| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 191/2025/10553/И |
| Дугаар | 210/МА2026/00373 |
| Огноо | 2026-02-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 210/МА2026/00373
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Т.Бадрах, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 191/ШШ2025/11420 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******д холбогдох
Зээлийн гэрээний үүрэг болон алдангид 24,750,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. *******тай 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 15,000,000 төгрөгийг 2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл 2 сар 6 хоногийн хугацаатайгаар зээлдүүлсэн боловч хугацаандаа зээлээ төлөөгүй.
Иймд үндсэн зээл 15,000,000 төгрөг, зээлийн хүү 1,500,000 төгрөг, алданги 8,250,000 төгрөг нийт 24,750,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. 2022 онд *******той уулзаж, 200 вагон оруулж ирэхээр болсон, хөрөнгө оруулах шаардлагатай байгаа талаараа хэлж ярьж байсан. ******* нь хөрөнгө оруулж, мөнгө олж өгье, харин манай компанийн ашгаас 1 хувийн ашиг хүртэхээр тохиролцож, би компанийн нэрээр тушаал гаргаж байсан. ******* нь өөрийн таньдаг нотариатч дээр очно гээд дуудахад нь очиж зээлийн гэрээ байгуулж, гарын үсэг зурсан. Үүний дараа миний данс руу 15 сая төгрөгийг 3 удаагийн шилжүүлгээр шилжүүлсэн. Ингээд 200 вагоны дугаар авсан байсан боловч ОХУ дайнтай байгаа шалтгаан нөхцөлийн улмаас ажил удааширч, энэ талаар *******т хэлж, боломжоороо 6,750,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 8,250,000 төгрөгийг төлнө.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч ******* овогт *******/РД*******/-с 14,850,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* овогт ******* /РД-*******/-т олгож, нэхэмжлэлээс үлдэх 9,900,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 281,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 232,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Нэхэмжлэгч ******* нь зээлийн гэрээний үүрэгт 24,750,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд миний бие шаардлагын зарим хэсгийг буюу 8,250,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч харин үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргасан.
Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 14,850,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл шүүхээс бидний хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэж улмаар хүү болон алданги тооцсоноос үүдэн дээрх төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь бидний хооронд үүссэн харилцаа нь зээлийн гэрээний харилцаа бус харин хөрөнгө оруулалт буюу хамтран ажиллах гэрээний харилцаа байсан.
Тухайлбал, ******* миний бие *******-ийн захирлаар ажиллаж байхдаа буюу 2022 оны 11 дүгээр сард *******т хамтран ажиллах санал тавьсаны дагуу бид хамтран ажиллахаар болсон. Миний тавьсан санал нь уг компанид тодорхой хэмжээний хөрөнгө оруулах, үүний хариуд компанийн үйл ажиллагааны цэвэр ашгийн 1%-г хөрөнгө оруулагч *******т өгөх санал тавьсан. Манай компани тухайн үед тээвэр зуучийн компани байсан бөгөөд ОХУ-аас 200 ширхэг вагон оруулж ирэн ******* Улсад төмөр замын ачаа тээвэр хийх зорилготой ажиллаж байсан. Тус ажлын хүрээнд зам тээврийн яамын сайдын 200 вагондаа 200 ширхэг дугаараа авсан байсан бөгөөд вагонаа авахаар ОХУ-ын зохих компаниудтай санамж бичиг хийсэн байсан үе. Ингээд *******оос хамтарч ажиллая, ОХУ-ын банканд 200 вагоны үнэ болох 130 тэрбум төгрөгийн 1% болох мөнгийг урьдчилгаа болгон явуулах байсан тул уг төсөлд хамтран ажиллах санал тавьснаар ******* нь зөвшөөрч эхний ээлжинд 15,000,000 төгрөгийг өгсөн.
4.2. Ингээд бид харилцан тохиролцож мөнгө авч өгөхөөр болоход нотариатаар орно таньдаг хүн байгаа гээд намайг дагуулж яваад гэрээ хийсэн. Ингэхдээ зээлийн гэрээ хийнэ гэснийх нь дагуу бид 15,000,000 төгрөгийг зээлж зээлдүүлж байгаа мэтээр гэрээ байгуулсан. Яг үнэндээ бидний хүсэл зориг нь зээл авч өгөх бус хамтран ажиллах хөрөнгө оруулах байсан. Уг хөрөнгийг оруулсны хариуд ашиг хувь хүртэх байсан. Энэ талаар компанийн тушаал ч гарч нэг хувийг түүнд өгч байсан.
Гэвч тухайн үед ОХУ дайнтай байсан учраас ******* дахь банкууд ОХУ-аас вагон худалдан авах төсөлд зээл олгохгүйг гээд судлахаас ч татгалзаж байсан. Учир нь дайн дэмжсэн хэрэгт орно гээд хар жагсаалтанд орохгүй гэж байсан. Үүнээс болж манай төсөл амжилтгүй болж *******ын оруулсан хөрөнгө оруулалтыг компаниас буцаан олгож чадаагүй. Гэхдээ өнгөрсөн хугацаанд *******т 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 2,250,000 төгрөгийг, мөн 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 3,000,000 төгрөг, нийт 6,750,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн.
Гэтэл ******* нь хөрөнгө оруулалт хийж 15,000,000 төгрөгийг өгсөн боловч зээл байсан мэтээр нэхэмжлэл гаргаж байгааг шүүх хүлээн авч байгаа нь үндэслэлгүй бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл тул 15,000,000 төгрөгөөс төлсөн 6,750,000 төгрөгийг хасч тооцон үлдэгдэл 8,250,000 төгрөгийг төлөх нь зөв гэж үзэж байна. Иймд 8,250,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 6,600,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн төлбөр 15,000,000 төгрөг, зээлийн хүү 1,500,000 төгрөг, алданги 8,250,000 төгрөг нийт 24,750,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч, зээлийн гэрээ нь хамтран ажиллах гэрээг халхавчилж хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул хүү, алданги шаардах эрхгүй гэж маргажээ.
3. ******* болон ******* нарын хооронд 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр “Зээлийн гэрээ” байгуулагдсан байх ба тус гэрээгээр ******* нь *******оос 15,000,000 төгрөгийг 2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл 2 сар 6 хоногийн хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцож, гэрээг нотариатчаар гэрчлүүлжээ. /хх-ийн 7 дугаар тал/
3.1. Хариуцагч нь дээрх гэрээг байгуулж, гарын үсэг зурсан, болон гэрээнд заасан 15,000,000 төгрөгийг хүлээн авч, 6,750,000 төгрөгийг буцаан төлсөн үйл баримтуудад талууд маргаагүй, тэдний маргааны зүйл нь зээлийн гэрээ эсвэл хамтран ажиллах гэрээ байгуулагдсан эсэх асуудлаар маргасан.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ.
4.1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.3 дахь хэсэгт зааснаар хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэх гол нөхцөл нь хамтын үйл ажиллагааны зорилго болон түүнд хүрэхийн тулд гэрээний талууд ямар үүрэгтэй оролцохыг тодорхойлж тохиролцсон байх учиртай.
Харин ашиг хуваарилах талаар тохирсон эсэх нь хамтран ажиллах гэрээний гол нөхцөл биш тул *******-ийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 03 дугаартай тушаалаар *******т төмөр замын ачаа тээвэрлэлтийн төслөөс орох цэвэр ашгийн 1%-ийг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэслэл болохгүй. Иймд дээрх баримтаар талууд хамтран ажиллахаар тохирсон гэх байдал эргэлзээгүйгээр тогтоогдоогүй гэж шүүх дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийг зөрчөөгүйгээс гадна Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт нийцжээ.
4.2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл нь тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог онцлогтой.
Талуудын дээрх тохиолдолд халхавчлуулж буй хэлцэл болох хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэх үндэслэл тогтоогдоогүй тул тэдний байгуулсан 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн гэрээ нь дээрх хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарахгүй. Энэ талаарх хариуцагчийн тайлбар, татгалзал болон давж заалдах гомдлыг хүлээн авахгүй.
5. Иймд анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэсэн.
5.1. ******* нь талуудын маргаж буй асуудлаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан, уг гомдлыг шалгах ажиллагааны явцад *******аас 2025.05.27-ны өдөр гэрчийн мэдүүлэг авсан. Уг мэдүүлэгт “Би 2022 онд хувийн компанид хөрөнгө оруулж ажил эхлүүлэхээр мөнгөний хэрэг гараад 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр танил болох *******ын ...дэлгүүр дээр очоод ...15,000,000 төгрөгийг зээлэхээр болоод нотариатын газар ороод зээлийн гэрээ хийгээд 15,000,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн *******банкны *******тоот дугаарын данс руу шилжүүлж авсан. Тухайн төлөвлөсөн ажил эхлээд хөрөнгө оруулалт орж ирэхээр *******ын мөнгийг хуваагаад төлөхөөр тохирсон боловч ...төлөвлөсөн ажил цагтаа бүтэхгүй тодорхой шалтгааны улмаас хойшилсон тул зээлсэн бүх мөнгийг буцааж өгч чадаагүй. ...зээлсэн мөнгөө буцааж өгөхөө удаа дараа илэрхийлсэн. ...*******т нийт 6,750,000 төгрөг шилжүүлсэн, ...” гэжээ. /хх-72-73 дугаар тал/
5.2. Мөн хэргийн 23-25 дугаар талд авагдсан “*******банк” ХК дахь *******ын эзэмшлийн дансны хуулгаас үзэхэд 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 4 удаагийн шилжүүлгээр нийт 6,750,000 төгрөгийг “...зээлийн хүү 11 сарын 5-наас 2 сарын 5 хүртэлх, 3,4 сарын зээлийн хүү, үндсэн зээл төлөв” гэх утгаар нэхэмжлэгчид шилжүүлсэн, уг мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч хүлээн авсан болох нь талуудын тайлбараар тогтоогдсон, энэ талаар зохигч маргаагүй.
6. Дээрх нотлох баримтуудаар хариуцагчийн тайлбар, татгалзал үгүйсгэгдэж байхаас гадна хариуцагчийн зүгээс мөнгө зээлэх хүсэл зориг илэрхийлсэн, уг хүсэл зоригийг нэхэмжлэгч хүлээн авч, бичгээр гэрээ байгуулсан болох нь тогтоогдож байх тул талууд зээлийн гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцож, зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1, 42 дугаар зүйлийн 42.2, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцжээ.
6.1. Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлж, зээлийн мөнгөн хөрөнгө болох 15,000,000 төгрөгийг шилжүүлсэн тул хариуцагч нь 2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн төлбөр 15,000,000 төгрөг, 2 сар 6 хоногийн хүүний төлбөрт 1,650,000 төгрөг нийт 16,650,000 төгрөг төлөх үүрэгтэй, үүнээс 6,750,000 төгрөгийг төлсөн байх тул зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 9,900,000 төгрөг төлөх болохыг шүүх зөв тогтоосон.
6.2. Мөн үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-иар алданги төлөхөөр талууд тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.6 дахь хэсэгт нийцсэн, нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй, алдангийг сүүлийн төлбөр төлсөн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар тооцоход хуульд заасан хэмжээнээс хэтэрч байх тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 9,900,000 төгрөгийн 50 хувиар тооцож, алдангид 4,450,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв байна.
7. Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан хүү болон алданги төлөх үндэслэлгүй гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 191/ШШ2025/11420 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Т.ГАНДИЙМАА