Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2026/00770

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 192/ШШ2026/01141 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг болон хохирол 25,535,817 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. ******* нь 2024 оны 7 дугаар сарын 11-ний өдөр хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний үндсэн дээр 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 7110581917 тоот “Цахим зээлийн гэрээ”-г байгуулж 20,000,000 төгрөгийн зээлийг сарын 2.85 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авсан.

1.2. Зээлдэгч нь зээл авснаас хойш үндсэн зээлийн төлбөрт 1,192,878.41 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,487,443.69 төгрөг нийт 2,680,322.10 төгрөг төлсөн, өөр төлөлт хийгээгүй, төлбөрөө төлөхийг шаардсан ч ямар нэг арга хэмжээ аваагүй.

Иймд 2026 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар зээл 18,807,122 төгрөг, зээлийн хүү 6,555,694 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 162,002 төгрөг, нотариатын зардал 11,000 төгрөг, нийт 25,535,817 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нэхэмжлэлд дурдсан ******* аппликейшн ашиглан *******-иас 20,000,000 төгрөгийн зээл авах, цахим зээлийн гэрээ байгуулах ямар ч зөвшөөрөл, хүсэлт гаргаагүй.

2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр уг зээлийн мөнгө миний нэр дээр ******* банкны ******* тоот дансанд орж ирсэн боловч тэр даруйд *******ийн нэр дээрх ******* тоот данс руу шилжүүлэгдсэн нь банкны гүйлгээний түүхээр нотлогдох боломжтой. Энэ мөнгөнөөс ямар ч ашиг хүртээгүй. Зээлийн талаар 2025 оны 2 дугаар сарын 27-ны өдөр *******-н ******* дугаараас ирсэн “Төлөлтөө яасан бол, та зээлээ энэ сардаа төлөх үү” гэсэн утгатай дуудлагаар дамжуулан олж мэдсэн. Улмаар 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргасан боловч “иргэн хоорондын маргаан” гэсэн үндэслэлээр шалгаагүй.

2.2. 2021 оноос хамтран амьдарч байсан ******* нь миний итгэлийг ашиглан, урьдчилан төлөвлөж, зохион байгуулалттайгаар миний иргэний үнэмлэхийн мэдээлэл, гарын үсэг, утасны дугаарыг ашиглан дээрх үйлдлийг хийсэн. 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдөр *******-ийн ажилтантай уулзах үеэр уг байгууллагын ажилтан өөрийн утсаар *******тэй холбогдон ярилцаж, тэрээр зээлийг өөрөө авснаа шууд хүлээн зөвшөөрсөн. Энэхүү зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй, мөн зээлийн мөнгийг авч ашиглаагүй учир зээлийг эргэн төлөх үүрэг хүлээх үндэслэлгүй. Харин зээлийг өөрийн санаачилгаар авсан, мөнгө авсан, уг үйлдлээ хүлээн зөвшөөрсөн этгээд болох ******* нь уг зээлийн жинхэнэ хариуцагч болно. Иймд хариуцагч нь нэхэмжлэгчийн анх гаргасан болон ихэсгэсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, төлөхгүй.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч *******эс 25,535,359 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 339,418 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******эс 339,418 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн давж заалдах шатны шүүхийн магадлалд “Цахим зээлийн гэрээ” нь зөвхөн “хуулбар үнэн” тэмдгээр баталгаажсан байдлаар хэрэгт авагдсан нь цахим нотлох баримтын шаардлага хангахгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.6, 48.1-д заасан журмаар үзлэг хийж бэхжүүлсний үндсэн дээр үнэлэх ёстой гэж тодорхой заасан.

Гэтэл анхан шатны шүүх уг шаардлагыг хангаагүй зөвхөн нотариатаар батлуулсан хуулбарыг үндэслэл болгосон баримтын жинхэнэ эхийг шалгаагүй цахим гэрээний баталгаажуулалтыг тогтоогоогүй. Нотариатаар батлуулсан хуулбарын гарын үсэг болон зөвшөөрлийг баталгаажуулсан хэмээн үзэн нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хангасан. Тус нотариатын огноо нь шүүх хуралдаанаас хойш буюу 2026.02.22 гэж тэмдэглэгдсэн байх боловч нотариатаар батлуулсан хуулбарын он нь ойлгомжгүй үнэн гэх баталгаа байхгүй. Иймээс хариуцагчийн гарын үсэг, зөвшөөрөл бодитоор байсан эсэхийг нотлох боломжгүй.

4.2. 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ******* аппликейшнээр хийгдсэн 20,000,000 төгрөгийн цахим зээлийг хариуцагч гардан аваагүй, зөвшөөрөөгүй. Зээлийн мөнгө хариуцагчийн нэр дээрх ******* банкны ******* тоот дансанд орсон боловч, тэр даруйд *******ийн ******* банкны ******* тоот данс руу шилжсэн нь банкны гүйлгээний хуулгаар нотлогдож байна. Иймээс хариуцагч энэхүү зээлийн мөнгийг ашиглаагүй, хүртээгүй тул зээлийн үүрэг хүлээх хууль зүйн үндэслэлгүй. Зээлийн мөнгө гуравдагч этгээдийн данс руу шилжсэн тул хариуцагч үүрэг хүлээх боломжгүй. Иргэний хуульд зааснаар хууль бусаар хөрөнгө олж авсан буюу ашиг хүртсэн этгээд буцаан олгох үүрэгтэй гэсэн зохицуулалтын дагуу бодит ашиг хүртэгч нь гуравдагч этгээд үүрэг хүлээх үүрэгтэй. Хариуцагчийг зээлдэгч гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

4.3. Шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбарлахдаа “мөнгө ямар данснаас шилжүүлэгдсэн нь харагдах боломжгүй” мөн зээлийн гэрээ байгуулсан талаар албан ёсны мэдэгдлийг хариуцагчид мэдэгдсэн үү гэхэд гар утас ******* *******, ямар мэйл рүү илгээснээ мэдэхгүй байна гэж мэдүүлсэн. Энэ нь нэхэмжлэгчийн зүгээс зээлийн эх үүсвэр, шилжүүлгийн зам тодорхой бус, мөн зээлийн бодит олголт хийгдсэн эсэхийг нотолж чадаагүйг харуулж байна. Ийм нөхцөлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1-т заасан “нотлох баримтаар баталгаажсан байх” шаардлага хангагдаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэх боломжгүй юм. Нэхэмжлэгч нь хариуцагчийг өөрийн биеэр ирж гарын үсэг зурсан гэх зээлийн гэрээний эх хувийг шүүхэд гаргаж өгөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. ******* нь *******-ийн зээлийн аппликейшн ашиглан 2024 оны 7 дугаар сарын 11-ний өдөр өөрийн мэдээллийг дан системээр баталгаажуулж, цахим гарын үсэг зурсан бөгөөд ингэснээр хэрэглээний зээлийн эрх нээх гэрээг байгуулсан. Ийнхүү зээлийн эрх үүссэний дагуу 2024 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд нийт 13 удаагийн цахим зээл авч, тухайн цахим зээлийн гэрээний нөхцөлийн дагуу зээлийг бүрэн төлж барагдуулсан.

5.2. Цахим зээлийн гэрээг нотариатаар баталгаажуулахдаа эх хувийг шалгаагүй гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгч нотариатыг биечлэн дуудан ирүүлж, цахим системээс эх хувийг нь харуулан тулгаж, таниулсны үндсэн дээр баталгаажуулсан. Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан зээл 18,807,122 төгрөг, хүү 6,555,694 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 162,002 төгрөг, нотариатын зардал 11,000 төгрөг нийт 25,535,817 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ. /хх-ийн 91/

3. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэсэн.

3.1 Талууд 2024 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Е1 000006660 дугаартай “Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр ******* нь зээл олгох шалгуурыг хангасан зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу ******* аппликейшнаар дамжуулан цахимаар хэрэглээний зээл олгох, ******* нь цахим гэрээний саналыг гарын үсэг, нэг удаагийн нууц үг зэрэг арга хэлбэрээр баталгаажуулах, олгосон зээлийг цахим гэрээнд заасны дагуу тогтоосон хугацаанд хүүгийн хамт буцаан төлөх, төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээгээр нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээжээ. Уг гэрээ Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт нийцсэн байна.

3.2. Улмаар талууд дээрх гэрээг үндэслэн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 7110581917 дугаартай Цахим зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* нь 20,000,000 төгрөгийг сарын 2.85 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлэх, ******* нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, түүний хүүг төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх-ийн 15 дугаар тал/

Өөрөөр хэлбэл, хариуцагч цахимаар зээл авах хүсэл зориг илэрхийлж, уг хүсэл зоригийг нэхэмжлэгч хүлээн авч, цахим гэрээ байгуулсан нь талуудын зарчимд нийцсэн байхаас гадна Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 421 дугаар зүйлийн 421.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар талуудын хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болсон. 

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж шүүх зөв дүгнэсэн.

3.3. Түүнчлэн, хариуцагч нь цахим зээлийн гэрээ байгуулахдаа цахим гарын үсэг эсвэл нэг удаагийн нууц үг ашиглах, нэвтрэх нэр, нууц үг, пин код, нэг удаагийн нууц үгийн нууцлалыг хадгалах, аливаа этгээдэд дамжуулахгүй байх, уг үүргээ биелүүлээгүйгээс гарах үр дагаврыг өөрөө хариуцах үүргийг гэрээгээр хүлээсэн байна.

Энэ тохиолдолд бусад этгээдийн зүгээс хариуцагчийн мэдээллийг ашигласан эсэх асуудлаар нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй тул цахим зээлийн үйлдлийг хамтран амьдрагч ******* хийсэн гэх хариуцагчийн тайлбарыг үндэслэн талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж дүгнэхгүй. Иймд энэ талаарх хариуцагчийн тайлбар, татгалзал болон давж заалдах гомдол үндэслэлгүй.   

4. Нэхэмжлэгч байгууллагаас зээлийн гэрээний дагуу ******* дахь ******* эзэмшлийн ******* тоот дансанд 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр зээлийн мөнгөн хөрөнгө болох 20,000,000 төгрөгийг шилжүүлж /хх-32/, гэрээний үүргээ биелүүлсэн талаарх шүүхийн дүгнэлт Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5, Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт нийцсэн.

4.1. Мөн зээлийн мөнгөн хөрөнгө нь хариуцагчийн дансанд шилжсэн өдрөө цааш ******* тоот дансанд шилжсэн байх ба энэ  нь зээлийг хариуцагч ашиглаагүй гэж дүгнэх үндэслэл болохгүйгээс гадна зээлийн дансандаа хүлээн авсан зээлийг хэрхэн ашиглах, зээлийг өөрөө ашиглаагүй байх нь гэрээний үүргээ гүйцэтгэхгүй байх үндэслэл болохгүй. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүрэг шаардах эрхтэй талаар шүүх зөв дүгнэсэн тул зээлийг гардан аваагүй, ашиглаагүй гэх агуулга бүхий хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авахгүй.

5. Хэрэгт авагдсан зээл, хүүгийн тооцооллын баримтаас үзэхэд хариуцагч нь 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд зээлийн төлбөрт 1,192,878 төгрөг, хүүгийн төлбөрт 1,148,444 төгрөг төлж, үүнээс хойш зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй болох нь тогтоогдсон, уг үүргийн зөрчлөө арилгах талаар удаа дараа мэдэгдсэн талаарх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч эсэргүүцээгүй, уг зөрчлийн улмаас нэхэмжлэгч байгууллага гэрээг цуцлах эрхтэй талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт нийцжээ.   

6. Анхан шатны шүүх нэхэмжлэгч байгууллагаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан ихэсгэсэн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу болсныг давж заалдах шатны шүүхээс дараах байдлаар залруулж, нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулна.

6.1. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээг цуцалж, 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар зээл 18,807,121.59 төгрөг, хүү 3,295,621.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36,716.64 төгрөг, нотариатын зардалд 11,000 төгрөг нийт 22,150,458.30 төгрөгийн нэхэмжлэл гаргасныг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 192/ШШ2025/07881 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Гэвч анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримтын шаардлага хангаагүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 210/МА2025/02071 дугаар магадлалаар дээрх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан. /хх-ийн 62-64, 77-80/

6.2. Энэ тохиолдолд нэхэмжлэгч байгууллагаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2026 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нийт 3,385,359 төгрөгөөр нэмэгдүүлж, нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт нийцэхгүй.

7. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлээс 3,385,359 төгрөгт холбогдох ихэсгэсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар зээл 18,807,121.59 төгрөг, хүү 3,295,621 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36,716 төгрөг нийт 22,139,458 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт нийцнэ гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

8. Анхан шатны шүүх хариуцагчийн зээлийн гэрээний үүргийн зөрчилтэй холбогдуулан нэхэмжлэгчид учирсан хохиролд нотариатын зардал 11,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт нийцсэн, энэ талаар хариуцагч тал гомдол гаргаагүй.

9. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дараах гомдлыг мөн хангахгүй орхино.

9.1. Нэхэмжлэгч байгууллагаас талуудын хооронд цахимаар байгуулагдсан зээлийн гэрээг нотлох баримтаар гаргаж өгөхдөө өөрийн байгууллагын “хуулбар хувь” тэмдэглэгээ хийж, нотариатч гэрчилсэн нь Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, Нотариатын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт нийцсэн, нотариатчийн үйлдлийн огноо нь анхан шатны шүүх хуралдаанаас хойших хугацаагаар тэмдэглэгдсэн боловч уг баримтыг тухайн шүүх хуралдаанаас өмнө гаргаж өгсөн байх ба цаг хугацааны хувьд хойно байх боломжгүй тул техникийн шинжтэй алдаа гэж үзэх боломжтой. Энэ талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал хүсэлт гаргах эрхтэй боловч ийм хүсэлт гаргаагүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар үнэлэх боломжтой байх тул нотлох баримтын шаардлага хангахгүй гэх агуулга бүхий хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол хангагдахгүй. 

10. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан хуулийн зарим зүйл, хэсэг оновчтой бус болсныг залруулж, мөн нэхэмжлэлийн хангасан үнийн дүнд өөрчлөлт орсонтой холбогдон улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт орно.

11. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 192/ШШ2026/01141 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******эс 22,150,458 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 3,385,359 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дахь заалтын “...56.1” гэснийг “56.2” гэж өөрчилж, “...339,418 төгрөгийг” гэснийг “268,702 төгрөг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 285,574 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Ч.МӨНХЦЭЦЭГ

 

                                                ШҮҮГЧИД                                            Ж.ЛХАГВАСҮРЭН

 

                                                                                                             Т.ГАНДИЙМАА