| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2016/00196/И |
| Дугаар | 00227 |
| Огноо | 2016-10-18 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 00227
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Хөтөлийн **** ХК-ны *** ХХК-ны захирал *******ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариун-Эрдэнэ оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Хөтөлийн *** ХК-ны хууль ёсны төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: ** ХХК болон ** ХК –ны хооронд 2014 оны 03 дугаар сарын 29-ний өдөр байгууллагдсан Цемент худалдах, худалдан авах гэрээний дагуу *** ХК нь нийт 3395 тонн цемент нийлүүлсэн. Хамгийн сүүлд талуудын төлөөлөл хамтран үйлдсэн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Тооцоо нийлсэн актын дагуу үлдэгдэл төлбөр 214,391,089.40 төгрөг байгааг баталгаажуулсан болно. Гэтэл өнөөг хүртэл дээрх төлбөрөө төлөөгүй дээрх компанийг хариуцсан захирлууд, холбогдох хүмүүс нь гар утасны дугаараа сольсон эсхүл утсаа авдаггүй, “Гдд Фийлд” ХХК-ийн гэрээнд заасан хаягаар очих гэсэн боловч хаяг нь тодорхой бус олох боломжгүй байдаг. Энэ байдал нь худалдан авагч манай компанийн нийлүүлсэн цементийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлэхээс санаатайгаар зугтсан идэвхитэй үйлдэл гаргаж байна гэж үзэхэд хүргэж байна.
Иймд***** ХХК-г эрэн сурвалжлах ажиллагаа явуулахыг холбогдох эрх бүхий байгууллагад даалгаж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Хөтөлийн ******* ” ХК нь “Гдд Фийлд” ХХК-ийн захирал *******ийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан байх ба шүүх дээрх хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.
Учир нь******** ХХК-ний захирал ******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл,******** ХК болон “Гдд Фийлд” ХХК-ны хооронд байгуулагдсан 2014 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн №Ц/2014.04 цемент худалдах, худалдан авах гэрээ, гэрээний хавсралт, тооцоо нийлсэн акт, бараа нийлүүлэх, төлбөр хийх хуваарь зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.
*********ХХК нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Зүүн дөрвөн зам хороолол, 2 дугаар байрны 5 тоотод байрлах албан ёсны хаягтай боловч гүйцэтгэх захирал ******* нь одоо хаана оршин суугаа болох нь тодорхойгүй байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болно
Хүсэлт гаргагч Цемент шохой ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баярманлай нь өөрийгөө байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан Ожоо овгийн *******/РД:ЦБ-/-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн тасагт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч “Цемент Шохой” ХК-ны улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэхь хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн тасагт даалгасугай.
5. Иргэн ******* нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 00 дүгээр хороо, зүүн 0 зам, 0 дугаар байрны 0 тоотод оршин сууж байсан болохыг дурдсугай
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН