Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2018/00093

 

О.Ө нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

           2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2017/01868 дугаар шийдвэр,

      Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

           2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 2029 дүгээр магадлалтай,

           Нэхэмжлэгч: О.Ө

           Хариуцагч: “О” ХХК-д холбогдох

      Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

           Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С. хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

           Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Ө, түүний өмгөөлөгч С., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

           Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “О” ХХК-ийн ЭМААБОАБОН-Аюулгүй байдал, гэнэтийн ослын удирдлагын хэлтэст 2012-08-30-ны өдрөөс Гэнэтийн ослын багийн супервайзорын албан тушаалд томилогдон ажиллаж байгаад 2017-01-03-ны өдөр гүйцэтгэх захирлын HR0008/17 тоот тушаалаар ноцтой зөрчил гаргасан гэж  халагдсан. Тушаалыг зөвшөөрөхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 43.1,  131.1.3, гэрээний 10.2.1 “и”,  Ажил гүйцэтгэл ба сахилгын тухай журмын 3.1.6, 3.3.2.3 “е” –г үндэслэн ажил олгогчийн санаачилгаар халсан. Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 10.2.1-д хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчлүүдийг нэг бүрчлэн нэрлэн заасан бөгөөд энэхүү жагсаалтад бусдыг аливаа үйлдэл хийхэд нөлөөлөх гэж заагаагүй. HR1038/17 тушаалын үндэслэл болж буй хөдөлмөрийн гэрээний 10.2.1 “и” заалтад нөлөөлөхийг ноцтой зөрчилд тооцно гэж тухайлан нэрлэн заагаагүй. Мөн энэ үйлдлийг ноцтой зөрчилд тооцох талаар надтай харилцан тохиролцсон зүйл байхгүй. Хөдөлмөрийн гэрээний 10.2.1 “и” заалт нь компанийн эрх зүйн дотоод баримт бичгүүдийг бүгдийг дурдсан байх бөгөөд үүнд үндэслэн Ажил гүйцэтгэл ба сахилгын тухай журмын 3.1.6, 3.3.2.3 “е”-д ноцтой зөрчилд хамааруулж байгаа бол энэ нь ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоох, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байх гэсэн Хөдөлмөрийн тухай хуулийн  40.1.4-т заасан ноцтой зөрчлийг хөдөлмөрийн гэрээнд тухайлан заах шаардлагыг хангаагүй байна. Ажил гүйцэтгэл ба сахилгын тухай журмын 3.1.6, 3.3.2.3 е заалтууд нь ямар утга, агуулгатай заалт байгаа нь тодорхойгүй. Учир нь компанийн дотоодод мөрдөгддөг гэх хөдөлмөрийн харилцаатай холбогдох дээрх баримт бичгүүдийг ажилчдад ил тавьж, танилцуулдаггүйгээс юуг зөрчиж, буруу зүйл хийснээ одоо ч мэдэхгүй, мэдэх боломжгүйгээр хохирч байна. Уг тушаал гарсны дараа үзэхийг хүссэн боловч хүний нөөцийн алба нь өмгөөлөгчөөрөө дамжуулж аваарай гэдэг хариу өгч ажилтныхаа эрхийг ноцтой зөрчсөөр байна. О.Ө нь 2016-11-20-ны өдөр Аюулгүй албаны супервайзорт худал мэдээлэл өгөн зөвшөөрөл авч, 60 ширхэг хуванцар торхыг О ХХК-ийн уурхайн талбараас гаргахад нөлөөлсөн сахилгын ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж үзсэн нь огт үндэслэлгүй. Тухайн өдөр манай багийн жолооч н.Мөнхбаатар, аврагч нар надтай уулзаад 2010 оноос хойш талбай дээр хураагдаад, ашиглагдахгүй байсан хуванцар торхуудыг талбайгаас ачиж гаргах талаар Аюулгүй албаны супервайзор Б.Батбаяртай ярьчихсан байгаа, өөрийн багийн ахлах ажилтнаараа мэйл бичүүлчих гэсэн гэхэд нь Аюулгүй албанаас л зөвшөөрөл авдаг юм байх гэж бодоод Аюулгүй албаны супервайзор Б.Батбаярт дотоод сүлжээгээр дамжуулан хуванцар торхуудыг талбайгаас гаргах зөвшөөрөл хүсэн и-мэйл бичсэн. Аюулгүйн албанаас надад ямар нэгэн зөвшөөрөл, зааварчилгаа өгөөгүй. Харин хэн гэдэг хүн ямар машинаар ирж авах юм гэж хариу асуусан. Ингээд миний ажлын цаг дуусч амралтын байрлуугаа явсан. Хуванцар торхуудыг намайг ажил дээр байхгүй үед талбайгаас гаргасан байсан бөгөөд торхуудыг талбайгаас гаргахдаа үйлдсэн баримт бичиг дээр миний гарын үсгийг хэн нэгэн дуурайлгаж зурсныг сүүлд мэдсэн. Яг ямар үйлдлийг худал мэдээлэл өгсөн, зөвшөөрөл хүсч и-мэйл бичсэн боловч надад ямар нэгэн зөвшөөрөл, зааварчилгаа өгөөгүй байж, зөвшөөрөл авсан, нөлөөлсөн ноцтой зөрчил гаргасан гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж байгаа нь хэзээ, ямар баримт /шийдвэр, дүгнэлт/-аар илрүүлж, тогтоосон гэдэг нь тодорхойгүй. Зөрчлийг илрүүлсэн талаар ямар нэгэн баримт байхгүй, сахилгын зөрчлийг ямар журмаар, ямар бүрэлдэхүүн шалган тогтоодог нь тодорхойгүй бөгөөд хэрэв тухайн үед илрүүлсэн бол хуульд заасан сахилгын шийтгэл оногдуулах хугацааг баримтлаагүй зэргээр хууль зөрчиж ажлаас халсан. Зөвшөөрөл хүсч и-мэйл бичсэн миний үйлдэл “О” ХХК-ийн бизнесийн болоод ажил хэргийн нэр хүндийг гутаасан эсэх, эд хөрөнгийн хохирол учруулсан эсэх, эрх ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц ямар сөрөг үр дагавар бий болгосон нь тодорхойгүй буюу зөрчлийн бүрэлдэхүүн хангагдахгүй байхад хэрэглэгдэхгүй торхыг талбараас гаргах зөвшөөрөл хүсч и-мэйл бичсэн төдийхнөөр шалтаглан ажлаас халсанд гомдолтой байна. Иймд Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээнд дурдсан зүйл, заалтууд болон ИХШХШТХ-ийн  160.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 36.1.2, 69.1, 46.1-г үндэслэн  ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоон “О” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны №HR0008/17 дугаар тушаалыг хүчингүй болгож, “О” ХХК-ийн ЭМААБОАБОН-Аюулгүй байдал, гэнэтийн ослын удирдлагын хэлтэст гэнэтийн ослын багийн супервайзорын албан тушаалд эгүүлэн тогтоож, 2017-01-03-ны олговор тооцон  гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү.

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэгч О.Ө нь 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Аюулгүй албаны супервайзорт худал мэдээлэл өгөн, компанийн эд хөрөнгийг Он уурхайн талбараас гаргахад хүргэсэн үйлдэл гаргасан. Энэхүү үйлдэл нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний  10.2.1 “и” хэсэгт заасан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил болно. Тиймээс “О” ХХК нь нэхэмжлэгч О.Өтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан үндэслэлээр цуцалсан. Иймд нэхэмжлэгч О.Өы нэхэмжлэлийн шаардлагуудыг хангахгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

       Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2017/01868 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан О ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн   тушаалыг хүчингүй болгож, О.Өыг “О” ХХК-ийн ЭМААБОАБОН Аюулгүй байдал, гэнэтийн ослын удирдлагын хэлтсийн супервайзорын албан тушаалд эгүүлэн тогтоож,  олговор 38 979 794 төгрөг гаргуулан О.Өд олгож,  нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл, хураамж төлсөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн үлдэх  шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 352 848 төгрөг  гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 09 дүгээр  сарын 11-ний өдрийн 2029 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2017/01868 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч О.Өы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

        Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Баянмөнх хяналтын гомдолдоо:  Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх хуралдаанаар тогтоогдоогүй үйл баримтыг тогтоогдож байна гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн оролцогчдын “Мэтгэлцэх зарчим”-ыг үгүйсгэсэн, үүнийгээ зөвтгөхдөө хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь ИХШХШТХ-ийн  116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Давж заалдах шатны шүүхийн магадлалд:“Хариуцагч байгууллага нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тухайлан нэрлэж заасан зөрчил гарсан тохиолдолд ноцтой зөрчилд тооцож хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахаар талууд тохиролцсон бөгөөд хөдөлмөрийн гэрээний 10.2.1 “и” хэсэгт тухайн байгууллагад үйлчилдэг дүрэм журмыг нэрлэж заагаад уг дүрэм журмуудад ноцтой зөрчил гэж тооцсон, эсхүл ажлаас халах арга хэмжээ авахаар заасан зөрчлийг гаргасан” бол ноцтой зөрчилд тооцож ажлаас чөлөөлөх үндэслэлд хамааруулжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болохоор заахдаа талууд ноцтой зөрчлийг хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамдаа нэрлэн заасан байхаар зохицуулагдсан байна. Хэргийн 111 дүгээр талд “Ажлын гүйцэтгэлийн менежмент ба хөдөлмөрийн сахилгын тухай” журам авагдсан байх бөгөөд уг журмын 3.3.2.3-ын “е”-д худал мэдээлэл өгсөн байвал ноцтой зөрчилд тооцно гэж заажээ. Нэхэмжлэгч  хөдөлмөрийн гэрээнд нэрлэж заасан ноцтой зөрчлийг гаргасан тул хариуцагч байгууллага түүнийг ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасантай нийцжээ. гэж дүгнэсэн байна. Ийнхүү давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн ноцтой зөрчил нь ажилтан ажил олгогч нарын хөдөлмөрийн гэрээгээр зохицуулагдах бөгөөд энэхүү зөрчлийг талууд гэрээндээ тухайлан нэрлэж заасан байхыг хүлээн зөвшөөрсөн атлаа хөдөлмөрийн гэрээнд тухайлан заагдаагүй үйлдэл эс үйлдэхүй болох бусад дүрэм журмын зохицуулалтыг хөдөлмөрийн гэрээнд тухайлан нэрлэн заасантай адилтгаж үзсэн нь хуулийг буруу хэрэглэж зарчмын агуулгыг гажуудуулсан. Энэ тухай Улсын Дээд шүүхийн 2006 оны  33 дугаар тогтоолын  15.4.2-т “Хуулийн  40.1.4,-т заасан "ноцтой зөрчил" гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц ажил сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна.” Иймээс ажил олгогчоос гаргасан дүрэм, журам, зааварт тусгагдсан ажлын байрны тогтоосон горим, журмыг ажилтан ноцтой байдлаар зөрчсөн ч тухайн актыг хөдөлмөрийн гэрээтэй адилтган үзэх боломжгүй, харин дээрх дүрэм, журам, зааврын зарим заалтыг зөрчвөл “ноцтой зөрчил”-д тооцохоор хөдөлмөрийн гэрээнд заасныг адилтган үзэж болох юм. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн  40.1.4-т заасан “ноцтой зөрчил” гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон үйлдэл, эс үйлдлийг ойлгодог. Энэхүү үйл баримт анхан шатны шүүхээр тогтоогдоогүй болно. Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлалд 60 ширхэг торхыг Он уурхайн талбараас гаргахаар нөлөөлсөн нь тухайн байгууллагын үйл ажиллагаанд ямар саад, ямар эд хөрөнгийн хохирол учирсан, ямар нэр хүнд гутсан талаар давж заалдах шатны шүүх ямарваа нэг эрх зүйн дүгнэлт өгөөгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн  40.1.4-т заасан “ноцтой зөрчил” гэдэг ойлголтод авч үзэхээргүй байсан. Тушаал шийдвэр гаргах эрх хэмжээгүй субьект тушаал гаргасан нь анхнаасаа эрх зүйн үр дагавар үүсгэхээргүй байсан болно. О ХХК-ийн 2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн ХН0008/17 дугаартай тушаалыг гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч гаргасан нь уг шийдвэрийг гаргах эрх бүхий албан тушаалтан эсэх нь тодорхойгүй. 2015 оны 05 дугаар сарын 21-ний 13/15 дугаартай тушаалаар...ерөнхий менежерээс доогуур албан тушаалтай ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй гэж заасныг зөрчсөн. Иймд уг тушаалыг эрх бүхий албан тушаалтан биш субъект гаргасан учир уг тушаал анхнаасаа хүчин төгөлдөр бус тул хүчин төгөлдөр бус шийдвэр нь эрх зүйн ямар нэгэн харилцаа үүсгэж, өөрчлөн, дуусгавар болгох хүчин чадалгүй анхнаасаа хууль бус тушаал байсан. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

   О.Ө 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр “О” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, ЭМААБОАБОН-Аюулгүй байдал, гэнэтийн ослын удирдлагын хэлтсийн Гэнэтийн ослын багийн супервайзорын ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг  шаардсан байна.   

  Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан, давж заалдах шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

        Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, ажил олгогч нь О.Өыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, хөдөлмөрийн гэрээний 10.2.1и, Ажил гүйцэтгэл ба сахилгын тухай журмын 3.1.6, 3.3.2.3е-г үндэслэн  “...2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр аюулгүй албаны супервайзорт худал мэдээлэл өгөн зөвшөөрөл авч, 60 ширхэг хуванцар торхыг О уурхайн талбайгаас гаргахад нөлөөлсөн сахилгын ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон ...” гэж 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн №HR 0008/17 дугаар тушаалаар ЭМААБОАБОН-Аюулгүй байдал, гэнэтийн ослын удирдлагын хэлтсийн Гэнэтийн ослын багийн супервайзорын ажлаас халсан нь нотлогдсон байна. 

        Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар хөдөлмөрийн  харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч өөрийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж болно. Өөрөөр хэлбэл, талууд ямар зөрчлийг “ноцтой” гэж тооцох тухай хөдөлмөрийн гэрээнд тухайлан тохиролцсон, уг зөрчлийг ажилтан гаргасан бол ажил олгогч өөрийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах боломжтой. 

        О.Ө “...гэнэтийн ослын үед хариу үзүүлэх багийн гал унтраах үйл ажиллагаанд ашиглагдах хөөс нь /гал унтраах бодис нь/ тусгай зориулалтын хуванцар савтай ирдэг. Тус гал унтраах бодисыг ашиглаж дуссаны дараагаар хуванцар савыг буцаах, шаардлага хангаагүй хуванцар савыг устгалд оруулах юм. Иймд та бүхэн сайтаас тээвэрлэж гаргахад зөвшөөрөл олгоно уу... Тус хөөсний хуванцар савыг Х.Мөнхдөл 44-54 БРА улсын дугаартай тээврийн хэрэгсэлээр зөөвөрлөх юм...” гэсэн  худал мэдээлэл өгсөн гэж хариуцагч тайлбарлах боловч энэ нь “ноцтой” зөрчилд хамаарч буйг ажил олгогч нотолж чадаагүй тул давж заалдах шатны шүүхийн магадлал Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй гэж үзлээ. 

         Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө ажилтны үйлдэл “...Ажлын гүйцэтгэлийн менежмент болон хариуцлагын журмын 3.3.2.3е-р ноцтой зөрчилд хамаарна гэх боловч энэ нь үндэслэлгүй байна.   

        Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 10и., Ажлын гүйцэтгэлийн менежмент болон хариуцлагын журмын 3.1.7., 3.3.2.3-н заалтыг үзвэл “...худал хуурмаг мэдээ мэдээлэл өгөх...”-г талууд ноцтой зөрчилд оруулсан нь тогтоогдсонгүй.  

        Ажлын гүйцэтгэлийн менежмент болон хариуцлагын журмын 3.1-д сахилгын зөрчлийн талаар заахдаа “...худал хуурмаг мэдээ мэдээлэл өгөх, залилан мэхлэх үйлдэл хийх...” гэсэн хоёр нөхцөлийг оруулсан, 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн №HR 0008/17 дугаар тушаалаар нэхэмжлэгч залилан мэхэлсэн гэж биш, харин “...худал мэдээлэл өгсөн...” гэж халагдсан байгаа тул нэхэмжлэгчийн гаргасан гэх үйлдлийг мөн журмын  3.3.2.3е-д хамааруулах үндэслэлгүй юм.

         Хариуцагч нь О.Өыг худал мэдээлэл өгсөн гэж ажлаас халсан, энэ зөрчил нь “ноцтой”-д хамаарахгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгоно.

         Анхан шатны шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан тул шийдвэрийг хэвээр үлдээв. 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

         1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 2029 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2017/01868 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 352.848 төгрөгийг О.Өд захирамжаар буцааж олгосугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