо нь дурдсан хаягтаа оршин суудаггүй болох нь Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Жаргалант багийн Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна. Иймд миний бие нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөд Л.Ононгоог эрэн сурвалжлуулах шийдвэр гаргуулахыг хүсч байна. Хаягийг нь тодруулсны дараа дахин шүүхэд хандана гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Х.Энхмаа нь хариуцагч Л.Ононгоод холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг шүүхэд гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, хариуцагч Л.Ононгоог эрэн сурвалжилж өгөхийг хүссэн хүсэлтийг гаргажээ.
Хэргийн үйл баримтаас үзэхэд Хэнтий аймгийн Баян-Адрага сумын иргэн Л.Ононгоо нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь тогтоогдож байх ба тэрбээр оршин суугаа газраа өөрчилсөн, одоо хаана байгаа болох нь мэдэгдэхгүй байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбар, шүүхийн мэдэгдэх хуудас, Хэнтий аймгийн Баян-Адрага сумын Жаргалант багийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн №3/80 тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар нэхэмжлэгч Хаатил овогт Харцагын Энхмаа /РД:СЖ85032026/-гийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Хиад боржигон овогт Лхамгомбын Ононгоо /РД:СЖ83031711/-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Хиад боржигон овогт Лхамгомбын Ононгоо /РД:СЖ83031711/-г эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох, шүүхэд авчрах ажиллагааг гүйцэтгэхийг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л.Ононгоогийн талаарх баримтыг хуулбарлан, шийдвэрийн хамт Хэнтий аймгийн цагдаагийн газарт хүргэхийг шүүгчийн туслах З.Отгонбаярт үүрэг болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Х.Энхмаагийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР