Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 531

 

Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хэргийн индекс: 156/2016/00320/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар  би,

Нэхэмжлэгч:Хэнтий аймгийн хэрлэн суманд үйл ажиллагаа явуулах  “Оч манлай” ХХК-ийн захирал Довжоогийн Батболд /РД: СЮ63072274/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг Баянбүрд гэх газарт нутаглах, иргэн Гантөмөрийн Ганболд /РД: СТ83122037/-д холбогдох
"Халаалтын төлбөр 1 089 538 төгрөг гаргуулах" тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “Оч манлай” ХХК-ийн захирал Д.Батболд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Гантөмөрийн Ганболд нь “Хан Хэнтий Хамтын хүч” төрийн бус байгууллагын тэргүүнээр ажиллаж байхдаа “Оч манлай” ХХК-тай дулаанаар хангах гэрээ байгуулан  хэрэглэгчээр дулаан авч байсан бөгөөд дулаан халаалтын төлбөрийн үлдэгдэл 1 089 358 төгрөгийг төлөхгүй 5 жилийг үзээд байна. Иймд халаалтын төлбөр 1 089 358 төгрөг, алданги 544 679 төгрөгийг гаргуулж өгнө үү? гэжээ. (хх-ийн 1 тал)
Хариуцагч Г.Ганболд нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие нь “Оч манлай” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлд дурдсан дулааны төлбөр нь хувь хүн миний хэрэглэсэн төлбөр биш бөгөөд “Хан Хэнтий Хамтын хүч” төрийн бус байгууллагын төлбөр юм. Миний бие тус төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч, аль эсвэл хувь эзэмшигч биш бөгөөд гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад тухайн ажлыг хүлээлгэн өгсөн болно. Мөн тухайн ажлыг хүлээлгэн өгөхийнхөө өмнө дулааны төлбөрийн 50 хувь болох 1 000 000 (нэг сая) төгрөгийг хувиасаа гаргаж өгч байсан болно. Иймийн тулд уг нэхэмжилсэн төлбөрийг төлөх боломжгүй болно. Дулааны төлбөрийн үлдэгдэлтэй гэх “Хан Хэнтий Хамтын хүч” төрийн бус байгууллагын үйл ажиллагаа зогсож татан буугдсан байгууллага юм гэжээ. (хх-ийн 19-20 тал)
Нэхэмжлэгч “Оч манлай” ХХК-ийн захирал Д.Батболд нь 2016.09.29-ний өдөр шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч Г.Ганболдтой эвлэрэн хэлэлцэж халаалтын төлбөр болох, 1 089 358 төгрөгөнд шүдлэн наснаас дээш насны бүдүүн эм хонь 10-ийг 2016 оны 11 дүгээр сард багтааж авахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ /хх-ийн 91 тал/
Хариуцагч Г.Ганболд нь 2016.09.29-ний өдөр шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: “Оч манлай” ХХК-ийн нэхэмжлэлийн  шаардлага халаалтын төлбөр            1 089 538 төгрөгийг  төлөхийг хүлээн зөвшөөрч эвлэрэн уг төлбөрт 10 тооны эм хонь өгөхөөр харилцан тохиролцов. Төлбөрийг 2016 оны 11 дүгээр сард багтааж төлөхөөр тохиролцов. /хх-ийн 93 тал/ гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “Оч манлай” ХХК-ийн захирал Д.Батболд нь хариуцагч Г.Ганболдоос “халаалтын төлбөр 1 089 538 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Зохигчид нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэгч “Оч манлай” ХХК-ийн захирал Д.Батболдын “халаалтын төлбөр               1 089 538 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Ганболд нь  хүлээн зөвшөөрч эвлэрэн хэлэлцэж уг төлбөрт 10 тооны эм хонийг 2016 оны 11 дүгээр сард багтаан өгөхөөр харилцан тохиролцож, зохигчид нь Эвлэрлийн гэрээ байгуулж гарын үсэг зурж, баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2,  75, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. “Оч манлай” ХХК-ийн захирал Д.Батболдын нэхэмжлэлтэй, хариуцагч                 Г.Ганболдод холбогдох  “халаалтын төлбөр 1 089 538 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч “Оч манлай” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 42 700 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 21 350 төгрөгийг улсын орлогод үлдээж, 21 350 төгрөгийг улсын орлогоос /Төрийн сангийн 180000941 тоот данснаас/ буцаан гаргуулж нэхэмжлэгч “Оч манлай” ХХК-нд, хариуцагч Г.Ганболдоос 21 350 төгрөгийг гаргуулж  нэхэмжлэгчид тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн энэ захирамжийг хариуцагч Г.Ганболд нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.  
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид, тэдний өмгөөлөгч, төлөөлөгч нар нь шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.


ШҮҮГЧ                                   Ж.БОЛДБААТАР