| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/0873/Э |
| Дугаар | 923 |
| Огноо | 2019-06-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Болормаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 923
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга С.Нямсүрэн,
улсын яллагч П.Болормаа,
шүүгдэгч Д.Т /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Т-д холбогдох эрүүгийн 1906 01986 0967 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Д. Т, 1994 оны 02 сарын 05-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4 аав, ээж дүүгийн хамт, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо 5-1232 тоотод оршин суух хаягтай, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй
Шүүгдэгч Д.Т нь 2019 оны 03 дугаар сарын 22-ны шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хайт” баарны гадаа А.Баярмагнайтай маргалдан нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Д.Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2019.03.22 орой 16 цагийн үед ажлаа тараад байнгын үйлчлүүлэгч Уянгыг 2 найзтай нь хамт би таксинд суулгах гэж гадаа зогсож байсан. Сүүлдээ юм яриад гадаа зогсож байсаар байгаад газрууд хаасан. Бид нарыг зогсож байхад гэнэт Баярмагнай хажуунаас гарч ирээд тэр эмэгтэйчүүдээс утсаа өгчих гэж асуухад тэд тэгж гэнэдэхгүй шүү гэж маазраад тэгж байгаад дахин ирээд яриад өдөж тэгээд тэд нар маргаж эхэлсэн. Сүүлдээ бүр барьцалдаж авах гэж байхаар нь би таксинд Уянгыг хүчээр суулгасан. Тэгээд би таксины цонхоор юм яриад байж байхад Баярмагнай над руу ирээд та нар хуулиа мэдэх үү гээд дахин дахин ирээд хэрүүл өдөөд байхаар нь би цээж рүү нь 2-3 удаа түлхсэн. Тэгсэн ахын дүү хуулиа мэдэх үү гээд над руу томроод байсан. Тэгээд Уянга намайг өмгөөлөх маяагтай машинаас бууж ирсэн. Тэгж байхад хажуу баарнаас Түвшээ гарч ирсэн. Тэгээд би Баярмагнайг хаяад буцаад хаалга руу эргээд орох гэтэл миний уруул хэсэг рүү цохисон тэгэхээр нь би Баярмагнайг хаяад буцаад хаалга руу эргээд орох гэтэл миний уруул хэсэг рүү цохисон тэгэхээр нь би Баярмагнайг эргэхдээ цохичихсон” гэв.
Хохирогч А.Баярмагнай мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ...2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр ... Хайт нэртэй караоке орж Экс нэртэй 0.75 авч бид 2 ойролцоогоор 2 цаг ууж байгаад гарсан Би уг баарны гадаа байж байтал үл таних 4 эмэгтэй намайг хэл амаар доромжлоод цаанаас нь нэг залуу гарч ирж ирж томроод ... надруу дайраад байсан залууг цааш түлхсэн гэтэл намайг шууд цохиж унагаагаад яваад өгсөн.... гэмтэл согогын эмнэлэгт үзүүлэхэд намайг 1-р эмнэлэгт очиж толгойн зураг авахуул чиний нүдний ухархайн яс хугарсан байна гэсэн ....миний учирсан гэмтлийг С.Т гэх залуу зүүн нүдрүү нэг удаа цохиж учруулсан.... нүдний хагалгаа болон эмчилгээнд 1.720.000 төгрөгөөр гаргасан. ” гэх мэдүүлэг /хх-ийн 8-10/,
Яллагдагч Д.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “би хохирогч Р.Баярмагнайг цохисноо сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Би одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа...” /хх 60-62/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3788 дугаартай дүгнэлт:
Шүүгдэгч Д.Т нь 2019 оны 03 дугаар сарын 22-ны шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хайт” баарны гадаа А.Баярмагнайтай маргалдан нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь
Хохирогч А.Баярмагнайгийн: “ ...2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Хайт нэртэй караоке орж Экс нэртэй 0.75 авч бид 2 ойролцоогоор 2 цаг ууж байгаад гарсан Би уг баарны гадаа байж байтал үл таних 4 эмэгтэй намайг хэл амаар доромжлоод цаанаас нь нэг залуу гарч ирж ирж томроод...надруу дайраад байсан залууг цааш түлхсэн гэтэл намайг шууд цохиж унагаагаад яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Д.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Д.Тг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Тд хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогч А.Баярмагнай нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардал болон гэм хорын хохиролд нийт 1.652.960 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлж гэм буруутай этгээдээс нийт 1.652.960 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Д.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Т-г 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Т нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Д.Т нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Д.Т-гээс нийт 1.652.960 /нэг сая зургаан зуун тавин хоёр мянга есөн зуун жар/ төгрөгийг гаргуулж хохирогч А.Баярмагнайд олгосугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Д.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР