| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 183/2023/05898/И |
| Дугаар | 210/МА2026/00324 |
| Огноо | 2026-02-04 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 210/МА2026/00324
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Т.Бадрах, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 192/ШШ2025/09792 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******-д холбогдох
Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, 2023 оны 4-7 дугаар сарын цалин гаргуулах, орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. *******-ийн ******* эмнэлэгт 2019 оны 8 сараас 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл ерөнхий мэс заслын эмчээр ажилласан. 2020-2021 оны байгууллагын шинэ жилээр захирал ******* нь хамт олны өмнө шилдэг ажилтнаар шалгаруулж, байгууллагын үйл ажиллагаанд оруулсан хувь нэмрийг тодотгож 2 өрөө байраар шагнаж байгааг хэлж баяр хүргэсэн, миний бие цаашдаа хичээж ажиллахаа илэрхийлж шагналыг хүлээн авсан.
1.2. Дээрх шагналын орон сууц болох *******тоот хаягт байрлах, 2 өрөө орон сууцанд гэр бүлийн хамт амьдарч байна. Тухайн үед орон сууцны гэрчилгээ гараагүй байсан ба гэрчилгээ гарах явцад захирал ******* эмнэлгийн санхүү хүнд байна, чиний орон сууцны гэрчилгээг зээлийн барьцаанд тавьж зээл авах шаардлагатай байна гэж хэлж байсан. Дараа нь *******-ийн нэр дээр орон сууцны гэрчилгээг гаргуулж, зээлийн барьцаанд тавьсан байсан. Орон сууцны гэрчилгээний талаар асуухад удахгүй чөлөөлөөд шилжүүлнэ, санаа битгий зовоорой гэдэг байсан. Сүүлдээ миний цалинг олгохоо байж, 2023 оны 4 сараас цалин аваагүй ч ажлаа хийж байсан.
1.3. Гэвч *******ын үйлдэл нэг биш болсон, шууд байраа буцааж авна гэж хэлж чадахгүй ч түүний үйлдэл, харьцах байдал нь мэдэгдээд эхэлсэн, гэрчилгээ өгнө гэх мэтээр цааргалж явсаар 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдөр ажлаас чөлөөлсөн.
Иймд мэс заслын эмчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, 2023 оны 4-7 дугаар сарын цалин гаргуулж, *******тоот хаягт байрлах орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг даалгаж өгнө үү.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. *******тай 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сар хүртэл хөдөлмөрийн гэрээ байгуулж, ерөнхий мэс заслын эмчээр ажиллуулсан. Нэхэмжлэгч нь ажиллах хугацаандаа 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр, 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрүүдэд үйлчлүүлэгч *******ээс хувийн дансаар үйлчилгээний төлбөр авсан сахилгын зөрчил гаргасан. Уг үйлдлийг хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн үндэслэлээр өөрт нь хаалттай хэлбэрээр сануулах арга хэмжээ авсан.
2.2. 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тушаал гарсан. Уг тушаал гарах болсон үндэслэл нь үйлчлүүлэгчээс хувийн дансаар мөнгө авсан үйлдлээ нуун дарагдуулахыг оролдож, үйлчлүүлэгч ******* рүү залгаж нөхцөл байдлыг хэлж дарамтлахыг оролдсон, эмнэлгийн нэр хүндийг унагаахыг оролдсон үйлдэлд сахилгын шийтгэл оногдуулсан. Иймд тушаал хууль зүйн үндэслэлтэй.
2.3. Шагнал олгохоор олон нийтэд амлах гэдэг зүйл заалтаар шаардах эрхийнхээ үндэслэл болгон орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Харин Иргэний хуулийн 276 дугаар зүйлд заасан бэлэглэлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэж, энэ нь орон сууцны өмчлөх эрх шилжих хэлцлийн хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаагүй хэлцэл болсон. Иймд хэлбэрийн шаардлага хангаагүй хэлцлийн үр дагаврыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
2.4. Мөн 2021 оны шинэ жилийн арга хэмжээн дээр 1 өрөө орон сууц олгохыг амласан. Нэг өрөө орон сууц нь ашиглалтад байсан ороогүй тул 2 өрөө орон сууцанд нэхэмжлэгчийг оруулж, зөрүү төлбөр авахаар тохирсон. Иймд нэхэмжлэгчийн шаардаж буй орон сууц нь түүнд амласан орон сууц гэж үзэж болохгүй, мөн 2 өрөө орон сууц амласан болох нь нотлогдохгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна.
