Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 1233

 

                                                                                                                      

 

 

 

 

 

 

   2019       08          05                                  2019/ШЦТ/1233  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Ч.Батбаяр,   

Нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

Гэрч Т.Энхжаргал,

Шүүгдэгч Э.Н, түүний өмгөөлөгч Л.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Н холбогдох эрүүгийн 1906 02546 1057 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                      

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Э.Н.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Н нь 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Харуул-Алтай” хотхоны 104-42 тоотод хохирогч Б.Бадамхандтай маргалдаж, улмаар гараараа түлхэж, гарын шуу, бугалга орчмоос нь татан чирч, хүзүүн тус газраас нь барин чирч, хөл рүү нь өшиглөж, эрүүл мэндэд нь баруун бугалга, зүүн бугалга, зүүн шуу, зүүн гуяанд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

         /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1906 02546 1057 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

Шүүгдэгч Э.Н нь иргэн Б.Бадамхандын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч Б.Бадамхандын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2019 оны 04 сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 104-42 тоотод хүргэн Нямхүү, 2 зээ нарын хамт байсан. 6 настай охин нь хичээлээ хийх гэж байхад нь Нямхүү “одоо хичээлээ хийж яах гээд байгаа юм, орой хий” гээд загнасан. Тэгтэл зээ охин “одоо хичээлээ хиймээр байна” гэхээр нь би хичээлийг нь хийлгээд суулгасан. Тэгээд 2 настай дүү нь хичээлийг нь хийлгэхгүй байсан. Тэгээд би гарах гэж байснаа аавыгаа сэрээчих гэж хэлсэн. Нямхүү босож ирээд уурлаад 2 хүүхдээ загнаад “хулгайч чинь” гээд байсан. Би Нямхүүд “хүүхэдээ юу гэж загнаад байгаа юм” гэж хэлтэл Нямхүү “чи зайл” гээд
толгой руу түлхэж цохиод, хаалгаар гарсан. Тухайн үед нуруу өвдөж байсан. Хөл
рүү өшиглөсөн. 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр би Нямхүүгийн гэрт байж
байтал Нямхүү, Энхжаргал хоёр гаднаас орж ирээд Нямхүү намайг “пизда авгай
зайл” гээд үснээс зулгаагаад чирч гаргах гээд байсан. Энхжаргал “болиоч” гээд
салгасан. Тэгээд Нямхүү коридорт гаргаад түлхэж чирээд унагаасан. Миний гар
хөлнөөс барьж хөхрүүлсөн байсан. Хөл рүү өшиглөсөн. Мөн цээж рүү цохиж
унагаасан. Тухайн үед “юу болоод байгаа юм” гэхэд “чи ээжид элдэв юм яриад
байна” гээд уурлаад байсан. Маргааш нь Сарандаваа гэх Нямхүүгийн ээж
хүүтэйгээ хамт ирээд хэл амаар доромжилж байгаад явсан. Гар нуруу хөхөрсөн
байсан. Үс унаж нуруу өвдөж байсан, толгой мөн өвдөж байсан. Миний биед
учирсан гэмтлийг Нямхүү учруулсан. Өмнө нь 2018 оны 02 сард нүцгэн чирч гаргаж
байсан. Тухайн үед шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Миний бие өвдөөд байсан болохоор
7 хоногийн дараа шүүх эмнэлэгт үзүүлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 14-15, 52-53 тал/,

 

Гэрч Т.Энхжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Нямхүү ээж Бадамханд руу “ямар худал юм яриад яваад байгаа юм, гэр орон руугаа яв” гэж хөөсөн. Нямхүү ээжийн хүзүүний ар хэсгээс нь бариад “яв” гэж түлхэж гэрээс гаргасан. Хаалганы гадаа гарчихаад ээж Бадамханд “аллаа” гээд орилоод, хаалга өшиглөөд байсан. Би хувцасыг нь өмсүүлээд явуулъя гээд оруулж ирсэн. Ээж орж ирчихээд гарахгүй, хэрүүл маргаан хийгээд байсан. Нямхүү “хувцасаа өмсөөд хурдан яв” гэсэн. Тэгээд хоорондоо маргалдаж байгаад Нямхүү дахин ирээд гаргах гээд хоорондоо барьцалдаад байсан. Ээж үүдэнд байсан гутлыг аваад Нямхүүг цохьсон. Би голоор нь ороод Нямхүүг цааш нь түлхээд, ээжийг цааш нь цээж хэсэг рүү түлхэж гаргасан. Тэгээд коридорт гараад ээжийн хувцасыг янзлаад байж байхад цагдаа ирсэн. Нямхүү ээжийн шилэн хүзүүн дээрээс нь барьж байгаад түлхэж гаргасан. Сүүлд нь ээж, Нямхүү нар барьцалдаж аваад байсан. Тухайн үед бид гурав байсан гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 4744 дугаартай:

Б.Бадамхандын биед баруун бугалага, зүүн бугалага, зүүн шуу, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугагаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэх мэдүүлэг /хх-ийн 21 тал/,

 

Шүүгдэгч Э.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Тэгтэл хадам ээж Бадамханд ариун цэврийн өрөөнөөс гарч ирээд хүүхдийн хичээл хийлгэхгүй хүүхэд загиналаа гээд маргалдсан. Намайг элдэв янзаар хэлээд байхаар нь та бид хоёр угаасаа таарч тохирох биш гэр оронд чинь хувцас хунарыг чинь аваад хүргээд өгие гэж хэлсэн. Тухайн өдөр Бадамханд гэрээс гараад явсан. 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 16 цагийн орчим доор эхнэр Энхжаргал бид хоёр ажлаа тараад гэрийн доод талын дэлгүүр юм аваад зогсож байхад манай ээж Сарандаваа надруу залгаад чи яахаараа эхнэр, хүүхдээ доромжлоод гадуур, дотуур заваараад яваад байдаг юм гэж хэлсэн. Тэгэхээр би юу яриад байгаа юм гэхэд танай хадам ээж Бадамханд над руу яриад гадуур, дотуур дандаа тэнэдэг, хадам ээж эхнэр хүүхдээ дандаа доромжилдог, Дорнодоос ирсэн цүнхнээс нь эмэгтэй хүний дотуур хувцас гарч ирсэн гэж хэлсэн гэсэн. Тэгэхээр нь би ийм юм ярьсан байна гэж Энхжаргалтай яриад гэр руугаа орсон. Тэгтэл хадам ээж Бадамханд манай гэрт ирчихсэн байсан. Энхжаргал бид хоёр бие, биенээ хардаж хоорондоо ам мурийж үзээгүй. Гэр бүл салалт руу турхирч, гүтгэлгийн зүйл ярьсанд би нилээд уурласан байсан. Тэгээд Бадамханд яахаараа миний гэр бүлийг доромжилж, гадуур худлаа зүйл яриж явдаг юм гээд хүзүүн дээрээс бариад гэрээсээ гаргасан. Тэгтэл эхнэр Энхжаргал хувцасаа аваад явна гэж байна гэж хэлсэн. Бадамханд коридороор хашгираад байхаар нь би цагдаа дуудсан. Энхжаргал хаалгаа онгойлгоод Бадамхандыг оруулахад үүдэнд байсан гутал над руу авч шидээд би босож очоод Бадамхандын гарын булчин орчим руу нь түлхэж гаргасан. Миний цамцнаас татаж, үснээс зулгаагаад байхад нь би Бадамхандын гарыг нь тавиулах гэж гарынх нь шуу, бугалга хэсгээс бариж байсан. Эхнэр Энхжарга бас тавиулах гэж байсан. Энэ үед миний цамц урагдсан. Тэгээд би түлхээд гэрээсээ гаргаад хувцасыг нь өгсөн. Тэр үед цагдаа ирээд аваад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 тал/, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх-ийн 5 тал/, хохирлын таларх нотлох баримтууд /хх-ийн 41-42 тал/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Э.Нгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 38 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 39 тал/ зэрэг нотлох баримтыг судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.        

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Э.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Э.Н нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Э.Нгийн иргэн Б.Бадамхандын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч Б.Бадамханд нь нийт 413.400 төгрөгийн дүн бүхий 5 ширхэг баримтыг хохиролын баримтаар гаргаж өгсөн байх боловч 60.000 төгрөгийн дүн бүхий баримт нь банкны гүйлгээ хийсэн баримт байна.

Бусад 56.600 төгрөг, 45.000 төгрөг, 240.000 төгрөг, 11.800 төгрөгний баримтуудаар эмийн сан, эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж төлбөр төлсөн мэт боловч үүнийг шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтэлд хэрэглэх талаар эрх бүхий этгээдийн шийдвэр заавар байхгүй байна. Дээрх дүн бүхий бараа, үйлчилгээ авсан баримтууд нь хохирогчийн биед үүссэн гэмтэлтэй шалтгаант холбоогүй байх тул хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Харин хохирогч Б.Бадамханд нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэй юм.

 

Шүүгдэгч Э.Н нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна. 

 

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүх шүүгдэгч Э.Нд ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, шүүх хуралдааны оролцогч нарын гаргасан санал зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл, нөхцөлд тооцож, уг байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э.Н хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Нг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Нд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4. дүгээр зүйлийн 2, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Бадамхандын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, уг гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Хэргийн учир шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Нд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.БААСАНБАТ