Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 557

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч Э.Чингис, Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Д.Амуундарь,  

иргэдийн төлөөлөгч Н.Жаргалсайхан,                        

улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

хохирогч Г.Гончигдорж,

шүүгдэгч У.Д, түүний өмгөөлөгч Л.Батаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 заалтад хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У. -д холбогдох эрүүгийн 1906 0151 00585 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн Тампуу овогт Ууганбаярын Д, 1988 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, дуудлагын жолооч ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелын 30-657 тоотод оршин суух бүртгэлтэй,;

 

Шүүгдэгч У.Д нь 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр орой Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелын 30-657 тоотод иргэн Г.Гончигдоржийн цээжин тус газар хутгалж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч У.Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

Хохирогч Г.Гончигдорж шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би 02 дугаар сарын 23-ны орой Д ахынд согтуу очсон. Бид хоёр юм яриад сууж байгаад зургийн цомог үзэж байгаад муудалцаад нэг мэдэхэд тийм зүйл болсон байсан. Би нилээн согтуу байсан тул хутгалсны дараа ухаан орсон. Тэгээд түргэн дуудах уу? гэж ах асуухаар нь би яах юм бэ зүгээр гэж хэлсэн. Яагаад гэвэл миний шарх гайгүй харагдаж байсан. Тэгээд юмаар боогоод унтсан. Өглөө босоход цус алдсан байхаар нь Гэмтлийн эмнэлэгт очсон. Би Гэмтлийн эмнэлэгт оёдол тавиулаад, цэргийн Госпиталын эмнэлэгт очиж цээжиндээ гуурс тавиулж, хагалгаанд ороод 1 сар эмнэлэгт хэвтсэн. Одоо биеийн байдал зүгээр. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй. Д ахад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

Хохирогч Г.Гончигдорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...би 2019 оны 02 дугаар сарын 03-ны шөнө 02 цагийн үед үеэл ах Д ахын гэрт согтуу ирсэн юм. Би Д ахынд очихоосоо өмнө ганцаараа архи уусан. Д ахынд орохдоо би дэлгүүрээс 2 ширхэг том пиво, архи авсан. Тэгээд бид хоёр миний авч ирсэн архи, пивыг хувааж уусан. Бид хоёр архи ууж байгаад маргалдсан. Маргалдсан шалтгаанаа сайн санахгүй байна. Бид хоёр маргалдаж байгаад зодолдож эхэлсэн. Зодолдож байгаад миний цээж рүү хутга орсныг мэдсэн ..." гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/;

 

Яллагдагч У.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...2019 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 24-ний өдөрт шилжих шөнийн 01 цагийн үед миний үеэл болох Гончигдорж манай гэрт ирсэн. Би гэртээ тухайн үед ганцаараа байж байсан ба эхнэр, хүүхдүүд миний аавын гэр рүү явсан  байсан. Гончигдорж манай гэрт орж ирэхдээ 0.5 литрийн Соёрхол нэртэй архи, 2.5 граммын Нийслэл нэртэй 2 ширхэг том пиво бариад ороод ирсэн. Бид 2 авч ирсэн согтууруулах ундааг нь хувааж уугаад мах чанаж идсэн. Тэгсэн авч ирсэн архи нь дуусахаар нь би гэртээ байсан Конякийг задлаад бид 2 үргэлжлүүлэн уусан. Ууж байхдаа бид хоёр гэрэл зургийн цомог үзсэн ба зургийн цомог үзэж байхдаа нэг нэгнийхээ хоч нэрийг ярьсан. Тэгсэн Гончигдорж хочноос болж уурлаад намайг сууж байхад газар түлхэж унагаасан. Тэр үед миний уур хүрээд мах хэрчиж идэж байсан цэнхэр иштэй хутгыг шүүрч аваад Гончигдоржийн зүүн талын суганы ойролцоо нэг удаа дүрээд авсан. Гончигдорж чи намайг хутгалчихлаа гэж хэлсэн чинь би ухаан орсон. Ухаан ороод шууд дээгүүрх хувцсыг нь тайлуулаад хартал жижигхэн зүсэгдсэн шарх байсан  ..." гэх мэдүүлэг /хх-ийн 82-83 дугаар хуудас/;

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2908 дугаар:

