| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 197/2025/40541/И |
| Дугаар | 210/МА2026/00325 |
| Огноо | 2026-02-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 210/МА2026/00325
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 197/ШШ2025/18453 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 2,158,336.23 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,158,336.23 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:
3.1. ******* нь *******той 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 1222130105000758 дугаартай “Зээлийн гэрээ”-г байгуулж, ******* нь 19,440,000 төгрөгийг автомашины лизингийн зориулалтаар 36 сарын хугацаатай, жилийн 33.6 хувийн хүүтэй зээлдүүлэх, ******* нь зээл, хүүгийн төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх, уг төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр харилцан тохиролцсон. /хх-ийн 8-9 дүгээр тал/
3.2. Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан 1222130105000758 дугаартай “Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр *******гийн өмчлөлийн ******* улсын дугаартай, ******* арлын дугаартай, Тoyata Prius-XW30 маркийн тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг *******-д шилжүүлж, тээврийн хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэгджээ. /хх-ийн 10-11 дүгээр тал/
3.3. Нэхэмжлэгч байгууллага зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлэх үүргээ биелүүлсэн, хариуцагч зээл, хүүгийн төлбөр төлөх үүргээ зөрчсөн, уг зөрчлийн улмаас зээлийн гэрээ цуцлагдаж, тээврийн хэрэгслийн бодит эзэмшил нэхэмжлэгч байгууллагад шилжсэн талуудын маргаагүй үйл баримтыг шүүх зөв тогтоосон.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох, мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний /фидуци/ харилцаа тус тус үүссэн, эдгээр гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэсэн.
4.1. Хариуцагч нь зээлийн гэрээний дагуу сар бүр тогтмол хугацаанд зээл, хүүгийн төлбөр төлөх үүргээ хугацаанд нь, зохих ёсоор гүйцэтгээгүй болох нь талуудын тайлбар, зээлийн тооцооллын баримтаар тогтоогдсон, уг үүргийн зөрчлийн улмаас нэхэмжлэгч байгууллага зээлийн гэрээг цуцалсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт нийцсэн, энэ үйл баримтад талууд маргаагүй.
Улмаар, хариуцагч нь фидуцийн гэрээний зүйл болох *******улсын дугаартай, Toyata Prius-XW30 маркийн тээврийн хэрэгслийг 2025 оны 8 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгч байгууллагад хүлээлгэн өгснөөр нэхэмжлэгч байгууллага нь фидуцийн гэрээний 1.5-д зааснаар техникийн бүрэн бүтэн байдалд оношилгоо /хх-20/ хийлгэж, тээврийн хэрэгслийн зах зээлийн үнийг тогтоолгохоор үнэлгээ хийлгэсэн нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт нийцсэн, энэ талаар шүүх зөв дүгнэжээ.
4.2. *******-ийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн үнэлгээний тайлангаар тээврийн хэрэгслийг 19,285,000 төгрөгөөр үнэлж, улмаар нэхэмжлэгч байгууллага нь *******тай байгуулсан 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээгээр 17,500,000 төгрөгөөр худалдсан байна. /хх-12/
Дээрх ажиллагааны талаар мэдэгдээгүй гэж 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч тайлбар гаргаж, маргасныг энэ асуудлаар талуудыг мэтгэлцсэн гэж дүгнэхгүй.
Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмаар хэрэгжих бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг гардан авч, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн бол ямар үндэслэлээр татгалзаж буй талаар бичгээр тайлбар гаргаж, холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй. Ингэснээр талуудын хооронд мэтгэлцэх бодит боломж бүрдэж, нотолгооны үүргийн хуваарилалт тодорхойлогдоно.
Гэтэл хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа дээрх асуудлаар мэтгэлцээний байр суурь илэрхийлээгүй, харин анх тээврийн хэрэгслийг худалдан авахдаа бусдад залилуулсан асуудлаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, шалгуулж байгаа гэх үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ. Иймд дээрх асуудлаар маргаагүй гэж дүгнэх үндэслэлтэй.
4.3. Фидуцийн гэрээ нь үндсэн гэрээний үүргийг фидуцийн зүйлээр хангуулж, үүргийг дуусгавар болгох зорилгоор хийгддэг боловч фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдахгүй байх боломжтой бөгөөд талууд энэ талаар гэрээний 2.2.3-д үүрэг гүйцэтгэгч нь фидуцийн зүйлийг эзэмшихтэй холбогдох бүхий л эрсдлийг хариуцаж, өнгө, үзэмж, чанар үнэлгээг бууруулахгүй байх, бүрэн бүтэн байдлыг хангах үүргийг хүлээсэн байх ба зах зээлийн үнэлгээнээс хамааран үнэ буурч болохыг тохиролцжээ. /хх-10-11/
Ийнхүү тохиролцсоны дагуу тээврийн хэрэгсэлд техникийн оношилгоо хийлгэхэд урд 2 амортизатор солих, рулийн аппарат дуутай, урд L-R босоо тэнцүүлэгч солих, доод эд анги зэв ихтэй гэжээ. Иймд дээрх засвар, үйлчилгээ хийхтэй холбогдон фидуцийн зүйлийг гэрээгээр тохиролцсон үнэлгээнээс буурсан үнээр худалдан борлуулсаныг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.
Түүнчлэн, хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий тээврийн хэрэгслийн үнийг тогтоолгох хүсэлт гаргаагүй, үнэлгээтэй холбоотой ямар нэг баримт гаргаж өгөөгүй байх тул зах зээлийн бодит үнээр худалдаагүй, доголдлоос үүдэлтэй үнийн уналт зэргийг бодитоор тооцоогүй гэх гомдлыг хүлээн авахгүй.
5. Иймд нэхэмжлэгч байгууллага нь фидуцийн зүйлийн үнэ 17,500,000 төгрөгөөс үнэлгээ болон оношилгооны ажлын хөлс, торгуулийн төлбөрийг хасаж, үлдсэн дүнгээс нэмэгдүүлсэн хүү 63,475.37 төгрөг, хүүний төлбөрт 2,428,946.52 төгрөг, зээлийн төлбөрт 14,585,63.59 төгрөгийг хасаж, үндсэн зээлийн үлдэгдэл 2,158,336.23 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт нийцсэн, энэ талаар шүүх зөв дүгнэсэн.
6. Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 197/ШШ2025/18453 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 49,384 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Ч.МӨНХЦЭЦЭГ
Т.ГАНДИЙМАА