| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2019/0133/Э |
| Дугаар | 135 |
| Огноо | 2019-10-30 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | Л.Солонго |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 135
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Улсын яллагч Л.Солонго,
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл,
Шүүгдэгч С.Э,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ц,
Иргэний нэхэмжлэгч Б.Т,
Нарийн бичгийн дарга Б.Отгон-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн С.Э-д холбогдох 1928001620123 дугаартай нэг хавтас хэргийг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, чулуун өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам 8, 4 хүүхэд, ач нарын хамт оршин суух, урьд 2000 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Өмнөговь аймгийн Сум дундын таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 39 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дугаар зүйлийн 1231.1-т зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн 39 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн 1231 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Б овгийн С.Э,
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч С.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дугаар сарын 06-ны өглөө 08-аас 09 цагийн орчимд Өмнөговь аймаг, Даланзадгад сумын төвөөс Баяндалай сум руу явах засмал замын 1.3 дахь километрт 29-74 ӨМЗ улсын дугаартай Даюун маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14, 3.7-а дахь заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган иргэн Б.Тын жолоодож явсан *******-******* ӨМӨ улсын дугаартай Тоёота Корола маркийн тээврийн хэрэгслийг араас нь мөргөж мотоцикльд сундалж явсан Д.Наранцэцэгийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 07 дугаар сарын 06-ны өглөө 8 цаг 30 минутад гэрээсээ аймгийн наадмын азарга үзэх гээд эхнэртэйгээ гарсан. Азарга ирэх болоогүй байсан. Тэгээд уяачдын майхны хамгийн хойд талын майханд очиход миний танил хүн таараад Э ах архинаас 2 татчих уу гэхээр нь би 2 татахад эхнэр загнасан. Тэгээд бид хоёр азаргаа үзчихээд буцахдаа машинуудын цуваанд ороод явж байтал зүүн талаас нэг машин ирж байсан. Дотогшоо ортол нүүр ам татганаад даралт ихсээд юу болсон бүү мэд түс тас хийсэн. Тэгтэл эхнэр нас барсан байсан. Тэгээд юу болсныг мэдэхгүй, нэг мэдэхэд эмнэлэгт хэвтэж байсан. Миний даралт өндөр, эмчийн хараа хяналтанд байдаг. Ханийнхаа оршуулгын зардалд өөрөөсөө 2.500.000 гаруй төгрөг гаргасан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
2019 оны 07 дугаар сарын 05-ны орой би гэр бүлтэйгээ, таньдаг хоёр дүүтэйгээ ууланд очиж хоночихоод ирсэн. Өглөө намайг наадмын талбайн дээрээс уруудаж байхад талийгаач ээж маань аав бид хоёр чинь хуушуур хийгээд зараад явж байна, морь бариан дээр ирэх үү гэж залгаж асууж байсан. Би очиж уулзана гэж байгаад азарганы уралдаан үзээд аав, ээжтэй тааралдаагүй. Тэгээд аав, ээж хоёрыг гэр рүү явсан юм байна гэж бодоод шууд гэр рүү явсан. Гэрт дөнгөж ирээд байж байхад араас Сумъяабазар ах залгаад аав, ээж хоёр нь осолд орсон байна гэж хэлсэн. Эгч, дүүгийн хамт очиход ээж маань аль хэдийн бурхан болчихсон байсан. Аав маань толгойгоо бариад сууж байсан. Цагдаа нар хэргийн газар луу оруулаагүй. Тэгээд аавыг маань эмнэлэг аваад явсан. Зам тээврийн осол болсон газрыг би тийм осол болсон гэдгийг нүдээрээ хараагүй. Дээрээс нь аавыгаа согтуу байсан гэдгийг мэдэх боломжгүй байсан. Зам тээврийн ослоос болоод ээжийгээ алдсан. Одоо дээрээс нь аавыгаа ийм байдалтай, насны хувьд оногдох ялыг хөнгөлж өгнө үү. Нэхэмжлэх зүйл, гомдол, санал байхгүй гэв.
Иргэний нэхэмжлэгч Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Шүүгдэгч С.Эгээс 940.000 төгрөг авсан. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 07 дугаар сарын 05-ны шөнө гэр бүлийнхэнтэйгээ хөдөө 21 уул руу явж хончихоод 2019 оны 07 дугаар сарын 06-ны өглөө 08 цагийн үед уулнаас аймаг руу явж байхад талийгаач надруу залгаад аав бид хоёр чинь морь бариан дээр( ирчихсэн хэдэн хуушуур зарах гээд явж байна миний энэ хавиар ирэх юм уу гэхээр нь би очноо гэж хэлээд морь бариан дээр очоод азаргын уралдаан үзчихээд гэр лүүгээ явсан тухайн үед би аав ээж хоёртой тааралдаагүй. Тэгээд би дөнгөж гэрт орж иртэл манай аавын ахын хүүхэд Сумъяабаяр ах залгаад морь бариа руу явах замын уулзвар дээр аав ээж осол орчихсон байна хурдан хүрээд ир гэхээр нь Шинэцэцэг, Чулуунхүү гэдэг хоёр дүүдээ мөн Нандин-Эрдэнэ гэдэг эгчдээ хэлээд бид дөрөв хамт осол болсон гэх газар очиход манай ээж аль хэдийн нас барчихсан цагдаа нар ирээд бүтээчихсэн аав бол осол болсон газраа толгойгоо бариад сууж байсан. Тухайн үед манай дүү Чулуунхүү аав руу жоохон зэмлээд уйлаад байхаар нь би дүүгээ аваад машинд суулгасан...” гэжээ. /хх-20-21/,
Иргэний нэхэмжлэгч Б.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Үнэлгээгээр гарсан 780.000 төгрөг, журмын хашааны 99.000 төгрөг, ачилтын 66.000 төгрөг нийт 945.000 төгрөгийг нэхэмжилж байна аа. Хэрэв 780.000 төгрөг өгөхөд хэцүү байгаа бол миний машиныг засаад өгвөл би үнэлгээний мөнгийг авахгүй...” гэжээ. /хх-24-25/,
Гэрч Б.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 07 дугаар сарын 06-ны өглөө 08 цаг өнгөрч байхад Дундсайханы 1а-4 тоот гэрээсээ эхнэр Болортуяа, 9 настай том охин Уртнасан, 1 нас 4 сартай бага хүү Энх-Эрдэнэ нартай хамт наадам үзэхээр морь бариа руу явсан. Тэгээд морь бариан дээр ирж азарга үзчихээд буцаад гэр бүлийнхэнтэйгээ хамт буцаад аймаг руу гэр лүүгээ явж байхад Гурвансайхан гэр хорооллын ертөнцийн зүгээр зүүн талийн морь барианы засмал замаар явж байгаад Гурвансайхны гудамжны урдуур явсан шинэ засмал зам руу зүүн тийшээ эргэх дохио өгчихсөн зөөлөн явж байгаад арын толиндоо харахад араас нэг судалгаатай мотоцикль унасан өвгөн нэг гүйцэж түрүүлэх гэснээ болиод буцаад эгнээнд ороод миний машины араас маш их хүчтэй мөргөсөн тэгтэл миний хаалганы хажуу талд буюу газар засмал зам дээр нэг хөгшин эгч ам болон толгойноос нь цус гоожсон байдалтай хэвтэж байсан тэгтэл араас мотоцикльны жолооч босож ирээд газар хэвтэж байсан эгчийг энэ хүн танай машинд байсан юм уу гэж асуухаар нь үгүй гэсэн тэгтэл манай эхнэр хаана байна гэхээр нь би мэдэхгүй гэсэн чинь нөгөө газар хэвтэж байсан эгчийн хажууд очоод уйлаад гараас нь татаад байсан тэгээд удалгүй цагдаа ирээд дараа нь түргэн ирсэн...Тухайн мотоциклийн жолооч нэлээн согтуу байсан гэж бодож байна...” гэжээ. /хх-24-25/,
Гэрч А.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр өглөө 08 цаг40 минутын үед байхаа сайн санахгүй байна Хан-Уулын 8-13 тоот гэрээсээ эхнэр Ц.Баярмаа, том охин С.Намуундарь, бага охин С.Этай хамт өөрийн эзэмшлийн 73-89 УНЦ улсын дугаартай Приүс-20 маркийн авто машинаараа морь барианы талбай орсон. Тэгээд морь барианы талбайд азарга уралдаад ирж байгааг үзчихээд энхэр хүүхдүүдтэйгээ хамт машинаараа буцаж байхад Гурвансайхан руу явдаг шинэ засмал замын уулзвар дээр зам тээврийн осол машинууд цуваад зогчихсон байсан тэгээд би хажуугаар нь гарахад нэг шаргал юм уу сараал өнгийн жижиг тэрэгний хамар нь урд зүг рүү харсан байдалтай буюу хойноос чиглэлтэй явж байсан мэт машины зогсож байсан тэгтэл уг тээврийн хэрэгслийн хажууд буюу жолоочийн хаалганы ардхан талд манай ах С.Э газар сууж байхаар нь машинаа нөгөө зам тээврийн осол болсон газраас жоохон урдхан талд тавьчихаад яваад очтол уг жижиг тэрэгний баруун талд талийгаачийн Д.Наранцэцэг толгойноос нь цус гоожсон байдалтай ямар нэгэн хөдөлгөөнгүй газар засмал зам дээр хэвтчихсэн жоохон цаад талд нь буюу жижиг тэрэгний ард талийн хаалганы хажууд манай ах С.Э уйлчихсан сууж байсан. Тэгээд ах дээрээ очоод шууд талийгаач болон Эрдэнэ ахын дунд хүү Э.Ц рүү залгаад морь бариа руу явах замд аав ээж хоёр чинь осолдчихсон байна хурдан хүрээд ир гэж хэлээд байж байтал удалгүй эмч цагдаа нар ирсэн бараг араас нь шахуу хүүхдүүд нь ирсэн....” гэжээ. /хх-24-25/,
Гэрч Х.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 07 дугаар сарын 06-ны өглөө 08 цаг өнгөрч байхад Дундсайханы 1а-4 тоот гэрээсээ нөхөр хоёр хүүхэдтэйгээ хамт наадам үзэхээр морь бариа руу манай нөхрийн эзэмшлийн *******-******* ӨМҮ улсын дугаартай Тоуоtа Соrоllа маркийн авто машинаар явсан. Тэгээд морь бариан дээр ирж азарга барианд орж ихрийг үзчихээд буцаад гэр бүлийнхэнтэйгээ хамт аймаг руу гэр лүүгээ явж байхад Гурвансайхан гэр хорооллын ертөнцийн зүгээр зүүн талийн морь барианы засмал замаар явж байгаад Гурвансайханы гудамжны урдуур явсан шинэ засмал зам руу зүүн тийшээ эргэх дохио өгчихсөн удаан явж байтал араас нэг юм хүчтэй мөргөсөн тэгээд машины дээгүүр нэг цагаан сав өнхрөөд урд унасан тэгээд би нөхрөөсөө юу болчихвоо урд нэг цагаан сав байна гэсэн чинь манай нөхөр хажууд хүний толгойноос цус гоожсон хэвтэж байна араас нэг мотоцикльтой хүн мөргөчихлөө гэсэн удалгүй араас мотоцикльны жолооч гээд нэг хөгшин ах босож ирээд нөхрийн талийн цонхоор газар хэвтэж байсан эгчийг энэ хүн танай машинд байсан юм уу гэж асуухаар нь юун хүн бэ гэсэн тэхээр нь би таны судалж явсан хүн юм биш үү гэтэл манай эхнэр хаана байна гэхээр нь манай нөхөр мэдэхгүй гэсэн чинь нөгөө газар хэвтэж байсан эгчийн хажууд очоод миний ханиа босоорой гээд уйлаад гараас нь татаад байсан тэгээд удалгүй цагдаа ирээд дараа нь түргэн ирсэн...” гэжээ. /хх-29-31/,
Гэрч Э.Ч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 07 дугаар сарын О6-ны өглөө 08 цагийн үед бостол аав ээж хоёр морь бариа руу явах гэж байхаар нь би хамт суугаад явъя гэсэн чинь гурвуулаа сууж болохгүй гээд намайг загнахаар нь дандаа намайг үлдээж байхын гээд ууралтал нээлт үзүүлэхдээ авч явъя гээд аав мотоциклоо унаад ээж ард нь сундлагдаад явсан. Тэгээд Цэрэгхүү ах ууланд гэр бүлийнхэнтэйгээ хамт амарчихаад дөнгөж ирээд гэр лүүгээ юм аа зөөж оруулж байгаад Шинэцэцэг бид хоёрт аав ээж хоёр аваарт орчихлоо гэхээр нь бид гурав хамт Цэрэгхүүгийн машинд суугаад аав дээр очтол аав газар сууж байсан тэгээд би ааваас ээж хаана байна гэж асуутал тэнд байна гэсэн тэр заасан зүг рүү нь хартал ээж газар цус болчихсон хэвтэж байсан. Тэгээд би аав руу яагаад ээжийг ийм болгочихвоо гээд жоохон уурласан...” гэжээ. /хх-32-33/,
Яллагдагч С.Эгийн мөрдөн байцаалтын шатан өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 07 дугаар сарын 06-ны өглөө Азарганы уралдаан үзэнгээ хуушуур зарахаар Өмнөговь аймаг Даланзадгад сум 1-р баг Баруунсайханы 7-31 тоотоос талийгаач эхнэр болох Д.Наранцэцэгийн хамт өөрийн эзэмшлийн 29-74 ӨМЗ улсын дугаартай мотоциклийг унаад морь бариа руу явсан. Тэгээд морь талбай дээр очоод уяачдын майхангаар явж хуушуураа зарж дуусчихаад нэг танилтайгаа уяачдын майхны гадаа тааралдаад Э ах манай майхан луу орж ирээд суулдаа гэхээр нь эхнэртэй хамт ороход майхан дотор 2 билүү 3 хүн байсан. Тэгээд манай танил надад том рүүнкээр Тэргүүн гэсэн архинаас 2 удаа хийж өгөхөөр нь би уучихсан тэгээд ахиад нэг хийгээд өгсөн чинь манай талийгаач эхнэр одоо болно болно гээд намайг болиулсан тухайн үед би нэг их согтоогүй ер нь бол гайгүй байсан. Тэгээд би эхнэртэйгээ хамт үзэгчдийн суудал дээр сууж Азарга ирэхийг үзчихээд гэр лүүгээ явах санаатай өөрийн эзэмшлийн 29-74 ӨМЗ улсын дугаартай мотоцикпийг унаад эхнэрээ сундлаад засмал замаар машинуудын цуваанд орчихсон явж байсан/ Тэгээд явж байгаад 3 замын замын уулзвар дөхөж байхад миний нүүр ирвэгэнээд явчихаар хурдхан гэртээ харих гээд урд явсан машиныг гүйцэж түрүүлэх гэтэл өөдөөс машин ирж байсан тэхээр нь буцаад эгнээндээ ортол машины араас мөргөсөн тэгээд миний ухаан балартаад нэг ухаан ортол би машины ард талд ухаан орсон тэгээд би тэр машины жолоочоос очоод миний эхнэр хаана байна гэсэн чинь цаана чинь хэвтэж байна гэсэн тэгээд би хартал машины хажууд манай эхнэр дээшээгээ харчихсан толгойноос нь цус гоожсон байдалтай хэвтэж байсан тэгээд би юу ч санахгүй нэг ухаан орсон чинь эмнэлэг дээр дусал хийлгэж байсан.” гэжээ. /хх-76-77/,
2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 836 дугаартай Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний тайланд: “...Амортизатор /зүүн урд/ 48.000, Крыло урд 15.000, Ачмаг урд 40.000, Толь баруун 10.000, Будах зардал 20.000, будаг 4000, Эд анги солих 30.000 төгрөг нийт 167.000 төгрөг” гэжээ. /хх-47/,
2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 418 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Б.Тын биед гэмтлийн зэрэг тогтоогдсонгүй” гэжээ. /хх-50/,
2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 417 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Т.Э биед гэмтлийн зэрэг тогтоогдсонгүй” гэжээ. /хх-52/,
2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 419 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Э.У биед гэмтлийн зэрэг тогтоогдсонгүй” гэжээ. /хх-54/,
2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 416 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Х.Б биед гэмтлийн зэрэг тогтоогдсонгүй” гэжээ. /хх-56/,
2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 90 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Д.Нгийн цогцост үзлэг шинжилгээгээр гавал-тархины далд гэмтэл: Хуйхан доорх цус хуралт, гавлын орой ясны цөмөрсөн хугарал, суурийн зүүн хэсгийн дунд болон арын хонхор дахь хугарал, баруун тал бөмбөлгийн чамархай хэсэг дэх аалзан хальс доорх жижиг голомтот цус харвалт, баруун гарын 3-р хуруун дахь жижиг зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Д.Наранцэцэгийн цогцост үзлэг шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг өвчин тогтоогдсонгүй. Д.Наранцэцэг нь гавлын орой ба суурийн хугарлын улмаас нас баржээ.” гэжээ. /хх-58-59/,
2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 422 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...С.Э биед зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Уг гэмтэл йь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэжээ. /хх-61/,
2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 834 дугаартай Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний тайланд: “...Буфер /хойд/ 220.000, Багажийн таг 250.000, Ар тал, гажаа гаргах 120.000, Будах зардал 120.000, будаг 50.000, Эд анги солих 20.000 нийт 780.000 төгрөг” гэжээ. /хх-63-64/,
2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 34 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Даюун маркийн 29-74 өмз улсын дугаартай мотоциклын жолооч Содвоо овогтой Э нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.14. “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтыг мөн дүрмийн 3.7.-а “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 3.4.-в “Мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтуудыг зөрчсөн. Жолооч С.Э нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.14, 3.7-а дахь заалтуудыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол болсон гэж үзэж байна.” гэжээ. /хх-68/,
Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-5/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-7-8/
Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-9-18/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-19/,
Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-22/,
Цогцосны гадна болон цогцосны задлан шинжилгээний тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-37-45/,
Шүүгдэгчийн мэргэжлийн гэрчилгээний хуулбар /хх-88/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-89/,
Шүүгдэгчийн үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /хх-99/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-101/,
Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хх-102/,
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-103/,
Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хх-104/,
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-105/,
Өмнөговь аймгийн сум дундын шүүхийн 2000 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 184 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол /хх-113/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч С.Эд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч С.Эгийн гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүгч өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна. Шүүгдэгч С.Эгийн нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч С.Э согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дугаар сарын 06-ны өглөө 08-аас 09 цагийн орчимд Өмнөговь аймаг, Даланзадгад сумын төвөөс Баяндалай сум руу явах засмал замын 1.3 дахь километрт 29-74 ӨМЗ улсын дугаартай Даюун маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14, 3.7-а заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган иргэн Б.Тын жолоодож явсан *******-******* ӨМӨ улсын дугаартай Тоёота Корола маркийн тээврийн хэрэгслийг араас нь мөргөж, мотоцикльд сундалж явсан Д.Наранцэцэгийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Э хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14, 3.7-а, 3.4-в заалтуудыг зөрчсөн болох нь Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газар Замын цагдаагийн тасгийн 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 34 дугаартай шинжээчийн “...БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Даюун маркийн 29-74 ӨМЗ улсын дугаартай мотоциклын жолооч Содвоо овогтой Э нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.14. “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтыг мөн дүрмийн 3.7.-а “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 3.4.-в “Мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтуудыг зөрчсөн. Жолооч С.Э нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.14, 3.7-а дахь заалтуудыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол болсон гэж үзэж байна.” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна. /хх-68/,
Шүүгдэгч С.Э гэмт хэрэг үйлдэх үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэлд 1.59 хувийн согтолттой гэсэн /хх-102/, шүүгдэгч С.Эгийн согтуурлыг шалгасан гэрэл зургийн үзүүлэлт /хх-103/, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би жолооны курст огт сууж байгаагүй учраас надад жолооны үнэмлэх байхгүй” гэх мэдүүлэг /хх-76-77/ зэргээр тус тус тогтоогдож байна.
Тус зам тээврийн ослын улмаас шүүгдэгч С.Эгийн мотоцикльд сундалж явсан эхнэр Д.Наранцэцэгийн амь нас хохирсон нь 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 90 дугаартай шинжээчийн “...Д.Наранцэцэгийн цогцост үзлэг шинжилгээгээр гавал-тархины далд гэмтэл: Хуйхан доорх цус хуралт, гавлын орой ясны цөмөрсөн хугарал, суурийн зүүн хэсгийн дунд болон арын хонхор дахь хугарал, баруун тал бөмбөлгийн чамархай хэсэг дэх аалзан хальс доорх жижиг голомтот цус харвалт, баруун гарын 3-р хуруун дахь жижиг зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Д.Наранцэцэгийн цогцост үзлэг шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг өвчин тогтоогдсонгүй. Д.Наранцэцэг нь гавлын орой ба суурийн хугарлын улмаас нас баржээ.” гэсэн дүгнэлтээр /хх-58-59/, түүнчлэн тус зам тээврийн ослын улмаас *******-******* ӨМӨ улсын дугаартай Тоёота корола маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Т, зорчиж явсан Т.Энх-Эрдэнэ, Э.Уртнасан, Х.Б нарын эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоогдоогүй болох нь 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 418 дугаартай шинжээчийн “...Б.Тын биед гэмтлийн зэрэг тогтоогдсонгүй” гэж дүгнэлт /хх-50/, 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 417 дугаартай шинжээчийн “...Т.Энх-Эрдэнийн биед гэмтлийн зэрэг тогтоогдсонгүй” гэх дүгнэлт /хх-52/, 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 419 дугаартай шинжээчийн “...Э.Уртнасангийн биед гэмтлийн зэрэг тогтоогдсонгүй” гэх дүгнэлт /хх-54/, 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 416 дугаартай шинжээчийн “...Х.Бгийн биед гэмтлийн зэрэг тогтоогдсонгүй” гэх дүгнэлт /хх-56/-ээр тус тус тогтоогдсон. Харин иргэний нэхэмжлэгч Б.Тын *******-******* ӨМӨ Тоёота корола маркийн тээврийн хэрэгслийн эвдрэлд 780.000 төгрөгийн хохирол учирсан нь Ашид билгүүн ХХК-ийн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 834 тоот дүгнэлтээр тогтоогджээ.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дүгнэвэл:
Шүүгдэгч С.Э 1961 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймаг, ............. суманд төрсөн, эрэгтэй, 58 настай, тусгай дунд боловсролтой, чулуун өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам 8, 4 хүүхэд, ачийн хамт Өмнөговь аймаг, ............... сум, 1 дүгээр баг, ............................ оршин суух хаягтай, урьд 2000 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Өмнөговь аймгийн Сум дундын шүүхийн ........ дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 39 дүгээр зүйлийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дугаар зүйлийн 1231.1-т зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, Эрүүгийн хуулийн 39 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн 1231 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, Энхийн хүслэн өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтанд Артериалная гипертензия II ст өвчний улмаас тогтмол эмийн эмчилгээтэй хяналтанд байдаг зэрэг нь Шүүгдэгчийн мэргэжлийн гэрчилгээний хуулбар /хх-88/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, Шүүгдэгчийн үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /хх-99/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-101/, Өмнөговь аймгийн сум дундын шүүхийн 200 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 184 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол /хх-113/, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /хх-124/, Энхийн хүслэн өрхийн эрүүл мэндийн төвийн албан бичиг /хх-125/, амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-126/, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-127-130/-аар тус тус тогтоогдож байна. Даюун 150 маркийн мотоциклийн өмчлөгч нь шүүгдэгч С.Э болох нь техникийн тодорхойлолтоор тогтоогдсон /хх-89/.
Иргэний нэхэмжлэгч Б.Т нь шүүгдэгч С.Эгээс тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд 780.000 төгрөг, журмын хашааны төлбөр 99.000 төгрөг, ачилтын төлбөр 66.000 төгрөг, нийт 945.000 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч С.Э 940.000 төгрөг хохирол төлбөрийг иргэний нэхэмжлэгч Б.Тт төлж барагдуулсан, иргэний нэхэмжлэгч шүүгдэгчээс үлдэгдэл 5000 төгрөгийг нэхэмжлэхгүй, хохирол төлбөр бүрэн барагдуулсан гэж үзэж болно гэсэн шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, тайлбар, төлбөр барагдуулсан талаарх эвлэрлийн гэрээ /хх-131/ зэргээр шүүгдэгч С.Эг иргэний нэхэмжлэгч Б.Тт төлөх төлбөргүй,
Мөн шүүгдэгч С.Э талийгаачийн оршуулгын ажилд өөрийн биеэр оролцож оршуулгын зардалд 2.528.578 төгрөг зарцуулсан тул нэхэмжлэх зүйлгүй байхгүй гэсэн мэдүүлгийг шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ц мэдүүлсэн тул шүүгдэгч С.Эг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Цд төлөх төлбөргүй гэж тус тус үзлээ.
Иймд шүүгдэгч С.Эг учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, харин шүүгдэгч С.Эгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч С.Эг согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэгт аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч С.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан, Энхийн хүслэн өрхийн эрүүл мэндийн төвд Артериалная гипертензия II ст өвчний улмаас тогтмол эмчилгээтэй хяналтанд байдаг, 58 настай, эрүүл мэндийн байдал, тус шүүхэд ирүүлсэн шүүгдэгчийн 7 хүүхдийн хүсэлт зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна.” гэж хуульчилсан тул шүүгдэгч С.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Э гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр үйлдсэн хэдийч Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.2-т “ жолооч гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүнийг ойлгохоор заасан тул шүүгдэгч С.Эг жолооч гэж үзэх үндэслэлтэй юм.
Шүүгдэгч С.Эг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул шүүгдэгчидурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Эд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасах ялыг хорих ялаа эдэлж дууссаны дараа хугацааг тоолохоор тогтоосон болно.
Хэрэгт нотлох баримтаар хавсаргаж ирүүлсэн хэргийн газрын үзлэг болон шүүх эмнэлгийн дүрс бичлэг бүхий 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч С.Э цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол, төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт болон битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Хавтаст хэрэгт авагдсан зарим нотлох баримтуудад шүүгдэгч С.Эгийн нэрийг “С.Э” гэж буруу бичигдсэн, мөн хэргийн хамт нотлох баримтаар ирүүлсэн дээрх 1 ширхэг CД-г яллах дүгнэлтийн хавсралтад бичигдээгүй болохыг тус тус дардах нь зүйтэй байна.
Шүүх хуралдааныг хаалттай явуулах үндэслэл тогтоогдоогүй тул нээлттэй явуулсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн С.Эг согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч С.Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссаны дараа хугацааг тоолсугай.
5. Шүүгдэгч С.Э иргэний нэхэмжлэгч Б.Тт хохирол төлбөрт 940.000 / есөн зуун дөчин мянга/ төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Цд оршуулгын зардалд 2.528.578 / хоёр сая таван зуун хорин найман мянга таван зуун далан найм/ төгрөг тус тус төлсөн болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Хэрэгт нотлох баримтаар хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
8. Шүүгдэгч С.Э цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол, төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч С.Эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