2.5. Хэрэгт 2021 оны 1 дүгээр сараас 2023 оны 7 дугаар сар хүртэл цалин олгосон нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн баримт авагдсан тул 4-7 сарын цалин 6,400,000 төгрөг гаргуулах шаардлагыг мөн хүлээн зөвшөөрөхгүй.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ыг *******-ийн ******* эмнэлгийн мэс заслын эмчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч *******-иас ажилгүй байсан хугацааны цалин хөлс 36,681,255 төгрөгийг гаргуулж, *******т олгож, нэхэмжлэгч *******ын 2023 оны 4, 5, 6, 7 дугаар саруудын цалин гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-д ******* тоот хаягт байршилтай, 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч *******т шилжүүлж өгөхийг даалгаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасныг баримтлан *******т ажилласан хугацааны цалингийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, баталгаажуулахыг хариуцагч *******-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч *******-иас улсын тэмдэгтийн хураамжид 292,134 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1 дэх заалтад заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах хороонд хандана. Мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т заасны дагуу гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор шийдвэр гаргана, 154.8-д зааснаар уг шийдвэрийг хүлээн авснаас хойш шүүхэд 10 өдрийн дотор нэхэмжлэл гаргах эрхтэй. Өөрөөр хэлбэл, шүүх рүү хэрэг очих хүртэл 58 хоног /ажлын 20 өдрийг 28 хоног руу шилжүүлсэн/ болно.
Ийнхүү Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасны дагуу шүүх нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор хэрэг үүсгэх тухай захирамж гаргах бөгөөд 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоногийн дотор шийдвэрлэнэ. 71.2 дахь хэсэгт заасны дагуу нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно. Өөрөөр хэлбэл, шүүх хэргийг шийдвэрлэх хуульд заасан дээд хугацаа нь 97 хоног байна. Үндэслэлгүйгээр халагдсан бол ажил олгогч болон ажилтны саналын зөрүүтэй уг асуудлыг шийдэх эрх бүхий этгээдийн шийдвэр хуульд зааснаар 155 хоногийн дотор гарах ёстой. Хууль тогтоогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсгийг ажил олгогч ажилтны 155 хоногт ногдох дундаж цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрын хариуцлагыг хүлээхээр зохицуулсан.
Нэхэмжлэгчийн орон сууцтай холбоотой маргаанд гэрч асуулгах, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаан давхацсан, шүүгчийн өмнөх хурал дуусалгүйгээр ажлын цаг дууссан, шүүх тойргийн шүүх болж өөрчлөгдсөн зэрэг шалтгаануудаар олон удаа, удаан хугацаагаар хурал хойшилсон. Хариуцагчийн зүгээс гэрчийг асуулгаж, хурлаа товлуулах хүсэлт гаргаж байсан.
Хариуцагчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэл болон гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлд зааснаар тусгаарлах хүсэлт гаргасан боловч шүүхээс шийдвэрлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Иймд хуульд заасан тодорхой хугацаа /ажилгүй байх 155 хоног, шүүх болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шалтгаалан хурал хойшилсон байдал, хэргийг тусгаарлаагүй зэргийг харгалзан ажилгүй байсан хугацааны цалинг 9,873,965 /155*62,703/ төгрөг болгон бууруулж өгнө үү.
4.2. ******* нь 2020-2021 оны байгууллагын шинэ жилээр шагнагдсан гэх ******* тоот хаягт байршилтай, 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нь тухайн үед шинэ жилийн арга хэмжээнд оролцож байсан гэх *******, ******* нарыг гэрчээр оролцуулсан бөгөөд 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн гэрчийн мэдүүлгийн үеэр хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагад дурдсан орон сууцыг бэлэглэхээр амласан эсэх, хэдэн өрөө байр олгохыг амласан, 2 өрөө байр олгохыг амласан уу гэж асуухад гэрч нар мэдэхгүй, санахгүй байна гэж хариулсан.
Мөн 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хурлаар *******, 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хурлаар *******нар гэрчийн мэдүүлэг өгөхдөө шинэ жилийн арга хэмжээний үеэр *******-аас 1 өрөө байр олгохоор амлаж байсан гэж мэдүүлсэн.
Гэвч шүүхээс нэхэмжлэлийн шаардлагад дурдсан орон сууцыг олгохоор амласан эсэх нөхцөл байдал тодорхойгүй, эргэлзээтэй байхад орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн нь илт үндэслэлгүй. Мөн шүүхийн шийдвэрт *******, *******, *******, *******нарын мэдүүлгийг хэрхэн үнэлж буй талаар тусгаагүй. *******, *******, *******нар гэрчээр мэдүүлэхдээ шинэ жилийн арга хэмжээний үеэр *******т жааз бүхий бичиг өгсөн гэсэн бөгөөд хариуцагчаас уг бичгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар *******аас гаргуулах хүсэлт гаргаж, хүсэлтийг хэлэлцэхэд нэхэмжлэгч нь “уг бичиг *******т байхгүй гэсэн” гэх тайлбар хэлсэн бөгөөд шүүхээс нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэн уг хүсэлтийг хангахаас татгалзсан.
Нэхэмжлэгчийн зүгээс 2 өрөө орон сууцыг шагналд амласныг баримтаар нотлоогүй байхад шүүх ямар үндэслэлээр орон сууцыг амласан гэж үзээд нэхэмжлэлийг хангасан нь тодорхойгүй байна.
Нэхэмжлэлд дурдсанаар 2 өрөө орон сууцны өмчлөлийг шилжүүлэхээр амласан уу, эсхүл талууд өөр нэмэлт нөхцөл тохирч 2 өрөө орон сууц олгохоор болсон уу гэх нөхцөл байдал тодорхойгүй, тухайн орон сууцны өмчлөлийг шилжүүлэхээр амласан бол ******* нь 3 жилийн хугацаанд өмчлөл шилжүүлэхийг *******-аас шаардаж байгаагүй нь тодорхойгүй.
2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь тус орон сууцанд 2021 оноос хойш амьдарсан гэж мэдүүлдэг боловч тус сууц нь 2023 онд ашиглалтад орж, 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Улсын бүртгэлд бүртгэгдэж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан. Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ 2023 онд гарсан байхад тус орон сууцны өмчлөлийг шилжүүлэхээр 2020-2021 оны шинэ жилийн арга хэмжээний үеэр амлах боломжтой эсэх талаар шүүх дүгнээгүй.
4.3. Шүүхээс орон сууцны өмчлөлийг шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 420 дугаар зүйлийн 420.1 дэх хэсгийг баримталсан. Уг зохицуулалт нь ирээдүйд бий болох үр дүнд суурилсан буюу ирээдүйд тодорхой үр дүн гаргасан этгээдэд шагнал олгохоор “нийтэд” буюу “олон тооны хүн”-д амлахтай холбоотой харилцааг зохицуулдаг. Эдгээр олон тооны хүнээс ирээдүйд үр дүн гаргасан этгээдэд амласан тал нь шагналыг олгох үүрэг хүлээдэг. Шагнал олгох тухай амлалтын зорилго нь тодорхой бус бүлэг этгээдийг ямар нэгэн тодорхой үйлдэлд уриалахад оршдог. Уг тайлбар нь 420 дугаар зүйлийн бусад зохицуулалтуудтай ч нийцдэг.
Шинэ жилийн арга хэмжээний үеэр олон хүний өмнө шагнал олгох харилцаа нь “Шагнал олгохоор нийтэд амлах” харилцаа биш бөгөөд Иргэний хуулийн 276 дугаар зүйлд заасан “Бэлэглэлийн гэрээ”-гээр зохицуулагдах харилцаа юм. Учир нь бэлэглэлийн гэрээ нь тодорхой бус этгээдэд хандсан байдаг биш бөгөөд харин нэг эсхүл, тодорхойлж болохуйц этгээдэд хандсан байдаг. Мөн хуулийн 276 дугаар зүйлийн 276.3, 109 дүгээр зүйлийн 109.2, 145 дугаар зүйлийн 145.2-т хэлбэрийн шаардлагыг хангах ёстой юм.
Шүүхээс 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, гэрчийн мэдүүлгүүдийг үнэлээгүй, юунд үндэслэж тухайн орон сууцыг амласан гэж үзэж байгаа нь тодорхойгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
5.1. Ажилгүй байсан хугацаа гэдэг нь халагдах тушаал болох 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс өнөөдрийг хүртэл буюу шүүхийн шийдвэр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацааг ойлгоно. 2025 оны 11 дүгээр сарын 24-ний шийдвэрээр 585 хоног гэж үзсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг хуульд зааснаар 60 хоногт хэргийг шийдвэрлэх бөгөөд нэг удаа 30 хоногоор сунгахаар заасан. Нотлох баримт цуглуулах, шүүх хуралдаан давхцах, шүүгчийн ээлжийн амралттай байдал, өвчтэй, чөлөөтэй гэх хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаан хойшилсон. Хүндэтгэн үзэх шалтгаан байгаа учраас 155 хоногт багтаан цалин хөлсний асуудал яригдах боломжгүй.
