Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2026/00622

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 191/ШШ2026/01076 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******т холбогдох,

Мөнгөн урамшуулал 21,862,535 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. *******ын даргын 2008 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Б/712 тоот тушаалаар *******ангид планшетчин уншигч албан тушаалд томилогдон 2020 он хүртэл 12 жил 6 сар тасралтгүй ажилласан. Мөн ******* 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Б/231 тоот тушаалаар ******* ангид салааны ахлагч-тоотын захирагч албан тушаалд томилогдон 2023 оны 11 дүгээр сар хүртэл 3 жил 1 сар ажилласан бай ба нийт 15 жил 7 сар ажилласан.

1.2. *******оор ******* ангийг, *******оор *******ангийг алслагдсан цэргийн анги, салбарт тооцсон. Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т зааснаар Зэвсэгт хүчний ******* ангиудад ажилласан жилийг алслагдсанд тооцогдсон цэргийн анги салбарт ажилласан гэж дүйцүүлэн тооцож, нийт 21 жил 5 сар цэргийн жинхэнэ алба хаасан гэж үзээд *******ын даргын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/2253 дугаар тушаалаар цэргийн албанаас чөлөөлж, тэтгэвэр тогтоосон.

1.3. Иймд Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.22-т зааснаар 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгох талаар хүсэлт гаргасан боловч алслагдсанд тооцогдсон цэргийн анги, салбарт ажиллаагүй гэж үзэж мөнгөн урамшууллыг олгохгүй байгаа нь хууль бус тул 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал 21,862,535 төгрөгийг гаргуулж өгнө үү. 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар батлагдсан бөгөөд тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.22 дахь заалт нь 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар нэмэгдсэн. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын 2024 оны 201 дүгээр тогтоолоор Алслагдсанд тооцсон цэргийн анги, салбарын алба хаагчид мөнгөн урамшуулал олгох журам батлагдсан бөгөөд энэ тогтоолыг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоосон.

2.2. Нөгөөтэйгүүр, ******* нь Монгол Улсын Их Хурлын 2024 оны Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай 13 дугаар тогтоолоор Батлан хамгаалахын сайдын эрхлэх асуудлын хүрээний тохируулагч агентлаг бөгөөд нэхэмжлэгч *******тай иргэний эрх зүйн харилцаанд ороогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч *******т холбогдуулан гаргасан Алслагдсан тооцогдсон цэргийн анги, салбарт тав ба түүнээс дээш жилийн хугацаагаар алба хааж байгаа офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагчид таван жил тутамд 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал болох 21,862,535 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267,262 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 2-т “...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв...” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасныг баримтлан дүгнэсэн. Мөн үндэслэх хэсгийн 6-д “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар *******ын цэргийн анги салбарт ажиллаж байх хугацаандаа хуулийн дагуу авах байсан мөнгөн урамшууллыг хариуцагч байгууллагаас олгоогүйгээс түүнд хохирол учирсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй...”, “...Иргэдийн төлөөлөгч ******* нь “Нэхэмжлэгч ******* 15 жил 7 сар цэргийн ангид ажиллаад 21 жилээр 2023 онд тэтгэвэрт гарсан. Гэтэл 2024 оны 4 дүгээр сард нэмэлт өөрчлөлт орсон хуулиар мөнгөн нэхэмжлэл хүсэж байгаад буруутай гэж үзэж байна” гэсэн дүгнэлтийг гаргасан байна. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байх бөгөөд энэ талаарх иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт үндэслэлтэй байна...” гэж тус тус дүгнэж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь *******ын эрх, ашиг сонирхлыг ноцтой хөндсөн, хуулийн тов тодорхой заалтыг зөрчсөн шийдвэр болсон тул дараах байдлаар давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

4.1.1. *******ын шүүхэд гаргасан нэхэмжлэл нь МУ-ын Хөдөлмөрийн тухай хуулийн заалтаар зохицуулагдах байтал шүүх бүрэлдэхүүн МУ-ын Иргэний хуулийн гэм хор учруулснаас үүсэх үүрэг гэх зохицуулалтаар хэргийн нөхцөл байдлыг дүгнэж, хуулийг хэрэглэсэн нь буруу байна. Учир нь нэхэмжлэлд дурдагдаад байгаа мөнгөн урамшуулал нь зайлшгүй олгох ёстой цалин хөлс гэсэн ойлголтод хамаарах бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар цалин хөлс олгох үүргээ биелүүлээгүй асуудлыг шүүх шийдвэрлэх байжээ.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ хууль зүйн үндэслэлийг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т заасан хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх гэсэн утгатай нэхэмжлэл байхад анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцдаа нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулаагүй, хуулийг буруу хэрэглэсэн байна.

4.1.2. Нэхэмжлэлд дурдагдаад байгаа мөнгөн урамшууллын зорилго, түүнийг олгох болсон шалтгаан, нөхцөлийн талаар анхан шатны шүүх огт тайлбарлаагүй, дүгнэлт хийгээгүй, МУ-ын Үндсэн хуульд заасан хүний эрхийн заалт, Засгийн газрын бодлого, зорилтын талаар огт тайлбарлаагүй буюу дүгнэлт хийгээгүй байна. Энэ нь Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.11-д “Хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч, шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэрийг тухай бүр биечлэн, ойлгомжтой байдлаар бичгээр тайлбарлана.” гэсэн заалтыг зөрчсөн хэрэг боллоо.

4.1.3. Мөн анхан шатны шүүх 2024.06.05-ны өдрийн МУ-ын Хилийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдахаас өмнө *******д алслагдсан анги салбарт ажиллаж байсны мөнгөн урамшуулал олгох хуулийн заалтыг хариуцагч хэрэгжүүлээгүй талаар огт дүгнэлт хийгээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй алдаа гаргажээ. Мөн Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдахаас өмнө Монгол Улсын хилийн тухай хуулийн 39.7-д заасан хувь хэмжээгээр мөнгөн урамшуулал авсан цэргийн алба хаагчид Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7.1.22-т заасны дагуу мөнгөн урамшууллыг үргэлжлүүлэн олгохдоо тухайн алба хаагчийн хамгийн сүүлд мөнгөн урамшуулал авсан хугацааг харгалзан тооцож олгоно.” гэсэн заалтаар агаарын цэргийн анги салбарт ажиллаж байсан *******д хуульд заасан урамшуулал олгох ёстой байсан эсэхийг шүүх огт дүгнэсэнгүй бөгөөд МУ-ын Хилийн тухай хуулийг огт хараагүй, дурдаагүй юм.

4.1.4. Анхан шатны шүүх Улсын дээд шүүхийн албан ёсны зөвлөмж, тайлбаруудыг үндэслэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Энэ нь шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй гарсан болохыг тодорхой харуулж байгаа бөгөөд тайлбар, зөвлөмжүүд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үнэн зөв, бодитой явуулахад чиглэмж, гол зөвлөмж болдог. Улсын дээд шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн №1 дугаар зөвлөсөн тайлбарыг шүүх огт анхааралгүйгээр хэргийг шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс өгсөн зарим баримт тайлбарыг огт үнэлээгүй байдлаас харагдана.

Мөн Улсын дээд шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн №2 дугаартай зөвлөмжид: “Тусгай харилцааг тухайлан зохицуулсан хэм хэмжээг бусад харилцаанд төсөөтэй хэрэглэж үл болно...” гэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн суурь юм... гэж зөвлөсөн тайлбаруудыг шүүх огт анхааралгүйгээр хуулийн зүйл заалтуудын өрсөлдөх хэм хэмжээний агуулгыг анхааралгүйгээр хэргийг шийдвэрлэсэн юм.

Энэ мэтчилэн анхан шатны шүүх хэргийг зөвхөн хариуцагчийн талд шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа ба ийнхүү дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дээр дурьдсан заалтуудыг зөрчсөнөөс гадна уг хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3 дахь заалтыг ноцтой зөрчсөн, мөн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангахгүй байна.

Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, урамшуулал авах ёстой байсан *******ын эрх ашгийг хамгаалах боломж эдлэх нөхцөлийг бүрдүүлж шийдвэрлэж өгнө үү.

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч 2008 оны 4 сард зэвсэгт хүчинд томилогдсон. Үүнээс хойш 2020 он хүртэл *******салбарт үүрэг гүйцэтгэсэн. Энэхүү салбарыг 2023.04.05-ны өдрийн Засгийн газрын 123 дугаар тогтоолоор алслагдсанд тооцсон. 2020 оноос 281 дүгээр салбар руу шилжсэн. Уг салбар нь 2008 онд Засгийн газрын тогтоолоор алслагдсанд тооцогдсон. Цаг хугацааны хувьд нэхэмжлэгч 3 жил алба хаасан. Монгол Улсын Хилийн тухай хууль, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Алслагдсанд тооцогдсон цэргийн анги, салбарт алба хааж байгаа цэргийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журамд зааснаар 5 жилийн хугацаанд алба хаасан тохиолдолд мөнгөн урамшуулал олгохоор заасан. Зэвсэгт хүчний *******салбар нь Дундговь аймгийн төвд байдаг. Монгол Улсын хилийн застав, түүнтэй адилтгах газар нутагтай харьцуулах боломжгүй. Учир нь, хилийн застав нь хилийн хүрээ цэгтэй маш ойрхон байдаг. Гэтэл нэхэмжлэгч төв суурин газар алба хааж байсан. Иймд Монгол Улсын Хилийн тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгчид мөнгөн урамшуулал олгох боломжгүй.

5.2. Нэхэмжлэгч тал Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслэх ёстой гэж ярьдаг. Гэтэл бид Цэргийн албаны тухай хууль болон Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулиар эрх зүйн байдал тодорхойлогддог. Учир нь, Төрийн албаны тухай хуульд төрийн тусгай албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг холбогдох салбарын хууль тогтоомжоор зохицуулна гэж заасан тул Хөдөлмөрийн тухай хууль, эсвэл өөр бусад хуулийг төсөөтэй хэрэглэх боломжгүй.

5.3. Мөн Агаарын цэргийн командлалын ангид ажилласан жил гэдэгт тайлбар өгөөгүй гэх асуудлыг ярьдаг. Агаарын цэргийн салбарт ажилласан гэх утгаар эрх зүйн байдлыг нь дээрдүүлж нэхэмжлэгчийг 15 жил алба хаасан байхад нь 20 жил алба хаасанд дүйцүүлэн тооцож, цэргийн албанаас чөлөөлж, тэтгэвэр тогтоож өгсөн. Иймд агаарын цэргийн салбарт ажилласан гэдгийг нь хүлээн зөвшөөрсөн үйл баримт байхгүй. Бид эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн.

5.4. Нэхэмжлэгчийн хувьд 15 жил алба хаасан. Агаарын цэргийн салбарууд сүүлд алслагдсанд тооцогдсон. Засгийн газрын бодлогоор 2018-2023 он хүртэл шат дараалалтайгаар зэвсэгт хүчний салбаруудыг алслагдсанд тооцож байгаа. Энэ тохиолдолд нэхэмжлэгч 2020 оноос алслагдсанд тооцогдсон салбарт бодитоор ажиллаж эхэлсэн. Нэхэмжлэгчид хууль болон холбогдох Засгийн газрын тогтоолоор батлагдсан журамд заасны дагуу мөнгөн урамшуулал авах эрх үүсээгүй тул гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан алслагдсанд тооцогдсон цэргийн анги, салбарт тав ба түүнээс дээш жилийн хугацаагаар алба хааж байгаа офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагчид таван жил тутамд 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулалд 21,862,535 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “...*******оор ******* ангийг, *******оор *******ангийг тус тус алслагдсан цэргийн анги салбарт тооцсон. Эдгээр ангиудад ажилласан жилийг алслагдсанд тооцогдсон цэргийн анги салбарт ажилласан гэж дүйцүүлэн тооцож, нийт 21 жил 5 сар цэргийн жинхэнэ алба хаасан гэж цэргийн албанаас чөлөөлж, тэтгэвэр тогтоосон. Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.22-т заасан мөнгөн урамшуулал авах эрхтэй байтал алслагдсанд тооцогдсон цэргийн анги, салбарт ажиллаагүй гэж үзэн урамшуулал олгохгүй байгаа нь хууль бус” гэх агуулгаар тайлбарлажээ.

3. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт хамаарахгүй нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн, хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

3.1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой бөгөөд энэхүү зөрчигдсөн эрх нь мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан иргэний эрх зүйн харилцаанаас үүссэн байх учиртай.

Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн, хэргийг хянан шийдвэрлэх болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт тус тус зохицуулсан.

3.2. Гэтэл нэхэмжлэгч нь ******* буюу захиргааны байгууллагад холбогдуулан тус байгууллагын хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэхгүй байгаа хууль бус үйлдлийн улмаас түүний эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн гэх агуулгаар нэхэмжлэл гаргасан байх ба талуудын хооронд үүссэн энэхүү харилцаа нь нийтийн эрх зүйн харилцаанд хамаарч байна.

4. Иймд дээрх нэхэмжлэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан иргэний хэргийн шүүхийн харъяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй байхад анхан шатны шүүх хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэсэн нь мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт хэргийн харьяалал зөрчсөн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, энэ үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгох зохицуулалтыг анхаараагүй гэж үзнэ. 

5. Дээрх үндэслэлээр маргааныг шийдвэрлэсэн хууль хэрэглээний асуудлаар болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын талаар шүүх дүгнэлт өгөх боломжгүйг дурдах нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 191/ШШ2026/01076 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар *******т холбогдох 21,862,535 төгрөг гаргуулах тухай *******ын нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 268,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ч.МӨНХЦЭЦЭГ

                                          ШҮҮГЧИД                                         Ж.ЛХАГВАСҮРЭН

                                                                                                   Т.ГАНДИЙМАА