| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2016/0287/И/ |
| Дугаар | 360 |
| Огноо | 2016-10-17 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 360
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, шүүгч Н.Оюунбилэг, шүүгч Л.Эхлэлт нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 12-13 тоотод оршин суух Боржигон Загдын Нүрзэдэд /РД: ДС87020906/ холбогдох
Байгууллагад учруулсан хохирол 27.628.125 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагыг төлөөлж дарга Б.Батбаатар, хариуцагч З.Нүрзэд, иргэдийн төлөөлөгч Ц.Пүрэвдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Засаг даргын Тамгын газар нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хөхморьт сумын Байгаль орчин бодлого хариуцсан түшмэлээр ажиллаж байсан З.Нүрзэд нь ажиллах хугацаандаа ашиглаж байсан: 1. Нэг ширхэг компьютер- 569.600 төгрөгийн үнэтэй, 2. Уртасгагч 1 ширхэг- 81.000 төгрөг, 3. Сандал 1 ширхэг- 30.525 төгрөг, 4. Ус буцалгагч 1 ширхэг- 13.000 төгрөг, 5. Гүн өрмийн худгийн паспорт, 6. 2014 он хүртэл Байгаль орчны бодлого хариуцсан түшмэлийн ажлын албан бичиг баримт, 7. 2011-2012 оны ногоон хэрэм хөтөлбөрийн хүрээнд тарьж ургуулсан 11 сая төгрөгийн үнэ бүхий ногоон байгууламжийг хамгаалаагүйгээс малд идүүлж устгасны төлбөр 11.000.000 төгрөг, 9. Сумын элсний нүүлтээс хамгаалах ойн зурвасыг хамгаалалтгүй орхисноос устгасны хохирол 16 сая төгрөг, нийт 27.628.125 төгрөг төлүүлэхээр нэхэмжилж байна. Иймд уг төлбөрийг тус сумын орон нутгийн ерөнхий орлогын 051200910 дансанд төвлөрүүлэх нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын дарга Б.Батбаатар нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Байгаль орчны улсын байцаагч болон байгаль орчны бодлого хариуцсан түшмэлийн орон тоонд З.Нүрзэд нь 2011 оны 02 сараас томилогдон ажиллаж байгаа. Ажиллах хугацаандаа тус сумын элсний нүүдлээс хамгаалах ойн зурваст Засгийн газраас хэрэгжүүлж буй 2 удаагийн Ногоон хэрэм хөтөлбөрийн хүрээнд нийт 11.000.000 төгрөгийн элснээс хамгаалах ойн зурваст мод тарьсан. Мөн Байгаль орчны яамнаас зохион байгуулсан н.Энэбиш ахлагчтай бүлгийн хүрээнд 17.000.000 төгрөгийн мод тарьсан. Гэтэл З.Нүрзэд нь байгаль орчны улсын байцаагчийн ажлыг хийж байхдаа байгаль орчны хамгаалалт, хяналт шалгалтыг хийлгүй орхисны улмаас иргэд эвдэлж сүйтгэн байгууллагад их хэмжээний хохирол учирсан. Тус суманд 2012 онд дэлхийд улаан номонд орсон 37 тоо толгой бөхөн агнасан гэмт хэрэг гарч үйлдсэн этгээдүүд нь эрүүгийн хариуцлага хүлээсэн учраас энэ хүнд хариуцлага тооцон ажлаас нь чөлөөлсөн байгаа. Тухайн үед ажлаас халах тухай тушаалыг чөлөөлөх тухай гэж гаргаснаас болж хууль эрх зүйн үндэсгүй гэж Захиргааны хэргийн шүүх ажилд нь эгүүлэн тогтоосон. Тэр үеэс хойш байгууллагын эд хөрөнгүүдийг болон 2011-2013 онд ажиллаж байсан байгаль орчны улсын байцаагчийн бүх албаны бичиг баримт, улсын байцаагчийн тэмдэг зэргийг Тамгын газарт хүлээлгэж өгөлгүйгээр гэр рүүгээ аваад явсан учраас тухайн тэмдгийг ашиглаад хуурамч бичиг баримт үйлдэх гэмт хэрэг гарах үндэслэлтэй. Мөн тухайн үед явуулж байсан ажлуудын тайлан, судалгааг үзэхэд нэг ч баримт бичиг байхгүй, мөн сандал, ширээ, компьютер бичиг баримтаа гэртээ аваачаад тавьчихсан, байгууллагын эд хөрөнгийн хулгайн журмаар авчихсан. Тухайн үед хүлээлгэж өгөх шаардлага тавьсан боловч энэ бүхнийг албан ёсоор хүлээлгэж өгөөгүй. Байгууллагын эд хөрөнгө компьютер, чанга яригч, уртасгагч, мөн ус буцалгагч, төмөр сэйф нь н.Аварзэд гэх мэргэжилтэн ашиглаж байгаа, сандал ширээгээ хүлээлгэж өгөөгүй учраас эдгээр эд хөрөнгөө нэхэмжилж байгаа. З.Нүрзэдийн хариуцлагагүйн улмаас элсний нүүдлээс хамгаалах ойн зурвасыг орон нутгийн хөгжлийн сангаас 2013 оны 8 дугаар сараас дахин 15.000.000 төгрөг зарцуулж шинээр сэргээн босгосон. Гэтэл хэргийн материалд 2013 онд сэргээн засварласан байх үеийн зургийг аваад намайг хариуцаж байх үед ойн зурвас бүрэн бүтэн байгаа гэж хэрэгт өгсөн. Байгаль орчны газраас 2 жил дараалан хэрэгжүүлсэн төслийн мөнгө 11.000.000 төгрөг, дахин орон нутгийн хөгжлийн сангаас н.Балдорж ахлагчтай хүмүүсийн сэргээн засварласан 15.600.000 төгрөг, Тамгын газраас ширээний үнэ 81.000 төгрөг, сандал 30.525 төгрөг, уртасгагч 13.000 төгрөг, компьютерын үнэ 569.600 төгрөгийн эд хөрөнгө, мөн үнэлж болохгүй байгаль орчны улсын байцаагчийн тэмдэг, байгаль орчны бодлого хариуцсан түшмэлээр ажиллаж байх үеийн албаны бичиг баримт, худгийн паспортуудыг нэхэмжилж байгаа. Түүнийг мөнгөн дүнгээр нэхэмжлэх боломжгүй байгаа. Тийм учраас энэ хүний ажлын харицлага алдсанаас болж төрд учирсан хохирлыг З.Нүрзэдээс гаргуулахаар нэхэмжилж байгаа гэв.
Хариуцагч З.Нүрзэд шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2011 оны 02 дугаар сарын 01-нд анх ажилд ороход н.Түмэндэлгэр гэх хүн 5 га газар 5.000.000 төгрөгийн төслийг Байгаль орчны газраас авч мод тарьсан. 2012 онд Байгаль орчны яамнаас мөн адил төслийг авч Г.Хоохууз гуай авсан. 2013 онд н.Балдорж гэх хүн 13.000.000 төгрөгийн төсөл авч хайсыг л томруулсан. Энэ ажлыг би гардаж хийж байсан. Үүнд хайсыг нь шонгийн модны нүхийг ухаж суулгуулахад иргэний хамгаалалтаар байгууллагуудын ажилтныг дайчилж хийсэн. Үүнийг Тамгын газар хийж байгаа юм байх гэж бодож байсан чинь н.Балдорж гэх хүн авсан байсныг гарын үсэг зурахдаа мэдсэн. Хүлээж авсан комисст миний нэр байсан. Энэ хүн гардаж ажлаа хийгээгүй, тийм учраас хайс устаж, алга болсон гэж үзэж байгаа бол надаас биш энэ төслийг авсан хүмүүсээс нэхэмжлэх нь зүйтэй байх. Түүнээс биш байгаль орчны байцаагч 13.000.000 төгрөгийг авч гардаж ажлыг нь хийж төслийг хэрэгжүүлсэн зүйл байхгүй. 2013 онд нэхэмжлэгчийн төлөөлөгч н.Батбаатар гуай ажилдаа орсон бөгөөд тэрнээс өмнө тухайн хайсыг хамгаалж байсан байгаль хамгаалагч ажилтай байсан. Тэгэхээр энэ хүн өөрөө энэ хэрэгт холбоотой болж, хариуцлагыг тооцох нь зүйтэй байх. Дан ганц байгаль орчны байцаагч устгасан зүйл байхгүй. Байгаль орчны хамгаалагч н.Бөхбаатар, н.Жамц нь бөхөн хамгаалагч ажилтай, яг сумын байгаль хамгаалагч нь энэ н.Батбаатар гуай өөрөө байсан. Тэр хайсыг би дан ганц эвдэлж авч, устгасан зүйл байхгүй. Худал хэлж намайг гүтгэж байна. Тамгын газрын эд хөрөнгө нэхэмжилж байна. Ус буцалгагч, сэйф нь миний нэр дээр байхгүй, би хүний сэйфэнд юмаа хийж байсан. Нэхэмжлэгч тал үүнийгээ өөрөө хүлээн зөвшөөрч байна. Уртасгагч, залгуур нь ажил дээр байгаа, миний ширээ сандал дээр газрын даамал сууж ажлаа хийж байгаа. Зургийг нь хавсаргаж өгсөн. Хууль бусаар ажлаас халагдсан учраас компьютер болон ажлын бичиг баримтыг хүлээлгэж өгөөгүй. Ажлаа хийе гэхээр чамайг ажлуулахгүй гээд намайг ажлаас үндэслэлгүйгээр удаа дараа халж байсан. Одоо ажлын хурал болохоор ажлаа хүлээлгэж өгнө. Аймагт ажиллана гэдгээ хэлсэн. Байгаль орчны байцаагчийн үнэмлэх тэмдэг гэж байна. Тэрийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шалгалт авч 2011 онд улсын байцаагчийн үнэмлэх, тамгаа авсан. Байцаагчийн эрхийг Засаг даргын Тамгын газар өгдөггүй, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар өгсөн. Тэрийг Мэргэжлийн хяналтын газрын дотоод хяналт шалгалтын ажилтанд 2014 онд хүлээлгэж өгсөн. Ажлаа хийхгүй байгаа учраас улсын байцаагчийн эрх нээгдэхгүй, ажилдаа эргээд орвол тамга, үнэмлэхээ ав. Одоо бол надад тамга, тэмдэг, үнэмлэх байхгүй. Компьютер болон бичиг баримтууд нь бүрэн надад байгаа. Одоо ажлын талаарх шүүх хурал болж хэний ч талд гарсан ч хамаагүй би ажлынхаа бичиг баримт, компьютероо бүрэн бүтнээр хүлээлцэж өгнө гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлийн шаардлагын заримыг нь хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Засаг даргын Тамгын газар нь З.Нүрзэдэд холбогдуулан албан ажлаа гүйцэтгэхтэй холбогдуулан хүлээлгэн өгсөн нэг ширхэг компьютер буюу 569.600 төгрөг, ширээ 1 ширхэг буюу 81.000 төгрөг, сандал 1 ширхэг буюу 30.525 төгрөг, уртасгагч 1 ширхэг, чанга яригч зэрэг 628.125 төгрөг /нэхэмжлэлд бичсэн үнийн дүн зөрүүтэй тул нийт үнийн дүнгээс бодсон болно/ гүн өрмийн худгийн паспорт, бичиг баримтууд, 2014 он хүртэл Байгаль орчны бодлого хариуцсан түшмэлийн ажлын албан бичиг баримт болон 2011-2012 оны ногоон хэрэм хөтөлбөрийн хүрээнд тарьж ургуулсан ногоон байгууламжийг хамгаалаагүйгээс малд идүүлж устгасны төлбөр 11.000.000 төгрөг, Сумын элсний нүүлтээс хамгаалах ойн зурвасыг хамгаалалтгүй орхисноос устгасны хохирол буюу сэргээн зассан 16 сая төгрөгийн хохирлыг төлүүлэхээр нэхэмжилжээ.
1. Ажил эрхэлж байх үедээ хариуцаж байсан гэх эд хөгшил, бичиг баримтын тухайд хариуцагч З.Нүрзэд нь Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Байгаль орчны бодлого хариуцсан түшмэлээр 2011 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллаж байсан болох нь зохигчдын тайлбар, Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 22 дугаартай шийдвэрээр тогтоогдож байх тул ажил хүлээлцэх үед хүлээлгэн өгөөгүй гэх эд хогшил, бичиг баримт зэргийг шаардах эрхтэй байна.
Хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа компьютер болон ажлын бичиг баримт өөрт нь байгаа болохыг хүлээн зөвшөөрч, улсын байцаагчийн тэмдэгийг Мэргэжлийн хяналтын газар хүлээлгэн өгсөн байгаа гээд уртасгагч, чанга яригч зэргийг хүлээн аваагүй тул зөвшөөрөхгүй гэж маргажээ. Мөн нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгчийн эзэмшиж байсан ширээ, сандал, сейф, ус буцалгагч нь тамгын газарт байгаа болохыг хүлээн тайлбарлажээ.
Өөрөөр хэлбэл зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримт зэргийг шинжлэн судлахад З.Нүрзэд нь тус сумын Байгаль орчны бодлого хариуцсан түшмэлээр ажиллахдаа албан ажлын хэрэгцээнд компьютер, ширээ сандал, сейф зэргийг хариуцан ажиллаж байсан болох нь тогтоогдож байх ба нэхэмжлэлд дурдсан үнийн дүнгийн талаар хариуцагч маргаагүй байна.
Харин чанга яригч, уртасгагч зэргийг хүлээлгэн өгч байсан болохоо нотлож чадаагүй бөгөөд нэхэмжлэгч шаардлагаа нотлох зорилгоор тооллогын комиссын гарын үсэг зурагдсан 2014 онд үйлдсэн эд хөрөнгийн ашиглалтын бүртгэлийг ирүүлсэн байх боловч дээрх баримтад эд хариуцагчийн гарын үсэг зурагдаагүй байгаа нь хоёр талаас харилцан баталгаажуулсан баримт гэж үзэх боломжгүй байна.
Тогтоогдож байгаа эд зүйлээс ширээ сандал, сейф нь засаг даргын тамгын газар байгаа болохыг нэхэмжлэгч хүлээн тайлбарлаж байгаа буюу бусдын хууль бус эзэмшилд шилжээгүй, эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд нь саад болоогүй байна гэж үзлээ.
Мөн улсын байцаагчийн тэмдэгийн хувьд сумын засаг даргын тамгын газраас олгогдоогүй байх тул нэхэмжлэгч шаардах эрх зүйн үндэслэлгүй байна. Бичиг баримтын хувьд хэдэн тооны, ямар баримтууд болох зэрэг нь тодорхойгүй байх тул шүүх шийдвэрлэх боломжгүй байна гэж үзлээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 135.1.4-т эд хариуцагч биш боловч эрхэлсэн ажилтай нь холбогдуулан өөрт нь бүрэн хариуцуулахаар олгосон ажлын багаж, хамгаалах хэрэгсэл, тусгай хувцас зэрэг эд хөрөнгийг үрэгдүүлсэн бол ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээнэ гэж заажээ.
Иймд нэхэмжлэгчийн эд зүйл гаргуулах шаардлагаас эзэмшиж байсан компьютерийг хариуцагчаас гаргуулан Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Засаг даргын Тамгын газарт олгож, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
2. Ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас учруулсан хохирол гэх 2011-2012 оны ногоон хэрэм хөтөлбөрийн хүрээнд тарьж ургуулсан ногоон байгууламжийг хамгаалаагүйгээс малд идүүлж устгасны төлбөр буюу хоёр удаагийн төслийн үнэ 11.000.000 төгрөг, Сумын элсний нүүлтээс хамгаалах ойн зурвасыг хамгаалалтгүй орхисноос ойн зурвас, хайс устгасны хохирол 16 сая төгрөгийг гаргуулах шаардлагын хувьд нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа ногоон байгууламжид малаа оруулсан малчдыг Байгаль орчны байцаагч нь торгох эрхтэй байхад энэ үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас ногоон байгууламж устсан, хашаа хайсыг харж хамгаалаагүйн улмаас модон шон, торыг малчид хулгайлж сүйтгэсэн хэмээн тайлбарлаж маргаж байх боловч хариуцагчийн ажил үүргийн хуваарьт энэ талаар тусгаагүй, нотолгооны хуваарийн дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тэргүүн ээлжинд нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагчийн шууд буюу шууд бус санаатай гэм буруутай үйлдлийн улмаас хохирол учирсан болохыг нэхэмжлэгч нотолж чадаагүй байна.
Мөн 2012 оны 03 сарын 29-ний өдрийн 2012/02 дугаартай ногоон хэрэм хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн ойжуулалтын гэрээ, 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Хөхморьт сумын ойн зурвасны хайс хийх гэрээ нь улсын төсвөөс санхүүжсэн бөгөөд төслийн үр дүн, үр дагаврыг Хөхморьт сумын Засаг даргын Тамгын газар шаардах эрхгүй болох нь гэрээ болон бусад баримт бичгээр тогтоогдож байна.
Дээрх үндэслэлээр З.Нүрзэдээс албан хэрэгцээнд ашиглаж байсан компьютерийг гаргуулж, Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Засаг даргын Тамгын газарт олгож, нэхэмжлэлээс гүн өрмийн худгийн паспорт, 2014 он хүртэл Байгаль орчны бодлого хариуцсан түшмэлийн ажлын албан бичиг баримт гаргуулах болон ширээ, сандал, уртасгагч, сейф, чанга яригч, 2011-2012 оны ногоон хэрэм хөтөлбөрийн хүрээнд тарьж ургуулсан ногоон байгууламжийг хамгаалаагүйгээс малд идүүлж устгасны төлбөр 11.000.000 төгрөг, Сумын элсний нүүлтээс хамгаалах ойн зурвасыг хамгаалалтгүй орхисноос устгасны хохирол 16 сая төгрөг, нийт 27.124.525 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч З.Нүрзэдээс нэхэмжлэлээс хангагдсан хэмжэээнд ногдох тэмдэгтийн хураамж 17.738 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн хариуцагч Загдын Нүрзэдээс нэг ширхэг Samsung маркийн компьютер буюу 599.600 төгрөгийг гаргуулан Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Засаг даргын Тамгын газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас гүн өрмийн худгийн паспорт, 2014 он хүртэл Байгаль орчны бодлого хариуцсан түшмэлийн ажлын албан бичиг баримт гаргуулах болон ширээ, сандал, уртасгагч, сейф, чанга яригч, 2011-2012 оны ногоон хэрэм хөтөлбөрийн хүрээнд тарьж ургуулсан 11 сая төгрөгийн үнэ бүхий ногоон байгууламжийг хамгаалаагүйгээс малд идүүлж устгасны төлбөр 11.000.000 төгрөг, Сумын элсний нүүлтээс хамгаалах ойн зурвасыг хамгаалалтгүй орхисноос устгасны хохирол 16 сая төгрөг, нийт 27.124.525 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч З.Нүрзэдээс 17.738 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН
ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ
ШҮҮГЧ Л.ЭХЛЭЛТ