5.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар *******ыг шагнал урамшуулалд тодорхойлж, шагнасан. Дээрх эрх үүргийн дагуу 2020 оны шинэ жилийн үеэр байгууллагын шилдэг ажилтан гэж тодорхойлж, маргаан бүхий байраар шагнасан нь тогтоогддог. Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас болж Иргэний эрх зүйн харилцаа үүссэн буюу Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7-д заасан эрх зүйн харилцаа үүсэх, хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүдэлтэй маргаан тул хэргийг тусгаарлах шаардлагагүй.
5.3. Хариуцагч нь шинэ жилийн арга хэмжээний үед байраар шагнасан эсэх талаар маргадаггүй. Тухайн асуудлаар 4 гэрч асуусан. Нэг өрөө байраар шагнасан уу, хоёр өрөө байраар шагнасан уу гэдэг асуудлын талаар маргадаг. Гэрчийн мэдүүлэг шууд бус нотлох баримт болно. Учир нь нотлох баримтыг шууд болон шууд бус гэж 2 ангилдаг. Гэрчийн мэдүүлэг нь шууд бус нотлох баримтын шинжийг агуулдаг. Гэрчийн мэдүүлгийг харвал 1 өрөө байраар шагнасан гэх агуулга байдаг. Нэг өрөө байраар шагнасан гэж үзвэл гэрчийн мэдүүлгийг үнэн зөв эсэхийг шууд нотлох ямар ч баримт хэрэгт авагдаагүй. Хариуцагч талаас тайлбар татгалзалтай холбоотойгоор нотлох баримт гаргаж өгөөгүй. Энэ талаарх үүргээ хэрэгжүүлээгүй. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан ******* эмнэлгийн мэс заслын эмчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, 2023 оны 4-7 дугаар сарын цалин гаргуулах, *******тоотод байршилтай 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
3. ******* нь төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн тусламж үйлчилгээг ******* эмнэлэг нэрээр үзүүлдэг ба тус эмнэлгийн захирлын 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Б/99 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь заалтыг тус тус баримтлан, мэс заслын эмч ******* нь баримтаар нотлогдсон буруутай үйлдэлдээ удаа дараа худал тайлбар өгч удирдлагын итгэлийг алдсан мөн үйлчлүүлэгчтэй утсаар холбогдож уг үйлдлийг нуун дарагдуулахыг завдсан, эмнэлгийн нэр хүндийг унагаасан үйлдэл гаргасан гэх үндэслэлийг зааж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулжээ. /1хх-ийн 6 дугаар тал/
3.1. Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчид дээрх сахилгын шийтгэлийг ногдуулахдаа түүний гаргасан гэх зөрчлүүдийг хөдөлмөрийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил болохыг шалгаж тогтоогоогүй нь хуульд нийцээгүй гэж шүүх дүгнэж, нэхэмжлэгчийг ******* эмнэлгийн мэс заслын эмчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн байх ба уг шийдэлд хариуцагч гомдол гаргаагүй байна. Иймд энэ талаар давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт нэмж хийхгүй байх нь талуудын зарчимд нийцэх тул энэ шийдлийг хэвээр үлдээнэ.
4. Ийнхүү ажилтныг ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар түүнд урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно.
4.1. Анхан шатны шүүх дээрх олговрыг тооцохдоо нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл ажлын 585 өдрөөр тооцож, дундаж цалин хөлсийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журамд нийцүүлэн зөв тодорхойлж, хариуцагч байгууллагаас 36,681,255 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт нийцжээ.
Өөрөөр хэлбэл, ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь эрх зүйн хувьд алдаатай шийдвэр байсныг эрх бүхий этгээд тогтоох хүртэл хугацаанд ажил олгогчийн буруутай үйлдлийн улмаас ажилтны хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн гэж үзэх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд зааснаас илүү хугацаагаар үргэлжилсэн нь ажил олгогчийг хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Иймд шүүх болон нэхэмжлэгч талаас шалтгаалан шүүх хуралдаан хойшилсонтой холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинг бууруулах агуулга бүхий хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдол хангагдахгүй.