  1. Г.Гончигдоржийн биед цээжний зүүн хөндийд нэвтэрсэн шарх, уушигны дээд дэлбэн болон зүрхний зүүн тосгуурт нэвтэрсэн шарх, цээжний хөндий дэх шингэн хуралдалт, цээжин дэх мэс заслын дараах шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонго алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-31/,  эд мөрийн баримтаар тооцох тогтоол /10-12/, хохирлын талаарх баримтууд /хх-63-79/, шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-35/, Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-34/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-36/, ажлын газрын тодорхойлолт /хх-39/, У.Дын хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-40-43/  зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

                

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлж, энэ хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

                 Гэм буруугийн талаар:

 

                 Шүүгдэгч У.Д нь 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр орой Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелын 30-657 тоотод иргэн Г.Гончигдоржийн цээжин тус газар хутгалж, зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

                 Хохирогч Г.Гончигдорж шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 02 дугаар сарын 23-ны орой Д ахынд согтуу очсон. Бид хоёр юм яриад сууж байгаад зургийн цомог үзэж байгаад муудалцаад нэг мэдэхэд тийм зүйл болсон байсан. Би нилээн согтуу байсан тул хутгалсны дараа ухаан орсон. Тэгээд түргэн дуудах уу? гэж ах асуухаар нь би яах юм бэ зүгээр гэж хэлсэн. Яагаад гэвэл миний шарх гайгүй харагдаж байсан. Тэгээд юмаар боогоод унтсан. Өглөө босоход цус алдсан байхаар нь Гэмтлийн эмнэлэгт очсон. Би Гэмтлийн эмнэлэгт оёдол тавиулаад, цэргийн Госпиталын эмнэлэгт очиж цээжиндээ гуурс тавиулж, хагалгаанд ороод 1 сар эмнэлэгт хэвтсэн. Одоо биеийн байдал зүгээр. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй. Д ахад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг,

   Мөн мөрдөн байцаалтад өгсөн: "...2019 оны 02 дугаар сарын 03-ны шөнө 02 цагийн үед үеэл ах Д ахын гэрт согтуу ирсэн юм. Би Д ахынд очихоосоо өмнө ганцаараа архи уусан. Д ахынд орохдоо би дэлгүүрээс 2 ширхэг том пиво, архи авсан. Тэгээд бид хоёр миний авч ирсэн архи, пивыг хувааж уусан. Бид хоёр архи ууж байгаад маргалдсан. Маргалдсан шалтгаанаа сайн санахгүй байна. Бид хоёр маргалдаж байгаад зодолдож эхэлсэн. Зодолдож байгаад миний цээж рүү хутга орсныг мэдсэн.” гэх мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 2908 дугаар дүгнэлт /хх-ийн 31/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-10/, шүүгдэгчийн мөрдөн байцаалтад үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

 

Прокуророос шүүгдэгч У.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.

Иймд шүүгдэгч У.Дыг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Хохирогч Г.Гончигдорж нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, эмчилгээний зардалд 3 сая төгрөг төлсөн” гэж шүүгдэгч У.Д “хохирогчийн эмчилгээнд 3 сая төгрөг зарцуулсан” гэж  тус тус мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч У.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Шүүгдэгч У.Дд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоохгүй бөгөөд түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд  тооцлоо.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч У.Дын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирлыг төлсөн, хохирогч гомдол саналгүй, хөнгөн ял шийтгэл оногдуулах хүсэлт гаргасан, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хорих ялын хэмжээг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хөнгөрүүлж оногдуулахаар шийдвэрлэв.

 

Мөн шүүгдэгч өөрийн гэрт хохирогчтой архидан согтуурч, гэрэл зургийн цомог үзэн хохирогчийн хочноос болж маргалдан гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Шүүгдэгч У.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт 3 хоног цагдан хоригдсон гэж мэдүүлсэн боловч энэ талаарх баримт хавтаст хэрэгт байхгүй тул цагдан хоригдсон гэх 3 хоногийг эдлэх ялд оруулан тооцох боломжгүй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 27 см урттай, ажлын хэсэг нь 15 см, цэнхэр иштэй 1 ширхэг хутгыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасан болно.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.  

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч У.Д-ыг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар У.Дд 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар У.Д-д оногдуулсан 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 27 см урттай, ажлын хэсэг нь 15 см, цэнхэр иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болоход устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, уг хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, У.Д цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл У.Д-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

                 ДАРГАЛАГЧ,

      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Н.ОДОНТУУЛ

 

                           ШҮҮГЧ                                    Э.ЧИНГИС

 

                           ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР