Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 1918

 

Хын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Т.Туяа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2016/00563 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Хын нэхэмжлэлтэй

Хариуцагч ХХд холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 14 175 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ха,

Хариуцагч ХХ,

Хариуцагчийн өмгөөлөгч ХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч Хын нэхэмжлэлийн шаардлага болон  тайлбарт: Миний бие ХХтэй 2015 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 8 000 000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй зургаан сарын хугацаатайгаар, түүний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох авто зогсоолыг барьцаалан зээлдүүлсэн. Зээлийн гэрээ болон барьцааны гэрээнд бид гарын үсэг зурж баталгаажуулсан. Зээлийн мөнгийг би түүний олгосон итгэмжлэлийн дагуу 2015 оны 1 дүгээр сарын 09-нд 1 764 000 төгрөг, 2015 оны 1 дүгээр сарын 10-нд өдөр 6 236 000 төгрөгийг тус тус дансаар болон бэлнээр ХХХХХ, ХХХХХХ нарт өгсөн. Уг итгэмжлэлд төлөөлж авах гэдэг эрх олгосон нь өөрөө мөнгийг хүлээж авах эрхтэй байсан гэдгийг илтгэж байна. Энэ хугацаанд нийтдээ 1 263 000 төгрөгийг хүүнд төлсөн. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч ХХ нь зээлийн төлбөрөө төлөөгүй тул үндсэн зээл 8 000 000 төгрөг, хүү 1 470 000 төгрөг, зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алдангийг 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс тооцож, 223 хоногийн алданги 4 705 000 төгрөг, нийт 14 175 000 төгрөгийг ХХэс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ХХийн шүүхэд ирүүлсэн тайлбарт: ХХ нь нэхэмжлэгч Хаас мөнгө зээлж аваагүй, зээлийн гэрээг байгуулаагүй. Хамт ажилладаг ХХХХХ нь "ээжийн бие муу байна туслаач" гэсэн учир түүнд өөрийн эзэмшлийн хөрөнгийг барьцаалан зээл авахыг зөвшөөрч итгэмжлэл олгосон. Тэрнээс зээлийг аваагүй. Мөн ХХХХХын нөхөр ХХХХХХт олгосон итгэмжлэлд зөвхөн авто зогсоолыг барьцаанд бариулах, улсын бүртгэлд бүртгүүлэх л эрх олгосон байгаа. Нэхэмжлэгч өөрөө зээлийн хүүг ХХХХХаас авч байснаа хүлээн зөвшөөрч байна. Иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар нэхэмжлэгч Хаас зээлийг бодитоор шилжүүлж аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч ХХэс 14 175 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Хын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 228 825 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Ха давж заалдах гомдолдоо: Маргааны гол үйл баримт маш товч бөгөөд нэн ойлгомжтой байдаг. Энэ талаар хангалттай нотлох баримт хэрэгт авагдсан байгаа тул энд тоочин нурших шаардлагагүй юм. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... зохигчид барьцааны гэрээ байгуулагдсан үйл баримтын талаар маргаагүй, ... хуулийн шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байна, ...харин хариуцагч зээлийн гэрээ байгуулаагүй гэх боловч гэрээнд гарын үсэг зураагүй болохоо баримтаар нотлоогүйгээс гадна гэрч ХХХХХХХХын (гэрээг баталсан нотариатч) мэдүүлэг, зохигчдын тайлбар зэргээр хариуцагч зээлийн гэрээнд гарын үсэг зурсан, байгуулсан байна гэж үзэв” гэж тов тодорхой, эргэлзээгүй дүгнэсэн атлаа үндэслэх хэсгийн төгсгөлд нэхэмжлэгч намайг гэрээний үүргийг шаардах эрхгүй гэж үзсэнд гомдолтой байна. Энэ нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэгдсэн байх хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзэж байна.

Хариуцагч ХХ нь барьцааны гэрээ байгуулснаар ХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХХХХХХХХХХХХХХХ тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь Ха миний зээлийн гэрээний барьцаанд шилжсэн тухай тэмдэглэл Улсын бүртгэлийн газарт тэмдэглэгдсэн байгаа болно. Дээрх үйл баримтад үндэслэн ХХтэй байгуулсан зээлийн гэрээний үүргийг уг барьцаа хөрөнгөөс шаардан гаргуулах эрхтэй гэж нэхэмжлэл гаргасан. Гэтэл анхан шатны шүүх миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байх тул нэхэмжлэлийг бүрэн хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Ха нь хариуцагч ХХд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14 175 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч,  Хаас мөнгө зээлж аваагүй, зээлийн гэрээг байгуулаагүй гэж маргажээ.

 

Шүүхээс хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгтэй нийцсэн байна.

 

 Хэргийн 5 дугаар талд авагдсан 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн хариуцагч ХХ, нэхэмжлэгч Хаас 8 000 000 төгрөг сар тутамд 6 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлэх тухай зээлийн гэрээ гэх баримтыг үндэслэн талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, зээлдүүлэгч гэрээний үүргийг зээлдэгчээс шаардах эрхтэй гэж үзэх хуулийн үндэслэлгүй.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт “...мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно” гэж заасан бөгөөд дээрх бичгийн гэрээнд тусгагдсан 8 000 000 төгрөгийг хариуцагч ХХд шилжүүлэн өгсөн баримтгүй учраас талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй тул нэхэмжлэгч гэрээний үүргийг шаардах эрхгүй болно.

 

Нэхэмжлэгч Ха 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 1 764 000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 10-нд өдөр 6 236 000 төгрөгийг дансаар болон бэлнээр иргэн ХХХХХ, ХХХХХХ нарт өгсөн байх бөгөөд уг мөнгөн хөрөнгийг хариуцагч ХХэс олгосон итгэмжлэлийн үндсэн дээр нэр бүхий хүмүүст шилжүүлэн өгсөн нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байна.

 

Хэргийн 4, 39 дүгээр талд авагдсан 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн нэхэмжлэгч ХХэс иргэн ХХХХХХт олгосон итгэмжлэлд “авто зогсоол барьцаанд бариулсан барьцааны гэрээг эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэх, төлөөлж авах” гэж бичигдсэн байх бөгөөд уг итгэмжлэлээр хариуцагч ХХ 8 000 000 төгрөгийг  нэхэмжлэгч Хаас төлөөлөн авах эрхийг иргэн ХХХХХХт олгосон гэж үзэхээргүй, энэ дүгнэлт нь Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2 дахь хэсэгтэй нийцнэ.  

 

            Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх боломжийг хэргийн зохигчдод олгосон байх боловч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй байна.

 

            Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор гаргасан нэхэмжлэгч Хын давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2016/00563 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ха давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228 825 төгрөгийг дүүргийн орлогод хэвээр үлдээсүгэй.

         

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Э.ЗОЛЗАЯА

 

                                                    ШҮҮГЧИД                         Т.ТУЯА

 

                                                                                              А.МӨНХЗУЛ