5. Түүнчлэн, хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчийн 2023 оны 4-7 дугаар сарын цалинг сар бүрээр бодож, нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн нь хэргийн баримтаар тогтоогдсон тул тухайн хугацааны цалинг олгосон гэж шүүх дүгнэж, холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нотлох баримт үнэлэх зарчмыг зөрчөөгүй, ийнхүү шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна. Иймд энэ шийдлийг мөн хэвээр үлдээнэ.
6. Мөн хариуцагч байгууллагаас 2020-2021 оны байгууллагын шилдэг ажилтнаар нэхэмжлэгчийг шалгаруулж, ******* байршилтай орон сууцаар шагнаж, маргаан бүхий 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлж, нэхэмжлэгч амьдарч байгаа болох нь талуудын тайлбар, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон, энэ үйл баримтад талууд маргаагүй. Харин хариуцагч нь 2 өрөө орон сууцаар шагнаагүй, 1 өрөө орон сууцаар шагнаж, бэлэглэлийн гэрээний харилцаа үүссэн гэх агуулгаар маргажээ.
6.1. Анхан шатны шүүх орон сууцны асуудлаар талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 420 дугаар зүйлийн 420.1 дэх хэсэгт заасан шагнал олгохоор нийтэд амлах үүргийн харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай болсон.
Иргэний хуулийн 420 дугаар зүйлийн 420.1 дэх хэсэгт заасан шагнал олгох үүрэг нь тодорхой бус этгээдүүдэд хандаж тодорхой үйлдэл гүйцэтгэсэн, мөн тодорхой үр дүн бий болгосон нөхцөлд шагнал олгохоор нийтэд зарлах замаар илэрхийлсэн нэг талын хэлцлийн үндсэн дээр үүснэ.
Харин Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт заасан бэлэглэлийн гэрээ нь бэлэглэгчээс тодорхой эд хөрөнгийг ямар нэг хариу төлбөргүйгээр, сайн дурын үндсэн дээр шилжүүлэх хүсэл зориг илэрхийлсэнийг бэлэг хүлээн авагч зөвшөөрснөөр үүсдэг нэг талын үүрэг хүлээсэн хэлцэл юм.
Гэтэл талуудын хувьд хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр харилцан үүрэг хүлээсэн бөгөөд энэхүү үүргийн хүрээнд нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнг үнэлж, хариуцагч байгууллагаас орон сууцаар шагнаж буй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасан цалин хөлсний бүрдэл хэсэг болох шагнал урамшуулал гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл, хэргийн баримтаар хариуцагч байгууллага нь тодорхой нөхцөл зааж, түүнийг биелүүлсэн этгээдийг орон сууцаар шагнах талаар урьдчилан зарлаж амалсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, зөвхөн хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр орон сууцыг хариу төлбөргүйгээр шилжүүлэх үүрэг хүлээсэн байх тул талуудын хооронд дээр дурдсан бие даасан иргэний эрх зүйн гэрээний харилцаа үүсээгүй.
Иймд бэлэглэлийн гэрээний харилцаа үүссэн боловч хэлбэрийн шаардлага хангаагүй тул үүрэг үүсээгүй гэх хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй, энэ талаарх гомдлыг хангахгүй орхино.
6.2. Хариуцагч байгууллагын нэг өрөө орон сууцаар шагнасан гэх тайлбартай холбогдуулан *******-ийн ажилтан болох дараах гэрчүүдээс мэдүүлэг авсан, гэрч ******* “...шилдгийн шилдэг ажилтнаар ******* эмч шалгараад байр өгч байсан, ...ямартай ч ******* билүү тухайн үед баригдаад дуусахаар нь өгнө гэж байсан, ...”, гэрч ******* “...эмнэлгийн анхны шинэ жил болж байсан, ...******* эмчийг супер шагнал гээд байраар шагнаж байсан. *******ы байр л гэсэн, өргөмжлөл өгч байсан”, гэрч ******* “...1 өрөө байраар *******ыг шагнаж байсан, ...Нисэхэд байрлалтай *******эд гэж хэлж байсан”, гэрч *******“...тухайн байгууллагад сайн ажилласан болон цаашдаа өсөн дэвжих боломжтой талаар урамшуулж *******т 1 өрөө байр батламж өгсөн” гэж тус тус мэдүүлжээ. /1хх-153-154, 171, 242-243/
Мөн 1хх-ийн 102-106 дугаар талд авагдсан ******* нь *******-тай 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан “Орон сууц захиалагчтай байгуулсан гэрээ”-гээр ******* тоотын 42.48 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг бариулахаар захиалж, уг орон сууц ашиглалтад орсноор эзэмшлийг нэхэмжлэгчид шилжүүлж, өмчлөх эрхийг *******-ийн нэр дээр бүртгэж, 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдөр гэрчилгээ олгожээ. /1хх-ийн 117/
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд болон талуудын тайлбарыг харьцуулан дүгнэвэл тухайн үед хариуцагч байгууллагын зүгээс *******д 1 өрөө орон сууц өгөх бодит боломж байсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул гэрч *******, *******нарын мэдүүлгээр хариуцагчийн тайлбар, татгалзлыг нотлогдсон гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, гэрч нарын мэдүүлэг хэргийн бусад баримтаар давхар нотлогдоогүй нөхцөлд тэдний мэдүүлэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй.
Түүнчлэн, хариуцагч байгууллагын захиалгаар барьж ашиглалтад орсон *******д байршилтай 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгчид эзэмшүүлсэн бодит байдлыг дээрх гэрч нарын мэдүүлэг эргэлзээгүйгээр үгүйсгэж чадахгүй байна.
Гэрч *******, *******, ******* нар нь *******д байршилтай орон сууцаар шагнасан гэж мэдүүлснийг хариуцагч эсэргүүцээгүй бөгөөд тухайн үед хариуцагч байгууллага *******д 2 өрөө орон сууц захиалсан бодит үйл баримттай таарч байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч байгууллагын хувьд *******д байршилтай 2 өрөө орон сууц өгөх бодит боломжтой байжээ.
Мөн тухайн үед 1 өрөө орон сууц ашиглалтад ороогүй байсны улмаас бэлэн болсон 2 өрөө орон сууцыг өгч, зөрүү төлбөр төлөхөөр тохирсон гэх хариуцагчийн тайлбар, татгалзал хэргийн баримтаар нотлогдоогүй байх тул нотолгооны үүргээ биелүүлээгүй талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт нийцжээ.
7. Иймд хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийг 2 өрөө орон сууцаар шагнасан, уг орон сууцыг шилжүүлэх үүрэгтэй гэж шүүх дүгнэсэн нь нотлох баримтад үндэслэсэн байх тул шийдлийн хувьд хэвээр үлдээж, эрх зүйн харилцааг буруу тодорхойлж, зарим нотлох баримтыг үнэлээгүй орхигдуулсныг давж заалдах шатны шүүхээс дээрх байдлаар нэмж дүгнэж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулав. Мөн нэхэмжлэлийн шаардлагыг зөвтгөн тодорхойлж, үүнтэй холбогдуулан найруулгын өөрчлөлт оруулна.
7.1. Хариуцагч байгууллагын зүгээс үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэх үйлдлийг хийх боломжгүй, энэ тохиолдолд нэхэмжлэлийн агуулгын хүрээнд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлох боломжтой. Иймд орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлно. Мөн өмчлөх эрхийн бүртгэлийн асуудал нь цаашид маргааны зүйл болон үргэлжлэх учиргүй тул орон сууцны өмчлөх эрхийн бүртгэл хийхийг эрх бүхий байгууллагад даалгах нь хууль зөрчихгүй.
8. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой дараах гомдлыг мөн хангахгүй.
8.1. 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагч талаас хөдөлмөрийн эрхийн маргаан болон орон сууцны өмчлөх эрх шилжүүлэх нэхэмжлэлтэй хэргийг нэг ажиллагаагаар хамтатган шийдвэрлэх боломжгүй үндэслэлээр дээрх шаардлагуудыг тусгаарлаж шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг мөн өдрийн шүүгчийн 192/ШЗ2025/49886 дугаартай захирамжаар /1хх-286/ хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байх тул энэ талаарх хүсэлтийг шийдвэрлэлгүй хэргийг шийдвэрлэсэн гэх хариуцагч талын гаргасан гомдлыг хүлээн авахгүй.
9. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 192/ШШ2025/09792 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
2 дахь заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасныг баримтлан *******тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн *******дугаарт бүртгэлтэй, 42.48 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг *******ын нэр дээр шилжүүлэн бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгасугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 931,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Т.ГАНДИЙМАА