Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 357

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Н.Оюунбилэг  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар 
 Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Цогт сумын 7 дугаар баг, Баянтоорой тосгонд оршин суух Боржигон овгийн Чойжилжавын Энхтуяагийн /РД: ДР61122709/ хүсэлттэй ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 10 сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
 Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга О.Дэжидмаа оролцов.
                                              ТОДОРХОЙЛОХ нь:
 Хүсэлт гаргагч Ч.Энхтуяа нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Чойжилжавын Энхтуяа нь 1961 оны 12 сарын 27-ны өдөр Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд төрсөн. 1980 оны 01 сараас 1990 оны 12 сарыг дуустал Эрдэнэ сумын Чойбалсангийн зам нэгдлийн Сангийн далай бригадад малчнаар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр байхгүй тул ажилласан жилээ шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Миний бие 2 настай байхдаа Өлзийхүү гэдэг хүнд өргөгдөж байсан. Ийм учраас миний ажилласан жилийн 2 жил нь өргөсөн ээж Өлзийхүүгээр овоглогдож архивын лавлагаа гарч ирж байна. Иймд 1980 оны 01 сараас 1990 оны 12 сарыг дуустал хугацаанд Эрдэнэ сумын Чойбалсангийн зам нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ. 
                                                   ҮНДЭСЛЭХ нь:
Ч.Энхтуяагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч Ч.Энхтуяа нь 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Чойбалсангийн зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоолгохоор шүүхэд ханджээ. 
Ч.Энхтуяа нь 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Чойбалсангийн зам нэгдлийн Сангийн далай бригадад малчнаар ажиллаж байсан болох нь Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 193 дугаартай лавлагаа, 
Гэрч Д.Далантайн “...Ч.Энхтуяагийн төрсөн аав нь Чойжилжав гэдэг хүн байдаг. Төрөөд удаагүй байхад нь Өлзийхүү гэж хүнд өргүүлж байсан. Өлзийхүү гуайг Ганжир эмгэн гэж дууддаг байсан. Ганжир гэж хараадаг байсан болохоор хүмүүс тэгж нэрлэдэг байсан юм. Их өндөр настай хүн байсан. Өөрийн гэсэн хүүхэдгүй хүн байсан. Ч.Энхтуяаг 15 нас хүргээд өөд болсон. Өлзийхүү гуайг нас барсаны дараа Ч.Энхтуяа аав ээж дээрээ очсон. Ч.Энхтуяа төрснөөсөө хойш Эрдэнэ сумд л байсан. Өөр газар ажиллаагүй. Нэгдэлд мал малладаг байсан. Сургуулиа төгсөөд мал дээр гарсан. Намайг аймаг руу шилжиж ирэх үед Эрдэнэ сумдаа малаа хариулаад үлдсэн...” гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. 
Иймд Ч.Энхтуяаг 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Чойбалсангийн зам нэгдлийн Сангийн далай бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ. 
Хүсэлт гаргагч нь өөрийгөө эзгүйд шүүх хуралдаан хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Боржигон овгийн Чойжилжавын Энхтуяаг 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Чойбалсангийн зам нэгдлийн Сангийн далай бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ч.Энхтуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.    

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Н.ОЮУНБИЛЭГ