| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 192/2025/05615/И |
| Дугаар | 210/МА2026/00438 |
| Огноо | 2026-02-27 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2026/00438
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, Ерөнхий шүүгч Д.Нямбазар, шүүгч Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 192/ШШ2025/10009 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******ад холбогдох
Хохирол 37,862,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. *******ад өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай Toyata Land Cruiser 200 маркийн автомашиныг 2025 оны 5 дугаар сарын 07-16-ны өдрийг дуустал хугацаанд түрээслүүлсэн.
1.2. Дээрх хугацаанд буюу 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдөр шөнийн 20:58 орчимд ******* нь ******* сумын нутаг дэвсгэрт ******* улсын дугаартай North Benz маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасан. ******* буцаж эргэх үедээ араас ирж явсан ачааны машины урдуур орж осол гаргасан бөгөөд уг осолд буруутай болох нь тогтоогдож, Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулсан.
1.3. Автомашинд учирсан хохирлын үнэлгээг *******-аар хийлгэхэд 35,710,000 төгрөгийн хохирол тогтоогдсон, мөн хохирлын үнэлгээ хийлгэхэд 2,152,000 төгрөгийн төлбөр төлсөн. Иймд хохиролд 37,862,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. ******* нь *******ыг цагдаагийн алба хаагчийн дэргэд зодож дарамталж байгаад 10,000,000 төгрөгийг тээврийн хэрэгсэлд учруулсан хохирол гэж аваад бусад төлбөрөө даатгалын байгууллагаас гаргуулж авна гээд явсан.
2.2. Түрээслэн ашигласан тээврийн хэрэгсэл нь *******-д бүрэн даатгал хийгдсэн, энэ тухайгаа түрээсийн гэрээний 1 дэх хэсэгт зааж өгсөн, даатгалын гэрээний 12.6.2 дахь хэсэгт заасан үүргийг ******* нь зөрчсөний улмаас ******* нь нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Иймд хохирлыг хариуцах үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******аас 27,862,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 347,260 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 273,542 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Хариуцагч ******* нь 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хооронд 10 хоногийн хугацаатайгаар *******ын эзэмшлийн ******* улсын дугаартай, Toyata Land Cruiser 200 маркийн тээврийн хэрэгслийг түрээслэх түрээсийн гэрээ байгуулан түрээслэн авсан. Тээврийн хэрэгслийг ашиглах явцдаа буюу 2025 оны 5 дугаар сарын 12-ны орой 20 цагийн орчим ******* сумын нутаг дэвсгэрт ******* улсын дугаартай, North Benz маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн зам тээврийн осол гарсан. Тухайн ослыг цагдаагийн алба хаагч шалгасан байдаг ч хэрэгт *******ад Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэвэр оногдуулсан баримт авагдаагүй, өөрөөр хэлбэл *******ын гэм буруутай эсэхийг тогтоосон баримт байдаггүй.
4.2. Түрээсээр ашиглуулсан тээврийн хэрэгсэл нь 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 2026 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл *******-д тээврийн хэрэгслийн бүрэн даатгал хийгдсэн байсан ба тухайн даатгалын гэрээний 12.6.2 дахь хэсэгт заасныг зөрчсөний улмаас даатгалын байгууллага даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Өөрөөр хэлбэл гэрээний үүргээ даатгуулагч зөрчсөн учраас нөхөн төлбөр олгохоос татгалзжээ. Гэтэл анхан шатны шүүх даатгалын гэрээний үүргээ зөрчсөн даатгуулагчид учирсан хохирлыг Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан 27,862,000 төгрөгийг тээврийн хэрэгсэл түрээслэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
4.3. Талуудын хооронд 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан “Машин түрээсийн гэрээ”-ний 1 дэх хэсэгт автомашин нь татвар даатгалд бүрэн хамрагдсан тээврийн хэрэгслийг түрээслэгчийн эзэмшилд шилжүүлсэн болохоо тодорхой зааж өгсөн байгааг анхан шатны шүүх анхаарсангүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
5.1. Түрээслэгч автомашины бүрэн бүтэн байдлыг хариуцна гэж түрээсийн гэрээнд гарын үсэг зурж автомашиныг авч явсан. Автомашин даатгалтай байсан эсэхээс үл хамаарч гарсан зардлыг төлөх үүрэгтэй гэж үзэж байна.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ад холбогдуулан 37,862,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:
3.1. *******, ******* нар 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдөр “Машин түрээсийн гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр ******* нь ******* улсын дугаартай, Toyata Land Cruiser 200 маркийн автомашиныг нэг өдрийн 350,000 төгрөгөөр, 10 хоногийн хугацаатай *******ын эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, ******* нь гэрээнд заасан төлбөр төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх-ийн 6 дугаар тал/
3.2. Дээрх гэрээний дагуу ******* нь автомашиныг эзэмшиж байхдаа 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдөр ******* сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осол гаргаж, автомашинд эвдрэл гэмтэл учирч, хохиролд 10,000,000 төгрөг төлсөн. /хх-ийн 7 дугаар тал/
3.3. *******-ийн 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 01/616 дугаартай албан бичгээр “...даатгуулагч нь *******тай 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдөр “Машин түрээсийн гэрээ” байгуулж, даатгалын зүйл болох тээврийн хэрэгслийг ...10 хоногийн хугацаатай *******ын эзэмшилд шилжүүлсэн байх бөгөөд тус хугацаанд даатгалын тохиолдол гарсан байна. Даатгуулагч нь дээрх үйл баримтыг даатгагчид мэдэгдээгүй буюу даатгагчтай байгуулсан гэрээний 12.6.2 дахь хэсэгт “даатгуулагч нь даатгалын зүйлийг ..., бусдад түрээслэх, ...өмнө даатгагчид мэдэгдэх, мөн даатгалын зүйлийн өмчлөл, эзэмшилд өөрчлөлт орсон тохиолдолд даатгагчид хуанлийн 14 хоногийн дотор мэдэгдэх үүргийг зохих ёсоор биелүүлээгүй” үндэслэлээр даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзжээ. /хх-15-16 дугаар тал/
3.4. Талууд дээрх үйл баримтад маргаагүй, нэхэмжлэгчид даатгалын нөхөн төлбөр олгоогүй нь хариуцагч хохирол төлөх үүргээс чөлөөлөгдөх эсэх асуудлаар маргажээ.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэсэн.
4.1. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.4, 289.1.5 дахь хэсэгт зааснаар хөлслөгч нь хөлслөн авсан эд хөрөнгийг ердийн болон гэрээгээр тохиролцсон элэгдлээс илүү муутгахгүй байх, эд хөрөнгийг хөлслүүлэгчид бүрэн бүтэн буцааж өгөх үүрэгтэй. Иймд хариуцагч нь автомашиныг эзэмшиж байх хугацаандаа зам тээврийн осол гаргасны улмаас автомашинд эвдрэл гэмтэл учирсан нь тогтоогдсон тул дээрх үүргийн хүрээнд нэхэмжлэгч хохирол шаардах эрхтэй талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.
Өөрөөр хэлбэл, хариуцагч нь гэрээний дагуу эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах, уг үүргээ биелүүлээгүйгээс эд хөрөнгийг ердийн болон гэрээгээр тохиролцсон элэгдлээс илүү муутгасан тохиолдолд хохирол төлөх үүрэгтэй.
*******-ийн хохирлын үнэлгээний тайлангаар автомашинд учирсан хохирлыг 35,710,000 төгрөгөөр тогтоосон, уг үнэлгээний ажлын хөлсөнд нэхэмжлэгч 2,152,000 төгрөг төлсөн, үүнээс хариуцагч 10,000,000 төлсөн, эдгээр үйл баримтад талуудын хэн аль нь маргаагүй байх тул шүүх хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбарыг үндэслэн хохирлын хэмжээг 37,862,000 төгрөгөөр тогтоож, хариуцагчаас 27,862,000 төгрөг /37,862,000 – 10,000,000/ гаргуулж шийдвэрлэсэн нь нотлох баримт үнэлэх зарчмыг зөрчөөгүй байна. /хх-21-42 дугаар тал/
Иймд хариуцагч зам тээврийн осолд буруутай эсэх нь талуудын маргаанд ач холбогдолгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол хангагдахгүй.
4.2. Түүнчлэн, *******-иас нэхэмжлэгчид даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь тухайн гэрээний талуудын эрх, үүрэгтэй холбоотой тул хариуцагч автомашиныг эзэмшиж, ашиглаж байх хугацаанд гарсан хохирлыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.4, 289.1.5 дахь хэсэгт нийцсэн, энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхино.
5. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирол шаардах үүргийн ерөнхий зохицуулалтыг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчтой бус болсон боловч хэргийн шийдэлд нөлөөлөхгүй тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 192/ШШ2025/10009 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 297,260 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА